Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00773

 

 

 

ОХУ-ын иргэн *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/03218 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ОХУ-ын иргэн *******,

Хариуцагч: *******дээд сургуульд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,093,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь хариуцагч *******дээд сургуульд холбогдуулан үндэслэлгүйгээр гэрээ цуцлагдсантай холбоотойгоор сургалтын төлбөрт төлсөн 4,093,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасантай холбогдуулж гэрээг цуцалсан учраас гэрээний 3.4-т заасны дагуу сургалтын төлбөрийг буцаан олгохгүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1.ОХУ-ын иргэн ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс *******дээд сургуулийн харьяа гадаад хэлний сургалтын төвд элсэн суралцаж, улмаар *******дээд сургуультай 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******дээд сургуулийн Оюутны суралцах гэрээ байгуулан сэтгэл судлал мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж байсан, уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 99-100-р тал/

3.2.ОХУ-ын иргэн ******* нь 2025 оны намрын улирлын семестрийн сургалтын төлбөрт 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2,924,000 төгрөг, нийт 3,924,000 төгрөг төлсөн. /хх-ийн 82, 115-116-р тал/

3.3.*******дээд сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан Казакстан Улсын иргэн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус сургуулийн захиргаанд нэг ангийн оюутан ОХУ-ын иргэн *******ийн зүгээс түүнд үзүүлсэн дарамттай холбоотой асуудлаар гомдол гаргасны дагуу *******дээд сургуулийн Ёс зүйн хороо 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, тус хурлаар оюутан ОХУ-ын иргэн ******* нь нэг ангийн оюутан Казакстан Улсын иргэн ******* рүү сүүлийн нэг жилийн хугацаанд удаа дараа, тасралтгүй мессеж илгээсэн, хариу өгөөгүй, хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн боловч холбогдсоор байсан, мессежний агуулга улам ноцтой болж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр оюутан ОХУ-ын иргэн *******ид оюутан Казакстан Улсын иргэн *******т ойртохгүй, харьцахгүй, түүнтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байхыг сануулсан байхад түүнийг Сэтгэл судлалын тэнхимийн өрөөнд байх үед оюутан ОХУ-ын иргэн ******* нь түүний гараас барьж, хамт гарахыг оролдсон, гараа салгахыг оролдсон боловч улам чанга атгах байдлаар түүний биед хүч хэрэглэсэн ёс зүйн зөрчил гаргасан, уг эрэгтэй оюутнаас болж оюутан Казакстан Улсын иргэн ******* нь айдас түгшүүр мэдэрч, сургалтын орчин, хувийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа асуудлын талаар хэлэлцсэний эцэст оюутан ОХУ-ын иргэн *******ийг 2025 оны намрын улирлын туршид сургуулиас түр түдгэлзүүлэх, цаашид хориглох үйлдэл болон зөрчлийг давтан гаргасан тохиолдолд авах арга хэмжээний талаар бичгээр чиглэл, зааварчилгаа өгөх шийдвэр гаргасан байна. /хх-ийн 83-86, 93-96-р тал/

3.4.*******дээд сургуулийн Ёс зүйн хорооны дээрх шийдвэрийн дагуу оюутан ОХУ-ын иргэн *******ийг ангийн оюутан Казакстан Улсын иргэн *******тэй холбоо барихыг хориглох, түүнд ямар ч хэлбэрээр ойртох, харилцах, холбоо барих оролдлого хийхгүй байх, үүнийг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах, үүнд сургуулиас хасах шийдвэр багтаж болох, сургуулиас хасагдсан тохиолдолд түүний оюутны виз хүчингүй болох талаар тусгасан 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ёс зүйн заавар болон сахилгын анхааруулгатай оюутан ОХУ-ын иргэн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан, улмаар тус сургуулийн Ёс зүйн хорооноос гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******дээд сургуулийн ёс зүйн сануулгын тайлангаар тус сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан ОХУ-ын иргэн ******* нь (4.1) бусдыг хүчирхийлэх, дарамтлах, (4.14) дарамт, дээрэлхэлт, (4.23) мөшгөх, мөрдөх сахилгын зөрчил гаргасан буюу ангийн эмэгтэй оюутан руу удаа дараа зохисгүй мессеж илгээсэн, тухайн оюутан хариу өгөөгүй, сонирхохгүй байгаагаа илэрхийлсэн ч холбогдсоор байсан, мессежний агуулга улам зохисгүй болж тухайн оюутанд сэтгэл зүйн дарамт бий болгосон, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр оюутан Казакстан Улсын иргэн ******* нь Сэтгэл судлалын тэнхимийн өрөөнд байх үед оюутан ОХУ-ын иргэн ******* нь түүний гарыг барьж, гараа салгах гэж оролдоход улам чанга атгаж түүнд биеийн хүч хэрэглэсэн буюу тус оюутан ангийнхаа оюутныг удаа дараа сүрдүүлсэн мессежээр дарамталж, зөвшөөрөлгүй биед нь халдсан үндэслэлээр оюутан ОХУ-ын иргэн *******ийг 2025 оны намрын улиралд тус сургуулиас түдгэлзүүлэх, уг хугацаанд сургуулийн байранд нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасан байх ба уг шийдвэртэй оюутан ОХУ-ын иргэн ******* нь танилцаж гарын үсэг зуржээ. /хх-ийн 66-67, 87-88, 89, 90-92-р тал/

