| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07313/и |
| Дугаар | 5638 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 5638
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоотод байрлах, Дулаанхаан Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 146 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧД71102562, Бүргэд Олхонууд овогт Дамдиндоржийн Отгонцэцэгт холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 306 180 төгрөг, алдангид 133 320 төгрөг нийт 439 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Өнөхишиг, хариуцагч Д.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дулаанхаан Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 18 дугаар хороо 50 дугаар байрны 146 тоотод оршин суугч Д.Отгонцэцэг 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрөө төлөөгүй байгаа тул СӨХ-ны төлбөр 306 180 төгрөг, алданги 133 320 төгрөг нийт 439 500 төгрөгийг Д.Отгонцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Өнөхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлд дурдсан 439 500 төгрөгийг Д.Отгонцэцэгээс гаргуулахыг хүсэж байна.Эднийхээс цахилгаан шатны мөнгө авдаггүй, засьар үйлчилгээний 3480 төгрөг, орон сууцны цахилгаан, ус, халаалтын 4500 төгрөг, цэвэрлэгээний 6000 төгрөг, орцны гэрлийн 500 төгрөг, баримтын 100 төгрөг нийт 14 580 төгрөгийг сард төлөх ёстой, энэ 14 580 төгрөгийн дүн сүүлийн 3 жилд хөдлөөгүй дүн байгаа гэв.
Хариуцагч Д.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би энэ орон сууцны өмчлөгч мөн, байрны гэрчилгээ миний нэр дээр байдаг, гэрчилгээг зээийн барьцаанд тавсан байгаа.Би 2015 оны 1 дүгээр сараас хойшхи хугацааны төлбөрийг төлөөгүй байгаа нь үнэн.Манайх 1 давхарт байдаг учраас манайх цахилгаан шат хэрэглэдэггүй, жижүүр байдаггүй.Би 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдэд тэтгэлэг тогтоосон боловч авч чадахгүй байсан.Б.Мөнхтулгын биеийн байдал муу байсан бөгөөд улмаар 2015 оны 11 дүгээр сард нас барсан.Би 2 хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөөр амьдардаг.Энэ төлбөрийг төлөхгүй боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дулаанхаан Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Д.Отгонцэцэг холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 306 180 төгрөг, алдангид 133 320 төгрөг нийт 439 500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч Д.Отгонцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Д.Отгонцэцэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны 146 тоот орон сууцны өмчлөгч гэж байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөр 306 180 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбар болон Төрийн банкны баримтаар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байх тул Д.Отгонцэцэг нь 306 180 төгрөгийг төлөх үндэстэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч байгууллага Д.Отгонцэцэгтэй хэлцэл хийж анзын талаар тохироогүй байж түүнээс алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрхи 306 180 төгрөгийн дүнд хариуцагчийн маргаж байгаа цахилгааны шатны мөнгө, жижүүрийн мөнгө гэх зардлууд тусгагдаагүй байх бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа боомжгүйн улмаас төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлээр түүнийг энэхүү үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Д.Отгонцэцэгээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын 306 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 133 320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Дамдиндоржийн Отгонцэцэгээс 306 180 /гурван зуун зургаан мянга нэг зуун наян/ төгрөгийг гаргуулан Дулаанхаан Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 133 320 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун хорин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 835 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонцэцэгээс 9835 /есөн мянга найман зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дулаанхаан Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН