Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00408

 

 

“Л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01955 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2382 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Л” ХХК

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

          Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах, 48.017.945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.Ч, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай компани “Э” ХХК-тай 2014-11-12-ны өдөр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, 60 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс худалдан авагч талын хүсэлтийн дагуу нийт 48.017.945 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж, талууд тооцоо нийлсэн. Төлбөрөө төлөхийг шаардсан боловч  гэрээний тусгай нөхцөлийн 17-р "Л" ХХК-ийн "Номин моторс" ХХК-иас худалдан авсан автомашины төлбөрт 2015-11-27-ны өдөр шилжүүлсэн гэж хариуг өгсөн. Гэрээний 17-р нэхэмжлэгч болон "Номин моторс" ХХК-иудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ёстой боловч  байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээ байгуулах үед автомашин худалдах-худалдан авах гэрээ байсан гэж талууд төөрөгдсөн. Энэ нь хариуцагч талаас тайлбарладаг 2014-08-18-ны өдрийн огноотой “Номин констракшн” ХХК, “Номин трейдинг” ХХК, “Ноблл ложистик” ХХК, Л ХХК-иудын хооронд байгуулагдсан дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээгээр нотлогддог. Уг дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээний 1-р Л ХХК нь Сика брэндийн болон бусад барилгын материалыг “Номин констракшн” ХХК-д нийлүүлэх, “Номин моторс” салбар нь шэвролэт маркийн автомашиныг “Ноблл ложистик” ХХК-д нийлүүлэх, “Номин констракшн” ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийг “Номин моторс” ХХК-д нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан. “Л” ХХК нь “Номин моторс” ХХК-иас автомашиныг өөрөө худалдаж авах талаар заагаагүй, "Номин констракшн " ХХК, “Э” ХХКс тусдаа хуулийн этгээд юм.Дөрвөлсөн гэрээнд “Э” ХХК хуулийн этгээдийн хувьд оролцоогүй тул гэрээнд үндэслэн хэн нэгэнд мөнгө шилжүүлэх эрхгүй. Бараа нийлүүлэх гэрээ 2014-11-12-ны өдөр байгуулагдахаас өмнө  дөрвөлсөн гэрээ 2014-08-18-ны өдөр  байгуулагдсан тул  тусгай нөхцөлийн 17-д  тусгаагүй. Мөн бараа нийлүүлэх гэрээний 17-д зааснаар "Номин моторс" ХХК-тай гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнд "Номин трейдинг" ХХК гэрээний нэг тал болон оролцсон ба "Номин моторс" ХХК биш, “Номин констракшн" ХХК нь “Э” ХХК-иас тусдаа хуулийн этгээдүүд гэдэг нь өмнөх шүүх хуралдаанд тогтоогдсон бөгөөд  өөр тусдаа хуулийн этгээдүүд юм. Бараа нийлүүлэх гэрээ нь дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээтэй холбогдохгүй бөгөөд нэхэмжлэгч ямар ч автомашин худалдаж аваагүй тул ИХ-н 58.2.2-р хүчин төгөлдөр бус  юм. Иймд Иргэний хуулийн 56.5-р  эд зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж үзэж 48 017 945 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.     

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас 48сая төгрөг гаргуулах тухай “Л” ХХК өмнө нь шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргасан нь хариуцагч компанийг нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүйг нотолж байна. Талуудын хооронд 2014-11-12-ны өдөр байгуулагдсан   гэрээний тусгай нөхцөлийн 17-р  50сая төгрөгийг 2015-11-27-ны өдөр “Номин моторс” ХХК-д шилжүүлснээр Л ХХК-д төлөх төлбөр бүрэн төлөгдсөн. 50сая төгрөгийг “Номин моторс” ХХК-д шилжүүлэхдээ “Н” ХХК, “Номин трейдинг” ХХК, “Ноблл ложистик” ХХК, Л ХХК-ийн хооронд 2014-08-18-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.3, 3.4-р үүргээ биелүүлсэн. Талууд 2015-12-25-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад “Э” ХХК нь үлдэгдэл төлбөргүй гэсэн нь дээрх гэрээнүүдийн заалтууд хэрэгжээд дуусгавар болсон, төлбөр тооцоо дууссан гэх нотолгоо болно. Гэрээнд "Л" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан, дөрвөлсөн гэрээ байгааг мэдсэн, "Номин моторс" ХХК-д шилжүүлнэ гэдгийг зөвшөөрсөн.Гэрээ хүчин төгөлдөр болж, "Л" ХХК бараагаа шилжүүлж, төлбөрийг "Номин моторс" ХХК-д шилжүүлсэн. Иймд ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Дээр дурдсан гэрээнүүд болон тооцоо нийлсэн актад Л ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Эдгээр гэрээнүүдийн дагуу төлбөр төлөгдсөн. Гэрээний биелэлтээ талууд тооцож, тооцоогоо нийлсэн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө нь өөрсдийнх нь байгуулсан гэрээний үүргийн дагуу “Номин моторс” ХХК-д шилжсэн тул тооцоогоо шийдвэрлэх нь зөв юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.           

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01955 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг баримтлан "Э" ХХК болон "Л" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн NB/14/0748 дугаар бүхий бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Э" ХХК-иас 48 017 945 төгрөг гаргуулан, "Л" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 398 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2382 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01955 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: ИХШХШТХ-ийн 116.1 дэх хэсэгт “Шийдвэрийг Монгол Улсьн нэрийн өмнөөс гаргана” гэж заасан ба энэ заалтыг шүүх буруу үндэслэсэн байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа “Иймд гэрээ нь Иргэний хуулийн 58.2.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм” гэж бичиж нэхэмжлэлээ тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... гэрээний үүрэг шаардаж байна уу, эсхүл гэрээний заалтыг, эсхүл гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байгаа эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь утгагүй юм. Үүнээс гадна энэ тохиолдолд гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд, эсхүл гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь ижилхэн үр дүн буюу гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах үр дүнд хүргэх тул чухал биш байсан. Яагаад гэвэл Иргэний хуулийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бусд тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр үлдэх бөгөөд хэрэв хангаж чадахгүй бол хэлцэл бүхэлдээ хүчин төгөлдөр биш болох ёстой. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь түүний үнийг төлж барагдуулах харилцан хамаарал бүхий үндсэн 2 үүргээс худалдах-худалдан авах гэрээ бүтдэг. Хэрэв үнийг төлөх худалдагчийн үндсэн үүрэг нь хүчин төгөлдөр бус байх бол гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох ёстой.  Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2014.11.12-ны өдрийн (14-ний өдөр биш) “Бараа нийлүүлэх гэрээ”-г үндэслэн шилжүүлсэн барааны төлбөрийн талаар шүүхэд хандсан болохоос нэхэмжлэгч нь өөр ямар нэгэн гэрээ үндэслээгүй. Тус гэрээний тусгай нөхцөлийн 17 дугаар зүйлд зааснаар “Захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58.200.000 төгрөгийг нийлүүлэгч болон “Номин Моторс” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 Авто машин худалдах, худалдан авах тухай гэрээний төлбөрт “Номин Моторс” ХХК-ийн дансанд 2014-04- 30-ны өдөр шилжүүлнэ” гэсэн. Иргэний хуулийн 198.1-д заасны дагуу ямар нэгэн гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ёстой. Үгийн шууд утгаараа “Линкс Поверкоре” ХХК болон “Номин Моторс” ХХК нарын хооронд автомашин худалдах-худалдан авах 2 талт гэрээ байгуулагдсан байх ёстой, гэтэл нэхэмжлэгч нь тийм гэрээ огт байгуулаагүй. Иймд гэрээний тусгай нөхцөлийн 17 дугаар зүйлийг тайлбарлахдаа 4 талт худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэх талаар тохиролцсон байсан мэтээр тайлбарлаж болохгүй. Нөгөө талаар, нэхэмжлэгчээс авсан 48.017.945 төгрөгийн барааны үнийг яасан бэ гэхэд хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа 2014.08.18-ны өдрийн огноотой “Номин Констракшн” ХХК, “Номин Трейдинг” ХХК, “Ноббл Ложистикс” ХХК, “Линкс Поверкоре” ХХК нарын хооронд байгуулсан 4 талт “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн гэдэг. Дээр заасан нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2 талт гэрээ болон хариуцагчийн тайлбарладаг энэ 4 талт гэрээ нь тусдаа гэрээнүүд тул дараах үндэслэлээр хоорондоо холбогдох боломжгүй. Гэрээний тал хариуцагч “Э” ХХК нь регистрийн 5696119 дугаартай болохыг гэрчилгээнээс нь харж болно. Ийм хуулийн этгээдийн нэр, тамга тэмдэг 4 талт гэрээнд байхгүй тул хариуцагч нь 4 талт гэрээний тал биш. Гэрээний тал биш тул 4 талт гэрээнээс эрх, үүрэг түүнд үүсэхгүй. Эрх, үүрэг шилжүүлэх 4 талт гэрээний 1.5-д заахдаа “Талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэсэн. Өөрөөр хэлбэл, “Номин Констракшн” ХХК нь бараа бүтээгдэхүүн нэхэмжлэгчээс шаардах эрхээ “Э” ХХК-д шилжүүлэх боломжтой боловч нэхэмжлэгч болон бусад талаас зөвшөөрөл авсан байх ёстой. Үүний нэгэн адил 4 талт гэрээний дагуу мөнгөн төлбөр “Номин моторс салбар”-т шилжүүлэх үүргээ “Э” ХХК-д шилжүүлэх бол мөн адил 4 талт гэрээний нөгөө талуудаас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл тийм бичгэн зөвшөөрөл байхгүй тул 4 талт гэрээний эрх үүрэг хариуцагчид шилжээгүй. Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2 талт гэрээ нь 4 талт гэрээтэй огт холбоогүй, гэрээний талуудын хооронд эрх, үүрэг шилжээгүй байхад ямар учраас давж заалдах шатны шүүхээс 4 талт гэрээний талуудын эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн нь гайхалтай. 4 талт гэрээнээс хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн бол уг 4 талт гэрээг үндэслэж шаардах эрх нь үүсэх ёстой болохоос огт хамаагүй гэрээнээс эрх, үүрэг үүсэх боломжгүй. Цаашлаад 4 талт гэрээ нь “Бараа нийлүүлэх гэрээ”-нээс даруй 3 сарын өмнө байгуулагдсан байтал “Бараа нийлүүлэх гэрээ”-д 4 талт гэрээг он сар өдөртэй нь заагаагүй, мөн 2 талт гэрээ нь 60 сая “Бараа нийлүүлэх гэрээ”-г одоо нэхэмжлэл гаргаад байгаа хариуцагчийн хуулийн зөвлөх гэх Ц.Чинбат нь өөрөө гарын үсэг зурж боловсруулсан ба өнөөдрийг хүртэл учрыг нь олохгүй төөрөгдсөөр байгаа нь анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд үлдсэн. 2017.09.19-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаар шүүхээс “Номин Моторс” ХХК нэхэмжлэгч “Линкс Поверкоре” ХХК нар ямар эрх зүйн харилцаатай юм бэ, ямар өр төлбөрийн асуудал байгаа юм бэ” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат нь “Бид нар ойлгохдоо худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна л гэж ойлгосон” гэсэн байдаг /хх-54/. Анхан шатны шүүхээс “Хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд хүлээн авагч талыг өөр этгээдтэй андуурсан бол төөрөгдсөн гэж үзэх бөгөөд тухайн тохиолдолд “Э” ХХК-ийг “Номин Моторс” ХХК-тай андуурсан буюу төөрөгдсөн нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж үзсэн” гэсэн нь /анхан шатны шийдвэрийн 4 тал/ Иргэний хуулийн 58.3.1 дүгээр заалттай тохирч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн хэлцлийн агуулгыг эндүүрээд зогсохгүй хэлцэл хийгч нөгөө тал болох этгээдийн талаар төөрөгдсөн болохыг зөв олж дүгнэсэн.  Хавтаст хэрэгт авагдсан дөрвөн талт гэрээний гарын үсэг зурах хэсэгт "Номин Трейдинг" ХХК-ийн Номин Моторс салбарыг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Энхээ” хэмээсэн байх ба Номин Трейдинг ХХК-ийн тамга тэмдэг дарагдсан байдаг /хх 30 тал/. Үүнээс харахад угаасаа “Номин Моторс” гэдэг нь бие даасан хуулийн этгээд биш харин “Номин Трейдинг” ХХК-ийн салбар болох нь тодорхой байтал давж заалдах шатны шүүхээс “тодруулах шаардлагатай” гэж үзсэн нь давж заалдах шатны шүүгч нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, улмаар хэрэгт хөнгөмсөгөөр хандсаныг харуулж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс үзэхдээ хариуцагч нь барааны үнэ болох 48.017.945 төгрөгийг “Номин Трейдинг” ХХК-д шилжүүлсэн байгаа мэтээр дүгнэсэн байна. Юуны өмнө ийнхүү шилжүүлсэн гэх ганц нотлох баримт шүүхэд өгсөн байдаг. Энэ нь “Номин Трейдинг” ХХК-н зүгээс “Номин Констракшн” ХХК-д хаягласан 50 сая төгрөг авсан нь үнэн болно гэх 2017.09.12-ны өдрийн 02/567 тоот бичиг юм /хх 38 тал/. Энэ бичиг нь нэхэмжлэл гаргаснаас хойш хийгдсэн боловч шүүхэд хандаагүй, хариуцагчид хандаагүй, нэхэмжлэгчид мөн хандаагүй байх ба гарын үсгийг гүйцэтгэх захирал нь биш Н.Энхцэцэг гэх нягтлан үйлдсэн байгаа нь хачирхалтай. 2016.12.16-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “Номин Трейдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгч “танай байгууллагын дансанд “Э” ХХК-с 50 сая төгрөг шилжиж орсон уу” гэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ороогүй” гэж хариулсан цагаан дээр хараар бичээстэй байдаг /хх-41/. Энэ нь 50 сая төгрөг хариуцагч нь шилжүүлээгүй болохыг нотлодог ба дээрх “Номин Трейдинг” ХХК-ийн 02/567 тоот албан бичгийг “Номин Трейдинг” ХХК өөрөө үгүйсгэж байна. Хамгийн ноцтой нь анхан шатны шүүх хуралдааны явцад Номин Моторс салбарт мөнгө шилжүүлсэн гэдэг ямар өөр баримт байна гэхэд хариуцагчийн зүгээс дансны хуулга үзүүлж байсан. Тус хуулгад 2015.11.27-ны өдөр 50 сая төгрөг Номин Моторс салбарын Хаан Банкны дансанд шилжүүлсэн талаар заасан байсан ба гүйлгээний утга дээр нь “лифтний төлбөр” гэсэн байсан. Энэ талаарх асуулт хариулт нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд үлдсэн /хх-55/. Тус дансны хуулгыг хариуцагчийн зүгээс нотлох баримтаар анхнаасаа гаргаж өгөөгүй, яагаад гэвэл гүйлгээний утга нь өөр болох нь илрэх байсан учраас. Хариуцагч гомдолдоо анхан шатны шүүх 2015.12.25-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг харгалзан үзээгүй гэсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын гарын үсэг зурсан бичиг байдаг ба үүнд 2015.01.01-ний өдрөөс 2015.05.30-ны өдрийг хүртэл хугацаанд харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ тооцож “Э” ХХК нь үлдэгдэл төлбөргүй гэж бичсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан нягтлан Ц.Сонинзаяа гэгчээс 2017.05.11-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан ба яагаад ингэж бичсэнийг асуухад “Мөн Э ХХК болон “Номин Констракшн” ХХК нарыг би нэг компани гэж бодож байсан бөгөөд манай барааны үнийг “Номин Моторс” ХХК-д шилжүүлсэн гэсэн тул би актад гарын үсэг зурсан” гэж тайлбарласан /хх-36-ар тал/. Өөрөөр хэлбэл, дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг нягтлан Ц.Сонинзаяа үйлдэхдээ мөн төөрөгдсөн байсан нь нотлогддог. Эцэст нь тодруулахад, 4 талт гэрээний талаар манай компани өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба “Э” ХХК-г хариуцагчаар, “Номин Трейдинг” ХХК-г хамтран хариуцагчаар, “Ноббл Ложистикс” ХХК-г гуравдагч этгээдээр татан оролцуулж хэн бидний барааны үнийг төлөх ёстойг шүүхээр шийдвэрлүүлэхээр оролдож байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК нь “Номин Констракшн” ХХК биш болохыг, “Номин Моторс” гэж компани байхгүй, энэ нь “Номин Трейдинг” ХХК-ийн салбар болохыг мэдэж улмаар энэ Номин нэртэй компаниуд хүний толгой эргүүлсэн бүтэцтэй, асуудал гарахад бие бие рүүгээ мөнгө шилжүүлсэн мэтээр элдэв янзын бичиг баримт үйлддэг болохыг нь мэдсэн юм. 2014.11.12-ны өдрийн “Бараа нийлүүлэх гэрээ”-ний тусгай нөхцөлийн 17 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь 48.017.945 төгрөгийн барааны үнийг 2014.04.30-ны өдөр шилжүүлэх ёстой байтал 1.5 жилийн дараа 2015.11.27-ны өдөр шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь сэжигтэй байсан. Үүнээс Номингийн хамаарал бүхий компаниуд хоорондын тооцоогоо харж байгаад үнийн дүнд хамгийн тохирох 50.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн 2015.11.27-ны өдрөөр төлсөн болгож харагдуулахыг оролдсон байдаг. Зөрүү 1.982.055 төгрөг юунд илүү шилжүүлснийг тайлбарлаж чаддаггүй ба тэр өдрийн гүйлгээний утга дээр нь “лифтний төлбөр” гэж бичигдсэн байдаг нь эдгээр компаниуд хоорондоо хуйвалдаж байгааг илчилж байна. Барааг “Номин Констракшн” ХХК, “Ноббл Ложистикс” ХХК нарт шилжүүлээгүй тул тэдгээрээс мөнгө нэхэмжлэх боломжгүй. Барааны үнийг хэрэв “Номин Трейдинг” ХХК-д хариуцагч үнэхээр шилжүүлсэн бол тэд гаргаж өгнө гэж бодож байтал мөнгө ерөөсөө аваагүй гэж “Номин Трейдинг” ХХК нь давж заалдах шүүх хуралдаан дээр хэлсэн, мөн хариуцагч шилжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн юм. Ингээд хэнээс ч барааны үнийг авах боломжгүй нөхцөл байдал үүсэж манай компанийн эрх ашиг хүндээр зөрчигдөж байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Л” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Э” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “Бараа нийлүүлэх тухай” 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 48.017.945 төгрөг гаргуулахыг шаардсан байна. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

         Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        “Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.  Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардсан эсхүл гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь тодорхой бус байна. 

        Түүнлэн, анхан шатны шүүх “Бараа нийлүүлэх тухай” 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн NB/14/0748 дугаар гэрээг /хх 5/ хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 58, 61 дүгээр зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

        2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Гэрээний тусгай нөхцөл”-н 17-д “...захиалагч нь бараа хүлээн авсан тухай актыг үндэслэн үлдэгдэл 58.200.000 төгрөгийг нийлүүлэгч болон Номин моторс ХХК-н хооронд байгуулсан 2014 оны...сарын...ны өдрийн автомашин худалдах-худалдан авах тухай ...тоот гэрээний төлбөрт Номин моторс ХХК-ийн ...банкны...тоот дансанд 2014-04-30-ны өдөр шилжүүлнэ...” гэж заасан бөгөөд  “...нийлүүлэгч болон Номин моторс ХХК-н хооронд гэрээ байгуулагдаагүй...” гэх тайлбар  зохигчийн үүргийг үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх 2014-11-12-ны өдрийн “Бараа нийлүүлэх тухай” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй байна.  

      “Гэрээний тусгай нөхцөл”-н 17-н заалт хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч маргаж буй нь  2014-11-12-ны өдрийн “ Бараа нийлүүлэх тухай”  гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ тухай гомдлоор магадлалыг хүчингүй болгох нь  Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн “...хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ...” гэсэн зохицуулалтанд нийцэхгүй юм.   

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

         Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2382 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т  зааснаар “Л” ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 398.040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