Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00728

 

 

 

 

 

 

 

 

2026 04 01 210/МА2026/00728

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

43,038,306 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн цагдаагийн байгууллагын байр, саатуулах байрыг барих ажлыг зохион байгуулж, саатуулах байрыг барьж дуусгасан. Захиалагчаас ажлын гүйцэтгэлийг харгалзан санхүүжилт орж ирдэг байсан тул ажлын гүйцэтгэлд зориулан 80,000,000 төгрөгийн зээл авахыг зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгон, уг зээлийг батлан даана гэж албан бичгийг хувьцаа эзэмшигчид Худалдаа хөгжлийн банканд гаргасан.

1.2. ******* дээрх батлан даалт, зөвшөөрлийг үндэслэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалж, Худалдаа хөгжлийн банктай хялбар зээлийн гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, 74,000,000 төгрөгийн зээл авч, уг зээлээс 43,038,306 төгрөгийг *******-ийн барилгын ажлыг гүйцэтгэсэн ажилчдын цалин хөлс болон бусад зардалд зарцуулсан болох нь *******гийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно. ******* дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд компанийн барилгын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг ******* батлан даана гэж үүрэг хүлээсэн боловч уг мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 43,038,306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2022-2024 онуудад *******-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд *******гаар хувийн зээл авхуулж, компанийн үйл ажиллагааг санхүүжүүлж захиран зарцуулж байсан удаа байхгүй. *******гийн авсан зээл нь өөрийнх нь хувийн асуудал. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад ******* компанийг төлөөлөн батлан даалтын гэрээ байгуулж, зарим нэг баримтыг үйлдэн зээл авсан гэдгийг мэдлээ.

2.2. Зээлийн талаарх баримтаас харахад тухайн зээлийн зээлдэгч, барьцаалуулагч, баталгаа гаргагч нь ******* байна. Батлан даалтын гэрээнд *******-ийг төлөөлөн ******* гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх мөртлөө Хаан банкны дансны хуулгыг хавсаргаж, тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан нь логикийн хувьд зөрчилтэй. ******* нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий хүмүүс рүү компанийн данснаас 1,000,000,000 гаруй төгрөгийг шилжүүлсэн боловч хэрхэн захиран зарцуулснаа тайлагнаагүй, тухайн мөнгөний захиран зарцуулалт энэ байх боломжтой.

2.3. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон нотлох баримт буюу баталгааны гэрээний зөвшөөрөл олгосон гэх баримтуудад огноо, дугаар байхгүй. *******-иас Худалдаа хөгжлийн банканд хүргүүлсэн албан бичгийг ******* өөрөө хуурамчаар үйлдсэн эсвэл гарын үсэг зурсан байх магадлал өндөр байна. Учир нь хувьцаа эзэмшигчдийн зүгээс ийм төрлийн баталгааны гэрээнд гарын үсэг зураагүй, зөвшөөрөл өгөөгүй, зээл авсан талаар мэдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан 43,038,306 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* миний бие Архангай аймаг дахь цагдаагийн байгууллагын оффис, түр саатуулах байрны барилга угсралтын ажилд анх тендерийн сонгон шалгаруулалтад оролцохоос эхлэн барилгаа ашиглалтад орж хүлээлгэн өгөх хүртэл *******-д гүйцэтгэх захирал, нягтлан бодогчоор ажилласан. Уг барилгын ажил төсвийн санхүүжилттэй учир гүйцэтгэлийн санхүүжилтийг хянуулж баталгаажуулсны дараа санхүүжилт авдаг байсан тул *******-д санхүүжилт олгох асуудал удаашралтай байсан. Улмаар 2024 оны зун барилгын туслан гүйцэтгэгчдийн ажлын хөлс, түрээс, бусад зардлыг олгож чадахгүй байсан тул миний бие 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* байрлах 47 м.кв талбай бүхий орон сууцыг компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын зөвшөөрлийн үндсэн дээр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж, хялбар зээлийн гэрээ байгуулан 74,000,000 төгрөгийн зээлийг өөрийн нэр дээр авсан. Тус зээлээс 50,000,000 төгрөгийг *******-ийн гүйлгээг хийх зорилгоор өөрийн Хаан банкны ******* тоот дансанд байршуулж, барилгын ажлыг гүйцэтгэж байсан бригадууд, ажилтнуудын цалин хөлс болон бусад зардалд зарцуулсан. Үүнээс баримтаар нотлогдох 43,038,306 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.2. Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьсан орон сууцыг *******т худалдахаар болсон тул 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******-ийн ******** тоот данснаас 75,000,000 төгрөгийг түр зээл гэх утгатайгаар гаргаж, зээлийг хааж, барьцаа хөрөнгийг чөлөөлж худалдсан. Орон сууцыг худалдсан орлогыг миний Хас банкны дансанд шилжүүлснээс 6 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд түр зээл гэх утгатай мөнгийг буцаан *******-ийн гүйлгээг хийх зорилгоор миний нэр дээр нээсэн Хаан банкны ******* тоот дансанд 80,000,000 төгрөгийг байршуулж, *******-ийн үйл ажиллагаанд зарцуулсан.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм гэсэн. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах-ыг хуулиар хориглосон байхад нэхэмжлэгч хууль зөрчиж шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгөх боломжгүй. Мөн *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Худалдаа хөгжлийн банканд гаргасан хувьцаа эзэмшигч нарын гарын үсэг бүхий албан бичгийг шүүх ямар учраас нотлох баримтын шаардлага хангаагүй гэдгийг хөдөлбөргүй тогтоогоогүй байна.

4.3. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь компани санхүүгийн чадамжтай гэж маргадаг боловч компанийн тухайн үеийн дансны хуулгыг гаргаж санхүүгийн чадамжтай гэдгийг нотлоогүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д *******-ийн зөвшөөрснөөр түүний төлөлтийг хийсэн байна гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хариуцагч *******-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд мөнгө байсан, мөн ******* нь удаа дараагийн шилжүүлгээр их хэмжээний мөнгө авч байсан болох нь дансны хуулгаар тогтоогдож байгаа хэмээн тайлбарлан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэнг шүүх дансны хуулгын задаргаа, захиран зарцуулалтыг үнэлэлгүй агуулга хэсгийг дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

4.5. Хариуцагч компани санхүүгийн чадамжтай, хувьцаа эзэмшигч болон компани нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан талаар мэдээгүй гэдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Хариуцагч нь нотлох баримтаар тогтоогдоогүй худал мэдээллийг шүүхэд мэдүүлдэг, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд санаатай халдсан, /хавтас хэргийн 90 дүгээр талд н.Байгалмаа гэх хүн нягтлан бодогч байсан, 115 дугаар талд ******* баримт, материалыг засах гэх мэт, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны хурлын тэмдэглэлд "...түүнийгээ хүүлэх байдлаар бусдад зээлдүүлсэн байдаг, цөөн тооны тамгатай цаас олгодог, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг гүйцэтгэх захирлаараа зээл авхуулж гэх зэргээр гүтгэлгийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

4.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 18-ны хооронд хийгдсэн санхүүгийн анхан шатны баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Миний бие 2025 оны 01 дүгээр сард *******-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн учир компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт баримтыг гаргаж өгөх боломжгүй. Тус баримт нь хариуцагчийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан болохыг нотлох, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон, хариуцагч маргаагүй чухал үйл баримт байхад шүүх нэг бүрчлэн хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гаргаагүй.

4.8. Нэхэмжлэгч миний бие барилгын ажлыг гүйцэтгэж байсан бригадуудад *******-ийн нэрийн өмнөөс ажлын хөлсийг өгч байсан талаарх баримтуудаар (хавтас хэргийн 80 дугаар тал) нэхэмжлэлээ нотолсон байхад шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүй нэгтгэн дүгнэсэн байна. Энэ нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

4.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа компанийн нярав *******, даамал *******, менежер *******, хувьцаа эзэмшигч болох ********, ********, ажил гүйцэтгэж байсан бригадуудын төлөөллийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргах байсан зэргийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******-ийн хялбар зээлийн баталгааны гэрээнд *******д гарын үсэг зурахыг зөвшөөрсөн албан бичигт огноо, дугаар бичигдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан 2 албан бичиг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

5.2. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн албан бичигт 80,000,000 төгрөг гэсэн байхад нэхэмжлэгч 74,000,000 төгрөгийн зээл авсан гэдэг. Энэ нь үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байна. Нэхэмжлэгч нь 74,000,000 төгрөгийн зээлээс 43,038,306 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, ******* санхүүгийн асуудалтай байсан учир өөрийн нэр дээр зээл авч компанид зээлдүүлсэн гэдэг. *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан асуудал байхгүй.

