| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/06548/И |
| Дугаар | 210/МА2026/00720 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00720
******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/09493 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нар,
Хариуцагч: *******нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу тооцоо нийлсэн актаар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар ******* ХХК нь 560,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг төлбөр авагч ******* ХК-тай баталгаажуулсан.
1.2.Төлбөр авагч ******* ХК нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцон Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу барьцаанд байсан ОХУ-ын иргэн *******ийн өмчлөлийн ******* ХК-ийн 10,231 /1,023,100/ ширхэг хувьцааг ******* ХХК-д өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар өмчлөх эрх үүссэнийг зөвшөөрөх агуулгатай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээг тус тус үндэслэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан.
1.3.Төлбөр авагч ******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас ******* ХХК болон ОХУ-ын иргэн ******* нар нь ******* ХК-ийн 10,231 /1,023,100/ ширхэг хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах, хувьцааны ногдол ашиг авах эрхгүй, уг хувьцааны төлбөрт нэг ч төгрөг авч чадаагүй хохирч байна. Тухайн хувьцааны зах зээлийн ханш тухайн үедээ 10,000,000 ам.долларын биржийн үнэлгээтэй, жилдээ 790,000,000-1,390,000,000 төгрөгийн ногдол ашиг авдаг байсан, өнөөдрийн биржийн ханшаар 36,000,000,000 төгрөгийн ханштай байна.
1.4. ******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/66 тоот албан бичгээр төлбөр авагч ******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны талаар *******нд гомдол гаргахад тус албаны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/43 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр *******нд төлбөр авагч ******* ХК-ийн буруутай үйл ажиллагаа болон бусад асуудлаар гомдол, хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******нд дахин гомдол гаргахад тус албаны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9-1/2562 тоот албан бичгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хууль зүйн үндэслэлгүй хариуг бичгээр ирүүлсэн.
1.5.Иймд төлбөр авагч ******* ХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон тул төлбөр авагчид 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 1,232,952,362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох ******* аймгийн ******* суманд байрлах ******* ХХК-ийн бааз, барилга байгууламж, Хятад Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй чиргүүл 10 ширхэг, чиргүүл цагаан 20 ширхэг, ачигч 1 ширхэг, ВТВ-Д 200 тонны электрон вагон жин, гүний худаг, автомашины 1,000 тонны даацтай жин, 300 метр салаа төмөр зам, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн трансформатор, SHAHNXI маркийн 2007 онд үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин 20 ширхэг, чирэгч 10 ширхэг /*******/, *******УБС улсын дугаартай, Тоёота Ланд Крузер маркийн автомашин, ******* ХК-ийн 11,660 ширхэг хувьцаа, ******* болон Анод банкны харилцах дансны орлого зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2.Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийн дагуу олгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамж, мөн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
2.3.Нэхэмжлэгч тал нь төлбөр авагч ******* ХК-ийн буруутай үйл ажиллагаагаар хувьцаа шилжих ажиллагаа явагдсанаас шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаалгахаар шаардсан байх ба төлбөр авагч ******* ХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.4.Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
3.1.******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар баталж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш 15 жил болж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 550,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
3.2.Уг хэрэг маргаантай холбоотойгоор ******* ХХК нь ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад дахин адил агуулгаар гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон.
3.3.******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас ОХУ-ын иргэн ******* хувьцаагаа алдсан мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн эвлэрлийн гэрээг баталсан иргэний хэрэгт ОХУ-ын иргэн ******* нь өөрөө түүний эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөхгүй учраас гуравдагч этгээдээр оролцохгүй гэдэг байдлаар шүүх хуралдаанд тайлбараа гаргаж өгсөн байдаг. Мөн ******* ХК, ******* ХХК болон ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нарын хооронд хийсэн 800,000 ам.долларын үнэ бүхий тухайн хувьцааг худалдсан гэрээг дэмжин баталгаажуулсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3371 дугаар тогтоол нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцлийг дараа нь баталгаажуулсан баримт бичиг учраас ямар нэгэн хууль зөрчсөн, эсхүл хуулиас гадуурх ажиллагаа огт явагдаагүй.
