| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00172/И |
| Дугаар | 134/ШШ2016/00158 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2016/00158
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн гаргасан
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 18-02 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Чинзоригийг /РД:ЕЙ74121714/ албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийг төлөөлж, саатуулах, баривчлах байрны эмч ажилтай Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь П.Чинзоригийг албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтэнд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 18-02 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Чинзориг нь удаа дараа архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчсөн байх тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлээр албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Учир нь П.Чинзоригийн эхнэр Х.Ням-Өлзий түүнийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох шинжилгээнүүдийг өгүүлж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. П.Чинзориг 2013 оны 03 дугаар сард албадан эмчилгээнд явж байсан боловч ирээд нэг сар болоод архи ууж эхэлсэн гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь П.Чинзоригийг албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Боржигон овогт Пүрэвийн Чинзориг /РД:ЕЙ74121714/ нь согтуурах донтой өвчтэй, удаа дараа эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журмыг зөрчиж, захиргааны хариуцлага хүлээсэн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийдэг, урьд нь албадан эмчилгээнд хамрагдсан боловч согтууруулах ундаа дахин хэрэглэсэн болох нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...цаашид архины эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлт, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, Х.Ням-Өлзийгийн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 006/шш2014/50 дугаартай шийдвэр, Цагдаагийн мэдээллийн сангаас ирүүлсэн захиргааны зөрчилд холбогдон арга хэмжээ авагдсан талаарх лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд П.Чинзоригийг архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журам зөрчиж сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, урьд нь албадан эмчлүүлсний дараа согтууруулах ундаа дахин хэрэглэсэн үндэслэлээр албадан эмчлэх газарт явуулан албадан эмчилж, түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Боржигон овогт Пүрэвийн Чинзоригийг /РД:ЕЙ74121714/ албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар П.Чинзоригийг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг өвчтэй этгээд эс зөвшөөрвөл шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