| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/01814/И |
| Дугаар | 210/МА2026/00721 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00721
2026 04 01 210/МА2026/00721
****** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11298 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч:******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие ******** 2001 онд танилцан 2002 онд гэр бүл болж, 2004 онд охин ********, 2006 онд хүү *******, 2011 онд хүү******* 2015 онд хүү ******* нар төрсөн. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд ар гэрийн ажил, үр хүүхэд бүхнийг би зохицуулдаг байсан. Бид 2017 оноос хойш хоорондоо таарамжгүй харилцаатай болж тусдаа амьдарч байсан. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс нэг хаягт тус тусдаа өрөөнд амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтийг цуцалж, *******,******* ******* нарыг миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Гэрлэлт цуцлуулах сонирхол алга байна. Учир нь бид дундаасаа 4 хүүхэдтэй ба тэдний ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хүүхдүүд бүх цаг үед гэртээ надтай амьдарч байсан ба миний бие гадуур бусадтай амьдарч байгаагүй тул хүүхдүүдээ өөрөөсөө холдуулах хүсэл зориг байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан,******* овогт *******, ******** овогт ******* нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан, хүү******* ******* нарыг эх ****** асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү *******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан, 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ******* 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ********оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэжээн тэтгүүлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, 175,659.6 төгрөгийг хариуцагч ********оос гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Мэтгэлцэх боломжоор хангаагүй тухайд: Лхагва гарагт 10 цаг 40 минутаас хичээлтэй байдаг тухай шүүгчийн туслахад мессежээр хариу өгөхөд Баасан гаригт ямар билээ гэсэн. Иймд хурлын товын талаар санал асууж байна гэж ойлгосон.
4.2. Захирамж танилцуулаагүй тухайд: Шийдвэрт 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 40119 дүгээр захирамжид заасан зөрчлийг арилгаагүй гэжээ. Тус өдрийн шүүх хуралдаанаас гарсан захирамж, хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэл зэргийг авахаар хуульд заасан хугацаанд шүүгчийн туслах руу утасдаж асуухад захирамж гараагүй гэж хэлсэн. Сөрөг нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгийн асуудлаа хамтад нь шийдвэрлүүлмээр байсан тул 10 дугаар сарын сүүл болон 11 дүгээр сарын эхээр захирамж гарсан эсэхийг асуухад гараагүй гэсэн. Захирамжийг надад танилцуулаагүй, эргүүлэн өгөх ёстой баримтыг өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Шийдвэрийг шуудангаар явуулахдаа хаяг буруу бичсэн байх бөгөөд хугацаа тоолж байгаа гэсэн ба шийдвэрийг гардаж авахад гомдол гаргах хугацаа дууссан гэж байгаа нь мөн зөрчил болно.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулахаар хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хамтран амьдарсан 22 жилийн хугацаанд олон бэрхшээл, зөрчилтэй нөхцөл байдлыг туулсан. Гэр бүлийн харилцаанд муудалцах, эвлэрэх асуудал гардаг боловч нөхрийн зүгээс хүүхдүүдийн боловсрол, сургалтад хангалттай анхаарал хандуулдаггүй. Тухайлбал, хүүхдүүдийн англи хэл, хөгжим, математикийн нэмэлт сургалтын төлбөрүүдийг миний бие хариуцан төлж байна.
Уг хэрэг анхан шатны шүүхэд хоёр жилийн хугацаанд шийдвэрлэгдэлгүй удааширсан. Хариуцагч ******** шүүх хуралдаанд нэгээс хоёр удаа оролцсон бөгөөд нэг удаад нь хуралдааныг хойшлуулах зорилгоор ирсэн. Шүүгч шүүх хуралдааныг дахин хойшлуулахгүй байх талаар удаа дараа анхааруулж байсан. Талууд шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирэх, эсхүл оролцох боломжгүй тохиолдолд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Шүүх хуралдааны тов тодорхой байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа хойшлогдож байсан гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүйгээс бусад тохиолдолд шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үүрэгтэй. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгахаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзжээ.
3.2. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...газрыг гэр бүлийн өмч гэж үзэж буй үндэслэл, өөрт ногдох хэсгийг тодорхойлж буй үндэслэл ойлгомжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүйн зэрэгцээ энэ тухай захирамжаа хариуцагчид танилцуулж, дахин сөрөг нэхэмжлэл гаргах боломжоор хангаагүй нь дээрх зохицуулалтад нийцэхгүй. Иймд хариуцагчийн ...сөрөг нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгийн асуудлаа хамтад нь шийдвэрлүүлмээр байсан тул захирамж гарсан эсэхийг асуухад гараагүй гэсэн. Захирамжийг надад танилцуулаагүй, эргүүлэн өгөх ёстой баримтыг өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно гэх давж заалдах гомдлыг хангана.
4. Шүүх хариуцагч ******* ******* дугаарт 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мессэж илгээж, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагт шүүх хуралдаан товлогдсныг тодорхой мэдэгдсэн байх бөгөөд харин түүний хичээлтэй гэх байдалд асуух байдлаар тодорхой хариу өгөөгүй нөхцөлд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийг хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаа гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх хүсэл зоригийг хэн аль нь тодорхой илэрхийлснийг харгалзан үзээгүй, энэ талаар зохигчоос тодруулах, шаардлага гаргах боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/11298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА