Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 12

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч С.Т,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С.Т холбогдох эрүүгийн 1924000000003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Улсын иргэн, төрсөн, 49 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  оршин суудаг, урьд байсан.  регистрийн дугаартай А овогт С .Т.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Т нь 2018 оны 11 дүгээр сард Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн “Шилбэтийн ар” гэх газраас Х.Оийн адуун сүргээс Д.Лийн эзэмшлийн 1 тооны хүрэн зүстэй хязаалан адууг /гүү/ хулгайлж, 700,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Эд мөрийн баримтыг хураан авах” тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн малын арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогч Д.Л, гэрч Х.О, Б., С.Т, Ц.Ч, Л.О нарын мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эдийн засгийн үнэлгээний үнэлгээчийн дүгнэлт, С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгчийн прокурорт гаргасан хүсэлт, прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол зэргийг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  шүүгдэгч С.Т нь Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн “Шилбэтийн ар” гэх газраас Х.Оийн адуун сүргээс 2018 оны 11 дүгээр сард хохирогч Д. эзэмшлийн 1 тооны хүрэн зүстэй хязаалан адууг /гүү/ хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн “Хужирт” гэх газраас өөрийн адуун сүргээс хүрэн зүстэй гүү алдсан. 2-3 хоног хайж байгаад Улаанаа гэх хүний адуун сүрэгт нийлсэн байхаар нь Улаанаад “Танай адуунд миний хүрэн зүстэй гүү нийлсэн байна харж байгаарай” гэж хэлээд явсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны үед Улаанаа “Би адуугаа олохгүй байна. Танай наагуур чинь байна уу” гэж утсаар ярьсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Улаанаа “Адуугаа олсон. Чиний гүү байхгүй байна” гэж утсаар хэлэхээр нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг баруун, зүүн Аргалант, Шар нуруу, Баруун даваа зэрэг газраар хайгаад олоогүй. ...2018 оны 11 дүгээр сар гарсан байхад манай сумын Дагва гэх залуу манайхтай айл өвөлжиж байсан Баттөрөөс адуу авах гэж ирсэн. Би адууг машинд нь ачиж өгөх гээд машины тэвшин дээр гарсан чинь миний хулгайд алдсан гүүний ширийг хуйлаад ачсан байхаар нь энэ хэний адууны шир юм гэхэд “Би сая хүнээс худалдаж аваад шууд наашаа хүрээд ирсэн” гэхээр нь энэ миний алдсан гүүний шир байна. Надад өгчих хэнээс авсан гэхэд Хөөвөөгөөс авсан. Тэр нэг шил архинаас өгсөн гэсэн. Би ширийг сумын төвд гэртээ гэсгээж үзэхэд миний алдсан хүрэн зүсний гүүний шир мөн байхаар нь Хөөвөөтэй очиж уулзаад гэртээ дагуулж ирж ширийг үзүүлэхэд тэр миний Дагваад өгсөн адууны шир мөн байна гэсэн. Хөөвөө энэ адууг надад хүн авчирч өгсөн эзэнтэй би гарчхаад ирье гэж гараад удалгүй орж ирээд ах нь энэ адууны үнийг төлнө гэхээр нь би мөнгөө хурдан өгөөрэй гэж хэлсэн. Хөөвөө миний хохирлыг барагдуулахгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. ...Миний алдсан гүү зүүн талын гуяндаа гулгуулж дарсан “Онги” тамгатай дор нь “Ө” үсэгтэй тамгатай, шингэндүү сүүлтэй байсан. Уг гүүг алдагдах үед их тарган сувай байсан. С.Т нь хохирол төлбөрийг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-17-р хуудас/,

           Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр өөрийнхөө эзэмшлийн “Портер” маркийн ачааны машинтай дэлгүүрийн урд явж байхад Хөөвөө ах гудамжинд таарч намайг зогсоогоод “Өчигдөр жоохон юм уучихсан шараа тайлмаар байна. Ахдаа ганц юм аваад өгчих” гэхээр нь би надад мөнгө төгрөг алга байна гэсэн чинь “Би чамд шир өгье, ахдаа тэр ширийг аваад ганц шил архи аваад өгчих” гээд байхаар нь одоо ширээ өг гэхэд за гээд миний машинд суусан. Бид хоёр миний машинтай яваад сумын төвийн зүүн хойд захад байдаг тэжээлийн пондны хашааны үүдэнд зогсоод Хөөвөө ах хашаа руу ороод хүрэн зүсний адууны шир өргөж гарж ирээд машины тэвшин дээр тавьсан. Бид буцаж дэлгүүрийн урд ирээд дэлгүүрээс “Ерөөл” нэртэй архи авч өгөөд дэлгүүрийнх тэнд орхисон. Тэндээсээ Д.Лийн өвөлжөөнд өвөлжиж байгаа малчныдаа очиж өөрийнхөө адуунаас нэг морь ачихад Д.Л миний машины тэвшин дээр байсан адууны ширийг хараад “Миний алдсан хүрэн гүүний шир мөн байна” гээд авсан. Тэр ширийг хэнээс авсан талаар асуухаар нь Хөөвөөгөөс гэж хэлсэн. Хөөвөө гэж С.Тыг хэлдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

