Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00960

 

 

 

 

 

 

 

 

2026 04 29 210/МА2026/00960

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01792 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 25,366,000 төгрөг, алданги 14,325,107 төгрөг нийт 39,691,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэлийн агуулга: 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 361-ийн гармын замд ******* миний автомашиныг унаж явахдаа, Л.Түвшинбаярын унаж явсан Hyundai sonata маркийн *******улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автын осол гарсан.

Цагдаагийн байгууллагаас *******ыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол болсон гэж дүгнэсэн.

1.2 Тухайн ослын улмаас гарсан хохирлын үнэлгээг гаргах зорилгоор ******* хийсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 27226 дугаар тоот үнэлгээний тайлангаар 26,284,700 төгрөгийн үнэлгээ гаргасан.

1.3 Ийнхүү өөрт учирсан хохирлоо ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар хандсан боловч даатгалын байгууллагаас цагдаагийн байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй, мөн 6,825,870 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд харин даатгуулагчаас нэмэлтээр нэхэмжилсэн ******* ХХК-ийн үнэлгээний тайланд хавсаргасан фото зургаар үнэлж, даатгалын тохиолдлын дараа дахин осол гарсан байх магадлалтай гэх үндэслэлээр дээрх нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан байдаг.

1.4 Тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ******* ХХК-д 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9/*******тоот албан бичгээр даатгалын гэрээгээр хамгаалсан эрсдэлийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох талаар 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үүрэг болгосон боловч ******* ХХК-аас өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй.

1.5 ******* ХХК-тай байгуулсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 6.1.2.7 дахь хэсэгт Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно гэж заасан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд машиндаа засвар үйлчилгээ хийлгэсэн бодит үнийн дүн 26,284,700 төгрөг болсон. Нөхөн төлбөр авч чадаагүй 109 хоногийн алданги 14,325,107 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Иймд хариуцагч ******* ХХК-аас нөхөн төлбөрт 25,366,000 төгрөг, алданги 14,325,107 төгрөг, нийт 39,691,107 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон ослын улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр төлбөр авах хүсэлт ирүүлсэн. Манайхаас даатгалын гэрээ байгуулсан, осол болсон, даатгалын тохиолдол бий болсон дээр маргахгүй байгаа.

Нэхэмжлэгч ******* анх *******-иар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр №27266/ ******* дугаартай автомашинд 8,239,300 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон байдаг.

2.2 Гэвч *******-аар нэхэмжлэгч хохирлын үнэлгээг дахин шинэчлэн гаргуулсан байх бөгөөд хохирлын хэмжээг 26,284,700 төгрөг болгон өсгөн бичсэн байдаг. Хохирлын хэмжээг илт зөрүүтэй байдлаар тогтоосон *******-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээ бодитоор тогтоогдохгүй байсан тул нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.

2.3 Үнэлгээг хэд хэдэн шалтгаанаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхны бодит үзлэгийг энэ компани хийсэн. Гэхдээ дутуу хийсэн үү, үнэхээр хохирол бага учирсан уу, ямар ямар үндэслэлээр бодит хохирлыг буруу тогтоосон бэ гэдгийг мэдэхгүй байна. Хамгийн анхны тайлан дээрээ их гэрэл гэдэг зүйл огт тусгаагүй байсан. Тэгэхээр ослын улмаас гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэлээн хэдэн хоногийн дараа засвар хийлгэхдээ мэдсэн гэж тайлбарладаг. Энэ нь яг ослын үед бий болсон юм уу, ослын өмнө бий болсон байсан юм уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхээр их гэрлийн үнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

2.4 Даатгалын багц дүрэм Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм байдаг. Үүний нэгдүгээр хавсралтаар даатгагч болон даатгуулагчийн нэгжийн оролцогчдод тавигдах шаардлагаа дагаж мөрдөх зүйлүүдийг баталсан. Даатгалын хохирлын үнэлгээг мэргэжлийн санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийх хэрэгтэй. Мөн хохирлын үнэлгээ хийхэд ямар ямар шаардлага тавигдахыг заасан байдаг. Хохирлын 4, 6, 7 дах хэсэгт даатгалын хохирлын үнэлгээг хийхэд ашигласан 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, тооцоолол дээр үндэслэж хохирлын үнэлгээг хийнэ гэсэн байна. Гэтэл *******-ийн ажилтнаас гэрчийн мэдүүлэг авахад зөвхөн *******-ийн үнэлгээ дээр үндэслэж хийсэн гэдэг тайлбарыг өгсөн. Тэгэхээр 3-аас доошгүй үнийн судалгаа хийж байж зах зээлийн дундаж үнийг баримталж хийсэн гэдэг шаардлагатай нийцэхгүй байгаа юм.

2.5 Манайхаас ******* ХХК-ийн хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. *******-ийн хийсэн үнэлгээг сүүлд 2 компаниар дахин хийлгэсэн үнэлгээтэй харьцуулж харвал солигдоогүй байна. *******-ийн 1, 2, 4 гэх мэт эдгээр сэлбэгүүд солигдоогүй байхад үнэлгээнд оруулж дурдсан учраас эдгээр үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн ******* ХХК-ийн үнэлгээг харвал 7 эх үүсвэрийн үнийн судалгаа хийсэн. Тэгэхээр энэ үнэлгээ зах зээлийн үнэ, шаардлагад нийцсэн үнэлгээ хийсэн гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрч, даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол гарсан учраас 10%-аа хасаад нийтдээ 3,466,017 төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэж үзсэн.

2.6. Даатгалын төлбөрийн гэрээнд заасан нөхөн төлбөр олгох хугацаандаа 6 сая гаруй төгрөгийг анхны үнэлгээний тайланг үндэслээд олгосон. Үүнийг даатгуулагч хүлээн зөвшөөрөлгүй хуулийн дагуу маргаан үүсгээд эрхээ эдлээд явж байх хугацаанд буруутай үйлдлийн улмаас хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй учир алданги төлөх үндэслэлгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас 30,349,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,341,379 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Практикал даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 309,699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийг дараах үндэслэл, үйл баримтаар хүлээн зөвшөөрөхгүй.

******* ХХК нь даатгалын гэрээ байгуулсан болон даатгалын тохиолдол болсон асуудалд маргаагүй. Манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 3,466,017 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь *******-ийн *******гийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан бөгөөд даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн. Бид тухайн *******-ийн гаргасан 8,239,300 төгрөгийн хохирлын тайланг үндэслэн 8,239,300 төгрөгөөс гэрээний 5.2.5-д заасны дагуу урд хормойн болон доод хормойн хуулга 550,000 төгрөг, угаалга 75,000 төгрөг, компьютер оношилгоо 30,000 төгрөг, даатгуулагчийн буруутай тохиолдолд 10 хувийн төлбөр болох 758,430 төгрөгийг тус тус хасаж 6,825,870 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон. Гэтэл даатгуулагч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дахин *******-аар үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээний үнийн дүн 26,284,700 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Ийнхүү илтэд зөрүүтэй үнэлгээг ирүүлж, улмаар бидний олгосон нөхөн төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буцаан шилжүүлсэн.

