| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/00215/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 303
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 08 дугаар
сарын 12-ны өдөр Дугаар 303 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, “Шарга”-ын 1-2 тоотод оршин суух /РД:ЛЮ89072486, утасны дугаар 88278807/, Гон овогт Борчулуунын Урангоогийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг “Ногоон хотхон”-ы 2-24 тоотод оршин суух /РД: ЧА76011802, утасны дугаар 99512727/, Сүхбаатар аймаг дахь нотариатч ажилтай, Боржигон овогт Баатарын Ариунзаяад холбогдох
“Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Т.Дашбат Б.Мөнхнаран нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Урангоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагч Б.Ариунзаяа, гуравдагч этгээд Б.Мөнхнаран, гэрч С.Бооёо, Б.Солонго, Б.Ягаанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Урангоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 1989 оноос эхлэн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Шарга” зочид буудлын 1-2 тоотод амьдарч эхэлсэн. Аав маань 2006 онд нас барсан. Байрны өмчлөгчөөр би бүртгэгдэж, өмчлөлийн гэрчилгээгээ авсан байсан. 2008 онд Дашбат ах ээжтэй маань танилцаж, бидэнтэй хамтдаа амьдрах болж, тэд хүүхэд төрүүлсэн. Хамтын амьдралтай байх хугацаандаа Дашбат ах байраа томруулна, амьдралаа дээшлүүлнэ тохилог байранд амьдарна гээд ярьдаг байсан. Би тэр үед 10-р ангиа төгсөөд амьдралын нөхцлөөс болж сургуульд явж чадаагүй нөхөртэй болж хүүхэд гаргасан. 2010 онд нөхрөөсөө салаад хүүхэдтэйгээ гэртээ буцаж ирсэн. Дашбат байраа ахынхаа нэр дээр болгочих, би бүгдийг зохицуулна, энэ жижиг өрөөнөөс гарч, тохилог том байранд орно гээд байнга ярих болсон. Ингээд ярихад нь том байртай болчих юм шиг баярладаг байсан. Тэгээд байраа нэр дээр нь шилжүүлэхээр тохиролцож нотариатч дээр гэрээ байгуулахаар очсон. Ороход нотариатч Ариунзаяа ийм гэрээ хийх гэж байгааг мэдэж байсан. Надаас зөвхөн хэдэн төгрөгөөр үнэлэх вэ? л гэж асуусан. Би 15 000 000 төгрөгөөр үнэлнэ гэхэд Дашбат ах 10 000 000 төгрөгөөр үнэлээд биччих гэсэн. Ариунзаяа эгч энэ гэрээг хийвэл ийм тийм үр дагавартай шүү гэдгийг тайлбарлаж өгөөгүй. Ингээд гэрээн дээр гарын үсэг зуруулаад Дашбат ах тэндээ үлдсэн, би явсан. Гэрээний хувийг ч надад өгөөгүй. Үүнээс хойш бид нартай хамт амьдраагүй, Дашбат хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан. Хааяа утсаар ярьж байрныхаа гэрчилгээг авъя гэхэд ахад нь байгаа, ах нь юу гэж та нарыг байргүй болгох вэ гэж ярьдаг байсан. Сүүлдээ шүүхээр заргалдаж байгаад хүүхдээ өөрийн нэр дээр болгож аваад ээжийг маань орхиж, намайг эзгүйд бид нараас бүр мөсөн явсан байсан. Гэтэл 2015 онд танай байрыг Дашбат зарчихсан байна гэж “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэг эгч хэлсэн. Тэгээд утсаар асуухаар би мэдэж байгаа л гэдэг. Ягаанаа эгчийг авсан гэхээр нь уулзахад Дашбат надад 18 000 000 төгрөгөөр зараад 2 жил болж байна гэж байсан. 2015 оны 08 дугаар сард намайг шүүхээс дуудахад Мөнхнаран гэдэг хүн байр чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байсан. Мөнхнаран нь Ягаанаа эгчийн дүү юм билээ. Энэ нэхэмжлэлийг аваад би Дашбатыг шүүхээр эрэн сурвалжлуулахаар хандсан, цагдаад өгсөн боловч надад байраа зарсан, би төлбөрийг төлсөн гэж мэдүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Мөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дашбат, Мөнхнаран нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн юм билээ. Энэ гэрээ нь ч хүчин төгөлдөр бус гэж бодож байна. Иймд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дашбат, Урангоо нарын дунд хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Дашбат, Мөнхнаран нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урангоогийн байрны асуудал 2005 оноос эхлэн шүүхээр явсан. Маргаж буй 2012 оны 05 сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл энэ байр Урангоогийн нэр дээр ирж, Мөнхнаран Дашбатаас 18 000 000 төгрөгөө буцааж авах эрхтэй болно. Давхар давхар эрх нээгдэнэ. Б.Урангоог 18 насанд хүрсэн, бичиг үсгийн чадвартай байсан учраас хүчин төгөлдөр гэрээ болсон гэж байна. Урангоо Дашбаттай хамт өмчлөх эрхтэй болох гэж нотариат орсон. Гэтэл нотариат дээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Энэ гэрээ хийгдсэн нь Дашбатын санаа байсан. Урангоогийнх ам бүл 6, энэ булаацалдаад байгаа байр бол жижигхэн өрөө байгаа. Дашбат энэ байрыг өөрийн нэр дээр авах гэж бага багаар ажилласан байна. Эхлээд Урангоогийн ээжтэй нь хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Тэгээд байраа томсгоё, сайхан байшинд амьдрая гэж хуурч итгүүлсэн. Тэгээд Дашбатыг гэрчилгээн дээрээ өмчлөгчөөр нэмэх гэж гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан ноцтой төөрөгдөл энд үүссэн. Хэлцлийн гол нөхцөл нь Дашбатыг өмчлөгчөөр нэмнэ гэж Б.Урангоо бодож гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдэж Дашбатад дараагийн хүнийг залилах боломж гарч ирсэн. Нэхэмжлэгч уг гэрээний үр дагаварыг нь ч ойлгохгүй гэрээнд гарын үсэг зурсан. 2012 оны 05 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан гэрээнд байрны үнийг бэлнээр төлж дуусгасан байна гэж заасан боловч байрны мөнгө гэж төлөөгүй. Дашбатаас Урангоод 2012 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд дүүгийнх нь хонхны баярт зориулж 500 000, 190 000 төгрөг өгсөн байдаг. Үүнийгээ байрны төлбөр гэж хэлж байсан байгаа. Хэрвээ 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө төлсөн байсан бол 06 дугаар сард Урангоогийн дансанд мөнгө хийх шаардлагагүй байсан. 2015 оны 09 дүгээр сард Дашбат Урангоогийн дансанд 3 700 000 төгрөгийг хийсэн. Үүнийг цагдаад хэлээд Дашбатад өгсөн байгаа. Хэрвээ Урангоо байраа зарсан бол үл хөдлөх хөрөнгө борлуулсны мөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө төлөх ёстой байсан. Гэтэл 1 жилийн дараа буюу 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Урангоогийн нэрээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны төлбөр гээд 200 000 төгрөг төлсөн. Үүнийг Дашбат төлсөн байх. Дашбат 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байрыг Мөнхнаран, Ягаанцэцэг нарт худалдсан. Гэтэл энэ асуудлыг тэр байранд амьдарч байсан Урангоо нар мэдээгүй. Энэ байдлыг Урангоо 2015 оны 07 дугаар сард мэдсэн. Үүнийг мэдсэн хугацааг юугаар нотлох вэ? гэвэл Урангоо 2012 оны 05 сарын 31-ний өдрийн гэрээг 2016 оны 03 сард архиваас өөрийн гар дээр авсан баримт байгаа. Энэ гэрээг хүчингүй болгох боломжтой. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдсэн хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасан байгаа. Гэтэл архиваас авсан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэрээнд Дашбатын гарын үсэг байхгүй байна. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдөлийн үед хийгдсэн хэлцэл байгаа юм. Эцсийн эцэст Урангоо, Мөнхнаран нар нь Дашбатын хохирогч юм. Хариуцагч нотариатч Ариунзаяа Урангоог байраа авахын тулд нотариат руу дайрч залилан мэхэлж байна гэж байна. Үгүй юм аа, бүгдээрээ л Дашбатын хохирогч юм гэв.
