| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Баясгалан |
| Хэргийн индекс | 127/2017/00011/З |
| Дугаар | 16 |
| Огноо | 2017-09-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2017/0011/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 5-13 тоотод оршин суух, Г.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Э.М, гуравдагч этгээд Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд ажилладаг төрийн жинхэнэ албан хаагч байсан юм. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтыг үндэслэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Би “Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийн үндэслэлүүд илт хууль бус гэж үзэж байна. Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Э.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй талаар Энхбаяр нь “Төрийн албаны салбар зөвлөл”-д өргөдөл гаргасан. Тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/83 дугаар захирамж нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэж тайлбарласан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар сахилгын шийтгэлийг анх буюу давтан үйлдсэн болохыг үл харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Сахилгын шийтгэлийг заавал үе, шат дараалалтай ногдуулна гэсэн ойлголт биш, хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлагыг тухай бүрт нь хүлээлгэх ёстой юм. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Захиргааны хэрэг үүсгэн шалгагдаж байсан гэх 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг үндэслэж аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай захирамж гараагүй тул сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Өмнө нь 2016 оны 3, 5 дугаар саруудад 2 удаа сануулах сахилгын шийтгэл авагдсан байсан. Тухайн 2 удаагийн сахилгын шийтгэлд “төсвийг зориулалтын бусаар зарцуулсан” гэх шийтгэл ногдуулсан. 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэлд өөрөө маргалдаагүй. Дараагийн сахилгын шийтгэл болох “2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр “төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай” сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гарсан. Энэ захирамжийг “мэдээгүй, танилцаагүй, сүүлд 10 дугаар сард танилцсан, дараа нь туслахаас хувилж авсан” гэж байгаа. Үүнд Төрийн албаны тухай хуулийн дагуу гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй нь өөрөө сахилгын шийтгэл гаргасан болохоо хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлтэй. Төрийн захиргааны албан хаагч Аудитын газрын саналаар сахилгын шийтгэл хүлээсэн байж, сахилгын шийтгэл ногдуулсан болохыг мэдээгүй гэж байгаа нь цаашдаа байгууллагыг удирдан үйл ажиллагааг хэвийн явуулна гэхэд хэцүү. Аудитын газраас “сахилгын шийтгэл ногдуулж, албан шаардлагын дагуу арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн тухайгаа аймгийн Аудитын газарт албан тоотоор хариу мэдэгдэх” тухай албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж, арга хэмжээ тооцсон тухай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга Жавхлан хариу албан бичгийг аймгийн Аудитын газарт захирамжийн хуулбарын хамт хүргүүлсэн.
.......Г.Э-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/14, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжуудаар удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн. Мөн 2017 оны 1 сард “Шилэн дансны тухай” хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчил гаргаж ажилдаа тэнцэхгүй байсан учраас аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/17 дугаар захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байдаг. Хэнтий аймгийн Аудитын газар “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд хийгдсэн нийцлийн аудитаар сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Г.Э-ийг “Төрийн албаны тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Г.Э Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “...Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/83 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Э нь “...2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа[1] зөвтгөснийг дурьдах нь зүйтэй.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Г.Э-ыг “....байгууллагын санхүүгийн бүртгэл тайлангийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж, санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт авч, аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар сануулах сахилгын шийтгэл, Төсвийн хөрөнгийг аривлан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан зөрчил гаргасан нь аймгийн Аудитын газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн албан шаардлагаар тогтоогдож, аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар дахин сануулах сахилгын шийтгэл хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2, 5.4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, аймгийн Аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн нийцлийн аудитаар 7, 8, 9, 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн гүйцэтгэл, 5 саяаас дээш орлого, зарлагын гүйлгээ, худалдан авалтын мэдээг тус тус хангалтгүй байршуулсан, хугацааг баримтлаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамж[2]-аар /тухайн өдрөөс эхлэн/ төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “.....2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийн үндэслэлүүд илт хууль бус гэж үзэж байна. 