4.2. Тус компанийн үнэлгээчин *******ийн гэрчийн мэдүүлэгт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тухайн машин ирж үзлэг хийлгэхдээ Мөнх хада ХХК-ийн үнийн саналыг авч ирсэн. Машиныг үзэхэд урд хэсэгтээ хагарсан цуурсан эвдрэл гэмтлүүд байсан. Тухайн үед үзлэг хийхэд хоёр гэрэлд үзлэг хийгдээгүй. Тухайн машины жилийн элэгдлийг тооцоод 8,200,000 төгрөгийн үнэлгээ гаргаад баталгаажуулаад явуулсны дараа 7-15 хоногийн дараа залгаад миний гэрэл хугарчихсан байна гэхээр нь тухайн үед Цагаан сарын баяр давхацсан, мөн би бэртээд чөлөө авсан байсан учир та ажил эхлэхээр хүрээд ир гэж хэлсэн. ******* материалаа авч ирэхдээ ******* ХХК-аас хоёр гэрлийнхээ үнийн саналыг аваад ирсэн байсан. Өмнө хийсэн үнэлгээ дээр хоёр гэрлийг нэмэхээр хоёр өөр зөрүүтэй үнэ гарч байгаа гэсэн үг. Хэвлэсэн огноо нь 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр байгаа...гэсэн байдаг. *******-ийн дахин үнэлгээний тайланд орсон өөрчлөлт нь баруун болон зүүн их гэрэл нэмэгдсэн гэж тайлбарласан бөгөөд тухайн тайланг анхны тайлан гарсан өдрөөс хойш гаргасан атлаа тайлангийн хугацааг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр гаргасан буюу дахин үзлэг хийсэн хугацаагаар биш анхны үзлэг хийж тайлан гаргасан хугацаагаар гаргасан нь эргэлзээ үүсгэсэн, үнэлгээ хийсэн хугацааг дурдаагүй. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед Уг автомашин нь урд буфер будаг зурагдсан, урд буферын хормой хагарсан, буферын таг хагарсан тогтоогч хагарсан, урд нүүр хагарсан, хуулга зурагдсан, нүүрний доод улаан эмжээр хагарсан урд нүүрний хүрээ хагарсан, гэрэл шүршигч таг хагарсан байдалтай байна гэсэн. Энэ байдал нь анхны тайлангийн үзлэг хийх үед байсан байдал бөгөөд дахин үзлэг хийж үнэлгээ хийсэн бол тус хэсэгт их гэрэл ямар байсан талаар дурдах байсан ч огт дурдаагүй.

4.3. Даатгалын багц дүрмийн нэгдүгээр хавсралт Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт-ийн 4.4 дэх хэсэгт даатгалын хохирлын үнэлгээ хийх бэлтгэл ажил нь дараах шаардлагад нийцсэн байна: 4.4.3-т даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх, 4.5 дахь хэсэгт даатгалын хохирлын үнэлгээний тайлан нь хохирлын үнэлгээг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байх бөгөөд уг тайлан нь дараах шаардлагад нийцсэн байна: 4.5.1-т тогтоосон даатгалын хохирлын үнэлгээ нь тодорхой үндэслэл тайлбартай байх, 4.6 дахь хэсэгт даатгалын хохирлын үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана. 4.6.3-т даатгалын хохирлын үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар, өдөр, 4.6.7-д даатгалын хохирлын үнэлгээ хийхэд ашигласан 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, түүнд хийсэн тооцоолол гэж тус тус заасан.

Гэтэл *******-ийн үнэлгээний тайлан нь дээрх шаардлагуудыг хангаагүй. Тухайлбал, 3-аас доошгүй газрын үнийн судалгаа, түүнд хийсэн тооцоололд үндэслэх ёстой ч зөвхөн Мөнх хада ХХК-ийн үнийн саналаар тайлан гаргасан нь бодитой, үндэслэлтэй болоогүй. Мөн тус үнэлгээг мэргэжлийн үнэлгээчин бус үнэлгээ хийх эрхгүй, туслах үнэлгээчин хийсэн нь тус компанийн тайланд эргэлзээ үүсэх үндэслэл болж байгаа.

