| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07430/и |
| Дугаар | 5626 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 5626
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Модны-2, Амарсанаагийн гудамж, NDN төв 4 давхарын 401 тотод байрлах, Могол Ноос ХХКомпанийн иргэн П.Төмөрзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Т.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Могол Ноос ХХКомпани шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Т.Батсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:П.Төмөрзориг тус компаниас зээлээр ээрмэл ноосон утас худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан.Ингээд 100 кг 60/40 хувийн орцтой ээрмэл утас хүлээж аваад өнөөг хүртэл сураггүй төлбөр төлөхгүй залилан мэхэлж алга болсон тул П.Төмөрзоригийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Могол Ноос ХХКомпанийн Алтанмандарваа ХХКомпанийн захирал П.Төмөрзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хүсэлт гаргагч байгууллагын хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Алтанмандарваа ХХКомпанийн захирал П.Төмөрзориг болон Могол Ноос ХХКомпанийн хооронд хийсэн ээрмэл ноосон утас зээлээр худалдах худалдан авах гэрээ, зарлагын баримтуудаас харахад Алтанмандарваа ХХКомпанийн захирал П.Төмөрзориг нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алтанмандарваа ХХКомпанийн захирал П.Төмөрзориг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 4-90 тоотод оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Алтанмандарваа ХХКомпанийн захирал Чонос овогт Пүрэвсүрэнгийн Төмөрзоригийг /РД ЦВ 73062218/ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.Төмөрзоригийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.П.Төмөрзоригийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Т.Батсайханд даалгасугай.
4.П.Төмөрзориг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун АОС 4-90 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН