Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 398

 


СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 11 дүгээр
сарын 17-ны өдөр                              Дугаар    398                                      Баруун-Урт
                                      
                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багт оршин суух,                         /РД: ЛЮ58090119, утасны дугаар 89799293/, Зээрдүүд овогт Борын Гансүхийн

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Гансүх, нарийн бичгийн даргаар             Х.Бат-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Гансүх нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1974-1976 онд Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1976-1979 онд Ардын Армийн 013 дугаар ангид хугацаат цэргийн албанд, 1979-1985 онд Сүхбаатар аймгийн холбооны газар телефоны монтёроор, 1986-1996 онд Сүхбаатар аймгийн холбооны газар кабельчнаар, 1997-1999 онд Улаанбаатар хотод Монголын цахилгаан холбоо компанийн ХБАГазарт кабельчнаар тус тус ажиллаж байсан. 1979-1994 онд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байна. Мөн цэргийн батлахад миний нэр ээж Сайнбаяраар овоглогдон бичигдсэн ба 1979 онд ажилд орсон тушаал мөн ээж Сайнбаяраар овоглогдон гарсан байна. Иймд миний 1974-1994 онд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
    
 Хүсэлт гаргагч Зээрдүүд овогт Борын Гансүх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн барилгын бригадад 1974-1976 онд барилгачин, 1976-1979 онд Ардын Армийн 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1979-1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Холбооны газарт монтёр, кабельчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Б.Гансүх нь 1974 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн барилгын бригдад барилгачнаар, 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Ардын Армийн 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, 1979 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Холбооны газарт монтёр, кабельчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 6 сарын 12-ны өдрийн 15 тоот тушаал, 1976 оны 7 дугаар сарын 17-ны өдөр олгосон 306852 дугаартай цэргийн батлах, Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн архивын лавлагаа, БНМАУ-ын Холбооны яамны харьяа Сүхбаатар аймгийн холбооны газрын даргын 1979 оны 8 сарын 21-ний өдрийн 44 тоот тушаал, мөн 1986 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тушаал, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2016.10.24-ний өдрийн 242/15 тоот лавлагаа, МҮЭ-ийн 681487 дугаартай гишүүний бат илэрхийлэх , 

гэрч Дашдаа овогт Шагдарын Ухнай /РД:ЛЮ53010512/-н шүүхэд мэдүүлсэн: “Б.Гансүх нь 1979 онд цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн холбооны газар 1979-1986 он хүртэл телефоны монтёроор, 1986-1996 оныг дуустал тус аймгийн холбооны газарт кабельчнаар ажиллаж байгаад Улаанбаатар хот шилжсэн”  гэх мэдүүлэг, 

гэрч Зээрдүүд овогт Пүрэвийн Баасандорж /РД:ЛЮ55120974/-ийн шүүхэд мэдүүлсэн: “Б.Гансүх нь Сүхбаатар аймгийн холбооны газар 1979-1985 он хүртэл телефоны монтёроор,1986-1996 оныг дуустал тус аймгийн холбооны газарт кабельчнаар ажиллаж байгаад эхнэрийнх нь бие муудаж хотод эмчлүүлэх шаардлагатай болоод Улаанбаатар хот шилжсэн. Улаанбаатар хотод очоод Монголын цахилгаан холбоонд 1997-1999 дуустал кабельчнаар ажиллаж байсан. Б.Гансүх нь цэрэгт явахаасаа өмнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдэлд  2 жил барилгын бригадад барилгачнаар ажиллаж байсан” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Цэргийн батлах, архивын лавлагаан дээр Сайнбаярын Гансүх гэж бичигдсэн байх боловч Сайнбаяр нь Гансүхийн төрсөн ээж болох нь гэрч Ш.Ухнайн мэдүүлэг болон шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр нь нотлогдож байна. 

Иймд Б.Гансүхийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
 
Хүсэлт гаргагч Б.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Зээрдүүд овогт Борын Гансүх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал барилгачинаар, 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Ардын Армийн 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, 1979 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Холбооны газарт монтёр, кабельчнаар тус тус ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