Хариуцагч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урангоогийн нэхэмжлэлтэй холбоотой гэрээг 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талуудын хүсэл сонирхлын дагуу тэдгээрийг байлцуулан Үндсэн хууль, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 28 дугаар зүйл, 46 дугаар зүйлд холбогдох бусад заалтууд мөн Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн. Гэрээг гэрчлэхдээ Иргэний хуулийн 56-61-р зүйлд заасан “Хүчин төгөлдөр бус хэлцэл” болох эсэхийг сайтар шалгасан бөгөөд уг гэрээнээс үүдэн гарах учир холбогдлыг асууж тайлбарласан болно. Гэрээг гэрчлэхээс хэд хоногийн өмнө Урангоо нь “Хишиг” дэлгүүрийн эзэн Мөнхцэцэгээс өөрийн байраа нэр дээрээ шилжүүлье бид наймаа таарсангүй гэж орж ирээд орон сууц бэлэглэлийн гэрээ хийж уг байрны гэрчилгээг нэр дээрээ болгосон. Ингээд хэд хоногийн дараа иргэн Дашбат, Урангоо нар нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэрчлүүлэх хүсэлт гарган орж ирсэн бөгөөд Урангоогоос байраа зарахыг чинь ээж чинь мэдэж байгаа юу, та хэд байраа зарж яах гэж байгаа юм бэ гэж асуухад “ээж мэдэж байгаа, би наймаа хийх гэж байгаа” гэсэн тайлбар өгсөн. Ингээд гэрээг хийхэд шаардагдах бичиг баримт болон гэрээний талуудын эрх үүрэг, татварын талаар Иргэний хуулийн 109,110,112 дугаар зүйлийг тайлбарлаж өгсөн. Гэрээг хийх болоход Урангоо нь иргэний үнэмлэхгүй байсан учир ээж Эрдэнэцэцэг нь иргэний үнэмлэхийг нь оруулж өгсөн бөгөөд тухайн үед би туслах Гэрэлтуяатай хамт ажиллаж байсан. Гэрээний үнийг асуухад хоёулаа 10 000 000 төгрөг гэж хэлсэн бөгөөд төлбөр төлөгдсөн гэсэн тайлбар өгсөн. Урангоо өөр үнэ хэлсэн бол би гэрээний талуудыг зөвшилцөлд хүрээгүй байхад дур мэдэн үнэ бичнэ гэж байхгүй. Энэ гэрээг гэрчлэхэд үйлчилгээний хөлс 10 000 төгрөг авсан. Гэрээг боловсруулж дуусаад талуудад гэрээг уншиж танилцуулсны дараа зөвшилцсөн тохиолдолд гарын үсэг зуруулж гэрээг гэрчилдэг. Урангоо болон Дашбат нь тухайн үед гэрээг уншиж танилцаад гарын үсэг зурсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй учир Урангоогийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Мөнхнаран шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Дашбатаас Баруун-Урт сумын 1-р баг “Шарга”-ын 1-2 тоотод 28 м2 талбайтай хууль ёсны гэрчилгээ бүхий байрыг худалдан авсан. Өмнөх өмчлөгчөөс Дашбат худалдан аваад 1 жилийн хугацаа болсон, мөн гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн байсан учраас эргэлзэлгүйгээр орон сууц худалдах-худалдан авах гэрээг нотариатч Ариунзаяагийн албан өрөөнд хийж байсан. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэний дагуу татварын 10 хувьтай тэнцэх төлбөрийг Дашбат төлж, худалдан авсан иргэний хувьд бусад холбогдох төлбөрийг би төлж өөрийн биеэр Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж хууль ёсны дагуу уг байраа өөрийн нэр дээр бүртгүүлж байсан. Гэрээ хийгдснээс хойш байраа суллуулж авах талаар гэрээ байгуулсан хүнийх нь хувьд Дашбат ахаас шаардахад миний дүү энэ байраа ашиглахгүй бол эдгээр хүмүүсийг байрандаа түр байлгаж өгнө үү, шууд гаргах боломжгүй олон нялх хүүхэдтэй, бас хашаа байшин барьж байгаа гэсэн тайлбарыг удаа дараа тавьж байсан. Иймд би одоог хүртэл байрандаа орж чадахгүй хохирч байна гэв.
