Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 0317

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Ц.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш

Хохирогч М.Б, У.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох эрүүгийн 1925004190257 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.С

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 06 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 14-04 тоотод байрлах иргэн Д.Я-н “Сүүтэй зүүдэн” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч архи, пиво зэрэг эд зүйл хулгайлан 418.500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 15-05 тоотод оршин суух иргэн Л.Х-н байшингийн ард байрлах тусгайлан хамгаалсан байр сав болох гражид хууль бусаар нэвтрэн орж цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан тасдагч хулгайлан 216.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 31-09 тоотод оршин суух Ш.Б-н байшинд хууль бусаар дружба хөрөө, цахилгаан гар дриль хулгайлан 370.000 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 14-07 тоотод оршин суух иргэн У.А-н гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, цахилгаан дрилль зэрэг хулгайлан 315.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 3-34 тоотод оршин суух иргэн М.Б хашаанаас Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ чансаа-200 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Булган аймаг Хутаг-Өндөр сумын 4-р хороо, 3-7 тоотоос иргэн Д.Д-н эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун загварын мотоциклийг хулгайлан 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 3.859.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгай хийсэн нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын хохирлыг ажил хийж барагдуулна. Ял аваад хорих ангид очоод ажил хийж хохирлыг барагдуулна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Батбаяр гуайн мотоциклийг 300.000 төгрөгөөр зарсан. Азжаргал гуайн гэрээс авсан эд зүйлээ зарсан. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 06 сарын 22-ны орой энэ залуу ирж Хантай явах чинь унаа байдаггүй гэсэн. Тэгээд орой болоод гэртээ дагуулж ирээд хоол, унд хийж өгөөд 1 шил архи задалсан. Би жаахан унтчихаад босоод иртэл энэ залуу миний мотоциклийг хулгайлаад явсан байсан. Одоо 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч У.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайд хулгай орсон байна гэж хөрш хэлсэн. Гэрээс цахилгаан дрилл, 32 инчийн зурагт алдагдсан байсан. Нийт үнэлгээгээр 315.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Я-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 05-ны өдөр гэртээ ирээд дэлгүүрээ онгойлгоход дэлгүүрт хулгай орж ерөөл архи 0,75 литртай 12 шил, ерөөл 0,5 литртай 10 шил, ерөөл 0,33 архи 5 шил, Болор 0,5 литр 1 шил, Улаанбаатар архи 0,75 литртай нийт 3 шил, Улаанбаатар 0,5 литртай шил, зөөлөн хараа нэртэй архи 0,75 литртэй 3 шил, нийслэл лаазтай пиво 7 ширхэг алдагдсан байсан.  ...шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан 418.500 төгрөг дээр үнэлгээ хийлгэсэн гэх 20.000 төгрөг нийт 438.500 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1 хх 10-11 ху/,

 

-Хохирогч Л.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 04 сарын 14-ний өдөр манай гэрт хүнгүй байх үед байшингийн ард талын амбаарт байсан цахилгаан гагнуурын аппарат, цахилилгаан тасдагч болон борц алдагдаж цагдаагийн газарт хандсан юм. Эд зүйлийн үнэлгээ хийлгэснээс хойш 20 кг буюу шуудаатай борц амбаарын буланд байрлах модон саванд байсан байна лээ. Тухайн үед ер харагдахгүй байхаар нь алга болсон байна гэж цагдаад хандсан. Харин цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан тасдагч хоёр нь алга болсон байсан. Борц нь алга болоогүй юм. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр алга болсон гэх борцонд үнэлгээ тогтоолгож байсан, гэхдээ борц нь олдсон тул борцны үнэлгээний мөнгө болох 700,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин цахилгаан гагнуурын аппарат, цахилилгаан тасдагч хоёрын үнэлгээ 216.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1 хх 109-110 ху/,

 

-Хохирогч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 06 сарын 14-ний өдөр манай байшинд хулгай орж дружба хөрөө, цахилгаан гар дриль алдагдаж цагдаагийн газарт хандсан юм. Эд зүйл алдагдсан байшинд хүн байгаагүй, харин монгол гэрт эхнэр, хүүхэд 2 байсан. Манай байшинд засвар хийж байсан Сайнзаяа гэх хүнийг сэжиглэж байна ...Шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан 370.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /1 хх 132-133 ху/,

 

-Хохирогч Д.Д-н мөрдөн шалгах аажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 07 сарын 22-ны орой гэртээ байж байхад гаднаас зүс таних нутгийн иргэн Сайнзаяа гэх залуу орж ирж ярьж сууж байгаад хүү Ганбаатар айраг өгсөн. Сайнзаяа гэх залуу нэлээн согтсон болохоор манай хүү үүдээр гаргаж өгсөн. Тэр үед харанхуй байсан болохоор мотоциклио анзаараагүй. Өглөө эрт 4 цагийн үед гэрийн гадаа байсан мотоцикль алга болсон байсан. Сайнзаяаг сэжиглэж байна, цуг ирсэн залуу нь өөрөө мотоцикль унаж ирээд түрүүлээд явсан. ...Мотоциклио хүлээж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 9-13 ху/,

 

-Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Батбаяр ах улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикльтой. Би уул нь тухайн өдөр гэртээ байсан. Гэхдээ мотоциклийн дуу сонсогдоогүй гэсэн мэдүүлэг /1 хх 204-205 ху/,

 

-Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ..2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед гэртээ ус аваад гаднаас орж ирээд усаа буулгаж байгаад хажуу талд байрлах айлруу хартал гэрийнх нь хаалга онгорхой байсан. Тэгээд хашаанаасаа гараад хойд талын айлаас хүүхдийг нь дуудаад аав ээждээ танай гэрт чинь хулгай орсон талаар хэл гээд цагдаа дуудсан. Тэгээд гэртээ иргэж ороод усаа тавиад хашаандаа байгаа 00 орох гээд явж байтал 2 эрэгтэй хүн зогсож байсан юун хүн ирсэн юм бол гээд яваад очтол цагаан өнгийн ачааны машин зогсож байсан. Тэгээд хөршийн хашаа руу яваад ортол ногоон өнгийн монгол цамцтай хар өнгийн гуталтай бор царайтай нүүрний хэсэгтээ жижиг соривтой, 30 орчим настай залуу байсан. Тэр хүнийг юу хийж байгаа талаар асуухад гэртээ байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байна. Наад хүмүүсийг сайн мэднэ гээд хэлтэл хашаа даваад зугтаагаад явсан. Тэр үед хашаанаас гараад машин дотор байсан хүмүүсийг барьж яваад цагдаа иртэл хүлээлгэсэн гэсэн мэдүүлэг /1 хх 166-167 ху/,

 

-Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 16-ны өдөр 14 цагийн үед Даниста дэлгүүрийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн 99-84 ОРО улсын дугаартай ачааны машинаар хөлсөөр ачаа ачихаар зогсож байхад махлагдуу царайтай ногоон өнгийн хантаазтай залуу ирээд намайг ачаа ачих уу гэж асуусан. Согтуу байсан болохоор нь ачихгүй гэж хэлээд явуулсан. Удалгүй араас нь нэг өндөр залуу буцаж ирээд хорооллоос ачаа ачих уу гэхээр нь ачихаар болоод тэр хоёр залууг суулгаад Яргуйт баг Овоотын 14-07 тоотод очоод зогстол намхан ногоон өнгийн хантаазтай залуу ороод араас нь өндөр залуу ортол тэр үед хажуу айлаас нь том биетэй залуу гарч ирээд юун хүмүүс вэ, наанаа юу хийж байгаа юм бэ гээд асуугаад иртэл намхан ногоон хантаазтай залуу нь хашаа даваад зугтаасан. Тэр үед хулгай хийх байгааг мэдсэн гэсэн мэдүүлэг /1 хх 169 ху/,

 

