Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 392

 

 


СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 11 дүгээр
сарын 15-ны өдөр                              Дугаар    392                                      Баруун-Урт


                                      
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг, “Хэрстийн хоолой” гэх газар нутаглах, /РД: ЛМ66120301, утасны дугаар 94822601/, Тайжууд овогтой Тогтохын Болормаагийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие 1982 оноос 1989 оны 6 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3 дугаар бригадад хонин сүргийн туслах малчнаар ажиллаж байсан. Гэтэл гэр маань гал түймэрт шатаж хөдөлмөрийн дэвтэр үгүй болсон. Иймд гэрчийн мэдүүлэг, илтгээлийн эздийг томилсон 37 тоот тогтоол, “Жаргалын зам” нэгдлийн бүх гишүүдийн 2/9 тоот тогтоолуудыг үндэслэн  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1982 оноос 1989 оны 6 дугаар сар хүртэл хонин сүргийн туслах малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
    
 Хүсэлт гаргагч Тайжууд овогт Тогтохын Болормаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оноос 1986 оны 6 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Т.Болормаа нь “Миний бие нь хэвтэрт байдаг өөрийн эгч Т.Шүрээг асран халамжилж байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг  ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Тайжууд овогтой Тогтохын Болормаа нь 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1986 оны 6 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3 дугаар бригдадад хонин сүргийн  туслах малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 37 тоот тушаалын хуулбар,  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/9 тоот тогтоол, хавсралтын хуулбар, Сүхбаатар аймгийн Төрийн архивын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №211/15 лавлагаа,  

гэрч Хатгин Егүзэр овогт Аюушийн Будын шүүхэд мэдүүлсэн: “Т.Болормаа нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч хөдөө саальчин, туслах малчин зэрэг ажлыг хийж байсан хүн. Аав Тогтох нь “Жаргалын зам” нэгдлийн 3 дугаар бригадад эр төлөг маллаж, тарга хүчний аварга болж байсан, сайн малчин хүн байсан. Т.Болормаа  аавынхаа хамжаанд ажиллаж байгаад 1986 онд нөхөр Сосорын Нямдайрийтай ханилж бие даан мал маллах болсон. Ингээд 1990 онд нэгдэл тарах хүртэл дандаа мал маллаж байсан хүн”  гэх мэдүүлэг, 

гэрч Ё.Самдан /РД:ЛМ63031538/-гийн шүүхэд мэдүүлсэн: “Тогтохын Болормаа нь ер нь насаараа л маллаж байгаа хүн юм. Би 1987 онд сургууль төгсөж ирээд Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн 3 дугаар бригадын тоо бүртгэгч, бригадын даргаар ажилласан ба 1997 онд “Жаргалын зам” ХК болсон хойно нь хүртэл энэ ажлаа хйиж байсан хүн. Ингээд анх нэгдэлд орсноос хойш Болормааг танина. Болормаа нь нөхөр С.Нямдайрийн хамт хонин суурь дээр туслах малчин, саальчнаар ажиллаж байсан. Би тэр багтаа дандаа ажилласан. Би одоо ч 1 дүгээр багийн даргаар ажиллаж байна. Болормаа нь сүүлд М.Наранхүү гэдэг хүнтэй суугаад хөдөө малаа маллаж байгаа. Өмнөх нөхөр Нямдайрий нь нас барсан. Т.Болормаа нь нэгдэл тартал ажилласан. Хэрстийн хоолой гэх газар нэг жил Аюушийн Сосор гэдэг хүн түймэрт хоттой хонио шатааж байсан санагдаж байна. Тэр түймэрт Т.Болормаагийн хөдөлмөрийн дэвтэр шатсан байж магадгүй. Түймэрт малаа шатаасан Сосор гэдэг нь Болормаагийн нас барсан нөхрийнх нь аав юм” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Т.Болормаагийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
 
Хүсэлт гаргагч Т.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамжид 73 000 төгрөг төлсөн бөгөөд илүү төлсөн 2 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хүсэлт гаргагчид буцаан олгох нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тайжууд овогт Тогтохын Болормаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарыг  дуустал туслах малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 000 төгрөгнөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хүсэлт гаргагч Т.Болормаад буцаан олгосугай.
 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