Гэрч С.Бооёо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд 2008 онд Дашбаттай танилцсан бөгөөд манай бэр Эрдэнэцэцэгтэй хамтран амьдарч байсан. Б.Урангоо нь миний өргөмөл дүүгийн охин юм. Дашбат Сүхбаатар аймгийн “Хүчирхийллийн төв”-ийн тэргүүн, хүчирхийллийн эсрэг буяны ажил хийдэг гэж өөрийгөө танилцуулсан. Би тэр хүнийг манай энэ хэдэн өнчин хүүхдүүдийг сайхан авч явах юм байна, сайхан ажил хийдэг сайн хүн байна гэж бодсон. Дашбат тэр үед эмнэлгийн хажууд жижиг өрөөнд амьдарч байсан. Би дүү нараа энэ сайхан хүнтэй тэр саруул том байрандаа хамт амьдар гэж хэлсэн. Тэр байранд манай бурхан тахил байдаг учраас би өдөр бүр орж мөргөдөг.Дашбат манай бэр дүүтэй суугаад нэг хүүхэдтэй болсон. Дашбат байраа томсгоно, манай дүү нарыг сайхан байранд амьдруулна гэж ярьдаг байсан. Би Дашбатад 100 хувь итгэж байсан. Дашбат эмнэлгийн 38 айлын байр болон “Шарга”-ын байранд байр үзээд ирлээ болохгүй, таарахгүй байна. Энэ байрандаа засвар хийгээд 00-той, устай болгоё гэж ярьж байсан. Тэгээд өнөө маргаашгүй ус оруулж засна гэж байсан. Тэр ажил нь бүтэл муутай байсан. Нэг өдөр Урангоогийн гэрт нь Мөнхцэцэг ирчихсэн “Энэ хэдийг хоёр давхар руу оруулаад, нэг давхарт дэлгүүрээ томсгоё ” гэж хэлсэн. Урангоогийн байр “Хишиг” дэлгүүрийн нэг давхарт байдаг байсан. Мөнхцэцэг бол “Хишиг” дэлгүүрийн эзэн нь юм. Тэгээд дээд давхар руу нь гарч сольё гэсэн байрыг нь үзэхэд засвар хийсэн сайхан байр байсан. Тэр үед Б.Урангоогийн дүүгийн хонхны баяр болох гэж байсан. Мөнхцэцэг Урангоод 2 000 000 төгрөг өгөөд байраа солихоор болсон байсан. Тэгээд Мөнхцэцэгийн нэр дээр байрныхаа гэрчилгээгээ шилжүүлсэн байсан. Дашбатад байраа Мөнхцэцэгт өгсөн гэдгээ хэлэхэд нь Дашбат эрс эсэргүүцэж, болохгүй, байраа буцааж авахгүй бол ээжээс нь гарсан эрэгтэй дүүг чинь та нартай амьдруулахгүй, дээд давхарт байвал дээрээс чинь ус гоожно гэж хэлээд байраа буцааж ав гэж дарамталсан байсан. Тэгээд Урангоо Мөнхцэцэгтэй гэрээгээ цуцлаад байраа өөрийнхөө нэр дээр болгосон. Урангоо Мөнхцэцэг эгчээс 2 000 000 төгрөг авчихсан яаж байраа буцаалаа гэж хэлэх вэ гэхэд нь Дашбат Урангоод шууд л 2 000 000 төгрөг олж өгсөн байсан. Анхнаасаа Дашбат манай дүү нарын байрыг авах санаатай байсан юм байна лээ. Дараа нь.Дашбат ахынхаа нэр дээр байраа шилжүүлчих гэж байнга хэлдэг байсан юм билээ. Тэгээд Б.Урангоо байраа томсгох ч юм уу? зарвал Дашбатын нэр дээр байвал зүгээр байх гэж бодоод байрныхаа гэрчилгээн дээр Б.Дашбатын нэрийг нэмчихье гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан байсан. Дашбат ер нь нотариатч Ариунзаяагийн толгойг эргүүлж байгаад л гэрээг хийсэн байх. Тэр үед би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Намайг хот эмчилгээнд яваад ирэхэд Урангоо “Би байраа Дашбат ахын нэр дээр болгочихсон” гэж хэлж байсан. Би юу яриад байгаа юм бэ? гэрээ чинь хаана байна гэсэн чинь надад гэрээ өгөөгүй гэж хэлсэн. Нэг өдөр Дашбат, Эрдэнэцэцэг нарын дундаас гарсан хүү Намбар байхгүй болохоор нь хаачсан юм бэ гэж асуусан чинь Дашбат ах аваад хот явсан гэж хэлсэн. Тэгээд ирээгүй. Шинэ жилээр ирнэ, цагаан сараар ирнэ гэж хэлээд алга болсон. Сүүлдээ Дашбат Солонгос улс руу явсан сураг гарсан. 2015 оны 07 дугаар сард Урангоо намайг дуудахаар нь очиход уйлаад Дашаа ах манай байрыг Ягаанцэцэг эгчид зарсан байна гэж хэлсэн. Би Ягаанцэцэг рүү утсаар яриад уулзая гэхэд машинтайгаа ирээд Урангоо бид 3 уулзсан. Тэгсэн чинь Ягаанцэцэг “Дашбат надад байраа 18 000 000 төгрөгөөр зарсан” гэж хэлсэн. Бид удаан ярилцсан. Би хэлж байгаад бичлэг хийсэн. Дашбат Урангоотой ярихдаа хүлээгээд л сууж бай, удахгүй байр авна, байшин барина гэж хэлдэг байсан. Зарим утсаар ярьсан яриаг нь Урангоо бичиж авсан байх. Тэгээд хуурагдаад байгаагаа мэдээд цагдаад мэдэгдсэн. Манлайбаяр гэдэг мөрдөн байцаагч ирээд Дашбатыг дуудаад уулзахад Дашбат “Би энэ байрны төлбөрыг өгсөн” гэж хэлсэн. Манлайбаяр Урангоог “Чи байрныхаа төлбөрийг авчихаад юун өргөдөл бичээд байгаа юм бэ? ” гээд зэмлэсэн байсан. Тэгээд хэргийг нь хаана гэж хэлсэн байсан. Урангоо уйлаад надад хэлсэн. Би цагдаа дээр очиж мөрдөн байцаагчтай нь уулзсан. Мөрдөн байцаагчийн өрөөнд ах нь чамд мөнгө өгсөн юм шиг санагдаад л байгаа юм даа гэж Дашбат Урангоод хэлсэн байсан. Дашбат Урангоод мөнгө өгөөгүй нь нотлогдсон. Тэр үед цагдаа Урангоогийн талаас нэг ч гэрч асуугаагүй. Сүүлдээ хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Би прокурор дээр очиж прокурор Розатай уулзсан. Дашбат Урангоод “миний дүү амьдралаа дээшлүүл гээд 1 000 000 гаруй төгрөг өгсөн. Мөн хамт амьдарч байхдаа амьдралыг нь дээшлүүлэх гээд 500 000, 190 000 төгрөг өгч байсан нь үнэн” гэж хэлсэн. Цагдаа дээр хэрэг үүсээд байхад 09 дүгээр сард Урангоогийн дансанд 3 000 000 гаруй төгрөг орж ирсэн. Үүнийг цагдаад хэлээд, цагдаа Дашбатад буцааж өгсөн байна лээ. Прокурор дээр хэрэг очоод Дашбат байрны төлбөрийг дансаар нь төлөөд дуусгачихсан гэж хэлсэн байсан. Хамт амьдарч байхдаа өгсөн мөнгөнүүдээ байрны төлбөр 10 000 000 төгрөгтөө оруулаад төлж дуусгасан гэж хэлсэн байсан. Тэгээд прокурор хэргийг хаасан. Прокурор Урангоогийн талаас нэг ч хүн гэрчээр асуугаагүй байсан. Бид өмгөөлөгчтэй болохоор гэрчээр асуугдая гэж очоогүй, өмгөөлөгчдөө найдсан. Урангоогийн дүүд өгсөн мөнгөнүүдийн хуулга тэр 10 000 000 төгрөгт орсон байсан. Би гэрээ хийсэн 1 хувийг үзсэн бол байрны төлбөрийг 05 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бэлнээр төлнө гэсэн байна ш дээ гэж хэлэх байсан. Гэрээний хувийг саяхан архиваас авсан. Урангоод байгаа гэрээн дээр Дашбатын гарын үсэг байхгүй байна. Дахиад энэ байрыг 18 000 000 төгрөгөөр зарсан байж 10 000 000 гэрээ хийсэн байсан. Дашбат бол Урангоогийн болон миний ухаан санааг эргүүлсэн. Бидэнд өөрийгөө их сайн хүн болж ойлгуулсан. Би их сайн хүн гэж бодоод дүүгийнхээ гал голомтонд авчирч амьдруулсан. Ариунзаяаг Дашбаттай санаатайгаар нийлж ийм хэрэг хийсэн гэж үзэхгүй байна. Ариунзаяагийн толгойг эргүүлж байгаад гэрээ хийсэн байх. Мөрдөн байцаагчийг мөн хуурах гэж оролдсон. 10 000 000 төгрөгийг 3 хуваагаад Урангоод өгсөн гэж хэлсэн байсан. Прокурорыг 100 хувь хуурч мэхэлсэн. Дүү нарт нь мөнгө өгсөн баримтуудаа байрны төлбөрийн баримт болгож өгсөн байсан. Ариунзаяа, Мөнхнаран бид хэд бол хуурай эгч дүүс шиг байсан. Гэтэл Дашбатыг байрыг нь зарсан гэж хэлээгүй хэн нь надад болон Урангоод хэлээгүй. Гэнэт л байр суллаж өг гэж хэлсэн байсан. Дашбат Ягаанцэцэг, Мөнхнаран нарыг байраа 10 000 000 төгрөгөөр зарсан гэж хэл гэж хэлсэн байх. Ягаанцэцэг 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн байсан. Анх надтай уулзахдаа 18 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн бичлэг байгаа. Урангоо байраа 15 000 000 төгрөг гэж хэлэхэд Дашбат 10 000 000 төгрөг гээд биччих гэж хэлсэн байсан. Энэ гэрээ бол гарын үсэггүй. Төлбөрөө төлөөгүй байж гурав дахь хүнд байрыг зарж болохгүй байх. Дашбат, Эрдэнэцэцэг нарын хүү Намбарын овог Эрдэнэцэцэгээрээ байж байгаад гэнэт л Төмөрбаатар гэдэг хүнээр овоглосон байсан. Тэгээд би Ариунзаяа руу асууж ороход Ариунзаяа Дашбат ах хүүгийнхээ овгийг солиулахыг зөвшөөрсөн Эрдэнэцэцэгийн гарын үсэгтэй бичиг авчираад хүүхдийнхээ овгийг солиулсан гэж хэлсэн. Ариунзаяа мэдэж байгаа байх. Манай бэр бол сургуульд сураагүй.Бичиг үсэг мэдэхгүй хүн. Дашбат манай бэрийг хоёр удаа залилчихаад байна.
2013 оны 04 сарын 01-ний өдөр Урангоогийн гарын үсгийг хуурамчаар зураад “Хас” банкинд 200 000 төгрөг төлсөн байсан. Б.Урангоо бол нэн ядуу 200 000 төгрөг байтугай 20 000 төгрөгийн орлогогүй. Дашбат биднийг ноцтой төөрөгдүүлж мөнгө төгрөг өгч сэтгэл санааг нь татаж байгаад байрыг нь зараад алга болсон. СD дээрх бичлэгийг сонсоод үзэхэд Дашбат Ягаанцэцэгээс 18 000 000 төгрөг аваад алга болсон байдаг. Дашбат энэ хэдэн өнчин өрөөсөн хэдийг маань их сайн хүн болж харагдаж байгаад залилсан байна. Би энэ шүүх хуралдаан болохыг сонсчихоод нотариатч Ариунзаяатай уулздаг юм билүү гэж бодож ажил дээр нь очсон боловч Ягаанцэцэг Ариунзаяатай хамт суугаад байсан болохоор нь уулзаж чадаагүй. Би Ариунзаяатай эвлэрэх арга байна уу гэж уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй гэв.
