| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00170/И |
| Дугаар | 134/ШШ2016/00160 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2016/00160
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн гаргасан
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 3-03 тоотод оршин суух, Монч овогт Цэвээний Бямбасүрэнг /РД:ЕЙ76020131/ албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийг төлөөлж, саатуулах, баривчлах байрны эмч ажилтай Б.Жавхлан, өвчтэй этгээд Ц.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь Ц.Бямбасүрэнг албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 3-03 тоотод оршин суух Монч овогт Цэвээний Бямбасүрэн нь удаа дараа архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчсөн байх тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлээр албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байна. Учир нь Ц.Бямбасүрэн нь байнга архидан согтуурдаг, захиргааны арга хэмжээ авагддаг учраас нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр оруулж дүгнэлт гаргуулсан. Мөн эхнэр нь албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс нь Ц.Бямбасүрэнг албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
Монч овогт Цэвээний Бямбасүрэн /РД:ЕЙ76020131/ нь согтуурах донтой өвчтэй, удаа дараа гэртээ хэрүүл маргаан үүсгэж, эрүүлжүүлэгдэн нийгмийн хэв журмыг зөрчиж, захиргааны хариуцлага хүлээсэн, сайн дураараа эмчлүүлэхээс зайлсхийдэг болох нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...цаашид архины дуршил буулгах хордлого тайлах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 132 дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 144 дугаартай шийтгэвэр, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай шийтгэвэр, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-ийн 16-23 дугаар хуудас/, Д.Хандсүрэнгийн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл болон түүнийг асуусан тэмдэглэл, Ц.Бямбасүрэнг асуусан тэмдэглэл, Ц.Бямбасүрэнгийн захиргааны зөрчилд холбогдон арга хэмжээ авагдсан талаарх мэдээллийн сангаас олгосон лавлагаа, гэрч Д.Хандсүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Ц.Бямбасүрэн нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журам зөрчиж сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан үндэслэлээр албадан эмчлэх газарт явуулан албадан эмчилж, түүнийг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Монч овогт Цэвээний Бямбасүрэнг /РД:ЕЙ76020131/ албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилсүгэй.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ц.Бямбасүрэнг албадан эмчлэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг өвчтэй этгээд эс зөвшөөрвөл шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