3.4.Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
4.1.Манай компанид хамааралтай асуудал байхгүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ёсчлон гүйцэтгэх учиртай бөгөөд шүүхийн шийдвэрт заасан утга агуулга, үг үсгийг өөрчлөх, хувиргахгүйгээр биелүүлэх үүрэгтэй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******нд холбогдуулан гаргасан төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үйл баримтыг бүхэлд нь хянаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл тодорхойгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
6.1.1.Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагч ******* ХХК-ийн хөрөнгөөс гадна ОХУ-ын иргэн *******ийн өмчлөлийн ******* ХК-ийн 11,660 ширхэг хувьцаагаар хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсан. Уг захирамжийн дагуу ******* ХХК нь 2010 оны 05 дугаар сараас 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 1,232,952,362 төгрөгөөс 672,782,270 төгрөгийг төлж, 560,170,092 төгрөгийн үлдэгдэлтэй байхад ******* ХК нь үлдэгдэл төлбөрийн төлөлтийг зогсоож, ******* ХК, ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нар нь 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээг байгуулсан, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 560,170,092 төгрөг болохыг баталгаажуулан акт үйлдсэн.
Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулсан эвлэрлийн гэрээг үндэслэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК болон ОХУ-ын иргэн ******* нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээг ******* ХК хожим дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл болох 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх тухай эвлэрлийг баталсан.
Улмаар ******* ХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу олгосон 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг зөрчсөн буюу шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн байхад гүйцэтгэх хуудас бичигдсэн.
6.1.2.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжид дурдагдсан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-аас ******* ХК-д ОХУ-ын иргэн *******ийн өмчлөлийн ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааны төлбөрт 800,000 ам.доллар шилжүүлсэн төлбөрийн баримтын талаар бид 2022 онд олж мэдсэнээр ******* ХХК нь хариуцагч ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан уг захирамжид дурдагдсан шилжүүлгийн баримтыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлснийг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээр нотлох баримт гаргуулсан.
Тодруулбал, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэрэгт ******* ХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой, ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дахь 241100.000002 тоот дансанд 800,000 ам.долларыг ******* эзэмшиж буй ******* ХК-ийн хувьцааны төлбөрт гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн тэмдэглэгээтэй, мөнгө тушаагч ******* гарын үсэг зурагдсан, нотариатаар батлуулаагүй 1 хуудас баримтыг хариуцагч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
******* нь уг баримтад бичигдсэн дансыг ******* ХХК-ийн данс гэж тодорхойлдог боловч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нь ...манай компани *******анд ямар нэгэн данс нээлгэж байгаагүй, уг 800,000 ам.доллар тушаасан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баримтын мөнгө тушаагч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна... гэж мэдүүлдэг, мөн тус банкны архивд баримт бичгийн үзлэг хийхэд захирамжид дурдсан данстай холбоотой баримт бичиг огт байхгүй гэдэг.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгө тушаасан баримтыг хуурамчаар шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК нь 800,000 ам.доллар бэлнээр өөрийн дансанд тушааж, хувьцааны өмчлөх эрхийг шүүхийн шийдвэрээр авсан ойлголтыг төрүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх ...Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ... гэж дүгнэж шийдвэрлэсэн.
6.2.Төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д ...төлбөр авагч ******* ХК нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад удаа дараа саад учруулсан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримтын талаарх тайлбарыг шүүхийн шийдвэрт орхигдуулж тусгаагүй, маргаан бүхий үйл баримтыг үнэлж дүгнээгүй.
6.4.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамж, ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрт дурдагдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн дүгнээгүй.
6.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1.Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд уг шийдвэрээр 1,200,000,000 төгрөг гаргуулахаас өнөөдрийн байдлаар 560,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
7.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т төлбөр авагч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг буцаахаар заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн зүгээс тус заалтад хамаарах ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг буцаах хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв гүйцэтгэх баримт бичгийг буцаах тохиолдолд төлбөр авагч ******* ХК-ийн 560,000,000 төгрөг төлөгдөөгүй хэвээр үлдэх нөхцөл байдал үүснэ.
7.3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нар нь хариуцагч *******нд холбогдуулан төлбөр авагчид 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...төлбөр авагч ******* ХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй... гэж эс зөвшөөрч маргасан.