Гэрч Б.Солонго шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 05 сарын 31-ний өдөр Б.Урангоо, Б.Дашбат нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахаар нотариат дээр очиход би Дашбат ах, Урангоо хоёртой хамт орсон. Нотариатч эгч Урангоод эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй. Урангоо гэрээнд гарын үсэг зурчихаад л бид хоёр тэндээс гарч явсан. Тэд хоорондоо ямар гэрээ хийх гэж байгаа талаар би мэдээгүй. Дашбат ах Урангоог нотариат хамт орьё гэж хэлээд дагуулаад орсон. Урангоо бид хоёр багийн найзууд юм. Урангоо манай байр зарагдсан байна гэж надад 2015 оны 07 дугаар сард хэлж байсан. Нотариат дээр ороод Урангоо байраа 15 000 000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлэхэд Дашбат ах 10 000 000 төгрөг гээд биччих гэж хэлж байсныг би сонссон. Би Дашбат, Урангоо хоёртой хамт нотариат дээр ороод энэ хоёр суугаад би ард нь зогсож байсан. Дашбат ах хүртэл цагдаад өгсөн мэдүүлэгтээ намайг хамт явсан гэж хэлсэн байсан. Би энэ гэрээ ямар гэрээ болсон талаар мэдэхгүй гэв.
Гэрч Б.Ягаанцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 онд анх Дашбат санал болгосноор Урангоогийн байрыг би худалдаж авсан.Тэр газар манай хоёр дэлгүүр байдаг. Би тэр хавьд байр хайж байсан. Тэгэхэд Дашбат ах надад тэр байрыг зарах санал тавьсан. Би хоёр дүүтэйгээ ярилцаад бичиг баримтыг нь үзээд байрыг дүү Мөнхнарангийн нэр дээр худалдаж авсан. Тэр байр Урангоогоос Дашбатад шилжээд 1 жил болсон байсан учраас Дашбатын байр юм байна гэж бодоод худалдаж авсан. Би байрыг авахдаа дүүтэйгээ, Дашбаттай хамт нотариат орж гэрээ хийсэн. Би Урангоогийн амьдралыг мэддэг байсан учраас байрыг суллаж өгсөний дараа худалдаж авна гэж хэлсэн. Гэтэл Дашбат би энэ байрыг худалдаж аваад 1 жил болсон ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би энэ байрыг авсны дараа асуудал гарвал хариуцахгүй шүү гэж Дашбатад хэлж байсан. Дашбат Урангоогийн ээжтэй амьдраад хүүхэдтэй болсон байсан. Тэгээд Дашбат “Би энэ хэдийгээ хашаа байшинд оруулах гэж байгаа юм. Чи энэ байрыг авахгүй юу” гэж хэлсэн. Тэр үед Мэргэжлийн хяналтад ажилладаг Тайванаа гэдэг залуу тэнд байр зарах гэж байсан. Би тэр байрыг авах гэж байхад Дашбат ах санал болгоод худалдаж авсан. Мөнхцэцэг эгч тэр байрыг авья гэж байнга хэлж байсан юм байна лээ. Тэгээд худалдаж аваад 2 000 000 төгрөг өгсөн байсан. Байраа буцаана гэхэд нь Мөнхцэцэг эгч буцаагаад хүүтэй нь 2 500 000 төгрөг авсан байсан. Тэгээд байр Урангоогийн нэр дээр буцаж шилжсэн байсан. Байрыг 18 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд байрны үнийн хагасыг малаар төлнө гэж байснаа болиод банкны зээл хийж өгсөн. Энэ байр одоо Мөнхнарангийн нэр дээр байгаа. Миний нэр дээр шилжиж байгаагүй. Бид байрыг авснаас хойш Дашбаттай л утсаар яриад суллаж өг гэж байсан. Дашбат энэ байранд эмэгтэй хүмүүс амьдардаг, ах нь байр хайж байгаа хүлээчих, зүүн дэнжид хашаа татсан, 2 өрөө байшин барьж байгаа гэж хэлсэн. Би Дашбатад “би адилхан эмэгтэй хүн болохоор Урангоод гар гэж хэлж чадахгүй байна. Та наад асуудлаа зохицуулж өг” гэж хэлсэн. Уг байрыг Дашбатаас худалдаж авсан болохоор байр суллаж өгөхийг Дашбатаас шаардаж байсан болохоос Урангоогоос шаардаж байгаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Урангоо нь хариуцагч Б.Ариунзаяад холбогдуулан “Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Т.Дашбат Б.Мөнхнаран нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Дашбат нь миний дансанд мөнгө хийх, надад мөнгө өгөхдөө байрыг чинь худалдаж авч байна, төлбөрийг нь хийж байна гэж огт ярьж байгаагүй, нотариатч дээр гэрээ хийхдээ ч тэгж тайлбарлаагүй, гэрээн дээр надаар гарын үсэг л зуруулах гэж дагуулж очсон. Би тэр үедээ өмнө нь бидэнд өгсөн мөнгө манай байрыг худалдаж авахаар өгч байсан мөнгө гэдгийг мэдээгүй, байраа тэр хүнд бүрмөсөн өгчихөж байна ч гэж бодоогүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад Дашбат бид хоёрын нэр дээр л гарах юм байх гэж бодож байсан. 2012 онд манай байр 10 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаагүй, бид өөрсдөө орох оронгүй байж байраа ийм хямдхан үнээр зарахгүй, тэгээд ч 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийсэн Орон сууц худалдах-худалдан авах гэрээн дээр Дашбат гарын үсгээ зураагүй, нотариатч Ариунзаяа гэрээний утга агуулгыг тайлбарлаж өгөөгүй. Мөн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дашбат Мөнхнаран нарын хооронд Орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн юм билээ. Энэ гэрээг ч хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд хэрвээ тухайн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ амаар болон бичгээр яагаад тайлбар өгөөгүй юм бэ? Урангоо нь 10 дугаар анги төгссөн, уншиж бичиж чаддаг, өөрийн үйлдлийг ойлгох эрх зүйн бүрэн чадамжтай, 2 хүүхдийн эх хүн гэрээнээс үүдэн гарах хор уршиг болон ач холбогдлыг бүрэн тооцоолсон, түүнийхээ дагуу уг гэрээг хийхээр хүсч орж ирсэн гэж бодож байна. Уг гэрээг хийхэд Дашбатын зүгээс айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн зүйл ажиглагдаагүй. Урангоо нь урьд нь орон сууц бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг нэг бус удаа хийж байсан бөгөөд наймаа тохирохгүй өөрт ашиггүй байна гэсэн үндэслэлээр наймаа буцаж байсан учир гэрээний талаар тодорхой мэдлэгтэй гэж үзэж байна. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Дашбат бид хоёрын нэр дээр гарна гэж бодсон байсан гэж хэлсэн нь гэрээг илт ойлгоогүй мэт худал дүр эсгэн нотариатч, нотариатын байгууллагын нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна. Дашбат нь гэрээнд гарын үсэг зурсан нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн гэрээнээс тодорхой харагдаж байгаа, мөн нотариатч Б.Ариунзаяа гэрээний утга агуулгыг тайлбарлаж өгөөгүй, гэрээний улмаас бид орох оронгүй болж миний болон ээж, дүү, хүүхдүүдийн маань эрх ашиг зөрчигдөж байна гэжээ. Урангоог олон хүүхэдтэй ээжтэйгээ амьдардагийг нь мэдэх болохоор байраа яагаад зарах гэж байгаа, гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцсөн эсэхийг харин ч лавласан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Шарга”-ын 1-2 тоотод байрлах 28 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд хийгдсэн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хэлцэл, мөн орон сууцыг Т.Дашбатаас Б.Мөнхнаранд шилжүүлсэн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлийн 41.1‑д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 41.2‑т “хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалт, гэрч Б.Гэрэлтуяа, Б.Ягаанцэцэг нарын мэдүүлэг, хэрэгт бичгийн нотлох баримтаар ирүүлсэн Б.Урангоо, Т.Дашбат нарын гарын үсэг бүхий 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээний Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан хуулбар, CD бичлэг зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Урангоо нь дээрх гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлэхдээ гэрээний учир холбогдлыг мэдээгүй байх боломжгүй, харин ч түүний хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна.
Иймд Б.Урангоо Т.Дашбат нарын хооронд хийгдсэн 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3 дахь хэсэгт зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3 дахь хэсэгт зааснаар Гон овогт Борчулууны Урангоогийн нэхэмжлэлтэй, нотариатч Боржигон овогт Баатарын Ариунзаяад холбогдох “Б.Урангоо, Т.Дашбат нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Т.Дашбат Б.Мөнхнаран нарын хооронд 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