| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0014/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 15
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Х.Л,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Лд холбогдох эрүүгийн 1924000210012 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны мэргэжилтэй, ажилладаг, багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай Н. овогт Х.Л.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхонд Г.С тэй хог ачсангүй гэх шалтгааны улмаас маргаж шүдэн тус газарт нь гараараа цохисон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэв загвар дээж авсан тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Г.С, гэрч А.Б, Ж.Б, Ж.П, Б., Ц., 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Г.Ст үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, Завхан аймгийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, яллагдагч Х.Л мэдүүлэг, баримт бичиг бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгчийн прокурорт гаргасан хүсэлт, прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол зэргийг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрх хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Л нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхонд хохирогч Г.Стэй “хог ачсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний уруулан тус газарт гараараа цохисон болох нь:
Хохирогч Г.Сийн: “...Манай байрныхан хогоо ачих гэсэн чинь манай орцноос Ж.Б, А.Б бид 3 байсан. Би арын орцонд байдаг Сүхбатынд орсон чинь Нансалмаа, Энхзаяа хоёр сууж байхаар нь би хогоо ачуулах гэсэн юм гэтэл тэр хоёр “Манай орцонд эрэгтэй хүн байхгүй” гэхээр нь та хоёр хог ачдаг хүний дугаарыг олчих хогийг чинь би ачъя гэсэн. Тэгээд орцны үүдэнд зогсож байтал Х.Л ирэхээр нь хогоо ачуулъя гэсэн чинь Х.Л “би чадахгүй” гээд маргалдаад миний шүд рүү цохиход үүдэн шүд хугарч унасан, 3 ширхэг имплант шүдний паалан хугарсан. Би цагдаад мэдэгдээд Тосонцэнгэл сум руу явж эмчид үзүүлсэн. Энэ бүх зардал нийлээд 500,000 төгрөг болсон. Х.Л нь хохирол төлбөрийг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч А.Б: “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Г.С, Ж.Б бид нар хамт цэргийн ангийн ажилчдын байр болох шар байрны гадна юм яриад зогсож байтал Х.Л нэг машинтай ирээд машинаасаа бууж бид 3 дээр иртэл Г.С Х.Лд хандаж хог ачуулах талаар шаардлага тавихад Х.Л “ачуулчихна” гэтэл Г.С “танай хойд талын орцныхон хог ачуулахдаа мөнгө өгч байгаагүй зөвхөн урд талын орцныхон мөнгө төлж ачуулдаг. Энэ удаа танай орцныхон мөнгө төлж ачуул, эсвэл мөнгийг нь өгчих би ачуулчихна” гээд нойлын хажууд байх хог руу зааж танай хог гэхэд Х.Лд “тэр хог ганцхан манай хог юм уу энэ шар байрныхан бүгд хогоо тийш нь хаяж байгаа” гэхэд Г.С Х.Л “чацга минь” гэж хэлээд цохиход Х.Л зөрүүлээд Г.Сийг цохихоор нь Ж.Бат-Эрдэнэ бид хоёр салгасан. Зодоон эхлэхийн өмнө Г.С, Х.Л нарын биед шарх сорви байгаагүй. Зодолдсоны дараа Х.Л баруун гарын ар талаас нь цус гарсан байсан. Харин Г.Сийн шүднээс цус гарч байсан. Би бодохдоо Г.Сийн шүдийг хугарчихлаа гэж бодсон. Дараа нь гэрт нь ороход шүд нь уначихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч Ж.Б “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна. Г.С, А.Б бид нар хамт цэргийн ангийн ажилчдын байр болох шар байрны гадна юм яриад зогсож байтал Х.Л нэг машинтай ирээд машинаасаа бууж бид 3 дээр иртэл Г.С Х.Лд хандаж хог ачуулах талаар хэлэхэд Х.Л ачуулчихна” гэтэл Г.С “Танай хойд талын орцныхон хог ачуулахдаа мөнгө өгч байгаагүй зөвхөн урд талын орцныхон мөнгө төлж ачуулдаг. Энэ удаа танай орцныхон мөнгө төлж ачуул, эсвэл мөнгийг нь өгчих би ачуулчихна гээд нойлын хажууд байх хог руу зааж “Тэр танай хог” гэхэд Х.Лд “Тэр хог ганцхан манай хог юм уу энэ шар байрныхан бүгд хогоо тийш нь хаяж байгаа” гэтэл Г.С Х.Л “чацга минь” гэж хэлээд цохиход Х.Л зөрүүлээд Сийг цохихоор нь А.Б бид хоёр салгасан. Х.Л согтуу байсан. Х.Л Г.Сийн аман тус газарт нэг цохисон. Сийн амнаас цус гарсан. Х.Л баруун гарнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Ж.П: “...Би 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ажлаас тараад гэртээ ирээд байж байтал манай гэрийн гадаа хүмүүс маргалдаад байгаа бололтой байхаар нь гэрээсээ гарч хартал Х.Л, Г.С нар хоорондоо маргалдаад А.Б Бат-Эрдэнэ хоёр салгаад байж байсан. Тэгээд Х.Л эхнэр Нансалмаа нь гэрээсээ гарч ирж нөхрөө гэрлүүгээ авч ороход Г.С гэрлүүгээ орсон. Гэрээс гарч ирэхэд Г.Сийн аман хэсэг нь цус болчихсон, Х.Л баруун гар жаахан шалбарчихсан байсан. ...Энэ сарын хогийг Г.С, Х.Л ачуул гэсэн асуудлаас болж маргалдсан...” гэсэн /хх-ийн 14-р хуудас/ мэдүүлэг, Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Базардаргиа 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 811944026 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Х.Л гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1.4 промиль илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон хохирогчийн шүд хугарсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Л дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Ст биед хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан болох нь:
Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192040 дугаартай “...Г.Сийн биед зүүн дээд хоёр шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө. Г.Сийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
хүний их эмч Д.Э 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн “...Г.С нь 18 цаг өнгөр байхад хүнтэй маргалдаж цохилцсоноос шүд унаж цус гарсан гэх. Үзлэгт үүдэн 4 шүд эмзэглэлтэй, 1 шүд унасан...” гэсэн тодорхойлолт,
хохирогч Г.Сийн “...Х.Л миний шүд рүү цохиход үүдэн шүд хугарч унасан, 3 ширхэг имплант шүдний паалан хугарсан...” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн шүд хугарсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Л “...Г.С бид хоёр хог ачуулахаас болж маргалдсан. Эхэлж Г.С намайг нэг цохихоор нь би түүний уруулан тус газарт цохиход түүний амнаас цус гарсан. Биднийг А.Б Ж.Бат-Эрдэнэ нар салгасан. ...Г.Сийн нэг шүд хугарч унасан байсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хохирогч Г.Сийн уруулан тус газарт буюу шүд рүү нь цохиж хөнгөн хохирол учруулах болохыг нотолж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Лд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Х.Лд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Х.Л хохирогч Г.Сийн уруулан тус газар буюу шүд рүү нь цохисон үйлдэл, хохирогч Г.Сийн биед учирсан шүд хугарч унасан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Х.Л дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Х.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Л нь хохирогчид хохирол төлбөрт 500,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Х.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Лд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