Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 5532

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хийсэн шүүх хуралдаанаар         

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 9-1 тоотод байрлах, регистрын дугаар 5696747, Сайн Инженеринг Групп ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хөсөг Трейд ХХКомпанийн байранд байрлах, регистрын дугаар 5284473, Норовтүн ХХКомпанид холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 802 575 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр авсан 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов. 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сайн Инженеринг Групп ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Норовтүн ХХК-ийн захирал Ш.Эрдэнэбаатар, Сайн Инженеринг Групп ХХК-ийн захирал Д.Ганбаатар нар Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажлыг Сайн Инженеринг Групп ХХК-иар туслан гүйцэтгүүлж хийлгэхээр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг хийсэн.Гэрээнд ухмалын ажил 22000 мЗ, далангийн ажил 6000 мЗ, нийт 28 000 мЗ ажлыг мэргэжлийн багаар, технологийн дагуу бүгд 35 000 000 төгрөгөөр /1 мЗ ажлыг 1250 төгрөгөөр тооцсон/ хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан.Ерөнхий гүйцэтгэгч Норовтүн XXКомпани нь байр, унаа, хоол, машин механизм, өөрөө буулгагч авто машинууд болон гэрээт ажилд шаардагдах түлш шатахуунаар хангахаар тохирсон.Гэрээний ажлыг гүйцэтгэх хугацаа 2 үе шаттайгаар, 1 дүгээр шатны ажил 2015оны5 дугаар сарын 01-ний өдрөөс 5дугаар сарын 21-ний өдөр, 2 дугаар шатны ажил 2015 оны 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 11-ний хооронд 100 хувийн гүйцэтгэлтэй нийт 45 030.86 мЗ ажлыг хийж гүйцэтгэсэн.Газрын тосны барилгын газар шорооны ажлын нэмэлт ажлын тоо хэмжээг ерөнхий гүйцэтгэгч, туслангүйцэтгэгч нарын хоёр талын актаар баталгаажуулж захиалагч талд хүлээлгэн өгснөөр санхүүжилт ерөнхий гүйцэтгэгчид олгогдсон.Ерөнхий гүйцэтгэгч Норовтүн ХХКомпани энэхүү гэрээний ажлын төлбөрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15 000 000төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000төгрөгийг захирал Д.Ганбаатарын хувийн 5420122673 тоот дансанд шилжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сайн Инженеринг Групп компанийн 5124010058 тоот дансанд 10 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөг төлсөн.