3.5.Улмаар *******дээд сургуулийн Ёс зүйн хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр *******дээд сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн оюутан ОХУ-ын иргэн ******* нь өнгөрсөн жилээс эхлэн ангийн охин болох Казакстан Улсын иргэн ******* рүү удаа дараа мессеж илгээж, тухайн оюутны хүсэл сонирхлыг үл хүндэтгэн дарамтлах, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргасан, эцэст нь ОХУ-ын иргэн ******* нь тухайн оюутны бие махбодод халдсан үйлдэл гаргасан тул *******дээд сургуулийн оюутны ёс зүйн дүрэм, журмын дагуу тус оюутныг бусад оюутанд хүч хэрэглэсэн (4.1), дарамталсан (4.13), мөрдөж мөшгөсөн (4.23) гэх үндэслэлээр Ёс зүйн хороо 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, оюутан ОХУ-ын иргэн *******ийг 2025 оны намрын улиралд сургуулиас түр түдгэлзүүлэх (оюутны ёс зүйн дүрмийн 5.1.4-т заасны дагуу) шийдвэр гаргасан, оюутан уг шийдвэртэй 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан бөгөөд дараа улирал буюу 2026 оны хаврын улиралд суралцахдаа дагаж мөрдөх бичгээр зааварчилгаа мөн хүлээн авч гарын үсэг зурсан, гэвч 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус оюутан, асран хамгаалагчийн хамт оюутны албаны оффист ажилтантай зүй зохисгүй харьцаж, дарамталж, албан газар чангаар хашгирч, сүрдүүлсэн тул Танхимын эрхлэгчийн хувьд тус оюутан Сэтгэл судлалын тэнхимд суралцахад шаардлагатай сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй гэж үзэж, тус оюутны сургуультай хийсэн гэрээ болон визийг цуцлах шийдвэр гаргаж байна, уг шийдвэрийг тус сургуулийн захиралд танилцуулж, тушаал үйлдэж, шийдвэрийг албан ёсны болгох шаардлагатай. гэж шийдвэрлэсэн. /хх-ийн 98-р тал/

3.6.Ийнхүү *******дээд сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/68 дугаар тушаалаар тус сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн оюутан ОХУ-ын иргэн ******* нь *******дээд сургуулийн оюутны ёс зүйн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж, бусад оюутны сэтгэл санаанд дарамт учруулсан, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан тул Ёс зүйн хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг үндэслэн оюутан ОХУ-ын иргэн *******ийн оюутны гэрээг цуцалж, түүнийг тус сургуулиас хасжээ. /хх-ийн 103-р тал/

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

 

5.Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* болон хариуцагч *******дээд сургуулийн хооронд байгуулагдсан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******дээд сургуулийн Оюутны суралцах гэрээгээр тус сургууль нь суралцагчийг сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу суралцуулах, суралцагчийн суралцах хугацаанд нь хичээлийн байр, номын сан, оюутны дотуур байр болон суралцах нөхцөл, сургалт явуулах зайлшгүй шаардлагатай бусад зүйлсээр хангах, суралцаж буй суралцагчийн сургалтын чанарт анхаарч, дадлага туршлагатай багш нараар хичээл заалгах үүрэг хүлээж, суралцагч нь сургалтын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, сургуулийн дотоод журмыг чанд сахих, суралцах явцдаа идэвх чармайлттай суралцах үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

6.Талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан... гэж, хариуцагч *******дээд сургууль нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил давтан гаргасантай холбогдуулж гэрээг цуцалсан... гэж тус тус тайлбарлаж талууд маргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан эсэх, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор сургалтын төлбөрийг буцаан олгох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7.Хариуцагч *******дээд сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан Казакстан Улсын иргэн *******ийн гаргасан гомдлын дагуу нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ийн гаргасан үйлдлийг тус сургуулийн Ёс зүйн хорооны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэж, уг хурлын шийдвэрийг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ид уг гомдол гаргагч оюутантай холбоо барихгүй байх, түүнд ямар нэгэн хэлбэрээр ойртох, харилцах оролдлого хийхгүй байх талаар анхааруулсан ёс зүйн заавар бичгээр өгч, улмаар хариуцагч *******дээд сургуулийн Ёс зүйн хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь хариуцагч *******дээд сургуулийн оюутны ёс зүйн дүрмийн 4.1, 4.14, 4.23-т тус тус заасан сахилгын зөрчил гаргасан буюу ангийнхаа эмэгтэй оюутныг удаа дараа сүрдүүлсэн мессежээр дарамталж, зөвшөөрөлгүй биед нь халдсан үндэслэлээр тус дүрмийн 5.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн тус сургуульд 2025 оны намрын улиралд суралцах эрхийг түр түдгэлзүүлэх, уг түдгэлзүүлсэн хугацаанд сургуулийн байранд нэвтрэхийг хориглох сахилгын шийтгэл ногдуулжээ.

Улмаар нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь дээрх суралцах эрхийг түр түдгэлзүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэртэй танилцаж гарын үсэг зурсан боловч 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч өөрийн асран хамгаалагчийн хамт сургуулийн байранд ирж ажилтантай зүй зохисгүй харьцаж, чангаар хашгирч, дарамталж сүрдүүлсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хариуцагч *******дээд сургуулийн Ёс зүйн хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн сургуультай байгуулсан гэрээ болон визийг цуцлахаар шийдвэрлэснийг үндэслэн тус сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/68 дугаар тушаалаар нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******тэй байгуулсан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******дээд сургуулийн Оюутны суралцах гэрээг цуцалсан байна.

Гэвч нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн асран хамгаалагчийн хамт сургуулийн байранд ирж ажилтантай зүй зохисгүй харьцаж, чангаар хашгирч, дарамталж сүрдүүлсэн гэх зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ийн гаргасан зөрчлийг хариуцагч *******дээд сургуулийн Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцээд түүнд бичгээр сануулга өгч, улмаар түүний суралцах эрхийг түр түдгэлзүүлсэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх боловч хариуцагч *******дээд сургуулийн Ёс зүйн хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрт дурдсан нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ийн давтан гаргасан гэх зөрчил хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад уг шийдвэрийг үндэслэн *******дээд сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/68 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний 3.4-т Суралцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас суралцах гэрээ нь цуцлагдвал төлбөр буцаан олгогдохгүй. гэж заасан зохицуулалтын урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу гэрээ цуцлахад хүргэсэн нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гэх зөрчил нь хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагч *******дээд сургууль нь нэхэмжлэгч давтан зөрчил гаргасан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч *******дээд сургуулийн ...нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасантай холбогдуулж гэрээг цуцалсан учраас гэрээний 3.4-т заасны дагуу сургалтын төлбөрийг буцаан олгохгүй... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ийн буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан суралцаагүй хугацааны сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

8.Ийнхүү хариуцагч *******дээд сургууль нь нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******тэй байгуулсан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******дээд сургуулийн Оюутны суралцах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байх боловч нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсантай холбоотойгоор сургалтын төлбөрт төлсөн 4,093,000 төгрөгийг буцаан гаргуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч гэрээгээ цуцалж, сургалтын төлбөрөө буцаан шаардаж байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээ нэгэнт цуцлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь сургалтын төлбөрт төлсөн 4,093,000 төгрөгийг хариуцагч *******дээд сургуулиас шаардаж байгаа тул уг төлбөрийг талуудад ямар байдлаар хуваарилах буюу нэхэмжлэгчид хэдэн төгрөгийг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн ******* нь 2025 оны намрын улирлын семестрийн сургалтын төлбөрт 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 2,924,000 төгрөг, нийт 3,924,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг эхний гурван долоо хоног хичээлдээ суусан, сүүлийн нэг долоо хоног хичээлд суулгаагүй гэж тайлбарлаж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *******дээд сургуулийн Оюутны суралцах гэрээний 3.3.3-т заасны дагуу сургалтын төлбөрийн 30 хувь болох 1,177,200 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч тал сургалтын төлбөрт 4,093,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилж байгаа боловч үүнээс нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 169,000 төгрөг нь визний хураамж болох нь хариуцагч талын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан буюу хариуцагч *******дээд сургуулиас 1,177,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,915,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

9.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт болон холбогдох хуулийн зохицуулалтад мөн зохих өөрчлөлт орно.

9.1.Мөн нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 4,093,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулаагүй байна. Улсын тэмдэгтийн хураамж нь хуулийн дагуу шийдвэрлэгдэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон нэхэмжлэгчээс нөхөн гаргуулахаар өөрчлөлт оруулна.

 

10.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэрийг нэрлэн бичихдээ гадаад улсын иргэний харьяаллыг тусгаагүйгээс гадна нэр нь паспорт дээр тусгасан байдлаар бичигдээгүй, буруу бичсэн буюу Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын дагуу бичигдээгүй байгааг анхаарах нь зүйтэй.

 

11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2026/03218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч *******дээд сургуулиас 1,177,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,915,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,748 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 44,690 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч *******дээд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 32,803 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ОХУ-ын иргэн *******ид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ч.МӨНХЦЭЦЭГ