Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01015

 

2026 05 06 210/МА2026/01015

 

 

******* ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/02303 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: ******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй,

 

*******ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Данзан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

1.1. ******* нь ******* ББСБ ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 138,000,000 төгрөгийг, сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр******* ******* дугаар бүхий 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

1.2. Ч.Цогтбаяр нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү ******* ББСБ ХХК нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх *******ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 4 жил эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Тус ажиллагааны хүрээнд *******ыг 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын хилээр гарсан болохыг тогтоосон. Үүнтэй холбоотой *******ын эгч *******гаас тодруулахад Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа гэж хэлсэн.

1.3. Зээлдэгч ******* ББСБ ХХК-ийн хувьд зээлдэгч *******од холбогдуулан шаардлага гаргах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг зээлийн хөрөнгөө эргүүлэн авах ажиллагаа хийх хүсэлт зоригтой байх боловч хариуцагч сураггүй алга болсон тул эрх зүйн хувьд олон саадтай байдал үүсэж байна.

Иймд ******* овогтой ******* /*******/-ыг Иргэний хуулийн 23 дугаар зүйл 23.1, 23.2 дахь хэсэгт заасныг баримтлан /хилээр гарснаас хойш 2 жил/ сураггүй болсон учир сураггүй алга болсонд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан  Чимэд овогт *******ийн ******* /*******/-ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай ******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлээж шийдвэрлэжээ.

 

3 Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1 Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Учир нь шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр c*******@yahoo.com и-мэйл хаягаас ирсэн ******* нь Америкийн нэгдсэн улсад гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд сураггүй алга болоогүй болно гэх агуулгатай и-мэйл болон 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр [email protected] и-мэйл хаягаас ирсэн ******* овогтой ******* /*******/ миний бие одоогийн байдлаар гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсад доор дурдсан хаяг дээр амьдарч байгаа болно... гэх агуулга бүхий и-мэйлд үндэслэн "... хамаатан садантайгаа холбоо барьж байгаа, оршин суух хаягаа тодорхойлж байгаа ... гэх дүгнэлтийг хийсэн.

2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1 дэх хэсэгт зааснаар Хүнийг сураггүй алга болсон талаар мэдээлэл өгч чадах хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах ... ажиллагааг шүүх санаачилгаараа хийх эрхийг хуулиар олгосон /138.8, 134.1/ хэмээн тайлбарласан. Гэтэл шүүхээс *******ын эгч ******* болон бусад төрөл садан, найз нөхдөөс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг огт хийгээгүй болно.

3.2. *******гаас ирүүлсэн и-мэйл нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд шүүхээс хууль сануулсны үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авах замаар нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байсан. мөн *******оос ирүүлсэн гэх 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн и-мэйл ч мөн нотлох баримтын шаардлага хангахгүй. Тухайлбал, өөрийн оршин суугаа хаягийг тухайн оршин суугаа газрын холбогдох байгууллагаас авсан лавлагаа зэргээр нотлоогүй, өөрийгөө мөн гэдгийг нотолсон болон төлөөлөх эрхийг бусдад олгосон баримт бичгийг консулын газраар дамжуулан баталгаажуулж ирүүлсэн зүйл байхгүй, өөрийн гарын үсгийг зурсан хүсэлт ч байхгүй. Энэхүү и-мэйлийн үнэн зөвийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад уг и-мэйлд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-д Шүүх иргэнийг сураггүй алга болсонд тооцож шийдвэртээ түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана гэж заасан. Гэтэл шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/Ш32026/08149 дугаар захирамждаа *******ын эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гүйцэтгэх шаардлагагүй..." гэх үндэслэлээр эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхисон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

3.4 Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... иргэн ******* нь *******ХК-аас зээлсэн гэрээний үүргээ биелүүлж байгаа..." гэх үндэслэлийг дурдсан. ******* нь *******ХК-д ******* гэх орон сууцны зээлийн данстай бөгөөд ******* ХХК-аас зээл авсан бөгөөд тус зээлээ 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойших орон сууцны зээлийн гэрээний хуваарьт төлөлтийг *******ын *******ХК-ийн******* тоот хугацаагүй хадгаламжийн данснаас суутган авсан байдаг. Уг дансанд *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого, түрээслэгч нараас тогтмол орж ирдэг бөгөөд тэрхүү хуримтлагдсан орлогоос орон сууцны зээлийг суутган авсан байдаг.

Тиймээс орон сууцны зээлийн төлөлтийг түүний өөр данснаас суутган авч байгаа нь *******ыг санхүүгийн харилцаанд оролцож байгаа гэж үзэх үндэслэл болохгүй юм.

3.5 Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа... гэсэн үндэслэлийг дурдсан. 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн *******ын 2020 оноос хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сар хүртэл ******* сан төрийн бус байгууллагаас *******ын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байна. ******* сан ТББ-ын тэргүүн ******* нь өөрийн дүү *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг таслахгүйн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явж байсан болох нь тодорхой харагдаж байна.

Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь *******ыг сураггүй алга болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. ******* нь сураггүй алга болоогүйг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/02303 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь иргэн *******ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг гаргаж, хүсэлтийн үндэслэлээ ... зээлдэгч *******од холбогдуулан зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг зээлийн хөрөнгөө эргүүлэн авах ажиллагаа хийх хүсэлт зорилготой, *******ын оршин суугаа хаяг тодорхойгүй, Монгол улсын хилээр гарснаас хойш 2 жил сураггүй болсон гэж тодорхойлжээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн харилцааг тодорхойлсон хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах хүмүүс байгаа эсэхийг тодруулж мэдээ авах, төрийн болон бусад байгууллагад тухайн хүний талаар мэдээлэл байгаа эсэхийг лавлах үүрэгтэй.

Шүүх нотлох үүргийн хүрээнд алга болсон иргэн *******ын эгч *******гаас ******* хаана байгаа талаар мэдээлэл авч, зохих эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай мэдээлэл, лавлагааг гаргуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын хилээр гарч, АНУ-д амьдарч байгаа, төрөл, садангийн хүн /эгч *******/-тэйгээ харилцаа холбоотой байгаагаас гадна өөрийн эд хөрөнгийг удирдаж, эрх зүйн харилцаанд оролцож байгаа нөхцөл байдлууд тогтоогдсон байна. /хх-67-70, 72-78, 96-113, 230-231/

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар цахим баримт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд *******, ******* нараас шүүхэд ирүүлсэн и-мэйлийг хууль бусаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******гаас ирүүлсэн и-мэйл шаардлага хангахгүй бөгөөд шүүхээс хууль сануулсны үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авах замаар нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Сураггүй алга болсон иргэний эд хөрөнгө үрэгдэж тоногдон, устаж болзошгүй байвал шүүгчийн захирамжаар эд хөрөнгөд нь эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд эд хөрөнгийг ийнхүү хамгаалах нь өмчлөгчийн эрх ашиг сонирхлын үүднээс хийгдэнэ. Уг үндэслэлээр иргэн *******ын эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох шаардлага үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...уг этгээдийн эд хөрөнгөд хамгаалалт тогтоох шаардлагатай байхад шүүхээс ...*******ын эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр гарахаас өмнө гүйцэтгэх шаардлагагүй гэж нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхисон нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтаар *******ыг сураггүй алга болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн ******* ББСБ ХХК-ийн иргэн *******ыг сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Тодруулбал, иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон объектив нөхцөл бүрдснээр Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг сураггүй алга болсонд тооцно. Харин иргэн ******* нь АНУ-д ажиллаж амьдарч, эрх зүйн харилцаанд оролцож, амьд байгаа болох нь тогтоогдсон тул түүнийг сураггүй алга болсонд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

5.1. Монгол улсын иргэн гадаад улсад амьдарч байгааг сураггүй алга болсон гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...******* нь сураггүй алга болоогүйг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/02303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Н.ОЮУНТУЯА