5.3. Анхан шатны шүүхэд гаргаж өгөөд байгаа төлбөрийн баримт, чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр юуг нотлох вэ, хэрэгт ямар ач холбогдолтой вэ гэдэг нь тодорхойгүй. ******* нь хоёр данс ашигладаг. Эхнийх нь компанийн нэр дээрх үндсэн данс, хоёр дахь касс гэж нэрлэгддэг данс нь нэхэмжлэгчийн өөрийнх нь Хаан банкны данс. Хариуцагчийн зүгээс санхүүгийн боломжтой гэдгээ дансны хуулгаар баталсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 43,038,306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...*******-ийн Архангай аймаг дахь цагдаагийн байгууллагын оффис, түр саатуулах байрны барилгын ажлыг гүйцэтгэх явцад ажилчдын цалин хөлс болон бусад зардлыг төлөхөөр Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн нэр дээр 74,000,000 төгрөгийн зээл авч үүнээс 43,038,306 төгрөгийг компанийн зардалд зарцуулсан гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь *******гаар зээл авхуулж байгаагүй, хувьцаа эзэмшигчид зээлийн батлан даалт гаргаагүй, баталгааны гэрээнд гарын үсэг зураагүй, зөвшөөрөл өгөөгүй, зээл авсан талаар мэдээгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан болох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-86х/

 

4.2. ******* нь ********-тай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хялбар зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, 74,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол /16092/, ******** хаягт байршилтай 47,84 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. /хх-15-21х/

Мөн *******-ийн гүйцэтгэх захирлын хувьд ********-тай 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баталгааны гэрээ-г байгуулж, өөрийн Хялбар зээлийн гэрээ-нд баталгаа гаргасан. /хх-13-14х/

 

4.3. ******* нь дээрх зээлсэн мөнгөнөөс өөрийн Хаан банкны ******* тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд *******-ийн барилгын ажлын зардалд нийт 42,612,185 төгрөгийг зарцуулсан болох нь банкнуудын дансны хуулга, фейсбүүкийн Undarmaa Maa мессенжер хаягаас ********, ******** нартай харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, *******-ийн төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон. /хх-9-10, 96-105, 125-129, 108-112х/

 

4.4. *******-ийн Капитрон банкны дансны хуулгаар 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гүйлгээ хийгдээгүй бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн сангаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдаагийн газрын барилгын санхүүжилт 221,634,387 төгрөг орсныг *******-ийн Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансанд шилжүүлж, уг данснаас *******гийн Хаанбанкны ******** тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 75,000,000 төгрөгийг түр зээл гүйлгээний утгатайгаар шилжүүлснээр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* нь ********-иас авсан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хялбар зээлийн гэрээ-ний зээлийн төлбөрийг бүрэн төлж зээлийг хаасан байна. /хх-12, 48, 123-124х/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ хэлцэлгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

******* нь бусдаас зээл авсан харилцаа нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход нөлөөлөхгүй ба уг зээлийг компанийн өр төлбөрт захиран зарцуулсан нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход ач холбогдолтой.

 

Нэхэмжлэгч ******* нь бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгөөр *******-ийн бусдад төлөх өр төлбөрийг төлж барагдуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуульд зааснаар үүсэх үүргийн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь бусдад төлөх өр төлбөрийг төлсөн нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт тус тус заасан гүйцэтгэх удирдлагын үндсэн чиг үүрэгт хамаарахгүй тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхэд хамаарч байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтласан өөрчлөлт оруулж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтласан нь буруу байх тул хасна.

 

6. Хариуцагч *******-аас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 75,000,000 төгрөгийг *******гийн Хаанбанкны ******** тоот дансанд шилжүүлснээр *******гийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хялбар зээлийн гэрээ-ний зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзнэ.

 

Тодруулахад нэхэмжлэгч *******гийн *******-ийн өмнөөс бусдад төлсөн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь буцаан шилжүүлж, уг мөнгөн хөрөнгөөр ******* нь өөрийн зээлийг хаасан байх тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өмнө 43,038,306 төгрөгийг хариуцах үүрэггүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******-д холбогдуулан 43,038,306 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул уг шийдлийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч ******* нь *******-иас 43,038,306 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хялбар зээлийн гэрээ-гээр 74,000,000 төгрөгийн зээл авч, үүнээс 43,038,306 төгрөгийг *******-ийн өр төлбөрт зарцуулсан гэж тодорхойлсноор талууд уг шаардлагын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу мэтгэлцсэн тул нэхэмжлэгчийн орон сууцыг худалдсан орлогыг миний Хас банкны дансанд шилжүүлснээс 6 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд түр зээл гэх утгатай мөнгийг буцаан *******-ийн гүйлгээг хийх зорилгоор миний нэр дээр нээсэн Хаан банкны ******* тоот дансанд 80,000,000 төгрөгийг байршуулж, *******-ийн Архангай аймагт барьж байгаа барилгын ажлын үйл ажиллагаанд зарцуулсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00836 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Н.ОЮУНТУЯА