Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01099

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 13 210/МА2026/01099

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02746 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 26,330,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******-тай 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авч, гэрээнд заасан хугацааны дотор үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээний 2.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги төлнө гэж заасан.

1.2. Гэрээний хугацаанд хариуцагч нь 17,553,500 төгрөгийн сэлбэг, тос тосолгооны материалыг зээлээр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд үнийг төлөөгүй.

1.3. Иймд хариуцагч *******-аас нийлүүлсэн сэлбэг, тос тосолгооны материалын үнэ 17,553,500 төгрөг, алданги 8,776,750 төгрөг нийт 26,330,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь ******* нарын хооронд байгуулсан Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт Сэлбэг, тос тосолгооны төлбөрийг дараах хүснэгтэд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж бүрэн барагдуулна гэж заасан байдаг боловч хүснэгтэд хугацаа болон хуваарь заагаагүй. Тиймээс гэрээний 2.6 дахь хэсэгт заасан Худалдан авагч тал төлбөрийг 2.5 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж тооцно гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байна.

2.2. Талууд гэрээний дагуу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж 17,553,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж Тооцоо нийлсэн акт үйлджээ. Энэхүү актын дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 24/020 дугаартай Төлбөрийн хуваарь хүргүүлэх тухай албан бичигт 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд хүү төлөхөөр хүсэлтийг явуулсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 17,553,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 8,776,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******-аас 245,717 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 03 дугаарт дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай компани *******-тай 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулахдаа төлбөр төлөх хугацааг 60 хоног гэж амаар тохирон гэрээ байгуулсан. 60 хоног гэж тохирсон нь хэрэгт авагдсан манай компанийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/40 дугаартай шаардах хуудсаар нотлогддог. Хариуцагч компаниас удаа дараа хөрөнгө оруулалт зогссон гэх шалтгаанаар төлбөр төлөх хугацааг хойшлуулах санал гаргасныг манай компани хүлээн авч боломжит хугацаа олгосоор 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж төлбөрийн үлдэгдэл 17,553,500 төгрөг гэж тодорхойлон 2024 оны 06 сарын 13-ны өдөр *******-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэмэлт хугацаа тохирч саналыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хариуцагч тохирсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй.

4.2. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний 2.6 дахь хэсэгт худалдан авагч тал төлбөрийг 2.5 дахь хэсэгт заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж тооцно гэж заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тохирсон хугацааны эхний хуваарьт төлөлт зөрчигдсөн өдрөөс эхлэн алдангийг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тооцож хуульд зааснаар анзийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 8,776,750 төгрөгийг тооцсон.

Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, гэрээний үүрэг хариуцлагын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 17,553,500 төгрөг, алданги 8,776,750 төгрөг, нийт 26,330,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийн тохиролцоо хэрэгжих боломжгүй тул алданги төлөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, талууд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж *******-аас барааны үнэ 17,553,500 төгрөгийг төлөх үүрэгтэй үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-аас 17,553,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4. Талууд гэрээний дагуу алданги төлөх, эсэхэд маргасан бөгөөд гэрээний 2.6 дахь хэсэгт алданги төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй. Харин гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх хугацааг заагаагүй нь алданги төлөх үүргийг үүсгэх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4.1. Анхан шатны шүүх гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй гэх үндэслэлээр алдангид 8,776,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нийцээгүй алдааг залруулна.

 

4.2. Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөх хуваарийн талаар тохиролцоогүй буюу хугацаа заагаагүй тул талуудыг гэрээгээр төлбөр төлөх хугацааг тогтоогоогүй гэж үзнэ.

 

Гэхдээ, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2. дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасны дагуу хариуцагч *******-д нэхэмжлэгч төлбөрөө шаардсан даруйд төлөх үүрэг үүснэ.

 

4.3. Талууд 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөрийг баталгаажуулснаар хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24/020 дугаар албан бичгээр төлбөрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтийг нэхэмжлэгч *******-д хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч ******* нь уг хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

4.4. Хариуцагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 24/020 дугаар албан бичигт заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* нь гэрээний 2.6 дахь хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхтэй тул 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 292 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 17,553,500 төгрөгөөс хоног тутам 0,5%-аар алданги тооцоход 25,627,964 төгрөг /17,553,500 х 0,5% = 87,767 төгрөг 87,767 х 292 хоног = 25,627,964 төгрөг/ болж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч *******-ийн гүйцэтгээгүй үүргийн 50%-аар тооцож алдангид 8,776,750 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4.5. Иймд нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тохирсон хугацааны эхний хуваарьт төлөлт зөрчигдсөн өдрөөс эхлэн алдангийг нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцож гаргуулах үндэслэлтэй байхад шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, гэрээний үүрэг хариуцлагын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй... гэх давж заалдах гомдлыг хангана.

 

5. Дээр дурдсан дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/02746 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 26,330,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч *******-аас 245,717 төгрөгийг гэснийг 291,100 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,378 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

Н.ОЮУНТУЯА