Гэрээгээр 1 мЗажлыг 1250 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд нийт 45 030.86 мЗ ажил гүйцэтгэснээс нийт ажлын өртөг 56 288 575 төгрөг, үүнээс30 000 000  төгрөгийг авсан.Гэрээний 4.2-т “Ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцохоор тохирсон тул нэмэлт 17 030.86 мЗажлын хөлс 21 288 575төгрөг, 2015 оны 7 дугаар
сарын 03-ны өдрийн өглөө 9 цагт өнгөрч байхад Норовтүн ХХКомпанийн захирал
Эрдэнэбаатар манай компанийн захирал Д.Ганбаатар руу залгаж “түлшний төлбөр төлөх гэсэн мөнгө байдаггүй, Багахангай дахь Тэс петролиул компанийн
түгээгч П.Эрдэнэсайханы ХААН банкны 5019191770 тоот дансанд 340 000 төгрөг
түлшний мөнгө яаралтай төлөөд өгөөч” гэсний дагуу манай компаниийн
захирал Д.Ганчимэг ХААН банкны хувийн 5111005076 тоот данснаасаа 340 000
төгрөгийг Норовтүн ХХК-ийн өмнөөс зээлүүлж шилжүүлсэн, өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа, мөн 2015 оны 7 сарын 04-ний өдөр Багахангайд шороо зөөж
байсан өөрөө буулгагч машинд түлш шаардлагатай байхад Эрдэнэбаатар захирал
мөн л...түлшний мөнгөгүй байна, Ганбаа чи өгчих би дараа нь өгчихье гэсэн тул туслан гүйцэтгэгчээс /Д.Ганбаатар/ 220 литр түлшний төлбөр 374 000 төгрөг
төлсөн үүнээс 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 200 000 төгрөгийг Д.Ганбаатарын
5420122673 тоот дансанд шилжүүлснээс одоо 174 000төгрөг төлөгдөөгүй, мөн
Норовтүн ХХКомпаниас нийт ажлын хэмжилтийн тоо хэмжээг геодезийн инженерээр
гаргуулъя гээд,Баттулга геодезийн инженерээр хийлгэсэн бөгөөд
геодезийн инженерийн ажлын хөлс 300 000 төгрөгийг Норовтүн ХХКомпани нь туслан гүйцэтгэгч /Д.Ганбаатар/-ыг төлчих дараа нь чамд өгчихье гэснээр Д.Ганбаатар төлсөн.Иймд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2, 351 дүгээр зүйлийн
351.1.1, 351.1.3-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 26 802 575
төгрөгийг Норовтүн ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сайн Инженеринг Групп компани 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Норовтүн ХХКомпанитай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу ухмалын ажил 22 000 м3, далангийн ажил 6000 м3 хийж нийт 28 000 м3 ажлыг мэргэжлийн багаар технологийн дагуу инженерийн үйлчилгээг үзүүлж, гэрээний үнийг 35 000 000 төгрөг гэж тохирсон.Гэрээт ажлыг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба Норовтүн ХХКомпани 30 000 000 төгрөгийг манайд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөг дутуу байгааг нотолсон баримтыг хэрэгт өгсөн байгаа.Улмаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил дуусахад нийт ажлын гүйцэтгэл 45030,86 м3 гэж ажил дууссан акт үйлдэгдэж зөрүү 17030,86 м3 ажил илүү хийгдсэн нь актаар  батлагдсан.Гэрээний 4.2-т “ажил гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажил гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцно гэж заасны дагуу илүү ажлын хөлс 21 288 575 төгрөгийг нэхэмжилж байна.Гэрээнд заасны дагуу Норовтүн ХХКомпани түлш, механизм, автомашинаар хангана гэсний дагуу Норовтүн ХХКомпани төлөх ёстой байсан 2 удаагийн түлшний мөнгийг төлүүлж байсан, 340 000 төгрөгийг миний данснаас Багахангайн Тес Петролеумын шатахуун түгээх станцын түгээгчийн данс руу шилжүүлж байсан.Мөн 2015 оны 7 дугаар сарын 4-ны өдөр түрээсийн машинд түлш хэрэгтэй гээд Ганбаатараас 374 000 төгрөг аваад 200 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буцаан шилжүүлсэн боловч 174 000 төгрөгийг өгөөгүй байгаа тул нийт 26 802 575 төгрөгийг нэхэмжилсэн боловч өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний 2.3-т зааснаар алдангид 11 514 582 төгрөгийг нэхэмжилж байна.Иймд Норовтүн ХХКомпаниас 38 317 157 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

