| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/02712/И |
| Дугаар | 210/МА2026/01100 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01100
2026 05 13 210/МА2026/01100
******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/01642 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********-д холбогдох
Орон сууцыг засаж дуусгахад шаардагдах 22,973,000 төгрөг, алданги 29,548,646 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг, хариуцагч ********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Ц.Басбаяр би хүү ********гийн хамтаар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ********-ийн захиалгаар ********-ийн барьж байгаа. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 4-р хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхоны дуусаагүй барилгаас 11 давхарт, А тип, ****** м2, 4 өрөө орон сууцыг 1м2 талбайг 3,300,000 төгрөгөөр бодож нийт 465,333,000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү орон сууцыг худалдан авах үед барилгын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй байсан.
2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-01 дугаар Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүү ********гийн нэр дээр ********-тай байгуулж, орон сууцны төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсад орж ирсэн, 2015 онд үйлдвэрлэгдсэн, Mercedes-Benz E300 маркийн автомашин, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол улсад орж ирсэн, 2019 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Mercedes Benz GLE43 маркийн автомашин зэргийг бартерт өгөхөөр тохиролцсон.
1.2. Тухайн барилгыг захиалагч ********, гүйцэтгэгч ******** болон туслан гүйцэтгэгч Бурхант хайрхан уул ХХК нарын хооронд өр төлбөргүй, тооцоогүй гэх амлалт тодорхойлолтуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрх автомашинуудыг ********ийн гүйцэтгэх захирал ******** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт итгэмжлэл-ээр эзэмшил, өмчлөлийг шилжүүлж, автомашинуудыг бодитоор хүлээлгэн өгсөн. Ингэснээр хүү бид хоёрын 4 өрөө орон сууцны маань төлбөр 100% төлөгдөж, гэрээний үүргээ биелүүлсэн.
1.3. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2 дахь хэсэгт орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барьж, 2023 оны 02 дугаар улиралд захиалагч танд хүлээлгэн өгнө гэсэн боловч 2 жил орчмын хугацаа өнгөрсөн. Барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, айлууд нь нүүж орсон. Гэтэл ******** нь барилгаас зөвхөн хүү бид хоёрын худалдан авсан орон сууцны дотоод заслыг хийлгүй орхиж, гүйцэтгэлийг дуусгаагүй хаясан байсан. Бид тухайн асуудлаар ********, гүйцэтгэгч ******** нарт хандсан боловч асуудлыг шийдвэрлэхгүй зугтаасан.
Гэрээний 4.1.5-д гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу захиалгын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа болох 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 635 хоногт ноогдох алданги 29,548,646 төгрөг болсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээг нэхэмжлэгч ******** өөрийн нэр дээр гаргуулан авсан. Бидний 4 өрөө орон сууцыг барилгыг зураг төслийн дагуу барьж нэн даруй хүлээлгэж өгөхийг даалгах шаардлагын дагуу хариуцагч ******** нь зах зээлийн хамгийн доод үнэтэй, хямд, чанаргүй материалаар барьж дуусгахаар төлөвлөснийг орон сууцанд дутуу хийгдсэн материалын тооцоо, үнийн дүнтэй танилцаад олж мэдлээ. Иймд тухайн байрыг өөрсдөө засаж дуусгахад шаардлагатай мөнгийг буюу барилгын материал болон ажлын хөлс бүгд нийт 22,973,000 төгрөгийг ********-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн.
1.4. Иймд хариуцагч ********-д Хан-уул дүүргийн 4-р хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхон, 11 давхар, А тип, *******х, ****** м2 талбай бүхий 4 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах, орон сууцыг зураг төслийн дагуу барьж дуусгахад гарах зардал 22,973,000 төгрөг, алданги 29,548,646 төгрөгийг ********-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******** нь карказ угсралтын ажлын хөлсөнд ********-ийн барьж гүйцэтгэсэн Буянт-Ухаа тауэр хотхон, 11 давхрыг бүхэлд 100 хувь бартераар шилжүүлэн авахаар тохиролцсон. Буянт-Ухаа тауэр хотхоны ерөнхий гүйцэтгэгч нь ******** юм. Ажил гүйцэтгэх бартерын тохиролцоогоор Буянт-Ухаа тауэр хотхон-ны 11 дүгээр давхрын өмчлөх эрх ********-д шилжих тул орон сууцны захиалагч нь болно. Буянт-Ухаа тауэр хотхоны ерөнхий гүйцэтгэгч нь ******** тул орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах, захиалагч нарт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй.
