| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/07802/И |
| Дугаар | 210/МА2026/00675 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00675
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10389 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие нь өөрийн эцэг болох *******тай ******* дүүргийн 20 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт 2019 оноос 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан *******гээс 23,000,000 төгрөгийг хүүгүй, өөрийн боломжоор эргэн төлөх нөхцөлтэй зээлсэн.
1.2.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан ба талийгаачийн эцэг болох ******* нь нийслэлийн тойргийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг.
1.3.Нотариатч ******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болох Нотариатын үйлдэл хийх зааврыг удирдлага болгох ёстой. Гэтэл *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасныг зөрчиж, *******г нас барснаас хойш ердөө 29 хоногийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, мөн зүйлийн 531.3-т зааснаар өөр өвлөгч байхгүй болохыг тогтоохдоо нотариатч нь *******гийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагааг гаргуулсан, уг баримтаар түүнийг гэрлэж байгаагүй болохыг нотлох ба улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр гэр бүл зохиож хамтран амьдарч болох бөгөөд *******гийн үр хүүхэдтэй эсэх лавлагааг гаргуулаагүй. Мөн өвлөх эрхийн гэрчилгээ олгоход заавал бүрдүүлбэл зохих баримт бичиг буюу өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтыг хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцсэн эсэх талаар шалгах үүргээ биелүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт гэх гараар нөхөж бичсэн, хүчингүй болсон хууль, хуулийн зүйл заалт иш татсан, хэн гэдэг албан тушаалтан олгосон нь тодорхой бус албан бичгийг баталсан үйлдэл нь хууль бус байна. Түүнчлэн өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтод өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулах ёстой байтал ийм албан бичгийг огт аваагүй.
1.4.Иймд нийслэлийн тойргийн нотариатч *******гийн *******д 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгохоор заасан боловч мөн зүйлийн 531.3-т “Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, өвлөх эрхийн гэрчилгээг нэг жил болохоос өмнө олгож болно.
2.2.Өвлүүлбэл зохих баримт бичгийг бүрдүүлээгүй гэх үндэслэлд нотариатч шаардлагатай, зохих ач холбогдол бүхий лавлагаа, баримтыг гаргуулж авсан. Талийгаач *******гийн хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу түүний төрсөн эцэг ******* мөн. Үүнтэй маргах боломжгүй. Уг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.
2.3.Өнөөдрийг хүртэл өвлөгч *******аас өөр өвлөгч байгаа талаарх баримт, мэдээлэл байхгүй ба нотариатын үйлдэл нь үндэслэлтэй, үнэн зөв тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1.Нэхэмжлэгч нь “*******г 2000-д онд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд өөрийн төрсөн охины хамт амьдарч байсан, улмаар 2019 оноос нас барах хүртлээ өөрийн аав *******тай хамт амьдарсан” гэжээ. ******* нь 1990 оноос 2023 оны 11 дүгээр сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд өөрийн хашаа байшинд амьдарч байсныг худал хэлжээ.
3.2.Мөн нас барах хүртлээ гэрлээгүй, хүүхэдгүй, ганцаараа амьдардаг байсан, түүний асрамжид хөдөлмөрийн чадваргүй хүн байгаагүй гэдгийг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлсныг үндэслэн нотариатч ******* нь “өвлүүлэгч *******гийн эд хөрөнгийг өвлөх хүн бол түүний аав ******* мөн” гэж гэрчилгээ олгосон.
3.3.Иймд нотариатч *******гийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчинтэй, үнэн зөв гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д тус тус заасныг нэхэмжлэгч *******гийн нотариатч *******гийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Талуудын маргаагүй, мэтгэлцээгүй нэхэмжлэл болон түүний шаардлага, хариуцагчийн хариу тайлбарыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт иш татсан нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, шаардлагаа тодруулсан. Өөрөөр хэлбэл, талууд мөнгө зээлсэн, эргэн төлсөн, ******* хаана амьдарч байсан, үр хүүхэдтэй байсан, хаана нас барсан эсэх зэрэг асуудлаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд зөвхөн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн агуулгын хүрээнд мэтгэлцсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт анх гаргасан нэхэмжлэлийг иш татсан, мөн хариуцагчийн хариу тайлбарыг иш татахдаа өмнөх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад холбогдуулан хариуцагчийн өөрийнх нь гаргасан тайлбарыг бичсэн бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн үндэслэл, шаардлагад холбогдох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяагийн хариу тайлбарыг бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.
5.2.Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор ******* дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Гэтэл шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэх хэсэгт огт дурдаагүй, үнэлээгүй. Хэрэгт ******* дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хуульд нийцсэн/, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хуульд нийцээгүй/ авагдсан бөгөөд шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зөвхөн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг иш татан хууль зүйн дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т тус тус заасныг ноцтой зөрчсөн. Учир нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай. Мөн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт хэмээн дүгнэж, үнэлж шийдвэрээ гаргасан нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “...нэхэмжлэгч ******* нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулснаар уг үйлдлээр батлагдсан өвлөгч *******ын өвлүүлэгч *******гийн түүнтэй байгуулсан 23,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг үгүйсгэх зорилготой...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэж заасныг зөрчиж, хариуцагч талын хүсэл зоригийг илүүд үзэж, тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан шинжтэй байна. Учир хэргийн оролцогчид зөвхөн нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх асуудлыг маргааны зүйл болгон мэтгэлцсэн болно. Гэтэл анхан шатны шүүх 23,000,000 төгрөгтэй холбоотой маргааныг дотоод итгэл үнэмшлээ болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
5.3.Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжид нийцээгүй тухайд, Монгол Улс нь эх газрын буюу Ром Германы эрх зүйн системтэй улс орон учраас нийгмийн харилцааг хууль болон хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зохицуулдаг. Энэ утгаараа өвлөх эрхийн гэрчилгээ олгох эсэх талаарх нотариатын үйлдэл нь Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болох Нотариатын үйлдэл хийх зааварт нийцсэн байх ёстой байтал эдгээр хууль тогтоомжуудыг зөрчсөн. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг хуульд заасан хугацаанаас өмнө олгож болохоор хуульчилсан. Гэтэл нотариатч ******* нь *******гийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагааг гаргуулсан боловч түүний үр хүүхэдтэй эсэх лавлагааг заавал гаргуулах ёстой байтал гаргуулаагүй.
Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход заавал бүрдүүлбэл зохих баримт бичиг буюу өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтыг хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцсэн эсэх талаар шалгах үүргээ нотариатч биелүүлээгүй байна. Мөн өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтод өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан байх ёстой байтал ийм албан бичгийг огт аваагүй. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн дэвтэр нь үүнийг орлох нотлох баримт биш юм. Эдгээрийг хууль зөрчөөгүй мэтээр анхан шатны шүүх дүгнэн шийдвэрээ гаргасан.
5.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүх хуралдаан дээр нотариатчийн тухай ярьсан болохоос мөнгө төгрөг яриагүй. Нотариатч буруу, зөв хийсэн гэж маргаад 2 жил орчим боллоо. Одоо шинэ нотариатчаар өвлөх эрхээ баталгаажуулж авч болдоггүй юм уу, 2 жил өнгөрсөн юм чинь хуульд зөвшөөрсөн байх гэж бодож байна. Энд ингээд маргаад байх шаардлага байна уу гэж бодож байна гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хариуцагчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал нь “...хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг нэг жил болохоос өмнө олгож болно, нотариатч шаардлагатай, зохих ач холбогдол бүхий лавлагаа, баримтыг гаргуулж авсан, уг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, талийгаач *******гийн хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу түүний төрсөн эцэг ******* мөн, өнөөдрийг хүртэл өвлөгч *******аас өөр өвлөгч байгаа талаарх баримт, мэдээлэл байхгүй тул нотариатын үйлдэл нь үндэслэлтэй, үнэн зөв....” гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь “...******* нь 1990 оноос 2023 оны 11 дүгээр сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд өөрийн хашаа байшинд амьдарч байсан, мөн нас барах хүртлээ гэрлээгүй, хүүхэдгүй, ганцаараа амьдардаг байсан, түүний асрамжид хөдөлмөрийн чадваргүй хүн байгаагүй гэдгийг Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлсныг үндэслэн нотариатч ******* нь гэрчилгээ олгосон...” гэж тус тус эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.*******, ******* нарын хүү болох ******* нь 1965 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрж, улмаар *******гийн эх ******* нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нас барж, ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нас баржээ. /хх-ийн 107, 109-р тал/
3.2.Талийгаач *******гийн эцэг ******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийслэлийн тойргийн нотариатч *******д талийгаач *******гийн иргэн *******д зээлдүүлсэн 23,000,000 төгрөгийг шаардах эрхийг өвлөхөөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 108-р тал/
3.3.Нийслэлийн тойргийн нотариатч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “******* миний бие *******гээс 23,000,000 төгрөг зээлсэн” гэх агуулга бүхий бичмэл баримт, талийгаач *******ын нас барсны бүртгэлийн лавлагаа, талийгаач *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа болон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, мөн талийгаач *******гийн нас барсны гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн өвлүүлэгч *******гийн иргэн *******гаас авах авлага 23,000,000 төгрөг шаардах эрхийг өвлөгч *******д өвлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 107-111-р тал/
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хуулийн зохицуулалтууд баримталсныг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
5.Нотариатч ******* нь *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг хийхдээ Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт болох Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2-т тус тус заасан үндэслэвэл зохих өргөдөл, холбогдох баримтуудыг үндэслэн нотариатын үйлдэл хийж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, ******* нь талийгаач *******гийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч мөн болох талаарх баримтуудаа бүрдүүлсний үндсэн дээр өв хүлээн авах хүсэлт гаргасныг үндэслэн нотариатч ******* түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Нотариатын үйлдэл хийх зааварт тус тус нийцжээ.
Тодруулбал, талийгаач ******* нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошуу 30 гудамж, 9 тоот хаягт ганцаараа амьдардаг байсан, гэрлэлт бүртгэлгүй, талийгаач *******гийн эх ******* нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нас барсан, талийгаач *******гийн эцэг нь ******* мөн болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчсөн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
6.1.Нэхэмжлэгч ******* нь анх “нотариатч ******* нь Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д заасныг зөрчиж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч 23,000,000 төгрөг төлөх асуудал үүссэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардсан, улмаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, шаардлагаа тодруулсан байх ба 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч талд гардуулж, хариуцагч тал уг нэхэмжлэлийн өөрчилсөн үндэслэл, тодруулсан шаардлагад хариу тайлбар гаргах байдлаар талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, уг хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч тал 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөхдөө “нотариатч ******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн учраас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хүчингүй” гэх агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, уг нэхэмжлэлийн өөрчилсөн үндэслэл, тодруулсан шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт анх гаргасан нэхэмжлэлийн агуулга болон түүнд холбогдуулан гаргасан хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулгыг тус тус заасан байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
6.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “...23,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг үгүйсгэх зорилготой...” гэж нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлсон буюу хэргийн үйл баримтыг тогтоосон байх боловч шүүх нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн үндэслэл, тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн учраас “23,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалт болох Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
7.1.Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг “...710,200...” гэж тусгаж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг залруулах нь зүйтэй.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/10389 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д...” гэснийг “31 дүгээр зүйлийн 31.3-т” гэж,
2 дахь заалтын “...710,200...” гэснийг “70,200” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