Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00672

 

 

 

 

 

 

 

 

2026 03 27 210/МА2026/00672

 

 

 

М.Түмэннасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00343 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Түмэннасан,

Хариуцагч: Б.Сайнчимэг, Ү.Энхтуяа нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 54,834,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие 2022 оны эхээр Б.Сайнчимэгтэй танилцаж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд уулзаж байсан. Танилцсанаас хойш уулзах гээд очихоор завгүй гэх шалтаг хэлж 3-4 удаа л уулзаж байсан ба түүнээс хойш чат бичих, утсаар ярилцах байдлаар харилцаж байсан. Ийнхүү харилцах явцад Б.Сайнчимэг нь бие өвдөж байна, эм тариа, өөр бусад хэрэглээнд мөнгө байхгүй гэх зэргээр өөрийн данс, өөрийн охин болон ээжийнхээ дансаар эм тариа, эмчилгээ, хэрэглээний мөнгө авдаг байсан. Сүүлд Улаанбаатар хотод байр авах гэж байгаа гэж хэлээд мөнгө авдаг байсан.

1.2.2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Б.Сайнчимэгийн охид болох Ү.Анударийн эзэмшлийн Хаан банк дахь 5692107971 тоот данс, С.Аминдарийн эзэмшлийн Хаан банк дахь 5706059785 тоот данс, Б.Сайнчимэгийн эзэмшлийн Төрийн банк дахь 150000357856 тоот дансанд нийт 53,534,000 төгрөг, Ү.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банк дахь 5675372475 тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг тус тус шилжүүлсэн.

1.3.Иймд хариуцагч Б.Сайнчимэг нь 53,534,000 төгрөгөөр, хариуцагч Ү.Энхтуяа нь 1,300,000 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хариуцагч нараас 54,834,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Сайнчимэгийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Миний бие М.Түмэннасантай 2023 оны 08 дугаар сард фейсбүүкээр танилцаж байсан, улмаар тодорхой хугацаанд харилцаж байгаад биечлэн уулзсан. Түүнээс хойш дотно харилцаатай болж жил гаруй үргэлжилсэн. Миний бие хууртагдмал амьдрал, гэр бүлийн хүчирхийлэл, автомашины осол зэргээс үүдэлтэй бие, сэтгэл зүйн хямралын улмаас эмийн хамааралтай болж, 2022 онд Улаанбаатар хотод байсан байраа зараад нутагтаа аав ээжийнхээ хажууд Сэлэнгэ аймагт ирсэн байсан.

2.2.2023 оны 11 дүгээр сард Prius 30 маркийн автомашинаа худалдан борлуулж, төлбөрт авсан мөнгөө Toyota Camry Ser 2 маркийн автомашины урьдчилгаанд шилжүүлж, ээжийнхээ нэр дээр зээлээр авч байсан. Энэ үед М.Түмэннасантай танилцаж дотносоод тогтмол холбоо харилцаатай байсан бөгөөд уг автомашиныг худалдан авах үед урьдчилгаа төлбөрт нь тусалъя гээд мөнгө өгч байсан.

2.3.Улмаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж байсан Сүлд өргөө гэх барилгаас 2 өрөө байр захиалсан. Байр ашиглалтад орох хүртэл байр түрээслэн амьдарч байсан. Тухайн хугацаанд миний бие Сэлэнгэ аймагт орон тоо байхгүйгээс мэргэжлээрээ ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар хот руу буцахаар төлөвлөж, захиалсан байраа 158,000,000 төгрөгөөр худалдсан. Уг төлбөрийг Улаанбаатар хотод худалдан авсан байрны урьдчилгаанд өгсөн бөгөөд байрны үлдэгдэл төлбөрийг мөн ээж Ү.Энхтуяагийн нэр дээр зээл гаргуулан авч төлсөн.

Зээл судлуулах явцад дээрх автомашины зээлийг заавал хаах шаардлагатай болсон. Энэ талаар М.Түмэннасантай ярилцахад автомашиных нь зээлийг би хааж өгч тусалъя гээд над руу 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөөр нь автомашины зээлээ хаасан. Ингээд миний бие 2 охины хамт 2024 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод худалдан авсан байрандаа нүүж ирсэн ба уг байрыг авахдаа М.Түмэннасангаас байртай холбоотой мөнгө гуйж байгаагүй.

2.4.М.Түмэннасангийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь бүгд үнэн. Миний өдөр тутмын амьдрал, эм, эмчилгээний төлбөр гээд бүгдэд нь би өгч тусалъя гэдэг байсан. Бидний дунд үл ойлголцол үүсэж, М.Түмэннасангийн хүссэнээр байгаагүйгээс шалтгаалан хоёр тийш болсон. М.Түмэннасан нь тусалж байх үедээ энэ зээл шүү, буцаагаад авна гэж надад нэг ч удаа хэлж байгаагүй. Өнөөдрийн байдлаар М.Түмэннасанд өгөх бэлэн мөнгө байхгүй, Toyota Camry Ser 2 маркийн автомашиныг өгч болно. Өрх толгойлон 2 хүүхдийн хамт өндөр зээл төлж амьдарч байгаа надад өөр ямар ч боломж байхгүй гэжээ.

3.Хариуцагч Ү.Энхтуяагийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1.Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг ба М.Түмэннасан гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед миний охин М.Түмэннасан гэдэг хүнээс мөнгө шилжүүлэх үед Хаан банкаар шилжүүлэх шаардлагатай болоод миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сайнчимэгээс 44,484,000 төгрөг, хариуцагч Ү.Энхтуяагаас 1,300,000 төгрөг, нийт 45,784,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Түмэннасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сайнчимэгээс 396,370 төгрөг, хариуцагч Ү.Энхтуяагаас 35,750 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Түмэннасанд олгож шийдвэрлэжээ.

5.Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагчийн татгалзлын гол үндэслэл болох үйл баримттай холбоотой хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв зохигч нарын харилцан ярианы бичлэгт үзлэг хийсэн бол ямар учиртай мөнгө байсан, яагаад шүүхийн байгууллагад хандах болсон, тэдний хоорондын харилцаа зэрэг үйл баримт, гэрч асуух ажиллагаа хийгдсэнээр байр авахаар мөнгө аваад байгаа бус нэхэмжлэгч амьдралд нь туслах үүднээс өгч, өөрийн хайр, халамжаа илэрхийлж, буцаан авахгүй байдлаар хандаж байсан болох нь тус тус тогтоогдох байсан.

5.2.М.Түмэннасан, Б.Сайнчимэг нар нь 2 жил гаруй хугацаанд дотно харилцаатай, хамаарал бүхий этгээдүүд байсан. Үүнд талууд маргадаггүй. Уг хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэг нэгнээ дэмжих, халамжлах, мөнгө, санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зэрэг бусад хосуудын адил анхдагч хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлдэг байсан. Мөн хариуцагч Б.Сайнчимэгийн охид болох Ү.Анударь, С.Аминдар нарын эзэмшдэг дансанд хүүхдүүдийн ойр зуурын хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлдэг байсан нь дансны хуулгаар нотлогддог. Талуудын хооронд үл ойлголцол үүсэж, нэхэмжлэгчийн хүссэнээр байгаагүйгээс болж хоёр тийшээ болсны дараа уг мөнгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

5.3.Нэхэмжлэгч тухайн мөнгийг буцаан шаардаж буй гол үндэслэлээ байр авахаар мөнгө шилжүүлж байсан боловч байр аваагүй гэж тайлбарладаг боловч хаана байршилтай, хэдэн өрөө, хэдэн төгрөгийн үнэтэй байр авах талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй буюу тайлбараа нотолж чадаагүй. Аливаа үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцсон хэлцэл, баримт хэрэгт авагдаагүй. Бодит байдал дээр хариуцагчид хайртай болохоо илэрхийлж, амьдралд нь тус дэм болохоор хариу төлбөргүйгээр шилжүүлж байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч М.Түмэннасан нь шинэ байр хамтран авах зорилгоор хариуцагчид шилжүүлж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч дансны хуулганаас өөр баримт хэрэгт авагдаагүй. Дансны хуулгаар мөнгө шилжсэн гүйлгээ харагдаж байгаа болохоос ямар шалтгаанаар мөнгө шилжүүлээд байгааг тогтоосон баримт байхгүй буюу ямар шалтгааны улмаас шилжүүлсэн, хэзээ авахаар тохирсон, шаардаж байсан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх мөнгө данс руу орсон л бол төлөх ёстой гэж ерөнхий байдлаар буруу дүгнэсэн. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга, дүн, давтамж зэргийг харахад хамтарч байр авахаар мөнгө цуглуулж байсан асуудал огт байхгүй бөгөөд ямар ч логик, уялдаа холбоогүй шилжүүлсэн байдаг.

5.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1.Хариуцагч тал үзлэг хийгээгүй, гэрч оролцуулаагүй гэх агуулгаар гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 оны 03 дугаар сараас хойш явагдсан бөгөөд тухайн хугацаанд хариуцагч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч асуух болон үзлэг хийлгэх тухай хүсэлтүүд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж шүүх үзсэн. Мөн чат дахь харилцан зурвас, аудио бичлэгт үзлэг хийлгэхээр хүсэлт гаргахдаа тодорхойгүй агуулгаар гаргасан буюу үзлэг хийлгэх утасны маркийг заах, хэдэн сараас хойш харилцан зурвас болохыг тодорхой заасан байх шаардлагыг биелүүлээгүй учраас анхан шатны шүүх уг хүсэлт нь тодорхой бус байна гэж үзсэн. Мөн Б.Сайнчимэгийн найзыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан. Гэвч уг гэрч нь Б.Сайнчимэг болон М.Түмэннасантай байнга хамт байсан эсэх, М.Түмэннасантай танил эсэх нь тодорхойгүй байсан учраас шүүх уг гэрчийг асуух шаардлагагүй гэж үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

6.2.Мөн хүнээс авсан мөнгийг ашиглаж байгаа тохиолдолд тухайн хүнээс буцаан өгөх үүрэг үүсдэг тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Сайнчимэгийн төлөөлөгч гомдол гаргасан, давж заалдах гомдлыг хариуцагч нарын өмгөөлөгч гэж гаргасан боловч 44,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд хариуцагч Ү.Энхтуяагаас гаргуулсан 1,300,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул хариуцагч Ү.Энхтуяатай холбоотой шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Б.Сайнчимэгт шилжүүлсэн мөнгөний талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

6.3.Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч М.Түмэннасан нь хариуцагч Б.Сайнчимэг, Ү.Энхтуяа нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 54,834,000 төгрөг буюу хариуцагч Б.Сайнчимэгээс 53,534,000 төгрөг, хариуцагч Ү.Энхтуяагаас 1,300,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Сайнчимэг нь ...нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь бүгд үнэн, бид жил гаруй хугацаанд харилцаж байх үед М.Түмэннасан нь миний эм тариа, эмчилгээ, бусад хэрэглээнд тусалж надад болон хүүхдүүдэд зориулан мөнгө өгдөг байсан, автомашин худалдан авах үед урьдчилгаа төлбөрт тусалсан, мөн байрны зээл гаргахын тулд автомашины зээлээ хаах шаардлагатай байх үед 17,000,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөөр автомашины зээлээ хаасан, М.Түмэннасан тусалж байх үедээ буцааж авах талаар надад нэг ч удаа хэлж байгаагүй, шаардлагатай бол Toyota Camry Ser 2 маркийн автомашиныг өгч болно, надад өөр ямар ч боломж байхгүй... гэж, хариуцагч Ү.Энхтуяа нь ...миний охин М.Түмэннасан гэдэг хүнээс миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан... гэж тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.М.Түмэннасан, Б.Сайнчимэг нар нь 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд харилцаж байсан, дотно харилцаатай байсан талаар талууд маргаагүй.

3.2.Ийнхүү харилцаж байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд М.Түмэннасан нь Б.Сайнчимэгийн охид болох Ү.Анударийн эзэмшлийн Хаан банк дахь 5692107971 тоот дансанд 22,116,000 төгрөг, С.Аминдарийн эзэмшлийн Хаан банк дахь 5706059785 тоот дансанд 3,090,000 төгрөг, Б.Сайнчимэгийн эзэмшлийн Төрийн банк дахь 150000357856 тоот дансанд 28,228,000 төгрөг, Б.Сайнчимэгийн ээж Ү.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банк дахь 5675372475 тоот дансанд 1,300,000 төгрөг, нийт 54,734,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон, уг шилжүүлсэн мөнгөн дүнг хүлээн авсан тухайд хариуцагч нар маргаагүй. /хх-ийн 7-79-р тал/

3.3.ХААН банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/14162 тоот албан бичгээр 5692107971 тоот дансыг Ү.Анударь, 5706059785 тоот дансыг С.Аминдар, 5675372475 тоот дансыг Ү.Энхтуяа нар тус тус эзэмшдэг болохыг, Төрийн банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 028/6404 тоот албан бичгээр 150000357856 тоот дансыг Б.Сайнчимэг эзэмшдэг болохыг тус тус тодорхойлжээ. /хх-ийн 192, 195-р тал/

4.Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.Түмэннасан болон хариуцагч Б.Сайнчимэг нар нь тодорхой хугацаанд дотно харилцаатай байсан, энэ харилцаанд үндэслэж нэхэмжлэгчээс хариуцагч руу мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон.

Тодруулбал, хариуцагч Б.Сайнчимэг нь нэхэмжлэгч М.Түмэннасангаас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 53,434,000 төгрөгийг өөрийн дансаар болон хамаарал бүхий этгээд болох охин Ү.Анударь, С.Аминдар нарын дансаар шилжүүлэн авсан тухайд маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Түмэннасан нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 407185957 тоот данснаас хариуцагч Ү.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банк дахь 5675372475 тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг шилжүүлсэн байна.

5.Дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу 54,734,000 төгрөг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлд хамаарах, улмаар буцаан шаардах шаардлагад хамаарах эсэх асуудал нь талуудын маргааны зүйл болжээ.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас хариуцагч Б.Сайнчимэгээс 44,484,000 төгрөг, хариуцагч Ү.Энхтуяагаас 1,300,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

6.1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Б.Сайнчимэгтэй хамтран байр худалдан авахаар хариуцагчид мөнгө шилжүүлж байсан гэж тайлбарладаг ба байр худалдан авахтай холбоотой нэхэмжлэгч М.Түмэннасангаас хариуцагч Б.Сайнчимэгт тодорхой мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Түмэннасан нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинэ байранд гэх гүйлгээний утгатайгаар 17,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байр гэрээ гэх гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буйдан гэх гүйлгээний утгатайгаар 3,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байр зууч гэх гүйлгээний утгатайгаар 1,000,000 төгрөг, нийт 21,700,000 төгрөгийг хариуцагч Б.Сайнчимэгийн эзэмшлийн Төрийн банк дахь 150000357856 тоот дансанд байр худалдан авахад зориулан шилжүүлжээ. /хх-ийн 42-43-р тал/

Дээрх мөнгийг хариуцагч Б.Сайнчимэг нь байр худалдан авахтай холбоотой биш, автомашины урьдчилгаа төлбөр, зээлээс чөлөөлөхтэй холбоотой шилжүүлсэн мөнгө гэж маргадаг боловч уг 21,700,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хариуцагч зөвшөөрснөөс гадна байр худалдан авахаар шилжүүлж байсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч тал баримтаар үгүйсгэж чадаагүй.

Иймд хариуцагч Б.Сайнчимэгийг 21,700,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 21,700,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулна.

6.2.Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,834,000 төгрөгийг тухайн үед нэхэмжлэгч М.Түмэннасан, хариуцагч Б.Сайнчимэг нарын хооронд үүссэн харилцаа, тусламж, дэмжлэг, хариуцагчийн эм тариа, эмчилгээ, хүүхдүүдэд зориулж шилжүүлсэн нөхцөл байдал, мөн зарим гүйлгээний утга тодорхойгүй байдлаас үзэхэд уг 31,834,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Б.Сайнчимэгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, улмаар тус мөнгөн хөрөнгө нь буцаан шаардах хөрөнгөд хамаарахгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

Энэ талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн ...нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэг нэгнээ дэмжих, халамжлах, мөнгө, санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүрээнд болон хүүхдүүдийн ойр зуурын хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлдэг байсныг анхан шатны шүүх зөв дүгнээгүй... гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

6.3.Нэхэмжлэгч М.Түмэннасан нь хариуцагч Ү.Энхтуяагаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн баримтаар хариуцагч Ү.Энхтуяад шилжүүлсэн гэх 1,300,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Түмэннасан, хариуцагч Б.Сайнчимэг нарын хоорондох тухайн үеийн харилцаан дээр тулгуурлаж, Б.Сайнчимэгийн хүсэл зоригийн дагуу Ү.Энхтуяагийн эзэмшлийн Хаан банк дахь 5675372475 тоот дансаар дамжуулан Б.Сайнчимэгт шилжүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна уг 1,300,000 төгрөг нь хариуцагч Б.Сайнчимэг болон түүний хүүхдүүдэд зарцуулагдсан учраас хариуцагч Ү.Энхтуяаг тухайн мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд хариуцагч Ү.Энхтуяад холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Хариуцагч нарын өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

7.1.Хариуцагч нарын өмгөөлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Б.Сайнчимэгийн найз А.Алтанчимэгийг гэрчээр асуулгах, хариуцагч Б.Сайнчимэгийн гар утсанд байх нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан ярианы бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул энэ талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

7.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд ...хариуцагч Б.Сайнчимэгийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан, гомдлыг хариуцагч нарын өмгөөлөгч гэж гаргасан боловч 44,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн, хариуцагч Ү.Энхтуяагаас гаргуулсан 1,300,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг хариуцагч Ү.Энхтуяа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй... гэх агуулгаар гомдолд тайлбар гаргасан.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь хариуцагч Б.Сайнчимэгтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн хамт оролцох хүсэл зориг илэрхийлж байсан болох нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Сайнчимэг, Ү.Энхтуяа нараас гаргуулсан нийт 45,784,000 төгрөгт холбогдох 386,870 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул өмгөөлөгч Б.Түвшинтөгс нь хариуцагч нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, улмаар хариуцагч Ү.Энхтуяаг буюу хариуцагч нарыг төлөөлж давж заалдах гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

8.Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сайнчимэгээс 21,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Түмэннасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,834,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ү.Энхтуяагаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Сайнчимэгээс 21,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Түмэннасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,834,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ү.Энхтуяагаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...хариуцагч Б.Сайнчимэгээс 396,370 төгрөг, хариуцагч Ү.Энхтуяагаас 35,750 төгрөг гаргуулж.... гэснийг хариуцагч Б.Сайнчимэгээс 266,450 төгрөг гаргуулж гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