2.2. ********-ийн ********тэй байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-01 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 6.6 дах хэсэгт Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж заасны дагуу орон сууцны ашиглалтад орох эцсийн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байна. Буянт-Ухаа тауэр хотхоныг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр улсын комисс хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацааны алданги тооцсон нь үндэслэлгүй.
Ажил гүйцэтгэх үүрэг нь ********-д байсан тул орон сууцыг тогтоосон хугацаандаа ашиглалтад оруулаагүйн хариуцлагыг "******** хүлээнэ.
2.3. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах болсон гол үндсэн хэлцлийн тохиролцоог Бурхант хайрхан уул ХХК нь гаргасан байдаг ба нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрийг "******** нь өөрт ашигтай байдлыг бий болгон гэрээг байгуулсан нөхцөл байдал үүссэн. Гэрээгээр "********-н өмчлөх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлж, гэрээний 2 дахь хэсгийн төлбөрийн нөхцөлд тухайн орон сууцны төлбөр тооцоотой асуудлыг "Бурхант хайрхан уул ХХК 100 хувь хариуцахыг тодотгосон байгаа тул гэрээтэй холбоотой төлбөрийн үүргийг манай компани нь хариуцахгүй.
2.4. Талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд маргаан байхгүй. Гэрээний 4.1.2-т орон сууцыг барихад шаардлагатай байдлын материалыг гүйцэтгэгч тал өөрөө бэлтгэнэ. Мөн гэрээний 4.1.3-д захиалагч өөрийн материалаар засал хийсэн тохиолдолд зөрүү материал болон төлбөрийг буцаан олгохгүй, мөн байрны үнэд суутгаж болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нар нь дутуу хийгдсэн ажлыг чанаргүй материалаар хийж гүйцэтгэж байгаа болохоор бид нар өөрсдөө чанартай материалаар хийж гүйцэтгэхээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэдэг. Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлд барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хуульчилсны дагуу чанарын шаардлагад нийцүүлэн барилгад хийгдэх материалын үнийг зах зээлийн үнийн дунжаар тооцоолон Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхар нь 8 айлтай, 7 айлд нь нэг ижил материалыг ашиглан гүйцэтгэж, орон сууцыг хүлээлгэн өгсөн ба иргэдээс доголдлын талаар гомдол гаргаагүй. Хариуцагчаас гаргаж өгсөн материалыг чанаргүй гэж нотлох боломжгүй. Мөн дотор заслын ажлыг дуусгуулаад орон сууцаа хүлээж авна гэвэл дотор заслын ажлыг дуусгаад хүлээлгэн өгөх боломжтой. Иймд нэхэмжлэгчийн маргаан бүхий 4 өрөө орон сууцыг өөрсдөө засаж дуусгахад шаардлагатай мөнгийг буюу барилгын материал болон ажлын хөлс нийт 22,973,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.
2.5. Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхар хариуцагч ********-д хамаардаг боловч тухайн барилгыг нийтэд нь барьж дуусган, ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгээгүй, 11 давхрын орон сууц дээр захиалагчийн эрх, үүргийг хүлээж оролцсон байгаа. Иймээс алдангитай холбоотой гэрээний үүрэг хариуцагчид хамааралгүй тул алдангийг төлөх үүрэг хүлээхгүй. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 274 хоногт гэрээний үүрэг биелэгдээгүй гэж үзэх нь гэрээ болон нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 214 дүгээр байрны******* тоот хаягт байршилтай 4 өрөө, ****** м.кв талбайтай орон сууцны түлхүүр хүлээлгэн өгөхийг хариуцагч "Андын зам констракшн" ХХК-д даалгаж, хариуцагч ********-аас 29,932,916 /21,039,916+8,900,000/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,588,729.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-д холбогдох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхоны 1 давхар А тип,******* тоот хаягт байршилтай ****** м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан захиалагч ********д олгохыг болон орон сууц хүлээлгэн өгөхийг даалгуулах, 29,548,645.50 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* нар татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 648,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч ********-аас улсын тэмдэгтийн хураамжид 377,814.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* нарт олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг агуулга:
4.1. Хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******* нарт орон сууц ашиглалтад орох хугацаа, улсын комисс хүлээн авсан, эсхүл улсын комисс хүлээн авахаар хүлээгдэж байгаа зэрэг орон сууцны явцын талаарх мэдээллээр үнэн зөв бүрэн хангах нэмэлт үүргийг гэрээнд зааснаар хариуцлагатайгаар хүлээсэн байдаг. Захиалагч барилга ашиглалтад орсон тухай мэдэгдлийг /цахимаар болон бичгээр/ авснаас хойш хуанлийн 7 хоногийн дотор орон сууцыг хүлээн авах, орон сууцны түлхүүрийг захиалагч талын эзэмшилд шилжүүлэн өгснөөр орон сууцыг хүлээлгэн өгсөнд тооцохоор тохиролцсон. ******** нь гэрээгээр хүлээсэн үүргээ илтэд биелүүлээгүй тул маргаан бүхий орон сууцыг улсын комисс хэзээ хүлээн авснаас үл шалтгаалан хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжиж, хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн алданги тооцох шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх бүрэн хангалттай үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд Гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн шалтгаан нөхцөлөө гэрээний 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлан Гүйцэтгэгч тал хугацаа алдсан гэж үзэхгүй байх эрх, шаардлага нь эрс үгүйсгэгдэж байна. Иймд алдангийг нэхэмжлэгч талын тооцсон хугацаагаар буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 635 хоногийн алданги (465,333,000*0,01%=46,533.3, 46,533.3*635=29,548,645.5)-ийг тооцон, зөрүү 8,515,729.5 төгрөгийн хэмжээгээр нэмж хангаж өгнө үү
4.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч ******** нь нэхэмжлэгч нарт орон сууц болон орон сууцны түлхүүрийг одоо болтол хүлээлгэж өгөөгүй, мөн захиалсан орон сууцны дотор заслын ажлууд бүрэн хийгдээгүй, дутуу гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас гэрээний үүрэг зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож, хангалттай нотлогдсон. Шүүх орон сууцыг засаж дуусгахад шаардагдах зардлыг хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээнд хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 14,073,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь гэрээний үндсэн үүргээ зөрчсөн ********-ийг хариуцлагаас чөлөөлсөнтэй адил үр дагавартай байна. Учир нь: нэхэмжлэгч хариуцагчийн амлаж байсан шиг айл бүрд Kohler брэндийн сангийн тоноглолтой, цан арилгагч толь, чулуун тавцантай угаалтуур шүүгээ, давхар домофон системтэй тавилга, засварын зардал шаардсан бол 30,000,000 төгрөгөөс 43,000,000 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан боловч нэхэмжлэгч харин ч зах зээлийн дундаж үнэ ханшаар тооцсон билээ. Тиймээс орон сууцыг засаж дуусгахад шаардагдах зардлын үлдэх хэсэг 14,073,000 төгрөгийг хариуцагч ********-аас гаргуулах үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлээс үлдэх 22,588,729.5 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийг алданги тооцох хоногийг буруу тодорхойлсон гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойш 180 хоногийн хүлээлгийн хугацаа байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээний тусгай тохиролцоог үгүйсгэж, нийт хоногоор алданги тооцож нэхэмжилсэн нь гэрээний үүргээс няцаж буй үйлдэл юм. Анхан шатны шүүх алдангийг нотлох баримтын хүрээнд зөв тооцоолсон.
5.2. Нэхэмжлэгч талаас орон сууцны дотор заслын үлдэх хэсэг 14,073,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинж чанар болон хохирлын ойлголтод нийцэхгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирох хөлсийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал дотоод заслын ажлыг хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гаргаагүй зардлыг хариуцагчаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт гарсан зардал, эд хөрөнгийн дутагдал гэж хохирлыг тодорхойлдог. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 14,073,000 төгрөг нь нэхэмжлэгчээс бодитойгоор гараагүй, ирээдүйд гарч магадгүй субьектив таамаглалд суурилсан бөгөөд хэрэгт авагдсан тооцооллын баримт нь бодит зардлын баримт, зах зээлийн үнэлгээ, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт бус нэхэмжлэгч талын үнэлэмжээр гаргасан жагсаалт юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нар нь хариуцагч ********, ******** нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Буянт-Ухаа тауэр /17121/ хотхоны 1 давхар А тип,******* тоот хаягт байршилтай ****** м.кв, 4 өрөө орон сууцыг барьж дуусган хүлээлгэж өгөхийг даалгах, алданги 29,548,645.50 төгрөг, орон сууцыг өөрсдөө засаж дуусгахад гарах барилгын материалын болон ажлын хөлсний зардал 22,973,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч ********-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзжээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. ******** нь ********тэй 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-01 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, ********-ийн барьж гүйцэтгэж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхрын, А тип, ****** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ********тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан №22/******* дугаар бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-ний хэрэгжилтэд тооцож хүлээлгэн өгөх, нийт төлбөр 465,333,000 төгрөг, төлбөр тооцоо, НӨАТ-тай холбоотой асуудлыг Бурхант хайрхан уул ХХК 100% хариуцахаар тохиролцжээ. /хх-5-6х/
Уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нар нь Mercedes-Benz E300 болон Mercedes Benz GLE43 маркийн автомашинуудыг ********ийн гүйцэтгэх захирал ******** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт итгэмжлэл-ээр эзэмшил, өмчлөлд нь шилжүүлж, бодитоор хүлээлгэн өгснөөр орон сууцны төлбөр 100% төлөгдөж, гэрээний үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаагүй.
3.2. ******** нь ********тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 22/******* дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Дээдсийн өргөө 1С хотхоны гадна металл болон чулуун фасадын ажлын хөлсний зарим хэсэгт Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхрын, А тип, ****** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 465,333,000 төгрөгт тооцож ********д өгөхөөр тохиролцож, ********тай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/104 дугаар Орон сууц захиалан бариулах бартерын гэрээ-г байгуулж, ********-ийн барьж гүйцэтгэж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхрын, А тип, ****** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. /1хх-31-39, 53-64х/
3.3. ******** нь Э.Лхагвасүрэнтэй 2020.10.12-ны өдөр №20/10/******* дугаар Оффис захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт баригдах, Буянт-Ухаа тауэр барилгын 11 давхар 825,29 м.кв талбайг шал хараар, үндсэн хана тааз цайруулалттайгаар шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд Э.Лхагвасүрэн нь ********-ийн гүйцэтгэх захирал байна. /хх-50-52, 19х/
********-ийн ********-д гаргасан 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7/162 дугаар албан бичигт манай компанийн ...Буянт-Ухаа тауэр үйлчилгээтэй орон сууцны барилгаас карказ угсралтын ажлын хөлсөнд бартераар тооцож өгсөн №20/10/******* дугаартай гэрээний 11 давхрын 825,29 м.кв талбайн төлбөр тооцоо дууссан болохыг тодорхойлсон. /хх-7х/
3.4. ******** нь маргаан бүхий Буянт-Ухаа тауэр барилгын буюу Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж ******** албан ёсны хаягтай барилгын өмчлөгч бөгөөд тус барилга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр ашиглалтад орсон байна. /хх-175-194х/
3.5. Нэхэмжлэгч ********г 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 214 дүгээр байрны******* тоот, ****** м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр ******** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх-149х/
4. Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******** нь ********аас ********-ийн барьж гүйцэтгэж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхрын, А тип, ****** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэн авч, ********-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна.
4.1. ******** нь ********-аас дээрх орон сууцыг ажлын хөлсөнд шилжүүлэн авч, уг орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу ********д шилжүүлсэн боловч 11 давхрын 825,29 м.кв талбайн дотор заслыг хийх үүргийнхээ хүрээнд ********тэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна. Тодруулбал, ******** нь 11 давхрын 825,29 м.кв талбайг ********-аас ажлын хөлсөнд оффисын зориулалтаар шал хараар, үндсэн хана, тааз цайруулалттайгаар авахаар тохиролцсон бөгөөд ********ийн ажлын хөлсөнд тооцон орон сууцны зориулалтаар шилжүүлэхээр тохиролцсон.
4.2. Хариуцагч ******** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Архивчдын гудамж 214 дүгээр байрны******* тоот, ****** м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ********д 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлснээр, нэхэмжлэгч нар нь хариуцагч ********-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцнэ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: хариуцагч ******** нь 11 давхрын 825,29 м.кв талбайг ********-аас оффисын зориулалтаар дотоод засалгүйгээр авсан тул нэхэмжлэгчид орон сууцны зориулалтаар дотор заслын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн.
6. Анхан шатны шүүх хариуцагч нь орон сууцны дотоод заслын ажлуудыг бүрэн хийгээгүй доголдолтой болохыг зөв тогтоож, доголдлыг арилгах зардлыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ 8,900,000 төгрөгөөр гаргуулж нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй байна.
6.1. Учир нь: Талууд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-01 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1.2-д барилгын материалыг гүйцэтгэгч өөрөө бэлтгэх, тэдгээр нь орон сууцны хэрэгцээ, чанарын шаардлагыг хангасан байхаар заасан ба дотоод заслын материалыг нэрлэн зааж тохиролцоогүй байна.
Хариуцагч нь бусад орон сууцуудын адил материалаар дотоод заслын зардлын тооцоог гаргасан гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй, мөн материалын нэр төрөлд маргаагүй. /хх-95х/
Иймээс нэхэмжлэгчийн зах зээлийн хамгийн доод үнэтэй, чанаргүй материалаар барьж дуусгахаар төлөвлөснийг мэдсэн гэх үндэслэлээр өөрсдөө засахад шаардлагатай 22,973,000 төгрөгийг гаргуулна гэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
6.2. Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж заасны дагуу нэхэмжлэгч ******** нь доголдлыг арилгаж, гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхад үнийн санал, нэхэмжлэх зэргийг үндэслэн гарах зардлаа шаардсныг энэ хэмжээний зардал гарах нь эргэлзээгүй, үнэн болох нь тогтоогдсон гэж үзэхгүй.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн доголдолтой холбогдох шаардах эрхийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт тусгайлан зохицуулсан, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... зайлшгүй гарах зардал 22,973,000 төгрөгийг хангаагүй нь гэрээний үндсэн үүргээ зөрчсөн ********-ийг хариуцлагаас чөлөөлсөнтэй адил үр дагавартай, хариуцагчийн амлаж байсан тоног төхөөрөмж, барилгын материалын зардлаас бага, зах зээлийн дундаж үнэ ханшаар тооцсон зардлыг гаргуулах үндэслэлтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Алдангийн тухайд,
7.1. Хариуцагч ******** нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, /17121/, Буянт-Ухаа тауэр хотхоны 11 давхрын, А тип, ****** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах үүрэгтэй бөгөөд тус барилга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ээр ашиглалтад орсон байна.
7.2. Хариуцагч ******** нь барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч ********тэй байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №22/104-01 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2 дахь хэсэгт орон сууцыг 2023 оны 02 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх хугацаа тогтоож, 4.1.5-д гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0,01%-тай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар Захиалагч талд төлөх үүрэгтэй гэж алдангийг тохиролцжээ.
Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
7.3. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээний 6.6 дахь хэсэгт Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. 181 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж талууд тохиролцсон тул уг хугацаанаас алдангийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
7.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, талуудын дээрх тохиролцоонд нийцүүлэн алдангийг тооцож, хариуцагчаас 21,032,916 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн ...хариуцагч нь гэрээнд зааснаар мэдээллээр үнэн зөв бүрэн хангах үүрэгтэй боловч орон сууц ашиглалтад орохтой холбоотой мэдээллийг өгөөгүй, хариуцагчийн хүлээлгийн 181 дэх хоногоос алданги тооцохтой холбоотой эрх, шаардлага нь эрс үгүйсгэгдэж байгаа тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс алданги тооцуулна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2026/01642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Н.ОЮУНТУЯА