2.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК нь ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин адил агуулгаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон, мөн ******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас ОХУ-ын иргэн ******* хувьцаагаа алдсан мэтээр нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, ямар нэгэн хууль зөрчсөн, эсхүл хуулиас гадуурх ажиллагаа огт явагдаагүй... гэх агуулгаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь ...манай компанид хамааралтай асуудал байхгүй байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг түүнд заасан утга агуулга, үг үсгийг өөрчлөх, хувиргахгүйгээр биелүүлэх үүрэгтэй... гэх агуулгаар тус тус тайлбар гаргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.******* ХК нь хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,270,622,483 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дугаар эвлэрлийн гэрээг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* ХК нь 1,270,622,483 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгаж, хариуцагч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,232,952,362 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 100,000,000 төгрөг төлж, 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 132,950,000 төгрөг төлөх байдлаар төлж барагдуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй буюу төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* аймгийн ******* суманд байрлах ******* ХХК-ийн бааз, барилга байгууламж, Хятад Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй чиргүүл 10 ширхэг, чиргүүл цагаан 20 ширхэг, ачигч 1 ширхэг, ВТВ-Д 200 тонны электрон вагон жин, гүний худаг, автомашины 1,000 тонны даацтай жин, 300 метр салаа төмөр зам, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн трансформатор, SHAHNXI маркийн 2007 онд үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин 20 ширхэг, чирэгч 10 ширхэг /*******/, *******УБС улсын дугаартай, Тоёота Ланд Крузер маркийн суудлын автомашин, ******* ХК-ийн 11,660 ширхэг хувьцаа, ******* болон Анод банкны харилцах дансны орлого зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх-ийн 11-15, 16-17, 191-193-р тал/
3.2.Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* ХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3837 дугаар захирамж гарч, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /1хх-ийн 189, 190-р тал/
3.3.2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* ХК, ******* ХХК болон ОХУ-ын иргэн ******* нар нь барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2007, 2008 онуудад байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдээр хүлээсэн үүрэг буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг биелүүлэх, тооцоо нийлсэн актын дагуу өр төлбөрийг барагдуулах зорилгоор ОХУ-ын иргэн *******ийн өмчлөлийн ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг борлуулан ******* ХХК-ийн нийт зээлийн өр төлбөр болох 2,226,345,216 төгрөгийг барагдуулахаар тохиролцсон байна. /1хх-ийн 18-19-р тал/
3.4.Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК, ******* ХК-иуд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжид заасан төлбөрөөс төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 557,034,712 төгрөг, тэмдэгтийн хураамж 3,135,380 төгрөг, нийт 560,170,092 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлджээ. /1хх-ийн 31-р тал/
3.5.******* ХК нь ОХУ-ын иргэн ******* нь ******* ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр ******* ХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн ******* ХК-ийн 11,660 ширхэг хувьцааг барьцаалсан байхдаа барьцаалагч ******* ХК-аас зөвшөөрөл авалгүйгээр барьцаа хөрөнгө болох ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг 800,000 ам.доллароор худалдахаар ******* ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэлээр ОХУ-ын иргэн ******* болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******дугаар тогтоолоор уг 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хэлцэл зохих этгээдийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 251 дугаар магадлалыг хүчингүй болгож, харин уг хэлцлийг хийхдээ барьцаалагч ******* ХК-аас зөвшөөрөл аваагүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 20-30-р тал/
3.6.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигчийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгуулагдсан эвлэрлийн гэрээг үндэслэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нарын байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг ******* ХК нь хожим дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл болох ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, уг 10,231 ширхэг хувьцааны өмчлөх эрх ******* ХХК-д үүсэх, ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үнэ 800,000 ам.долларыг ******* ХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх-ийн 40-43, 48, 49-51-р тал/
3.7.Улмаар төлбөр авагч ******* ХК нь дээр дурдсан Чингэлтэй дүүргийн шүүхээс олгосон 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаар гүйцэтгэх хуудсыг гээгдүүлсэн үндэслэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар 381 дугаар гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, дахин олгосон тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, уг өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /1хх-ийн 188, 189, 190, 194, 197-198-р тал/
3.8.Ийнхүү Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* ХХК-ийн ******* аймагт байрлах хөрөнгөд ажиллагаа явуулсантай холбоотойгоор ******* ХХК нь хариуцагч ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа хариуцагчийн эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолыг тус тус хууль бус болохыг, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК нь ОХУ-ын иргэн *******ийн өмчлөлийн ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааны төлбөрт 800,000 ам.доллар төлсөн болохыг баталсан тул төлбөр төлөгч ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжид заасан 1,232,952,362 төгрөгийн зээлийн төлбөрөөс 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* ХК-тай тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 560,170,092 төгрөгийг төлөгдсөн үндэслэлээр төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлснийг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тус тус тогтоолгохоор нэмэгдүүлсэн.
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-322-4399 дугаар үнэлгээг хүчингүй болгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоол болон эд хөрөнгө хураах тухай 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, ******* дугаар тогтоолоор хууль бусаар хураагдсан ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* ХХК-ийн баруун хойд талд байрлах, 2 давхар хуучин цагаан контор 1 ширхэг, харуулын байр 1 ширхэг, сауны зориулалттай 96 м2 барилгыг тус тус чөлөөлүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлснийг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх-ийн 67-84-р тал/
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5.Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК, ОХУ-ын иргэн ******* нар нь төлбөр авагч ******* ХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон үндэслэлээр төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичиг буюу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нар нь төлбөр авагч ******* ХК нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигч ОХУ-ын иргэн *******ийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг 800,000 ам.доллароор худалдахаар ******* ХХК-тай тохиролцсон нь уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Энэхүү тохиролцоог 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХК-д холбогдох хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж байх үед ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд хийсэн буюу уг талуудын байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн болон 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээг тус тус үндэслэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталжээ.
Түүнчлэн ОХУ-ын иргэн ******* нь ******* ХХК-ийн ******* ХК-тай байгуулсан 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 08/230 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн ******* ХК-ийн 11,660 ширхэг хувьцаагаар хангуулахаар ******* ХК-тай байгуулсан 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барьцааны гэрээ болон 08/230 дугаар зээлийн гэрээг тус тус үндэслэн ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дугаар эвлэрлийн гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталсан, мөн ОХУ-ын иргэн ******* нь барьцаалагч ******* ХК-аас зөвшөөрөл авалгүйгээр барьцаа хөрөнгө болох ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг 800,000 ам.доллароор худалдахаар ******* ХХК-тай 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг ******* ХК нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн *******дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх боловч ******* ХК нь уг 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хожим дэмжин зөвшөөрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамжаар баталснаас гадна уг захирамжаар ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан, ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, уг 10,231 ширхэг хувьцааны өмчлөх эрх ******* ХХК-д үүсэх, ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үнэ 800,000 ам.долларыг ******* ХК-д төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталсан шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх ба уг шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Харин төлбөр төлөгч ******* ХХК-аас 560,170,092 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн явуулсан байх тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнөх нөхцөл байдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан нөхцөл байдалд хамааруулан ойлгохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон гэх нөхцөл байдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө болжээ.
Иймд анхан шатны шүүх төлбөр авагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй.
Энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үйл баримтыг бүхэлд нь хянаагүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй... гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.
6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
7.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
7.1.Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* ХК-ийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэх хуудсыг гээгдүүлсэн үндэслэлээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар 381 дугаар гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, дахин гүйцэтгэх хуудас олгосон байхаас гадна ******* ХХК нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн дагуу 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нийт 675,917,650 төгрөгийг төлсөн, улмаар талууд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн талаар ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан, уг үйл баримтад нэхэмжлэгч тал маргаагүй байх тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар дахин олгосон тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасанд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн байхад гүйцэтгэх хуудас бичигдсэн... гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
7.2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-аас ******* ХК-д ОХУ-ын иргэн *******ийн өмчлөлийн ******* ХК-ийн 10,231 ширхэг хувьцааны төлбөрт 800,000 ам.доллар шилжүүлсэн төлбөрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, уг хувьцааны төлбөрт 800,000 ам.долларыг бодитой шилжүүлсэн эсэх асуудал нь төлбөр авагч ******* ХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон эсэх маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байна.
Түүнчлэн ******* ХХК нь ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрт гомдол гаргаагүй, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ шийдвэрт холбогдох асуудлаар гаргасан анхан шатны шүүх гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдоогүй талаар дүгнэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.
7.3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлбөр авагч ******* ХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон эсэх асуудлыг дүгнэж шийдвэрлэснээс гадна төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад удаа дараа саад учруулсан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар дурдсан байгааг буруутгахгүй тул энэ талаарх ...анхан шатны шүүх удаа дараа саад учруулсан гэж дүгнэсэн нь буруу... гэх гомдол үндэслэлгүй.
7.4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар захирамж, ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийдвэрт дурдагдсан нөхцөл байдлыг зөв дүгнэсэн.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/09493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.МӨНХЦЭЦЭГ