          Гэрч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр Д.Лтой хээр тааралдахад “Миний хүрэн байдас чиний адуунд нийлчихсэн байна лээ шүү чи харж байгаарай” гэхээр нь би аан тийм байсан за чи тэр адуугаа авахгүй бол би ганцаараа хүн хүний мал харж байгаа. Би ер нь адуундаа явдаггүй шүү хүрэн байдсаа чи аваарай гэхэд “миний тэр хүрэн байдсыг азарга нь хураахгүй хасаж хаяад байгаа юм. Чиний адуун дотор байж байг, тэгж байгаад авна” гээд явсан. Тэрнээс хойш би адуугаа сумын төвөөс урагшаа гаргачихсан байхад Лувсандоржийн хүрэн байдас адуун байсан. Манай азарга  Лувсандоржийн хүрэн байдсыг хураачихсан бүр холдохооргүй болсон байсан юм. ... 2018 оны 10 дугаар сарын дундуур адуунаасаа нэг морь сольж унаад адуугаа мөн сумын баруун тийш Хараат гэдэг газарлуу гаргахад хул, хүрэн 2 байдас мөн л манай адуунд хамт байж байсан. Тэрнээс хойш би адуундаа явалгүй 10 гаран хоноод морио солих гэж адуугаа хайгаад олоогүй. Гэртэй ирээд хүмүүс рүү утсаар яриад адуугаа сураглахад сураг гарахгүй болохоор нь 2 хоногийн дараа адуугаа хайж яваад Хараатын үзүүр гэх газраас олоход манай адуунд байсан Лувсандоржийн хүрэн байдас байхгүй болсон байхаар нь Лувсандоржид хүрэн байдас байхгүй болсон байна шүү чи өөрөө эрж сурж олоорой гэж хэлэхэд “за” гэсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Лувсандорж хүрэн байдасныхаа ширийг нь олсон гэсэн сураг сонсоод Лувсандоржтой утсаар ярихад “Би хүрэн байдасныхаа ширийг Дагвааг машин дээрээ ачиж явахаар нь авсан. Дагва “Хөөвөөс ширийг авсан” гэж хэлсэн. Хөөвөө гэж С.Тыг хэлдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

           Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр л байсан байх, яг хэдний өдөр байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Намайг сумын төвд дэлгүүрийн урд явж байхад С.Т тааралдаад “зав байна уу? нэг адуу гаргалцаад өгөөч” гэхээр нь за гээд сумын төвийн зүүн талд байдаг тэжээлийн пондны хашаан дотор С.Тын хамаатны нэг хүн бид 3 нэг адуу гаргаж янзалсан. С.Т адууныхаа махыг хөргөөд хотруу явуулах машиндаа ачиж өгнө гээд мах, ширээ хараад үлдсэн. С.Т тухайн үед хадам ах идшээ авах гэж Эрдэнэтээс ирсэн гэж байсан. ...С.Т тэр үед адууг хэнийнх болохыг хэлээгүй учраас өөрийнх нь адуу гэж бодоод гаргалцаж өгсөн. Гаргасан  адуу нь хар хүрэн зүсний хязаалан сувай байдсан гүү байсан. Би тухайн үед им, тамгыг нь ажиглаж хараагүй, махыг нь 4 хөл болгож эвдчихээд явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

           Шүүгдэгч С.Тын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2018 оны 11 дүгээр сард манай хадам ах ирээд адуу авна гэхээр нь би “Шилбэтийн ар” гэх газарт адуугаа хайгаад олоогүй. Гэтэл тэнд... Х.Оийн адуу байхаар нь хөөгөөд сумын төвийн арын голын эргийн хашаанд хашиж байгаад Х.Оийн надад зааж өгсөн хүрэн гүүг барьж авах гэсэн чинь тэдний адуун сүрэгт өөр нэг хүрэн байдас байсан. Би тэрийг нь барьж аваад бусад адууг нь гаргасан. ...Би барьж авсан хүрэн байдсаа сумын төвийн зүүн хойд талд байдаг тэжээлийн пондны хашаанд нядлаад хадам ахдаа махыг нь өгч явуулсан. ...Д.Л миний алдсан адууны шир байна гэхээр нь гэрт нь очиж үзэхэд миний Н.Д өгсөн шир мөн байсан. ...Миний нядлаад хадам ахдаа өгсөн адуу бол Х.Отэй өмнө наймаа тохирсон хар хүрэн бүдэг тамгатай гүү биш харин өөр байдас байсан. Тэр адуу хэнийх болохыг би мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.    

        Шүүгдэгч С.Тын энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Лид 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Д.Лийн “...Би алдсан гүүгээ одооны идэшний үнээр С.Ттай тохиролцсоноор 700.000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн мэдүүлэг, Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ын эдийн засгийн үнэлгээний үнэлгээчний 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...2019 оны 01 дүгээр сарын байдлаар 1 тооны хязаалан насны сувай гүү /тарган, уналгааны/ зах зээлийн ханшаар 700,000 төгрөгийн үнэтэй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Тт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч С.Тт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч С.Т нь хохирогч Д.Лийн 700,000 төгрөгийн үнэлгээтэй, 1 тооны, хязаалан насны сувай гүүг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчиж явсан малаас барьж авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүний үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Иймд шүүгдэгч С.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн зүсмийн адууны арьсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт С.Т бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч С.Тт оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг Завхан аймгийн Түдэвтэй сумын сум дундын эмнэлэгт эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

5. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хүрэн зүсмийн адууны арьсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.   

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