4.4. Сүүлийн үнэлгээний тайланд нэмэгдсэн баруун болон зүүн их гэрэл нь эвдэрсэн гэж тайлбарлаж байгааг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болсон ослоос үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 17 хоногийн хугацаанд дахин эвдрэл, гэмтэл учруулсан осол гарсныг үгүйсгэхгүй. Мөн *******-ийн үнэлгээний тайлангийн ослын зурагт баруун болон зүүн их гэрэл гэмтээгүй, гэмтэх нөхцөл бүрдээгүй байсан ба дараагийн тайланд ирүүлсэн зураг огт өөрчлөгдөөгүй байгаагаас харвал нэмэгдүүлсэн дүнг нотлох баримт байхгүй байгааг илтгэнэ. Мөн даатгуулагч тус 2 тайлангийн эхний тайланг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Хэрэв тухайн ослын улмаас үүссэн байсан ч хохирлын үнэлгээний компанийн үзлэг дүгнэлтийг дутуу хийсэн, хайнга хандаж, хууль тогтоомжид нийцээгүй дүгнэлт гаргасан буруутай байдлыг бид хариуцах үндэслэлгүй байна. Иймд *******-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.5. ******* ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангийн тухайд,

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-аар дахин үнэлгээ хийлгэсэн. Тус компанийн үнэлгээнд тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед ямар байсан гэх хэсэгт Урд буфер, түүний тогтоогч түгжээ болон гэрэл угаагчийн таг, тогтоогч түгжээ, түүнчлэн урд нүүр буферын радиаторын сетка, буферын зайн мэдрэгчийн хүрээ, мөн баруун зүүн урд их гэрлүүд солигдсон байв. Осол болсон үеийн гэмтлийг тогтоох боломжгүй. Их гэрлийн судалгааг долоон эх үүсвэрийг авч зах зээлийн дундаж үнэлгээг гаргасан гэсэн байна. Тус үнэлгээг хийхдээ тээврийн хэрэгсэлд бодит үзлэг хийж, бодитоор ямар хохирол учирсан буюу ямар сэлбэг хэрэгсэл солигдсон болох, ямар зардал гарсан болохыг тогтоож, олон эх үүсвэрээс судалсны үндсэн дээр үнийг тогтоож, үнэлгээг хийж Даатгалын багц дүрэм-д заасан хохирлын үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан хамгийн бодитой үнэлгээг хийсэн гэж үзэхээр байна. Даатгагчид олгох нөхөн төлбөр нь бодитоор ямар хохирол учирсан буюу хохирлыг арилгахад ямар хэмжээний зардал бодитоор гарсан гэдгээр тодорхойлогдоно. ******* ХХК нь бодитоор ямар сэлбэг солигдсон, тухайн сэлбэг нь шинэ, хуучин байсан эсэх зэрэг байдлыг тодорхой тогтоож үнэлсэн. Үнэлгээг 17,351,130 төгрөгөөр гаргасан ч бид тухайн үнэлгээнээс баруун зүүн их гэрлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд солигдсон эд ангиуд болох 4,141,000 төгрөгийн зардлаас элэгдэл тооцсон 289,870 төгрөгийг хасаж, үлдэх 3,851,130 төгрөгөөс гэрээний 5.1.11-т заасны дагуу буруутай тохиолдлын 10%-ийг хасаж, 3,466,017 төгрөгийг олгох нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

4.6. ******* ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангийн тухайд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* болон ******* ХХК-ийн үнэлгээ зөрүүтэй байсан тул дахин үнэлгээг хийлгэхээр ******* ХХК-г томилсон. Тус үнэлгээний тайланг гүйцэтгэхдээ хөрөнгийн байдалтай биечлэн танилцаагүй, "******* ХХК-ийн мэргэжилтэнтэй санал солилцоход: Бид хамтран осолд орсон машины эд ангитай танилцаж эд ангиудын эвдрэлийн талаар зөвшилцөн холбогдогч талууд гарын үсэг зурсан материал хавтаст хэрэгт байгаа. Жишээ нь хөндлөн травис, гэрлийн хүрээ, хөдөлгүүрийн хаалт зэрэг солиогүй. Баруун, зүүн их гэрэл нь шинэ биш задаргааны гэрэл зэрэг байсан болно гэсэн мэдээлэл өгсөн гэсэн байна. Иймд хөрөнгийн байдалтай биечлэн танилцаагүй, ******* ХХК-ийн үнэлгээний тайланд үндэслэн гүйцэтгэсэн зэргээс үзэхэд тус компанийн тайлан нь мөн үндэслэлтэй болсон гэхэд эргэлзээ үүсгэж байна.

Дээрх үнэлгээнүүдээс үзэхэд ******* ХХК, ******* ХХК нарын үнэлгээний тайланд *******-ийн тайланд тусгасан зарим сэлбэг, эд ангиуд нь тусгагдаагүй. Тухайлбал, хөндлөн травис, гэрэл хүрээ, хөдөлгүүрийн хаалт зэрэг нь солигдоогүй тул үнэлгээний тайланд оруулаагүй байна. Иймд *******-ийн үнэлгээний тайлан нь бодитой бус, эргэлзээ үүсгэсэн, дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хамгийн бодит, үндэслэл бүхий үнэлгээг хийсэн ******* ХХК-ийн үнэлгээнээс 3,466,017 төгрөгийг хүлээн зөвшөөрч олгох үндэслэлтэй байна.

4.7. Алдангид нэхэмжилсэн 14,325,107 төгрөгийн түхайд,

Даатгалын гэрээний 5.1.3-т Даатгагч гэрээнд заасны дагуу шаардлага хангасан бүрэн гүйцэд материалыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, 5.2.1.7-д Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно гэж заасан. Бид материалыг бүрэн хүлээн авсан өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр баримт бичгүүдийг нягтлан шалгаж 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр даатгуулагчийн Голомт банкны ******* тоот дансанд *******-ийн анхны үнэлгээний тайланд үндэслэн 6,825,870 төгрөгийг олгох нь үндэслэлтэй байна гэж шийдвэрлэн шилжүүлсэн. Гэвч даатгуулагч нь тухайн нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буцаан шилжүүлсэн. Улмаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, даатгалын гэрээний 11.2, 11.3 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагуудад гомдлоо гарган маргаан үүсэж явсан. Анхан шатны шүүхээс алдангид 7,841,286 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Бидний зүгээс хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж холбогдох баримт материалыг нягтлан шалгаж, хугацаанд нь нөхөн төлбөрийг олгох буюу шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Даатгуулагч нөхөн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй мөнгийг буцаан шилжүүлсэн нь өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж гомдлоо шийдвэрлүүлж явсан хугацааг, хугацаа хэтэрсэн гэж үзвэл бидний буруутай үйлдэл биш бөгөөд үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрт 3,466,017 төгрөгийг олгох үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй тул 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01792 дугаар шийдвэрийн зарим хэсгийг буюу 26,883,711 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ХХК-ийн үнэлгээний тайлантай холбоотой асуудлаар хариуцагч тал маргасан. Эхний үнэлгээгээр хохирол 8,0 сая гаруй төгрөгөөр тогтоогдсон. Хоёр дахь үнэлгээнд 2 их гэрлийн гэмтлийн бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд шинжээч тээврийн хэрэгсэлд бодит үзлэг хийж, урд хэсгийн капотыг сөхөж үзэн их гэрлийн хугарсан сэнжтэй хэсгийг зурагт баримтжуулан тайланд тусгасан бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн хариуцагчийн хүсэлтээр *******-ийн шинжээчийг гэрчээр асуухад, 2024 онд орж ирсэн шинэ машин байсан. Бид зах зээлийн бодит үнэлгээг тогтоох зорилготой байсан бөгөөд хуучин сэлбэгтэй харьцуулах боломжгүй. Хөрөнгө үнэлгээний газар зах зээлийн бодит үнэлгээг гаргах ёстой. Тийм учраас бид нар албан ёсны дистрибьютер *******" ХХК-ийн үнийн санал дээр тулгуурлан үнийн саналаа гаргаж, 7 хувийн элэгдэл тооцож үнэлгээ гаргасан болохоо тайлбарласан.

5.2. ******* ХХК-ийн эхний үнэлгээ болон дараагийн үнэлгээний хооронд зөрүү их байгаа нь тухайн үед нүдээр ил харагдах боломжгүй байсан гэмтлийг оношилгоо, сервисийн үзлэгээр тогтоосонтой холбоотой. Уг нөхцөл байдал нь мөн нэмэлт үзлэг, оношилгоогоор баталгаажсан. Гэтэл хариуцагч талаас тухайн гэрлийн шонгийн хугарал нь дахин ослын улмаас үүссэн байж болзошгүй гэж маргасан боловч баримтаар нотлогдоогүй. Тухайлбал, гэрэл зураг болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн уг нөхцөл байдал анхны даатгалын тохиолдолд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн.

5.3. Анхан шатны шүүх хариуцагчийн дахин шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлт, мөн нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтүүдийг бүрэн хангаж нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

5.4. Алдангитай холбоотой тайлбарын тухайд, 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Даатгалын тохиолдол үүссэнээс хойш хариуцагч нь татгалзсан гэж мэдэгдэж байгаа боловч Даатгалын тухай хуульд заасан 14 хоногийн хугацаанд татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй. Мөн иргэний хэрэг үүсэж, нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээр татгалзсан гэж дурдсан. Иймээс нэхэмжлэгч дээрх нөхцөл байдлыг харгалзан нийт 109 хоногийн хугацааг тооцож алдангийг нэхэмжилсэн. Алдангийг анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 25,366,000 төгрөг, алданги 14,325,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... зам тээврийн ослын улмаас даатгуулсан тээврийн хэрэгсэлд хохирол учирч даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс алданги шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг *******-ийн анх тогтоосны дагуу нөхөн төлбөрийг цаг хугацаанд нь олгосон боловч ******* нь үндэслэлгүйгээр дахин хохирлын хэмжээг илт зөрүүтэй байдлаар тогтоосон үнэлгээний тайлан гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, автомашины баруун, зүүн их гэрлийн гэмтэл тухайн ослоос болсон эсэхийг мэдэхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 0336429052213861 дугаар Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 8 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай, *******тоот арлын дугаартай Toyota Land Cruiser-LC300 GR-S маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамжид 3,100,000 төгрөгийг төлөх, даатгагч ******* ХХК нь даатгалын тохиолдол бий болоход хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-38х/

Даатгуулагч ******* даатгалын хураамж 3,100,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

4. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, 361-р гармын замд даатгуулсан Toyota Land Cruiser-LC300 GR-S маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурд хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамруулан сонгож явна гэж заасныг зөрчиж, Л.Түвшинбаярын жолоодож явсан Hyundai sonata маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, мөн өдрийн Шийтгэлийн хуудсаар *******т торгох шийтгэл ногдуулсан байдлаар тогтоогдсон. /хх-4-5х/

Мөн уг ослын улмаас даатгуулсан Toyota Land Cruiser-LC300 GR-S маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг *******-ийн үнэлгээний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тайлангаар 8,239,300 төгрөгөөр тогтоосон боловч 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баруун болон зүүн их гэрэл солихоор үнэлгээний тайланд өөрчлөлт оруулж нийт 26,284,700 төгрөгөөр тогтоосон байна. /хх-32-34х/

Талууд зам тээврийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болсон үйл баримтад маргаангүй, харин даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээний талаар маргасан.

4.1. Нэхэмжлэгч ******* Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн Зохицуулах хороонд хандаж урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан, тус хорооноос даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргасан боловч хариуцагч биелүүлээгүй, мөн хорооны шийдвэрт гомдол гаргаагүй.

4.2. Анхан шатны шүүх *******-ийн үнэлгээний тайлан, *******-ийн үнийн санал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, ******* ХХК, ******* ХХК нарын үнэлгээний тайлан зэргийг тал бүрээс нь харьцуулан ослын улмаас даатгуулагчийн автомашины баруун болон зүүн их гэрэл гэмтсэн болохыг дүгнээд учирсан хохирлыг *******-ийн үнэлгээний тайлангаар тогтоосны дагуу хариуцагч ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Тодруулбал, ******* нь анх үнэлгээ гаргахдаа тээврийн хэрэгслийн баруун болон зүүн их гэрэл-ийн гэмтлийг илрүүлээгүй бөгөөд даатгуулагч автомашинаа засварлуулахаар *******-ийн авто засварын төвд хандахад урд хоёр их гэрлийн нүүр боодог хэсэг хугарсан учир нүүр хэсгийг тогтоох боломжгүй гэсэн даруйд *******-д хандсанаар дахин үзлэг, оношилгоо хийлгэж баруун болон зүүн их гэрлийн гэмтлийг тогтоож, үнэлгээний тайланд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон, мөн даатгуулагчийн тээврийн хэрэгсэл 2023 онд үйлдвэрлэгдэж, 2024 онд Монгол Улсад орж ирсэн байдлыг харгалзан баруун болон зүүн их гэрлийн үнийг шинэ гэрлийн үнээр тооцон улмаар 7 хувиар элэгдэл тооцож үнэлснийг үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

4.3. ******* ХХК нь хохирлыг үнэлгээг автомашиныг засварласан Пегиколор ХХК-ийн Usar авто сервисийн нэхэмжлэхийг үндэслэн гаргасан гэх боловч уг нэхэмжлэхэд баруун их гэрэл 9,599,350 төгрөг, зүүн их гэрэл 9,599,350 төгрөгийн үнэтэй байхад баруун болон зүүн их гэрлийг 12,000,000 төгрөгөөр үнэлснийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн ******* ХХК, ******* ХХК нар нь автомашиныг засварласны дараа үзлэг хийж, үнэлгээний тайлан гаргасан ба үнэлгээний тайланд солигдоогүй гэх үндэслэлээр үнэлээгүй эд ангиуд нь Пегиколор ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Бэлэн мөнгөний орлого баримтаар хүлээн авсан сэлбэгт тусгагдсан тул эдгээр үнэлгээг эргэлзээтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ******* нь ...зөвхөн *******-ийн үнийн саналаар тайлан гаргасан нь бодитой, үндэслэлтэй болоогүй, тээврийн хэрэгсэлд ослын улмаас үүссэн гэмтлийг тайланд тусгаагүй хайнга хандсан буруутай байдлыг бид хариуцахгүй, ******* ХХК-ийн үнэлгээнээс баруун болон зүүн их гэрлийн үнийг хасаж, үлдэх хэсгээс элэгдэл тооцсон болон өөрийн буруутайн 10%-ийг хасаад хохирлыг барагдуулна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Алдангийн тухайд,

5.1. Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1.7-д Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно гэж тохиролцож, талууд анзын гэрээг бичгээр байгуулжээ.

5.2. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

Хариуцагч ******* ХХК нь Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1.7-д заасны дагуу *******гийн нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 6,825,870 төгрөгийг олгосон боловч талуудын хооронд нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргаан үүсэж, нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буцаан шилжүүлж, улмаар шүүхэд хандсан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу нөхөн төлбөрт олгосон мөнгийг нэхэмжлэгч ******* буцаан шилжүүлсэн, нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргаан үүссэн нөхцөл байдалд хариуцагчийг гэм буруутай гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бидний зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж материалыг нягтлан шалгаж, хугацаанд нь нөхөн төлбөрийг олгосон, өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж гомдлоо шийдвэрлүүлж явсан хугацааг хугацаа хэтэрсэн гэж үзвэл бидний буруутай үйлдэл биш бөгөөд биднийг үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй гэх давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас алданги 7,841,286 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шаардах эрхэд хамааралгүй Даатгалын тухай хуулийн даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарах заалтыг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг хассан өөрчлөлтийг оруулна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2026/01792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт гэснийг хасаж, 30,349,728 төгрөгийг гэснийг 22,508,442 төгрөгийг гэж, ...үлдэх 9,341,379 төгрөгийг гэснийг 17,182,665 төгрөгийг гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын ...309,699 төгрөгийг гэснийг 270,492 төгрөгийг гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,369 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.ОЮУНТУЯА