Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1744

 

 

 

 

 

 

 

 

 

“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2016/00486 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: У.Саранцэцэгт холбогдох

                                                                                 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 107 965 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Булгантамир,

Хариуцагч: У.Саранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн У.Саранцэцэг нь 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн 99743746 дугаар дээр “Мобиком корпораци” ХХК-тай “Айфон” багцын гэрээ болон “Айфон” гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 20132584 дугаартай гэрээг байгуулж, 64 гигабайт багтаамжтай 5эс загварын   “Айфон” маркийн гар утсыг худалдаж авсан. У.Саранцэцэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй учраас гэрээнд заасны дагуу 1 107 965 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 9 дүгээр сард хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх гээд мөнгөний хэрэг болоод багшийн дээдийн автобусны буудал дээр явж байхад барьцаагүй зээл олгоно гэсэн зар байхыг харсан. Ингээд зарын дагуу утсаар холбоо бариад Викториа центрийн гадаа очиж уулзсан. Уг нь би бас нэг хүнтэй хамт очсон боловч тэр хүний дугаар урьдчилсан төлбөрт дугаар байна гээд зээл өгөх боломжгүй гээд буцаасан. Тэгээд намайг хүлээж бай, нэг автомашин ирнэ гэсэн. Хэлснээр нь хар өнгийн автомашин ирсэн ба надад сайн тайлбарлалгүй, ороод ир, үүн дээр гарын үсэг зур, та барьцаа 22 000 төгрөг төлөөд илүү мөнгөө 1 жилийн хугацаанд төлөөд дуусчихна гэсэн. Тэгээд надад гэрээнээс өөр зүйл өгөөгүй. Дээр нь сард төлөх дүн гээд юм бичээгүй байхаар нь би 39 000 гэж бичсэн. Тухайн үед урьдчилгаа төлбөр төлсөн гэж байсан боловч би 500 000 төгрөг зээлэхийн тулд 620 000 төгрөг урьдчилж төлөхгүй нь тодорхой шүү дээ. Гэхдээ 620 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн тухай би 2 дахь шүүх хуралдааны дараа мэдсэн. Тэгээд одоо “Мобиком корпораци” ХХК нь надаас үндсэн төлбөр гээд нэхээд байна. Жилийн хугацаанд би өөрийн 99743746 дугаараа барьцаалж авсан 500 000 төгрөгөө арай төлж дуусгаагүй, 1 сарын 30 000 гаруй төгрөг дутуу төлсөн. Хэрвээ зээл олгодог байгууллага биш байсан юм бол яагаад намайг дуудаад зээл өгсөн юм бэ. Би олон зүйл лизингээр худалдаж авч байсан. Тэгэх бүрт аливаа юманд баримт үлддэг шүү дээ. Гэтэл “Мобиком корпораци” ХХК-иас урьдчилгаа төлбөр төлсөн гээд миний гарын үсэггүй баримт ирсэн байна. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Мобиком корпораци” ХХК-иас гар утас зээлээр худалдаж аваагүй, гэрээнд заасан урьдчилгаа мөнгө болох 620 000 төгрөг, барьцааны 30 000 төгрөгийг төлөөгүй байхад надтай гэрээ байгуулсныг ойлгохгүй байна. Тухайн үед би 500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд үүнийгээ өөрийн утасны төлбөр дээрээ нэмж тушаагаад дуусгаж болно гэж “Мобиком корпораци” ХХК-ийн ажилтан нь хэлсэн. Ийм учраас 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан “Айфон” багцын гэрээ болон “Айфон” гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ болох 20132584 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл ямар ч хуулийн үндэслэлгүй байна. Манай компани үүрэн телефоны болон гар утас худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг хүн бүр мэднэ. Тэрнээс зээлийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага биш учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч У.Саранцэцэгээс 940 500 төгрөгийг гаргуулж, “Мобиком корпораци” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167 465 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Мобиком корпораци” ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн “Айфон” багцын гэрээ болон “Айфон” гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ болох 20132584 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай У.Саранцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 141 төгрөг, У.Саранцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Саранцэцэгээс 27 122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээл олгох зарын дагуу зээл олгогчтой уулзаж өөрийн нэр дээр  утас худалдан авах гэрээ хийж утсыг зээл олгогчид өгч нэг жилийн хугацаатай cap бүр 39 000 төгрөг дээр багцын 20 000 төгрөг төлөхөөр тохиролцон 500 000 төгрөг зээлдэж авсан билээ. Гэвч гэрээг анхааралтай унших завдал болоогүй мөн зээл олгогч болон мобикомын ажилтан тайлбарлаж өгөөгүй мөн өөрийн хариуцлагагүйгээс болж 500 000 төгрөг зээлж авсан хэдий ч баталгаа нотолгоо гаргаж чадаагүй тул шүүх хурлын шийдвэрээр утасны үндсэн үнээс төлбөр хийсэн 1 324 500 төгрөгийг хасаад 940 500 төгрөгийг төлөхөөр болсон билээ. “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир нь “манай компани үүрэн телефон болон гар утасны худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Хүн бүр мэднэ. Тэрнээс зээлийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага биш” гээд сөрөг нэхэмжлэлийг маань хүчингүй болгосон. Гэтэл энэ байгууллагын ажилтнуудын буруугаас гap утасны худалдаа нь зээл өгөх үйл ажиллагаа болж хаа сайгүй зар тавьж дараа төлбөртэй иргэдэд зээл олгож нэр дээр нь гэрээ байгуулж өөрсдөө урьдчилгаа өгч утсыг нь авдаг үйл ажиллагаа явагдаад олон жил болж байгаа бөгөөд надаас гадна өөр иргэд ч хохирсоор байгаа. Иймд энэ бүхнийг батлах баримт нотолгоог шүүх хуралд өгөх болно. Миний зүгээс зээл авах зорилготой байсан бөгөөд зээл авсан урьдчилгаа өгөөгүй гэсэн тайлбарын хариуд эхний удаа баримт байгаа авчирна гэж, баримт нэг ширхэг гардаг бөгөөд үйлчлүүлэгч  У.Саранцэцэгт өгсөн гэж, сүүлийн хурал дээр миний гарын үсэгтэй баримт авчраагүй ба “тушаасан нь үнэн” гэсэн тодорхойлолтыг авчирснаас гадна хуралд оролцсон гэрч болох Б.Батгэрэл, Д.Энхмандах нар нь үйлчлүүлэгчид зөвхөн баталгааны хуудас гэрээг нь өгдөг гэж тайлбарласан байгаа. 3 500 000 төгрөг зээлээд 3 бараг 4 дахин нугалж төлөх болсон нь гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн өөрийн бичсэн зүйлүүдийг батлах нотлох баримтуудыг олж авчирах болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч У.Саранцэцэгт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 107 965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн багцын гэрээ болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Зохигчид 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр багцын гэрээ болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Мобиком корпораци” ХХК нь “Айфон-Эс5” маркийн гар утас шилжүүлэх, худалдан авагч У.Саранцэцэг нь урьдчилгаа 620 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг сар бүр 39 000 төгрөгөөр төлөх буюу нийт 2 265 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээхээр заасан. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж татгалзсан бөгөөд нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь гар утсыг хариуцагч У.Саранцэцэгт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх эд хөрөнгийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

            Иймд нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан гэрээний төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Хариуцагчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Харин хариуцагч У.Саранцэцэг нь гар утас худалдаж аваагүй, 500 000 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-иас зээлж авсан гэх үндэслэлээр багцын гэрээ болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй болно. Хариуцагч У.Саранцэцэг нь уг бичгийн хэлцэлд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гарын үсэг зурсан, гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага гар утсыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч зээлийн гэрээ байгуулагдсан, 500 000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэх үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

               

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч У.Саранцэцэгийн  сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2016/00486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч У.Саранцэцэгээс 1 107 965 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл болон багцын гэрээ болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч У.Саранцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн    31 141 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 130 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       С.ЭНХТӨР                                                                                                              

                                                                                                  Г.ДАВААДОРЖ