1-рт: Хариуцагч 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Б/29 дүгээр захирамж гаргаснаа надад мэдэгдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-т заасан эрхийг минь зөрчсөн бөгөөд Б/29 дүгээр захирамжийг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Засаг даргын Б/83 дугаар захирамжийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх илт хууль бус болохыг тогтоосон. Мөн 2016 оны 3 дугаар сарын 03-нд, 2016 оны 5 дугаар сарын 24-нд надад ногдуулсан сахилгын арга хэмжээг үндэслэж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийг гаргасан. 2-рт: Хуулийн хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.М-д би үр дүнгийн гэрээгээ тайлагнасан. Намайг ажлаас халагдах хүртэл миний үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Би ажлаасаа халагдсаныхаа дараа 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үр дүнгийн гэрээгээ авахад, аймгийн Засаг дарга гарын үсэг зурсан байсан боловч, үнэлгээний оноог “79,1%” гэж харандаагаар бичсэн, ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байсан. 3-рт: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийн үндэслэлд “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.4.4-т заасан зөрчил гаргасан” гээд байгаа нь хууль бус юм. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар шонхор шувуунаас орсон орлогын 50% буюу 221 000 000 /хоёр зуун хорин нэгэн сая/ төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах үүрэгтэй. Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2016 оны төсвийн тодотголд болон 2017 оны төсөвт оруулж батлаагүй. Энэ саналыг төсөвт оруулаагүй болохоор нь би аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд албан тоот хүргүүлсэн. Харъяа дээд шатны албан тушаалтнаар дамжуулан албан тоот хүргүүлсэнгүй, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэсэн нь хууль бус юм. 4-рт: Байгууллагын нягтлан бодогч нь Шилэн дансны тухай хуулиар “шилэн дансны мэдээлэл”-г шилэн дансанд байршуулах үүрэгтэй байдаг. Манай байгууллага 7 дугаар сараас хойш 9 мэдээ оруулаагүй асуудал байсан. Гэтэл төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн гүйцэтгэл, 5 саяаас дээш орлого, зарлагын гүйлгээ, худалдан авалтын мэдээг тус тус хангалтгүй байршуулсан, хугацааг баримтлаагүй зөрчил гаргасан гэж надад арга хэмжээ авсан нь буруу юм. 5-рт: 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э-ыг сонсох ажиллагааг хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга Ж.Г, Хууль зүйн хэлтсийн дарга Л.Б нарыг томилсон. Гэтэл ажлаас чөлөөлөх захирамж нь тухайн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гарсан байгаа” гэж тодорхойлжээ.
Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна:
Байгууллагын санхүүгийн бүртгэл тайлангийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлж, Төсвийн хөрөнгийг аривлан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан зарчил гаргасан тухайд:
Төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эдгээр ажлыг удирдан зохион байгуулаагүйгээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.1-д “...төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд мэдээлэх”, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.7-д “...төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан гаргах, ... тогтоосон хугацаанд тайлагнах”, 16.5.6-д заасан “...дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэснийг, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь төрийн Аудитийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 тоот[3]“...Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар аудит хийлээ, ...Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг дутуу байршуулдаг, хуулийн хугацааг баримтлахгүй, хугацаа хоцроож мэдээлж байгаа зөрчил байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн нийцлийн аудитаар мэдээллийг хангалтгүй байршуулсан байгууллагын дарга, нягтлан бодогч нарт Шилэн дансны тухай хуулийн 10.1 дэх заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлж байна” гэсэн албан бичиг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11/94 тоот[4] “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай” аудитын газрын албан шаардлага, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 127 тоот[5] аудитын газрын албан шаардлага, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э “... Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитаар манай байгууллага нь Шилэн дансны хууль, холбогдох журмыг хэрэгжүүлээгүй, ... дутуу мэдээллийг нөхөж байршуулсан, ... цаашид цахим хуудсанд цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллийг оруулж ажиллана” гэсэн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 168 тоот[6] албан бичиг, аймгийн Аудитын газраас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06/42 тоот[7] “Хязгаарлалттай санал дүгнэлт” өгсөн аудитын гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухайд:
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст,[8] мөн тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 274 тоот[9] “...2016 оны төсвийн тодотголоор шонхор шувууны төлбөрийн орлогын 50 хувь буюу 221,2 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулах шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаагүй нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг зөрчиж байна. ...иймд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолоо эргэн харж хуульд нийцүүлэн дахин хурлаар хэлэлцүүлж, 221,2 сая төгрөгийг байгаль хамгаалах нөхөн сэргээх зардалд тодотгон баталж өгнө үү. Жич: Хуульд нийцүүлэх арга хэмжээ авахгүй бол дараагийн шатны байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э хүргүүлжээ. Улмаар тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн Засаг дарга Н.Г-д 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Хариуцлага тооцох тухай” 261 тоот[10] албан бичиг хүргүүлсэн байна. Үүнд: “...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаар хэлэлцсэн 2016 оны төсвийн тодотголд дээрх 221,2 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд зарцуулахад цаг улирлын байдал хоцорсон, оны эцэс болсонтой холбогдуулан үр ашиггүй хуваарилалт болох зэргийг харгалзан Санхүү, төрийн сангийн хэлтсийн оруулж ирсэн саналыг дэмжсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э энэ талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Санхүү, төрийн сангийн хэлтэст албан ёсоор хүсэлт гаргаагүй, хурлын тогтоол батлагдсаны дараа асуудал тавьсан, мөн 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тус газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлого чиглэл тусгагдаагүй нь тухайн байгууллагын дарга Г.Э-ын ажлын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн албан бичгээрээ төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал гаргасан зэргийг харгалзан үзэж хариуцлага тооцож ажиллахыг үүгээр илэрхийлж байна” гэжээ.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Н 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3/1628 дугаар[11] албан тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э-т: “...Сангийн яаманд 2016 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг хянуулахдаа ангийн орлогыг 43,2 сая төгрөгөөр тооцон хянуулсан, ...Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлыг Сангийн яамнаас тооцохдоо байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1 дэх заалтыг мөрдөхөөс гадна байгаль орчны газраас уг зардлаар өмнөх онуудад хэрэгжүүлсэн ажлын тайлан, хэрэгжилт, жилийн эцсийн дансны зарцуулагдаагүй үлдэгдэл зэргийг харгалзан 266,9 сая төгрөгөөр батласан, ...хэдийгээр шонхор шувууны орлого 476,9 сая төгрөг төвлөрсөн ч байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлыг Сангийн яамны хянасан дүнгээр тооцохоос өөр боломжгүй, ...цаашид байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг Сангийн яамны хянасан зардлын дүнгээр төсөвт тусган батлуулах болно ” гэж хариу хүргүүлснийг дурьдах нь зүйтэй.
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Х 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 9/82 тоот албан бичиг[12]-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ж.Г-т хүргүүлжээ. Үүнд: Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь 2017 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тус газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлого чиглэл тусгаагүй, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн албан бичгээрээ төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал гаргасан эсэх талаар шалгаж дүгнэлт гаргаж ирүүлнэ үү” гэсэн байна. Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Н 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр[13] аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороонд “...Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх заалтын дагуу орон нутгийн 2016 оны төсвийн тодотголыг боловсруулан 12 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Төсвийн тодотгол батлуулах хүртэлх хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын газраас байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх талаар албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд төсөв батлагдаж дууссаны дараа энэ асуудлын талаар хүсэлт тавьж байгаа нь хуульд нийцэхгүй” гэсэн тайлбарыг өгчээ.
2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг 00 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хороо хуралджээ[14]. Уг хурлаар Г.Э ёс зүй зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд: ... Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.2-т “...харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах”, 5.4.4-т “...захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзээд, сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэхээр ёс зүйн хорооны гишүүд 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот тогтоол[15]-оор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн ба Г.Энхбаярт уг тогтоолыг гардуулжээ.[16]
Мөн Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон “... тус байгууллагад бид 5-13 дахь жилдээ тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа. Манай байгууллагын дарга Г.Э ажилд томилогдсон цагаас эхлэн үндэслэлгүй тушаалаар байгууллагын албан хаагчдад сахилгын шийтгэлийг удаа дараа ноогдуулах, ажлаас халах арга хэмжээг авч байна, ...бид бүгд гомдолтой байна” гэж Хэнтий аймгийн Засаг даргад, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх өргөдөл гомдол шийдвэрлэх байнгын хороонд, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдад, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус өргөдөл, гомдол[17] гаргаж байсныг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.О-д: Хэнтий аймгийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 9/190 тоот “...аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э 2016 онд санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан, ....мөн аймгийн Засаг даргын захирамжаар сануулах, цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан, ...сахилгын шийтгэлгүйд тооцох хуулийн хугацаа дуусаагүй байхад “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, ...аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 53/255 дугаар албан бичиг[18]-ээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сахилгын шийтгэл ногдуулах тухай албан бичиг ирүүлсэн, ....иймд Г.Э-ыг ажлаас чөлөөлөх саналтай байгаа тул зөвшилцөхөөр хүргүүлэв”[19] гэсэн албан тоот хүргүүлжээ. Хэнтий аймгийн Засаг дарга Н.Г-д 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 01/488 тоот албан бичиг[20] Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас ирсэн байна. Үүнд: Аймгийн Засаг даргын “Зөвшилцөх санал хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцлаа. Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл удаа дараа авч байсан Г.Э-ыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болно гэсэн хариу өгчээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 05/2512 тоот албан бичиг[21]-ээр “...Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш болсон байх тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно” гэж хариу ирүүлснийг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч Г.Э-тай уулзаж ажил үүргийнх нь болон дээрх зөрчлүүдийн талаар урьдчилан хэлэлцэж, ярилцаж байсан нь: 2017 оны 01 дүгээр сарын 13, 27-ны өдрүүдэд хийсэн сонсох ажиллагааны мэдэгдэл, тэмдэглэл,[22] мөн гэрч Ж.Г, Ж.Г нарын “....Энхбаяр нь сахилгын шийтгэлүүдийг хүлээж байсан. ....2016 оны 3 дугаар сарын 03-нд сануулах, мөн 2016 оны 5 дугаар сарын 24-нд бас дахин сануулах арга хэмжээ авахуулж байсан. ....эдгээр арга хэмжээг авсан талаар өөрийг нь биечлэн дуудаж уулзаад танилцуулж байсан. ....миний бие Энхбаярт өөрт нь энэ захирамжийг хувийн хэрэгт чинь хийлээ шүү, байгууллага руу чинь явуулахаа болилоо гэж хэлсэн”[23] гэх мэдүүлгүүд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харъяа агентлагууд 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор, үр дүнгийн гэрээгээ[24] дүгнүүлсэн он сар өдөр, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолыг Г.Э-т танилцуулсан тухай тэмдэглэл[25], Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э-ын ажил хүлээлцсэн акт[26], зэргээс үзэхэд хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-н дагуу ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарын өгсөн тайлбар, шүүхэд өгсөн гэрч нарын мэдүүлэг, /тухайн өдрийн уулзалтын буюу хурлын тэмдэглэл/, ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж тогтоосон талаархи баримт зэргээс ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн байдал нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Э 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд: “....тус аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг үндэслэлгүй болохыг тогтоож өгнө үү” гэж өргөдөл[27] гаргажээ. Тухайн өргөдөл гомдлыг шалгаад Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн маргаан хянан шалгах комисс нь 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 01/22 дугаар “...Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаартай Г.Э-т холбогдох “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна”[28] гэсэн дүгнэлт гаргажээ. Хэрлэн сумын иргэн Г.Э-ын өргөдлийг хянан шалгасан дүгнэлтийг хэлэлцээд тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 41 тоот[29] тогтоолыг гаргажээ.
Захиргааны ерөнхий хуульд “... гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтанд шийтгэл оногдуулна”-гэж заасан.
Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримталж гарсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд 26 дугаар зүйлийн 26.1-26.3 дахь заалтын аль нэгийг барьж сахилгын шийтгэл ногдуулна. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан гурван үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн бол сануулах, цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах, төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орохгүйгээр халах гэсэн гурван арга хэмжээний аль нэгийг авах боломжтой юм.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд нэхэмжлэгч Г.Э-ыг, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй гэж үзээд, Хэнтий аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамж нь хуульд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд тохирсон, маргаан бүхий захиргааны актуудаар түүний төрийн албанд ажиллах, нэр төртэй байх хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дах хэсгүүдэд заасныг баримтлан Г.Э-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН