Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00729

 

 

 

 

 

 

 

 

2026 04 01 210/МА2026/00729

 

 

 

********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/02030 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ********ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********т холбогдох,

 

Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 м.кв газрыг ********т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын Залаатын аманд байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******** би ********тай 2016 онд харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, Богдхан уулын Залаатын аманд байрлалтай газарт 4 ширхэг таунхаусыг барих ажлыг гүйцэтгэх, хариу төлбөрт ******** нь тус газраас 300 м.кв газрыг надад шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

1.2. ******** нь уг тохиролцооны баталгаа болгож "Баталгаа гаргах нь гарчигтай баримт үйлдэж 300 м.кв газрыг өгөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан. Тус газар нь ********ын өмчлөлийн "Хөдөөгийн цахилгаан" ХХК-ийн нэр дээр "Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ бүхий 1.5 га газар олгогдсон байдаг. Гэтэл ******** нь 300 м.кв газар шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд тус газрыг шилжүүлэх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчиж байна. Иймд "Баталгаа гаргах нь хэлцэл шилжих боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэлцлийн үнэ буюу 4 ширхэг таунхаусыг барьсан төсөвт өртгийн үнэ 259,456,857 төгрөгийг шаардаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шаардах эрхтэй. ********, ******** нарын хооронд хийгдсэн Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 м.кв газрыг ********т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 259,456,857 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний аав Шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич ******** нь АНУ-аас 2014 онд 4 ширхэг Канад хаус барих материалыг 226,000 гаруй ам.доллароор худалдан авч, тээвэрлэж Монгол Улсад оруулж ирсэн. Уг материалуудын НӨАТ болон гаалийн татваруудыг мөн нэмж төлсөн. Аав бид хэд өөрсдийн ашиглаж буй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд байрлах газартаа барилгын ажлыг эхлүүлэн 2014 оны 9 дүгээр сард барилгын суурийг 40 гаруй сая төгрөгөөр хийж дуусгасан. бие аавын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын аманд байрлах газарт барилгын ажлыг эхлүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хувь бригадтай 64,800,000 төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх 4 ширхэг канад хаусны ажлыг хийлгэхээр тохирсон. Тус ажлын хүрээнд 4 хаусыг технологи, горимын дагуу барьсан бөгөөд барилгын ажлыг түр зогсоосон. Барилгын ажил зогсох үед гэрээнд дурдсан ажлын 50 хувь хийгдсэн байсан бөгөөд гэрээний төлбөрөөс 30,600,000 төгрөгийн ажлын хөлсийг төлсөн байсан.

2.2. Энэ хугацаанд ******** ...4 хаусыг чинь барьж дуусгаад худалдан борлуулж ашиг гаргаж авья, хамтраач гэх саналыг тавьсны дагуу барилгыг барьж дуусгах ажлын хөлс, дотор заслыг шинэчлэх нэмэлт зардал зэргийг нэхэмжлэгч гаргаж, талууд хаусыг хамтран худалдан борлуулж, өөрсдийн оруулсан хөрөнгө болон ашгийг хувааж авахаар тохиролцож хамтран ажилласан.

2.3. Талуудын тохиролцооны дагуу барилгын ажил явагдаж байх үед нэхэмжлэгч нь ...газар ашиглах эрхийн гэрчилгээ таны нэр дээр байгаа учраас та хаусны өмчлөх эрхийн гэрчилгээг надад мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр гаргуулан авч байшингаа зараад надад мөнгө өгөхгүй байж магадгүй тул баталгаа гаргаж өгөх шаардлагатай байна гэсэн тул тухайн Баталгаа гаргах нь нэртэй бичигт гарын үсэг зурсан. Ингэхдээ ашиглах эрхтэй газраа бусдад шилжүүлж өгөх нь хууль бус учраас хаус худалдан борлуулж, зохих мөнгөө гаргаж авсны дараагаар уг баталгаа гэх бичгийг дуусгавар болгож устгана гэж тохиролцсоны үндсэн дээр уг баталгааг үйлдсэн. Нэхэмжлэгч нь барилгын ажил дуусмагц 4 хаусны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 12,000,000 төгрөгөөр гаргаж өгөөд баталгаа болгож надаас 2 байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан.

2.4. Хамтран ажиллах гэрээний дагуу хауснуудыг 2015 оны 04 дүгээр сард барьж дуусгасан бөгөөд 4 ширхэг хаусын 3 ширхэгийг нэхэмжлэгч, үлдсэн 1 ширхэгийг хариуцагч би тус тус худалдан борлуулж, талууд оруулсан мөнгөө гаргаж авсан. Тодруулбал, нэхэмжлэгч ******** нь 3 хаусыг 800,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 2 хаусны үнээс 315,500,000 төгрөгийг, 1 хаусын үнээс зохих хэсгийг авсан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу оруулсан хувь хэмжээгээр тооцож нэхэмжлэгч нь өөрийн авах ёстой мөнгийг бүрэн эргүүлэн авч, надад оногдох мөнгийг өгсөн.

2.5. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэг талаас хариуцагч дутуу барьсан байсан хаусаар, нөгөө талаас нэхэмжлэгч нь барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах ажлын хөлсөөр хураамжийг оруулж, үүний үндсэн дээр талууд хаусыг бүрэн барьж дуусган худалдан борлуулж, өөрсдийн оруулсан хөрөнгө болон тодорхой ашгийг гаргаж авахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөөр хаусыг барьж дуусгасан, ажлын хөлсийг намайг төлөх байсан мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэгтэй, уг гэрээний үүргээ талууд биелүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийнхээ хүрээнд хариуцагчтай хамтран барьсан хаусыг бусдад худалдан борлуулж оруулсан мөнгө болон тодорхой хэмжээний ашгийг гаргуулж авсан байтал 2025 оны ханшаар тооцож төсөвчнөөр төсөв гаргуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч ********т холбогдуулан гаргасан Баталгаа гаргах нь хэлцлийн холбогдох хэсэг буюу ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 мкв газрыг ********т шилжүүлэн өгөх гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын Залаатын аманд байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,526,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн харилцааг холимог шинжтэй гэрээний харилцаа гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд талуудын хооронд хамтран ажиллахаас гадна ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бас үүссэн. Талууд ашгийг хувааж, хуваарилах байдлаар бус ажил гүйцэтгэгчийн хөлсөнд газар өгөхөөр тохиролцсон байна.

4.2. Анхан шатны шүүх Баталгаа гаргах нь баримтад хэзээ үйлдэгдсэн эсэх, хаана байрлалтай газар өгөх, тусгай хамгаалалттай газар нутагт өгөх эсэх нь тодорхойгүй гэжээ. Гэтэл хариуцагч хариу тайлбартаа тус баримтыг үгүйсгэдэггүй. Хариуцагчийн хариу тайлбараас үзвэл тусгай хамгаалалттай газарт ашиглах эрхтэй газар шилжүүлж өгнө гэж баталгаа гаргасан нь харагдаж байна. Мөн тухайн баримтад талуудын хооронд харилцаа үүссэн тухайн үед гарын үсэг зурагдсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 4 ширхэг таунхаусын үлдсэн 50 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн төсвийг мэргэшсэн төсөвчнөөр гаргуулан, гарсан төсвийн 50 хувиар нэхэмжлэлийн шаардлагын дүнг тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх төсвийн нүүрэнд бичигдсэн нэр, төсвийг гаргасан огноонд үндэслэн "...2025 онд баригдаж байгаа 4 ширхэг таунхаусны барилгын ажлын төсөв гэж үзэхээр" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөн анхан шатны шүүх "... Барилгын материалын үнийн мэдээлэл 2023-10 сар №06/423/ болон материалын тухай үеийн зах зээлийн дундаж ханшаар тооцсон" гэж төсөвчний бичсэн хэсгээс зөвхөн 2023 он гэснийг баримталж 2016 оны төсөв гэж үзэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар тооцсон гэж байгааг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй. Уг төсвийн асуудлаар талууд маргаагүй. Хэрэв маргасан бол шинжээч томилуулж ********ын гүйцэтгэсэн ажлын төсвийг хөндлөнгийн байдлаар тогтоолгох боломжтой байсан.

4.3. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжих шаардах эрхэд хамаарахгүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Талууд 4 ширхэг таунхаусыг нийт 1,070,000,000 төгрөгөөр зарж борлуулсан. Үүнээс ******** 834,000,000 төгрөг, ******** 236,000,000 төгрөгийг авсан. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу талуудын ашиг орлогын хувь тэнцүү байх ёстой байсан боловч ******** 78 хувийг авсан. Хариуцагчийн хариу тайлбар, гэрч ******* мэдүүлэг зэргээс талууд барилгын ажлыг 50 хувиар гүйцэтгэсэн нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь 1,070,000,000 төгрөгийн 50 хувь болох 535,000,000 төгрөгийг авах ёстой байсан боловч 236,000,000 төгрөгийг авсан тул үлдэгдэл зөрүүнд 300 м.кв газрыг ********т шилжүүлж өгөхөөр талууд тохиролцсон. Гэтэл тус газрыг ********аас шаардах нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасныг зөрчиж байгаа юм. Иймээс ********ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрхээ тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг шүүх зөв тодорхойлсон. Талууд дутуу баригдсан барилгыг барьж, түүнийг худалдан борлуулж, олсон орлогоо хуваан авахаар тохиролцож үүргээ харилцан биелүүлж уг харилцаа дуусгавар болсон. Баталгаа гаргах тухай албан бичгийг үйлдэх үед ********ыг эд хөрөнгөгүй байсан гэдгийг талуудын хэн аль нь мэдэж байсан. Баталгаа гаргах тухай албан бичиг хэзээ үйлдэгдсэн талаар тодруулахад тодорхой хугацаа хэлдэггүй хэр нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж маргасан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бол 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө нь үйлдэгдсэн баримттай холбогдуулан 10 жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэлд дурдагдсанаар хэлцлийг хүчингүйд тооцуулах, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулахаар шаардсан. Гэтэл нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нотлох баримтыг анхан шатны шүүх зөв үнэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******** нь ********ын ажилтан н.******* гэх хүнд итгэмжлэл гаргаж өгснөөр баталгаа гаргах албан бичгийн үр дагавар дууссан. Үүний дагуу талууд 4 хаусыг худалдан борлуулж, хөрөнгөө хуваахаар харилцан тохиролцсон. Уг асуудлыг хариуцагч бус нэхэмжлэгч бие даан хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, олсон орлогоо хэрхэн яаж хуваарилах нь хариуцагчийн бус нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал байсан. Үүний дагуу асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй 10 жил болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Төсөвтэй холбоотой асуудлаар маргаагүй учраас шинжээч томилуулаагүй. Хэрэв маргасан бол шинжээч томилуулах байсан гэх асуудлыг дурдсан. 2025 оны 10 дугаар сарын ханшийг үндэслэн төсөв гаргасан нь харагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн төсвийг хожим нөхөж хийсэн бөгөөд тухайн барилгад очиж хийсэн эсэх нь эргэлзээтэй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болсон гэх агуулгаар маргаж, шүүх хуралдааны үед мэтгэлцсэн.

5.3. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул ажлын хөлсөө гаргуулахаар шаардсан гэх агуулга гомдолд дурдагдсан. Давж заалдах гомдлын агуулгыг харвал, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэхээс илүүтэй хамтран ажиллах гэрээний үүргийг шаардсан агуулгатай байна. Нотлох баримтаар 3 итгэмжлэл гаргаж өгсөн бөгөөд тус итгэмжлэлийн дагуу 3 амины орон сууцыг 800,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үүнээс 350,500,000 төгрөгийг ******** авсан, 449,500,000 төгрөгийг ********т шилжүүлж, тооцоо нийлж талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******** нь Баталгаа гаргах нь хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын Залаатын аманд байрлалтай 4 ширхэг таунхаус барьж гүйцэтгэсэн төсөв 259,456,857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... Баталгаа гаргах нь хэлцлээр ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 м.кв газрыг ********т шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч уг газрыг шилжүүлэх нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар 4 ширхэг таунхаусыг барьсан төсөвт өртгийн 50% буюу 259,456,857 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь дутуу барьсан 4 ширхэг таунхаусыг гүйцээн барьж бусдад худалдан борлуулж оруулсан мөнгө болон тодорхой хэмжээний ашгийг авсан тул Баталгаа гаргах нь үүрэг дуусгавар болсон, 2025 оны ханшаар тооцож төсөвчнөөр төсөв гаргуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.

 

3.1. ********ын аав ******** нь АНУ-аас 2014 онд 4 ширхэг канад таунхаусны материалыг 226,313.26 ам доллароор худалдан авч, Монгол Улсад тээвэрлэн авчирч, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Залаатын аманд байрлах газарт барилгын ажлыг эхлүүлж, барилгын суурийг 40 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэсэн, ******** нь 2015 оны 01 сарын 17-ны өдөр ********той Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4 айлын 2 давхар канад таунхаусны ерөнхий рам, гадна фасад, дээвэр, дулаалга, сантехникийн ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 64,800,000 төгрөг төлөхөөр тохиролцож, уг ажлын 50%-ийг гүйцэтгүүлсэн. /хх-72-88, 57-64, 225-233х/

 

3.2. 2016 онд нэхэмжлэгч ******** нь дээрх 50 хувийн гүйцэтгэлтэй зогссон канад таунхаусын барилгыг барьж дуусгах ажлын хөлс, дотор заслыг шинэчлэх нэмэлт зардал зэргийг гаргаж, барилгын ажил дууссаны дараа ********тай хамтран худалдан борлуулж, өөрийн оруулсан хөрөнгө болон тодорхой хэмжээний ашгийг хуваан авахаар тохиролцсон талаар зохигч маргаагүй.

 

3.3. ******** Баталгаа гаргах нь бичгээр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамжинд байрлалтай газарт ******* овогтой ******** нь өөрийн хөрөнгөөр 4 ширхэг хаус барьж түүний ажлын хөлсөнд 1 айлын газар болох 300 мкв газрыг ******* овогтой ********т шилжүүлэн өгөхөө үүгээр баталж байна гэжээ.

 

3.4. Хариуцагч ******** нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 4 ширхэг таунхаусны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, ********аас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Т.*******д олгосон Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, 10/14-1, 10/14-4, 10/14-2 тоот хаягт байршилтай 3 үл хөдлөх хөрөнгийг худалдах итгэмжлэлүүдээр нэхэмжлэгч ******** нь 3 ширхэг таунхаусыг, хариуцагч ******** 1 ширхэг таунхаусыг тус тус худалдан борлуулж мөнгийг хувааж авсан талаар зохигч маргаагүй. /1хх-107-115, 209-212, 65-71х/

 

4. Анхан шатны шүүх дээрхи тохиролцооны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ-ний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4.1. Хамтран ажиллах гэрээ нь анхнаасаа ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хамтран ажилладаг бөгөөд талууд хамтран хэрэгжүүлэх ажил, оролцоо, хураамжийг тодорхойлж, ашиг алдагдал хуваарилах журмыг тохиролцдог.

Талуудын маргаагүй үйл баримтаар нэхэмжлэгч ********ыг анхнаасаа хариуцагч ********тай Залаатын аманд 4 ширхэг канад таунхаусыг барьж, ашиг олохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч ******** нь АНУ-аас 4 айлын таунхаусын барилгын материалыг худалдан авч, Монгол Улсад тээвэрлэн авчирч, Залаатын аманд барилгын суурийн ажлыг гүйцэтгэж, барилгын ерөнхий рам, гадна фасад, дээвэр, дулаалга, сантехникийн ажлын 50%-ийг гүйцэтгэсний дараа нэхэмжлэгч ******** нь хариуцагчийн дутуу барьсан барилгыг гүйцээж барих зардлыг гаргаж, барилгыг гүйцээн барьж, улмаар худалдан борлуулсан үнээс өөрийн гаргасан зардал, ашгийг хуваан авахаар тохиролцсон нь анхнаасаа ашиг олох зорилгоор бус, тодорхой ажлыг гүйцэтгэх шинжийг агуулж байгаа нь хамтран ажиллах гэрээний шинжийг үгүйсгэж байна.

 

4.2 Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Учир нь, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч ******** нь хариуцагчийн дутуу барьсан барилгыг гүйцээн барьж, барилгыг худалдан борлуулж, өөрийн гаргасан зардал, ашгийг авсан нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.

 

4.3. Иймд анхан шатны шүүхийн хэд хэдэн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн талууд зөвхөн ашгийг хувааж, хуваарилах байдлаар бус ажил гүйцэтгэгчийн хөлсөнд газар өгөхөөр тохиролцсон нь хамтран ажиллахаас гадна ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хариуцагч ********ын Баталгаа гаргах нь бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлахад, ********ын өөрийн хөрөнгөөр 4 ширхэг хаус барьсан ажлын хөлсөнд 300 м.кв газрыг шилжүүлэн өгөхөө баталсан байна.

 

5.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг тул энэхүү Баталгаа гаргах нь бичгээр ажлын хөлс төлөх баталгааг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь талууд ажлын хөлсөнд 300 м.кв газар өгөхөөр тохиролцоогүй болох нь талууд ********ын 4 ширхэг таунхаусыг гүйцээн барихад гаргасан зардал, ажлын хөлсийг барилгыг худалдан борлуулсан орлогоос төлсөн байдлаар тогтоогдож байна.

 

5.2. Нэхэмжлэгч ******** нь дутуу баригдсан 4 ширхэг таунхаус барилгын ажлыг гүйцэтгэж, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 13221 Дүнжингаравын гудамж, ******** 3 ширхэг таунхаусыг ********тай хамтран худалдан борлуулж, гаргасан зардал, ажлын хөлс ашгийг авсан болох нь таунхаусыг худалдсан гэрээнүүд болон хариуцагч ********ын дансанд мөнгө шилжүүлсэн баримтуудаар тогтоогдсон. /хх-65-71, 91-92х/

Тодруулбал, нэхэмжлэгч ******** нь дээрхи 3 ширхэг таунхаусыг Э.Энхбадралд 270,000,000 төгрөгөөр, Д.Энхбатад 280,000,000 төгрөгөөр, Ч.Мижиддоржид 250,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, нийт худалдсан 800,000,000 төгрөгөөс хариуцагч ********т 249,500,000 төгрөгийг өгсөн байна.

 

5.3. Нэхэмжлэгч ******** нь дутуу баригдсан 4 ширхэг таунхаус барилгыг гүйцээж барихад хэдэн төгрөгийн зардал гарснаа баримтаар нотлоогүй, талууд 4 ширхэг таунхаусыг худалдан борлуулсан орлогыг хэрхэн хуваарилсан талаарх нарийн тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэлээр Баталгаа гаргах нь бичгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж 4 айлын таунхаусны барилгын ажлын төсвийг 559,456,857 төгрөгөөр гаргуулж үүний 50% буюу ажлын хөлсөнд 259,456,857 төгрөгийг шаардсан боловч нэхэмжлэгч нь 4 таунхаусыг зарж борлуулсан үнээс 236,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч ********ыг нэхэмжлэгчид ажлын хөлсийг нь төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.4. Дээрхи үндэслэлээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн-ээр үүрэг дуусгавар болохоор заасны дагуу нэхэмжлэгч ******** нь дутуу баригдсан 4 ширхэг таунхаус барилгын ажлыг гүйцэтгэсний хариу төлбөр болох ажлын хөлс, зардлаа авсан тул хариуцагч ********ын ажлын хөлсийг төлөх Баталгаа гаргах нь бичгээр илэрхийлсэн үүрэг дуусгавар болсон байна.

 

5.5. Хариуцагч ******** нь АНУ-аас 4 айлын таунхаусын барилгын материалыг 226,313.26 ам доллароор худалдан авч, Монгол Улсад тээвэрлэн авчирч, Залаатын аманд барилгын суурийн ажлыг 40 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэж, барилгын ерөнхий рам, гадна фасад, дээвэр, дулаалга, сантехникийн ажлын 50%-ийг гүйцэтгэсний дараа үлдэх ажлыг нэхэмжлэгч ********аар гүйцэтгүүлэхээр тохиролцсон тул 4 ширхэг канад таунхаус барилгын нийт зардал, ажлын хэмжээг харьцуулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн 4 ширхэг таунхаусыг худалдан борлуулсан нийт үнийн 50%-ийг авах ёстой гэх үндэслэлээр 236,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл зөрүүнд 300 мкв газрыг ********т шилжүүлж өгөхөөр талууд тохиролцсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх Баталгаа гаргах нь бичигт газрыг тодорхой тусгаагүй гэх үндэслэлээр газрыг шилжүүлэхээр тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж заасан хориглолтод хамаарахгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй гэж зөв дүгнэсэн.

 

7. Хариуцагч ******** нь ********т гүйцэтгэсэн ажлын хөлс, зардлыг нь төлснөөр Баталгаа гаргах нь бичгээр илэрхийлсэн ажлын хөлсөнд 300 м.кв газар шилжүүлэх баталгааны үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч ******** нь уг баталгааны үүргийг шаардах эрхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь заалтыг тус тус баримталсныг хасаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг нэмсэн өөрчлөлтийг оруулна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/02030 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 гэснийг тус тус хасаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,526,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Н.ОЮУНТУЯА