-Гэрч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 16-ны өдөр 14 цагийн үед Согоот багийн 6-1 дүгээр байрны гадаа Саруул гэх урьд өмнө шоронд ял эдэлж байсан залуутай тааралдсан. Хүнсний дэлгүүр ороод 1 шил архи аваад явж байтал Батцоож Заяа гэх залуугийн хамт зогсож байсан. Тэгээд бид хэд нийлээд дахин шил архи аваад хувааж уугаад тэгээд Саруул салаад 6-1 дүгээр байрны урд явж байтал Заяа гэх залуу хороололд манай гэр байдаг авгай хүүхэд 2 хөдөө явчихсан байгаа, жаахан юм ууя хороолол ороод манай гэрээс хөргөгч хөлдөөгч хоёр барьцаалан зээлдүүлэх газар зармаар байна гэсэн. Тэгээд бид 2 Даниста төвийн өмнөөс цагаан өнгийн ачааны автомашинтай нэг хөгшин хүн гуйгаад явсан. Яргуйт багийн Овоотын 14-07 тоотод очоод зогстол Заяа гэх залуу манай гэр энэ гээд гэрлүүгээ дагуулаад явсан. Тэр үед хажуу айлаас нэг том биетэй залуу гарч ирээд юун хүмүүс вэ гэж асуухад Заяа хашаа даваад зугтаасан гэсэн мэдүүлэг /1 хх 170 ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 120 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэсэн дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 3 гэсэн дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь Гарын хээний салбар станцын сан болон Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /1 хх 28-29 ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 124 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийн 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэсэн дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 1, 4 гэсэн дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. Шинжилгээнд тэнцсэн 9 ширхэг гарын мөр Гарын хээний салбар станцын болон Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүд, хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна гэсэн дүгнэлт / 1 хх 179-180 ху/

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4-5, 99, 159, 196 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 6-8, 30-31, 100,105-107, 160-161, 181-182, 197 ху, 2хх 5 ху /,

-Эд зүйлийн үнэлгээ /1 хх 35-36, 116-118, 138-145, 173-175, 209-214 ху, 2 хх 21-25 ху/

-Ц.Сг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1 хх 52-55, 122-124, 149-153, 186-190, 218-224 ху, 2 хх 29-32, 55-56 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 57 ху/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 хх 93, 125, 154, 191 ху, 2 хх 45 ху/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 102-104,

-Хохирлын тооцоо /1 хх 231 ху/

-Сум дундын 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар / 1 хх 232-238 ху/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1 хх 239-241 ху/

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 хх 4 ху/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 6 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 06 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 14-04 тоотод байрлах иргэн Д.Янжинсүрэнгийн “Сүүтэй зүүдэн” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч архи, пиво зэрэг эд зүйл хулгайлан 418.500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 15-05 тоотод оршин суух иргэн Л.Хишигмаагийн байшингийн ард байрлах тусгайлан хамгаалсан байр сав болох гражид хууль бусаар нэвтрэн орж цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан тасдагч хулгайлан 216.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 14-ээс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 31-09 тоотод оршин суух Ш.Баярхүүгийн байшинд хууль бусаар дружба хөрөө, цахилгаан гар дриль хулгайлан 370.000 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 14-07 тоотод оршин суух иргэн У.Азжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт, цахилгаан дрилль зэрэг хулгайлан 315.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын 3-34 тоотод оршин суух иргэн М.Батбаярын хашаанаас шинэ чансаа-200 загварын хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр чууцаар хууль бусаар хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Булган аймаг Хутаг-Өндөр сумын 4-р хороо, 3-7 тоотоос иргэн Д.Дэлгэрбаатарын эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн Даюун загварын мотоциклийг хулгайлан 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 3.859.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хулгай хийсэн нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогч нарын хохирлыг ажил хийж барагдуулна. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Ял аваад хорих ангид очоод ажил хийж хохирлыг барагдуулна. Хохирогч нараас уучлалт гуйж байна” гэсэн, хохирогч М.Батбаярын “2019 оны 06 сарын 22-ны орой энэ залуу ирж Хантай явах чинь унаа байдаггүй гэсэн. Тэгээд орой болоод гэртээ дагуулж ирээд хоол, унд хийж өгөөд 1 шил архи задалсан. Би жаахан унтчихаад босоод иртэл энэ залуу миний мотоциклийг хулгайлаад явсан байсан. Одоо 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн, хохирогч У.Азжаргалын “Манайд хулгай орсон байна гэж хөрш хэлсэн. Гэрээс цахилгаан дрилл, 32 инчийн зурагт алдагдсан байсан. Нийт үнэлгээгээр 315.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Янжинсүрэнгийн “...дэлгүүрт хулгай орж ерөөл архи 0,75 литртай 12 шил, ерөөл 0,5 литртай 10 шил, ерөөл 0,33 архи 5 шил, Болор 0,5 литр 1 шил, Улаанбаатар архи 0,75 литртай нийт 3 шил, Улаанбаатар 0,5 литртай шил, зөөлөн хараа нэртэй архи 0,75 литртэй 3 шил, нийслэл лаазтай пиво 7 ширхэг алдагдсан байсан” гэсэн /1 хх 10-11 ху/, хохирогч Л.Хишигмаагийн “...борц нь олдсон тул борцны үнэлгээний мөнгө болох 700,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин цахилгаан гагнуурын аппарат, цахилилгаан тасдагч хоёрын үнэлгээ 216.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн /1 хх 109-110 ху/, хохирогч Ш.Баярхүүгийн “...манай байшинд хулгай орж дружба хөрөө, цахилгаан гар дриль алдагдаж цагдаагийн газарт хандсан юм. Эд зүйл алдагдсан байшинд хүн байгаагүй, харин монгол гэрт эхнэр, хүүхэд 2 байсан. Манай байшинд засвар хийж байсан Сайнзаяа гэх хүнийг сэжиглэж байна” гэсэн /1 хх 132-133 ху/, хохирогч Д.Дэлгэрбаатарын “2019 оны 07 сарын 22-ны орой гэртээ байж байхад гаднаас зүс таних нутгийн иргэн Сайнзаяа гэх залуу орж ирж ярьж сууж байгаад хүү Ганбаатар айраг өгсөн. Сайнзаяа гэх залуу нэлээн согтсон болохоор манай хүү үүдээр гаргаж өгсөн. ...Өглөө эрт 4 цагийн үед гэрийн гадаа байсан мотоцикль алга болсон байсан. Сайнзаяаг сэжиглэж байна, цуг ирсэн залуу нь өөрөө мотоцикль унаж ирээд түрүүлээд явсан...Мотоциклио хүлээж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн / 2 хх 9-13 ху/ мэдүүлгүүд, гэрч Н.Энхбаяр / 1 хх 166-167 ху/, гэрч Ш.Бямбаа / 1 хх 169 ху/, гэрч Х.Шинэбаяр /1 хх 170 ху/, гэрч Н.Оюунцэцэг / 1 хх 204-205 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Хохирлын хувьд хохирогч Д.Янжинсүрэнд 438.500 төгрөгийн, Л.Хишигмаад 216.000 төгрөгийн, Ш.Баярхүүд 370.000 төгрөгийн, У.Азжаргалд 315.000 төгрөгийн, М.Батбаярт 1.100.000 төгрөгийн, Д.Дэлгэрбаатарт 1.440.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дэлгэрбаатарт хулгайд алдагдсан гэх мотоциклийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, бусад хохирол төлөгдөөгүй байна.  

 

            Иймд хохирогч Д.Д-т төлөх төлбөргүй, хохирогч Д.Я-д 438.500 төгрөгийг, Л.Хишигмаад 216.000 төгрөгийг, Ш.Б-д 370.000 төгрөгийг, У.А-д 315.000 төгрөгийг, М.Б-т 1.100.00 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэв. 

 

            Шүүгдэгч нь 93 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гийн цагдан хоригдсон 93 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гаас 2.439.500 /хоёр сая дөрвөн зуун гучин есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Манханы 14-04 тоотод оршин суух /РД:ФА48062506/ Д.Янжинсүрэнд 438.500 төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Ундрага 15-05 тоотод оршин суух /РД:ГН69072408/ Л.Хишигмаад 216.000 төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 31-09 тоотод оршин суух /РД:ФА90062654/ Ш.Баярхүүд 370.000 төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 14-07 тоотод оршин суух /РД:АЖ85021004/ У.Азжаргалд 315.000 төгрөгийг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 3-34 тоотод оршин суух /РД:РЗ62020519/ М.Батбаярт 1.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

            7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА