| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00230/И |
| Дугаар | 210/МА2026/00672 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00672
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00343 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 54,834,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие 2022 оны эхээр *******тэй танилцаж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд уулзаж байсан. Танилцсанаас хойш уулзах гээд очихоор завгүй гэх шалтаг хэлж 3-4 удаа л уулзаж байсан ба түүнээс хойш чат бичих, утсаар ярилцах байдлаар харилцаж байсан. Ийнхүү харилцах явцад ******* нь “бие өвдөж байна, эм тариа, өөр бусад хэрэглээнд мөнгө байхгүй” гэх зэргээр өөрийн данс, өөрийн охин болон ээжийнхээ дансаар эм тариа, эмчилгээ, хэрэглээний мөнгө авдаг байсан. Сүүлд “Улаанбаатар хотод байр авах гэж байгаа” гэж хэлээд мөнгө авдаг байсан.
1.2.2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд *******ийн охид болох *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данс, *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данс, *******ийн эзэмшлийн Төрийн банк дахь ******* тоот дансанд нийт 53,534,000 төгрөг, *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг тус тус шилжүүлсэн.
1.3.Иймд хариуцагч ******* нь 53,534,000 төгрөгөөр, хариуцагч ******* нь 1,300,000 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хариуцагч нараас 54,834,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Миний бие *******тай 2023 оны 08 дугаар сард фейсбүүкээр танилцаж байсан, улмаар тодорхой хугацаанд харилцаж байгаад биечлэн уулзсан. Түүнээс хойш дотно харилцаатай болж жил гаруй үргэлжилсэн. Миний бие хууртагдмал амьдрал, гэр бүлийн хүчирхийлэл, автомашины осол зэргээс үүдэлтэй бие, сэтгэл зүйн хямралын улмаас эмийн хамааралтай болж, 2022 онд Улаанбаатар хотод байсан байраа зараад нутагтаа аав ээжийнхээ хажууд Сэлэнгэ аймагт ирсэн байсан.
2.2.2023 оны 11 дүгээр сард Prius 30 маркийн автомашинаа худалдан борлуулж, төлбөрт авсан мөнгөө Toyota Camry Ser 2 маркийн автомашины урьдчилгаанд шилжүүлж, ээжийнхээ нэр дээр зээлээр авч байсан. Энэ үед *******тай танилцаж дотносоод тогтмол холбоо харилцаатай байсан бөгөөд уг автомашиныг худалдан авах үед урьдчилгаа төлбөрт нь тусалъя гээд мөнгө өгч байсан.
2.3.Улмаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж байсан “Сүлд өргөө” гэх барилгаас 2 өрөө байр захиалсан. Байр ашиглалтад орох хүртэл байр түрээслэн амьдарч байсан. Тухайн хугацаанд миний бие Сэлэнгэ аймагт орон тоо байхгүйгээс мэргэжлээрээ ажиллах боломжгүй байсан тул Улаанбаатар хот руу буцахаар төлөвлөж, захиалсан байраа 158,000,000 төгрөгөөр худалдсан. Уг төлбөрийг Улаанбаатар хотод худалдан авсан байрны урьдчилгаанд өгсөн бөгөөд байрны үлдэгдэл төлбөрийг мөн ээж *******гийн нэр дээр зээл гаргуулан авч төлсөн.
Зээл судлуулах явцад дээрх автомашины зээлийг заавал хаах шаардлагатай болсон. Энэ талаар *******тай ярилцахад “автомашиных нь зээлийг би хааж өгч тусалъя” гээд над руу 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөөр нь автомашины зээлээ хаасан. Ингээд миний бие 2 охины хамт 2024 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод худалдан авсан байрандаа нүүж ирсэн ба уг байрыг авахдаа *******гаас байртай холбоотой мөнгө гуйж байгаагүй.
2.4.*******гийн нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь бүгд үнэн. Миний өдөр тутмын амьдрал, эм, эмчилгээний төлбөр гээд бүгдэд нь би өгч тусалъя гэдэг байсан. Бидний дунд үл ойлголцол үүсэж, *******гийн хүссэнээр байгаагүйгээс шалтгаалан хоёр тийш болсон. ******* нь тусалж байх үедээ “энэ зээл шүү, буцаагаад авна” гэж надад нэг ч удаа хэлж байгаагүй. Өнөөдрийн байдлаар *******д өгөх бэлэн мөнгө байхгүй, Toyota Camry Ser 2 маркийн автомашиныг өгч болно. Өрх толгойлон 2 хүүхдийн хамт өндөр зээл төлж амьдарч байгаа надад өөр ямар ч боломж байхгүй гэжээ.
3.Хариуцагч *******гийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1.Миний бие Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг ба ******* гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед миний охин ******* гэдэг хүнээс мөнгө шилжүүлэх үед Хаан банкаар шилжүүлэх шаардлагатай болоод миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 44,484,000 төгрөг, хариуцагч *******гаас 1,300,000 төгрөг, нийт 45,784,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 396,370 төгрөг, хариуцагч *******гаас 35,750 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагчийн татгалзлын гол үндэслэл болох үйл баримттай холбоотой хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв зохигч нарын харилцан ярианы бичлэгт үзлэг хийсэн бол ямар учиртай мөнгө байсан, яагаад шүүхийн байгууллагад хандах болсон, тэдний хоорондын харилцаа зэрэг үйл баримт, гэрч асуух ажиллагаа хийгдсэнээр байр авахаар мөнгө аваад байгаа бус нэхэмжлэгч амьдралд нь туслах үүднээс өгч, өөрийн хайр, халамжаа илэрхийлж, буцаан авахгүй байдлаар хандаж байсан болох нь тус тус тогтоогдох байсан.
5.2.*******, ******* нар нь 2 жил гаруй хугацаанд дотно харилцаатай, хамаарал бүхий этгээдүүд байсан. Үүнд талууд маргадаггүй. Уг хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэг нэгнээ дэмжих, халамжлах, мөнгө, санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зэрэг бусад хосуудын адил анхдагч хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлдэг байсан. Мөн хариуцагч *******ийн охид болох *******, ******* нарын эзэмшдэг дансанд хүүхдүүдийн ойр зуурын хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлдэг байсан нь дансны хуулгаар нотлогддог. Талуудын хооронд үл ойлголцол үүсэж, нэхэмжлэгчийн хүссэнээр байгаагүйгээс болж хоёр тийшээ болсны дараа уг мөнгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
5.3.Нэхэмжлэгч тухайн мөнгийг буцаан шаардаж буй гол үндэслэлээ “байр авахаар мөнгө шилжүүлж байсан боловч байр аваагүй” гэж тайлбарладаг боловч хаана байршилтай, хэдэн өрөө, хэдэн төгрөгийн үнэтэй байр авах талаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй буюу тайлбараа нотолж чадаагүй. Аливаа үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцсон хэлцэл, баримт хэрэгт авагдаагүй. Бодит байдал дээр хариуцагчид хайртай болохоо илэрхийлж, амьдралд нь тус дэм болохоор хариу төлбөргүйгээр шилжүүлж байсан. Гэтэл шүүх “нэхэмжлэгч ******* нь шинэ байр хамтран авах зорилгоор хариуцагчид шилжүүлж байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
5.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч дансны хуулганаас өөр баримт хэрэгт авагдаагүй. Дансны хуулгаар мөнгө шилжсэн гүйлгээ харагдаж байгаа болохоос ямар шалтгаанаар мөнгө шилжүүлээд байгааг тогтоосон баримт байхгүй буюу ямар шалтгааны улмаас шилжүүлсэн, хэзээ авахаар тохирсон, шаардаж байсан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх мөнгө данс руу орсон л бол төлөх ёстой гэж ерөнхий байдлаар буруу дүгнэсэн. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга, дүн, давтамж зэргийг харахад хамтарч байр авахаар мөнгө цуглуулж байсан асуудал огт байхгүй бөгөөд ямар ч логик, уялдаа холбоогүй шилжүүлсэн байдаг.