Хариуцагч Норовтүн ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Манай байгууллага “Сайн Инженеринг Групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.Учир нь:Сайн Инженеринг Групп ХХКомпанитай 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан буюу нэмэлтээр 17 030 86 м.кв ажлын хөлс 21 288575 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.Хэдий гэрээний 4.2-т “Ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн санхүүжилтийг гүйцэтгэлээр тооцно” гэж заасан хэдий ч манай байгууллагатай гэрээнд зааснаас илүү гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг харилцан тооцсон баримт байдаггүй, өөрөөр хэлбэл манай байгууллагатай илүү ажил хийсэн гэж гүйцэтгэл тооцож байгаагүй юм.Мөн ямар үндэслэлээр 1м.кв-ийг /1250 / төгрөгөөр тооцож байгаа нь ойлгомжгүй байна.Гэрээнд нийт ажлыг 35.000.000 төгрөг гэж 1м.кв-ээр үнийг нарийвчлан тогтоогоогүй. Түүнчлэн 2015 оны 7 дугаар сарын 3, 4-ны өдрүүдэд түлшний мөнгө гэж нийт 714 000 төгрөг,  514 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, түлшний мөнгө авч байгаагүй.Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т геодезийн инженерийн ажлын хөлсийг гүйцэтгэгч тал хариуцахаар заасан тул дээрх мөнгийг мөн манай байгууллагаас нэхэмжлэх ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажлыг Сайн Инженеринг Групп ХХКомпаниас ухмалын 22 000 м3, далангийн ажлын 6000 м3 нийт 28 000 м3 ажлыг 35 сая төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүнг төлсөн.Манайх 30 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн, 5 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын захирал Ганбаатарт өгсөн.Мөн нэхэмжлэгч тал илүү ажил хийсэн гээд илүү хөлс нэхэмжилж байна.Илүү хийсэн ажлыг дүгнэсэн акт байхгүй, талуудын хооронд хийгдсэн гэрээнд хэрэв илүү ажил хийсэн бол актаар баталгаажуулна гэж заасан байдаг боловч илүү ажил хийснийг баталгаажуулсан акт байхгүй.Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ганчимэг өөрийнхөө данснаас 340 000 төгрөгийг Эрдэнэсайханы данс руу шилжүүлсэн гэж ярьдаг боловч нотлоогүй байна.Өөрөө хэлбэл энэ 340 000 төгрөгийг Норовтүн ХХКомпанийн төслийн ажилд зарцуулсан гэдгийг нотлоогүй байна.Мөн 174 000 төгрөгийг ямар үндэслэлээ нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.Үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй учраас алданги тооцогдохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Норовтүн ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сайн Инженеринг Групп ХХКомпанийн захирал Д.Ганбаатар 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 28 000 м3 далангийн ажлаа хийж гүйцэтгэж байхдаа компанийнхаа нэрийн өмнөөс манай компаниас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус гэрээ хэлцэл хийлгүйгээр авсан тул нийт 9 000 000 төгрөгийг Сайн Инженеринг Групп ХХКомпаниас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Сайн Инженеринг Групп ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сайн Инженеринг Групп ХХКомпанийн захирал Д.Ганбаатар 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газраас шийдвэрлэсэн 208А тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Дүүргийн прокурор болон Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан байгаа, хариу гараагүй байна.Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 9 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сайн Инженеринг Групп ХХКомпани хариуцагч Норовтүн  ХХКомпанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 26 288 575 төгрөг, манай захирлаас авсан мөнгөний үлдэгдэл 514 000 төгрөг, алдангид 11 514 582 төгрөг нийт 38 317 157 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Сайн Инженеринг Групп ХХКомпани хариуцагч Норовтүн ХХКомпанитай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч байгууллага нь ухмалын 22 000 метр куб, далангийн 6000 метр куб ажлыг гүйцэтгэх, хариуцагч байгууллага нь дээрх ажын үр дүнг хүлээн авч,ажил гүйцэтгэх гэрээний үнэ 35 000 000 төгрөгийг гүйцэтгэгч Сайн Инженеринг Групп ХХКомпанид төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Сайн Инженеринг Групп ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Норовтүн ХХКомпанийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч байгууллага нь Сайн Инженеринг Групп ХХКомпанийг гэрээний дагуу ухмалын 22 000 метр куб, далангийн 6000 метр куб ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримтад маргаагүй ба харин дээрх ажлын хөлсийг бүрэн төлсөн үүнээс өөр илүү хийсэн ажил байхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Сайн Инженеринг Групп ХХКомпани гэрээгээр тохирсон дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажлын хөлсөнд 30 000 000 төгрөгийг авсан, дутуу 5 000 000 төгрөгийг шаардаж байхад хариуцагч байгууллага ажлын хөлсний үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын захиралд өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Энэхүү үлдэгдэл 5 000 000 төгрөгийг Сайн Инженеринг Групп ХХКомпанийн захиралд өгсөн гэх үйл баримтыг Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол болон гэрч С.Улаанхүү, Ү.Мөнхтөр, Ш.Чимгээ, С.Батсүх нарын мэдүүлэгээр нотлогдож байгаа гэж хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлаж байх боловч дээрх Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд дурдсан иргэдийн хоорондын тооцооны 5 000 000 төгрөгийг Сайн Инженеринг Групп ХХКомпанийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг өгсөн байна гэж үзэх боломжгүй байна.

 

 Нөгөө талаар хэрэгт авагдсан Сайн Инженеринг Групп ХХКомпанийн захирал Д.Ганбаатарыг эрүүгийн журмаар шалгаж байх явцад авсан дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгийг энэ хэрэгт хамааралтай, эргэлзээгүй үнэн нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байх тул үнэлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөгийг төлөх үндэстэй байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн гэрээний  2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар алдангийн 2 190 000 төгрөгийн хамт нийт 7 190 000 төгрөгийг хариуцагч Норовтүн ХХкомпаниас гаргуулан нэхэмжлэгчид байгуулагад олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь талуудын хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “ажлыг гүйцэтгэх явцад төсөвт тусгагдаагүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтыг гүйцэтгэлээр тооцно, үүнтэй холбогдуулан энэхүү гэрээний 3.1-т заасан хугацааг сунгаж болно” гэж заасны дагуу манайх 17 030.86 мЗ ажлыг илүү хийж гүйцэтгэсэн тул энэ ажлын хөлс 21 288 575 төгрөгийг авна гэж тайлбарлаж байх боловч зохигч талуудын хооронд хийгдсэн нэхэмжлэгч Сайн Инженеринг Групп ХХКомпани 17 030.86 мЗ ажлыг илүү гүйцэтгэсэн гэдгийг нотолсон хэлцэл, тухайн ажлыг гүйцэтгэлийг баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь туслан гүйцэтгэгч Норовтүн ХХКомпани болон ерөнхий гүйцэтгэгч Мөнхжилчин ХХКомпанийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн гэрээ дүгнэсэн протокол болон Багахангай дүүргийн 2 дугаар хороо газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажлын эцсийн гүйцэтгэлийн тоо хэмжээ, санхүүжилтийн баримтуудыг үндэслэж манайх 17 030.86 мЗ ажлыг илүү хийсэн тул энэ ажлын хөлс 21 288 575 төгрөгийг авна гэж тайлбарлаж байна.

 

Энэхүү 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол болон Багахангай дүүргийн 2 дугаар хороо газрын тосны агуулахын барилгын газар шорооны ажлын эцсийн гүйцэтгэлийн тоо хэмжээ, санхүүжилтийн баримтуудаас харахад Сайн Инженеринг Групп ХХКомпанийн илүү гүйцэтгэсэн гэх ажлын болон санхүүжилтийн хэмжээг ялган тооцох боломжгүй байх бөгөөд энэ баримтыг үндэслэж

Сайн Инженеринг Групп ХХКомпани илүү 17 030.86 мЗ ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Түлшний үнэ иргэн Д.Ганчимэгийн эзэмшлийн ХААН банкны данснаас 340 000 төгрөгийг, Д.Ганбаатараас авсан гэх мөнгөний үлдэгдэл 174 000 төгрөг нийт 514 000 төгрөгийг  Сайн Инженеринг Групп ХХКомпаниас хариуцагч байгууллага авсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Сөрөг шаардлагын тухайд хариуцагч Норовтүн ХХКомпани нэхэмжлэгч байгууллагын захирлын үндэслэлгүйгээр авсан 9 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуулийн этгээд буюу Сайн Инженеринг Групп ХХКомпани, Норовтүн ХХКомпанийн хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд сөрөг шаардлагын агууллагаас үзэхэд иргэдийн хоорондын авлага өглөгийн асуудал гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл Д.Ганбаатар, Ш.Эрдэнэбаатар нарын хоорондын 9 000 000 төгрөгийн өглөг авлагын асуудлыг дээрх хуулийн этгээдүүдийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн шаардлагатай холбогдуулан тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Норовтүн ХХКомпаниас 7 190 000 /долоон сая нэг зуун ерэн  мянган/ төгрөгийг гаргуулан Сайн Инженеринг Групп ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 31 127 157 /гучин нэгэн сая нэг зуун хорин долоон мянга нэг зуун тавин долоон/ төгрөг болон  Норовтүн ХХКомпанийн 9 000 000 /есөн сая/ төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 160 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Норовтүн ХХКомпаниас 129 990 /нэг зуун хорин есөн мянга есөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлиН Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН