| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00188/И |
| Дугаар | 134/ШШ2016/00163 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 134/ШШ2016/00163
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-08 тоотод оршин суух, Адуучин овогт Цэрэндагвын Даваадорж /РД:ЗН87040616, эрэгтэй, утас:99982095/-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 2-30 тоотод оршин суух, Боржигон овогт Самданбазарын Доржсүрэнд /РД:ЕЙ91061019, эрэгтэй, утас:88041902/ холбогдох гэм хорын хохирол 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр С.Доржсүрэнд цохиулснаас миний дээд үүдэн 1 шүд бутарч унасан, мөн дээд уруул язарч 2 оёдол тавиулснаар шинжээч эмчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоож, цагдаагийн байгууллагаас намайг хохирогчоор тогтоож С.Доржсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад хөнгөн хэрэг болохоор эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой, имплант 1 шүдний үнэ болох 1 800 000 төгрөгийг ойрын хугацаанд яаралтай төлж барагдуулна, гомдолгүй, хохирол төлбөрөө авсан гэж хэлж өгөөч гээд гуйгаад байхаар хохиролд нэг ч төгрөг аваагүй хэдий ч арга буюу түүний гуйснаар зөвшөөрсөн. Хоорондоо эвлэрсэн үндэслэлээр Прокурорын байгууллагаас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би 2016 оны 10 сард Сувд шүдний эмнэлэгт үзүүлж дэлгэмэл зураг авахуулахад үүдэн шүдэнд 1 шүдэлбэр авагддаггүй шүд хийлгэх шаардлагатай гэсэн. Энэ нь 6 сарын хугацаанд эмчилгээ бүрэн төгс хийлгэж байж хийгдэх ёстой эмчилгээ болно. Иймд хууран мэхэлж хохирлыг барагдуулахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож хохироосон тул шүдний үнэ болох 1 800 000 төгрөгийг С.Доржсүрэнгээс гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Доржсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Доржсүрэн миний бие 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ц.Даваадоржтой таарамжгүй харилцааны улмаас муудаж, нүүрэн тус газар нь цохиж 1 шүдийг нь унагасан. Ийм учраас иргэн Ц.Даваадоржийн нэхэмжилсэн 1 800 000 төгрөгийг төлнө. Ямар нэгэн маргаан байхгүй. Учир нь Говьсүмбэр аймгийн Прокурорт энэ тухайгаа мэдэгдэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Даваадорж нь хариуцагч С.Доржсүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 1 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.Доржсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 21 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Даваадоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 1 800 000 төгрөгийг хариуцагч С.Доржсүрэн нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 21 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