5.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1.Хариуцагч тал “үзлэг хийгээгүй, гэрч оролцуулаагүй” гэх агуулгаар гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 оны 03 дугаар сараас хойш явагдсан бөгөөд тухайн хугацаанд хариуцагч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны явцад гэрч асуух болон үзлэг хийлгэх тухай хүсэлтүүд гаргасан нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэж шүүх үзсэн. Мөн чат дахь харилцан зурвас, аудио бичлэгт үзлэг хийлгэхээр хүсэлт гаргахдаа тодорхойгүй агуулгаар гаргасан буюу үзлэг хийлгэх утасны маркийг заах, хэдэн сараас хойш харилцан зурвас болохыг тодорхой заасан байх шаардлагыг биелүүлээгүй учраас анхан шатны шүүх “уг хүсэлт нь тодорхой бус байна” гэж үзсэн. Мөн *******ийн найзыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан. Гэвч уг гэрч нь ******* болон *******тай байнга хамт байсан эсэх, *******тай танил эсэх нь тодорхойгүй байсан учраас шүүх уг гэрчийг асуух шаардлагагүй гэж үзэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
6.2.Мөн хүнээс авсан мөнгийг ашиглаж байгаа тохиолдолд тухайн хүнээс буцаан өгөх үүрэг үүсдэг тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******ийн төлөөлөгч гомдол гаргасан, давж заалдах гомдлыг “хариуцагч нарын өмгөөлөгч” гэж гаргасан боловч 44,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд хариуцагч *******гаас гаргуулсан 1,300,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул хариуцагч *******тай холбоотой шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. *******т шилжүүлсэн мөнгөний талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
6.3.Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 54,834,000 төгрөг буюу хариуцагч *******ээс 53,534,000 төгрөг, хариуцагч *******гаас 1,300,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь “...нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүн нь бүгд үнэн, бид жил гаруй хугацаанд харилцаж байх үед ******* нь миний эм тариа, эмчилгээ, бусад хэрэглээнд тусалж надад болон хүүхдүүдэд зориулан мөнгө өгдөг байсан, автомашин худалдан авах үед урьдчилгаа төлбөрт тусалсан, мөн байрны зээл гаргахын тулд автомашины зээлээ хаах шаардлагатай байх үед 17,000,000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөөр автомашины зээлээ хаасан, ******* тусалж байх үедээ буцааж авах талаар надад нэг ч удаа хэлж байгаагүй, шаардлагатай бол Toyota Camry Ser 2 маркийн автомашиныг өгч болно, надад өөр ямар ч боломж байхгүй...” гэж, хариуцагч ******* нь “...миний охин ******* гэдэг хүнээс миний дансаар 1,300,000 төгрөг шилжүүлэн авсан...” гэж тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1.*******, ******* нар нь 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд харилцаж байсан, дотно харилцаатай байсан талаар талууд маргаагүй.
3.2.Ийнхүү харилцаж байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ******* нь *******ийн охид болох ******* эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 22,116,000 төгрөг, *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 3,090,000 төгрөг, *******ийн эзэмшлийн Төрийн банк дахь ******* тоот дансанд 28,228,000 төгрөг, *******ийн ээж *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 1,300,000 төгрөг, нийт 54,734,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон, уг шилжүүлсэн мөнгөн дүнг хүлээн авсан тухайд хариуцагч нар маргаагүй. /хх-ийн 7-79-р тал/
3.3.“ХААН банк” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 29/14162 тоот албан бичгээр ******* тоот дансыг *******, ******* тоот дансыг *******, ******* тоот дансыг ******* нар тус тус эзэмшдэг болохыг, “Төрийн банк” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 028/6404 тоот албан бичгээр ******* тоот дансыг ******* эзэмшдэг болохыг тус тус тодорхойлжээ. /хх-ийн 192, 195-р тал/
4.Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь тодорхой хугацаанд дотно харилцаатай байсан, энэ харилцаанд үндэслэж нэхэмжлэгчээс хариуцагч руу мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан нь тогтоогдсон.
Тодруулбал, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 53,434,000 төгрөгийг өөрийн дансаар болон хамаарал бүхий этгээд болох охин *******, ******* нарын дансаар шилжүүлэн авсан тухайд маргаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 407185957 тоот данснаас хариуцагч *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1,200,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг шилжүүлсэн байна.
5.Дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу 54,734,000 төгрөг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлд хамаарах, улмаар буцаан шаардах шаардлагад хамаарах эсэх асуудал нь талуудын маргааны зүйл болжээ.
6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас хариуцагч *******ээс 44,484,000 төгрөг, хариуцагч *******гаас 1,300,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
6.1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч *******тэй хамтран байр худалдан авахаар хариуцагчид мөнгө шилжүүлж байсан” гэж тайлбарладаг ба байр худалдан авахтай холбоотой нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******т тодорхой мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “шинэ байранд” гэх гүйлгээний утгатайгаар 17,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “байр гэрээ” гэх гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “буйдан” гэх гүйлгээний утгатайгаар 3,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “байр зууч” гэх гүйлгээний утгатайгаар 1,000,000 төгрөг, нийт 21,700,000 төгрөгийг хариуцагч *******ийн эзэмшлийн Төрийн банк дахь ******* тоот дансанд байр худалдан авахад зориулан шилжүүлжээ. /хх-ийн 42-43-р тал/
Дээрх мөнгийг хариуцагч ******* нь “байр худалдан авахтай холбоотой биш, автомашины урьдчилгаа төлбөр, зээлээс чөлөөлөхтэй холбоотой шилжүүлсэн мөнгө” гэж маргадаг боловч уг 21,700,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хариуцагч зөвшөөрснөөс гадна “байр худалдан авахаар шилжүүлж байсан” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч тал баримтаар үгүйсгэж чадаагүй.
Иймд хариуцагч *******ийг “21,700,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж дүгнэж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 21,700,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулна.
6.2.Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,834,000 төгрөгийг тухайн үед нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүссэн харилцаа, тусламж, дэмжлэг, хариуцагчийн эм тариа, эмчилгээ, хүүхдүүдэд зориулж шилжүүлсэн нөхцөл байдал, мөн зарим гүйлгээний утга тодорхойгүй байдлаас үзэхэд уг 31,834,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч *******ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, улмаар тус мөнгөн хөрөнгө нь буцаан шаардах хөрөнгөд хамаарахгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
Энэ талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэг нэгнээ дэмжих, халамжлах, мөнгө, санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүрээнд болон хүүхдүүдийн ойр зуурын хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлдэг байсныг анхан шатны шүүх зөв дүгнээгүй...” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.
6.3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэргийн баримтаар хариуцагч *******д шилжүүлсэн гэх 1,300,000 төгрөгийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хоорондох тухайн үеийн харилцаан дээр тулгуурлаж, *******ийн хүсэл зоригийн дагуу *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансаар дамжуулан *******т шилжүүлсэн болох нь тогтоогдож байхаас гадна уг 1,300,000 төгрөг нь хариуцагч ******* болон түүний хүүхдүүдэд зарцуулагдсан учраас хариуцагч *******г тухайн мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд хариуцагч *******д холбогдох 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Хариуцагч нарын өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
7.1.Хариуцагч нарын өмгөөлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч *******ийн найз *******ийг гэрчээр асуулгах, хариуцагч *******ийн гар утсанд байх нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан ярианы бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул энэ талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
7.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хариуцагч *******ийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан, гомдлыг “хариуцагч нарын өмгөөлөгч” гэж гаргасан боловч 44,000,000 төгрөгөөр тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн, хариуцагч *******гаас гаргуулсан 1,300,000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэх агуулгаар гомдолд тайлбар гаргасан.
Хариуцагч нарын өмгөөлөгч ******* нь хариуцагч *******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд гаргаж өгсөн байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгч *******ийн хамт оролцох хүсэл зориг илэрхийлж байсан болох нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн хариуцагч нарын өмгөөлөгч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******, ******* нараас гаргуулсан нийт 45,784,000 төгрөгт холбогдох 386,870 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул өмгөөлөгч ******* нь хариуцагч нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, улмаар хариуцагч *******г буюу хариуцагч нарыг төлөөлж давж заалдах гомдол гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
8.Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 21,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,834,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******гаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00343 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 21,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,834,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******гаас 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “...хариуцагч *******ээс 396,370 төгрөг, хариуцагч *******гаас 35,750 төгрөг гаргуулж....” гэснийг “хариуцагч *******ээс 266,450 төгрөг гаргуулж” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386,870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