| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 182/2020/01059/И |
| Дугаар | 210/МА2026/01016 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01016
2026 05 06 210/МА2026/01016
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11710 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, *******гийн эрх залгамжлагч ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562,452,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,056 ам.доллар, 384,685 еврог гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн эрх залгамжлагч *******, түүний өмгөөлөгч нарын болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор, М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1 Миний охин *******тай хамт Унгар улсад байсан ******* надад Найман шаргын хажууд барилга барих бизнесийг хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэсний дагуу би 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 160,000 евро /479,452,800 төгрөг/, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
1.2. ******* нь авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй, барилга бариагүй байсан тул мөнгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй. Анх мөнгө авах үедээ ...танай охин *******тай сууж байгаа, бид удахгүй нэг гэр бүл болно, барилгын бизнес хугацаа шаарддаг, амар ажил биш, харин та нэмж хөрөнгө оруулаач, нэг л эхэлчихвэл асуудалгүй, түрээсийн орлогоороо л хөрөнгө оруулалтаа нөхөөд өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох унац ихтэй бизнес гэх мэтээр намайг ятгаж хугацааг хойшлуулж байсан.
1.3. Гэтэл Монгол Улсад өөр гэр бүлтэй байсан ба Унгар улсад ажиллаж амьдарч байсан миний охин *******тай гэр бүл болох зорилгогүйгээр Унгар улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй болохын тулд гэрлэлт бүртгүүлж, улмаар 2015 оны 5 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан байсан. Энэ нь түүний хууран мэхлэх, ******* намайг төөрөгдүүлэх үйлдлийнх нь нэг хэсэг байсан.
1.4. *******оос мөнгөө шаардахад өгнө гэж хэлдэг байснаа 2016 оны намраас хойш зугтаж алга болсон тул Цагдаагийн байгууллагад хандахад хэргийг шалгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
1.5. ******* нь миний охин ******* болон ******* бид нараас мөнгө авахын тулд дээр дурдсан нөхцөл байдал үүсгэж, хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлснээр 160,000 евро, 63,000,000 төгрөгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул *******оос 562,452,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******ын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2.1. Миний эгч ******* 2015 оноос бамбай булчирхайн хордлого, 2019 онд тархины цус харвалт өвчнөөр өвчилж, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, хүний асаргаанд орсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/27 дугаар захирамжаар ******* намайг эгч *******гийн харгалзан дэмжигчээр тогтоосон.
2.2. ******* нь Унгар улсад 1991 онд очиж, 1997 онд *******той танилцаж, 2008 оноос эхлэн дотно харилцаатай болсон. ******* нь Унгар улсад хэд хэдэн бизнес эрхэлж байсан ба их хэмжээний орлого олдог байсан. ******* нь *******тай хайр сэтгэлийн харилцаатай, хамтран амьдрах юм чинь дундын хөрөнгө бий болгоё гэж хэлснээр 2008-2014 он хүртэлх хугацаанд өөрийн ээж болон *******ийн ээж Ч.*******гийн данс руу олсон мөнгөө шилжүүлдэг байсан.
2.3. ******* нь Унгар улсад удаан хугацаагаар оршин суух эрх авахын гэр бүл болох зорилгогүйгээр миний эгч *******тай 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан боловч тогтвортой хамтран амьдраагүй, Монгол улсад өөр гэр бүл зохиосон байсны улмаас Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрлэлтээ 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаж цуцлуулан дуусгавар болгосон байдаг.
2.4. ******* нь Унгар улсад оршин суух эрх олж авахын тулд тус улсад бизнес эрхэлж, хууль ёсоор оршин сууж байсан *******тай дээр дурдсанчлан, дүр үзүүлсэн харилцаа үүсгэж, хууль бусаар гэрлэлт бүртгүүлж, улмаар тус байдлаа ашиглан Монгол улсад үл хөдлөх эд хөрөнгө авъя, чи гадаад улсад олон жил амьдарсан юм чинь би үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад чинь тусална хэмээн Монгол Улсын банк дахь өөрийн дансаар 2008 оноос 2014 оныг хүртэл их хэмжээний мөнгө буюу 6,056.77 ам.доллар, 453,743.57 евро шилжүүлэн авсан.
2.5. *******г Монгол улсад ирэхэд нь ...би чиний мөнгийг тоглоом тоглож үрсэн тул чи миний ажиллуулж байгаа караокег ажиллуулж, мөнгөө олж ав, мөн би боломжоороо мөнгийг чинь төлнө" гэсэн ба тэрээр 2014 оны 01 дүгээр сараас сар бүр 500,000 - 1,200,000 төгрөгийг *******д төлж, ******* түүний хэлсний дагуу караокег хэсэг хугацаанд ажиллуулсан. Гэвч тус бизнес нь огт ашиггүй байсан ба *******оос мөнгөө олж авах боломжгүй, мөн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас караоке ажиллуулах боломжгүй болсон тул энэ байдлыг хэлж, мөнгөө шаардахад 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөг /47,112 евро/-ийн үнэ бүхий 1 орон сууцыг бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлээд, үлдсэнийг нь өөрийн боломжоороо төлж барагдуулна хэмээсэн боловч 2019 оны 03 дугаар сар хүртэл дээр дурдсан 500,000-1,200,000 төгрөг хүртэлх хэмжээгээр цувуулан нийт 53,700,000 төгрөг /21,946 евро/ төлсөн. Тодруулбал ******* *******гаас үндэслэлгүйгээр олж авсан 6,056.77 ам доллар 453,743.57 еврогоос дээр дурдсанаар тооцвол 153,700,000 төгрөг буюу 69,058 еврог буцаан төлж, 6,056.77 ам.доллар 384,685 еврог төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар *******оос *******гаас үндэслэлгүйгээр олж авсан 6,056 ам.доллар 384,685 еврог гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
3.1. *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бүгд худал, санаанаасаа зохиосон зүйл байна. Учир нь эдгээр шилжүүлсэн мөнгө нь миний өөрийн бизнесийн орлогын мөнгө бөгөөд Унгар улсад хамтран амьдарч байсан *******тай нийлж явуулж байсан бизнесийн үйл ажиллагааны мөнгийг Монгол улс руу шилжүүлэн авахдаа 2 ээжийнхээ дансаар дамжуулж шилжүүлсэн гүйлгээ юм.
3.2. Би Унгар улсад хар багаасаа очиж ах, эгч нартайгаа нийлж наймаа хийж амьдардаг байсан. *******тай Унгар улсад танилцаж, 1997 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2011 оны 05 сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. Гэрлэлтээ ямар нэг ашиг хонжоо хайж, буруу зөрүү зорилго агуулснаар батлуулаагүй. Хайр сэтгэлийн харилцаатай байсан учраас урт удаан хугацаанд бид хамт амьдарсан. Унгар улсад анх танилцах үед хоёулаа бичиг баримтгүй, хамт зах дээр бараа зарж байсан. Би 1997 онд бичиг баримтгүйн улмаас хар даруулж Монгол улсад ирсэн бөгөөд өөрийн найз *******ын паспортоор 1999 оны 07 сарын 04-ны өдрөөс эхлэн Унгар улсад ажиллаж, амьдарч байгаад 2009 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн өөрийн нэрээр Унгар улсад ажиллаж амьдарсан.
3.3. Бид хоёр 2003-2008 он хүртэл хугацаанд наймаа хийж олсон мөнгөө Монгол Улс руу татахын тулд ******* өөрийн ээж *******гийн нэр дээр еврогийн данс нээж, би өөрийн ээж Ч.*******гийн нэр дээр ам,долларын данс нээж, тухайн данснуудаар мөнгөө шилжүүлдэг байсан. Би 2008 оны 09 дүгээр сард өөрийнхөө нэр дээр *******инд анх данс нээлгэж, мөнгөө *******гаар шилжүүлж, татаж эхэлсэн. 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 43,609 евро, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 128,418 евро, 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 90,905 евро, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 92,905 евро, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 97,905 евро, нийт 453,743 еврог *******гаас шилжүүлсэн ба үүнд *******гээс надад шилжүүлсэн гэх 160,000 евро хамаарна. Энэ хугацаанд буюу 2008 оны 9 дүгээр сарын намар нь ирж мөнгөө ээжээс авсан.
3.4. 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсад би ирж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба хамтдаа бүх зүйлээ ярилцаж тохиролцож хийдэг байсан. Гэтэл ээж маань 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Мөнгөө алдсан, ээж нас барсан учраас би амиа хорлох тухай ч бодож байсан. Гэвч надад байгаа ганц зүйл нь ******* байсан. Ингээд би 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Унгар улсад очсон. Бид тухайн оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Үүний дараа 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монголд ирж, Олон улсын арилжааны дансаа цэнэглээд буцдаг байсан ба 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Унгарт очсон. Бид хоёулаа Олон улсын арилжаа хийдэг байсан ба эхэндээ гайгүй байж байгаад сүүлдээ бүх мөнгөө алдсан. Найман шарга дээр валют арилжаа хийдэг байсан. 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдөр би Монголд ирсэн, дахин буцаж яваагүй. ******* 2013 оны 6 дугаар сарын эхээр араас ирсэн. Бид бусдаас мөнгө зээлж, караоке ажиллуулж байсан боловч талийгаачийн бие муудаж эхэлсэн ба хамт ажиллах боломжгүй болсон.
3.5. Би 2014 оны сүүл, 2015 оны эхээр эхнэр н.Отгонтуултайгаа танилцсан байсан. н.Отгонтуул бид хоёр ярилцаад талийгаачид их тусалсан, над дээр олон удаа уйлж ирсэн ба амьдрах газаргүй байна гэхэд нь орон сууц авч өгч, улмаар cap бүр мөнгө шилжүүлж тусалдаг байсан. Түүнээс нэхэмжлэлд дурдсанчлан, хуваарьт төлөлт хийгээгүй юм. 2018 оны эхээр утсаа авахаа больчихсон, 2018 оны 12 дугаар сарын үед огт холбоогүй болсон. 2019 оны эхээр холбогдох үед дүү нь гэж хүн утсыг нь аваад ...манай эгч цус харвасан, утсыг нь би хэрэглэж байгаа гэсэн.... Ингээд уулзах үед гадаад явж эмчлүүлэх хэрэгтэй байна мөнгө тусламж хэрэгтэй байна гэхээр нь би хангалттай тусалсан, үүнээс болж миний гэр бүлд асуудал үүсч байгааг хэлээд тусалж чадахгүй гэсэн. Гэтэл энэ уулзалтаас 10 хоногийн дараа Цагдаагийн газраас гомдол ирсэн гэж дуудсан. Би тухайн гомдолтой танилцахад утсаар ярьж мөнгө зээлсэн гэж бичсэн байсан.
3.6. Бид тухайн үед ажиллаж амьдарч байхдаа Унгар улсаас Монгол улс руу мөнгө татахдаа манай ээж болон *******гийн ээжийн дансаар дамжуулан шилжүүлэн авсан мөнгө байдаг. Гэтэл олон жилийн дараа уг гүйлгээний баримтуудыг ашиглаад надаас мөнгө нэхэж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй.
******* гуайтай би барилгын ажил хийх талаар ямар нэгэн хэлцэл хийж байгаагүй. ******* гуайн барилга бариулах мөнгө биш, миний өөрийн бизнесийн мөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн би *******д төлөх ямар нэгэн өр төлбөр байхгүй, гэрлэлтээ цуцлуулахдаа бид эд хөрөнгийн маргаан байхгүй гэдгээ харилцан зөвшөөрч тайлбараа бичгээр гарган гэрлэлтийн баталгаагаа салгуулж байсан.
Иймд надаас 6065 ам.доллар, 384,685 евро нэхэмжилсэн *******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******оос 562,452,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******ын гаргасан хариуцагч *******оос 6,056 ам.доллар, 384,685 евро буюу 646,848,185 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******оос 2,970,214 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,392,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орчуулагчийн ажлын хөлсний 50 хувь болох 1,000,000 төгрөгийг хариуцагч *******, 50 хувь болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******аас тус тус гаргуулж Элит орчуулгын товчоо буюу ******* ХХК /Чингэлтэй дүүргийн 4 хороо, Астра төв *******/-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.2 дахь хэсэгт ... гэрлэх санаа зорилго байгаагүй гэдэг үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэх дүгнэлтийг хийхдээ хэргийн 1 дүгээр хавтасны 96, 123 дахь талд авагдсан *******, ******* нарын Улсын бүртгэлийн байгууллагад өөрсдийн гараар бичиж өгсөн хамтран амьдарч байгаагүй, гэр бүлийн холбоо байгаагүй... гэх бичиг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Гэрч нарын мэдүүлгээр хариуцагч ******* нь *******тай гэр бүлийн харилцаа үүсгэж байсан нь, мөн хэргийн 1 дүгээр хавтасны 80-83 дахь тал, 2 дугаар хавтасны 148 дахь талд авагдсан баримтаар ******* гэр бүлийн амьдралтай байсан атлаа гэрлэлт бүртгүүлсэн нь, мөн дээр дурдсан бичиг баримтаар тэд гэрлэх санаа зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь тус тус эргэлзээгүй нотлогдсон байтал шүүх эдгээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлсэнгүй.
5.2. Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл явдлыг он цагийн дарааллыг харгалзан зөв тогтоож, үнэлээгүй. Нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй мөнгө *******, ******* нарын гэр бүлийн дундын хөрөнгө байгаагүй болох нь тус мөнгөн хөрөнгө гэрлэлт батлуулахаас өмнө шилжүүлсэн үйл баримт болон 2007 онд мөнгөө хувааж аваад байгаа үйл баримтаар тогтоогдсон. Түүнчлэн тийнхүү шилжүүлсэн мөнгө нь *******гийн хувийн мөнгө буюу хувааж авсан 4 сая ам.доллароос өөртөө авсан 2 сая ам.долларын эх сурвалжтай болох нь эргэлзээгүй тогтоогдсон. Нэхэмжлэгч *******гээс хариуцагч ******* шилжүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нийт мөнгө нь *******гийн охидоосоо бэлгэнд авсан хувийн эд хөрөнгө ба охинтой нь гэр бүл болж байгаа тул найдвартай гэж үзэн шилжүүлсэн болох нь тогтоогдсон. ******* *******тай гэр бүл болох сонирхол, зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн ба огт хамтран амьдарч байгаагүй, Унгар улсад оршин суух эрх авахын тулд гэрлэлт бүртгүүлсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч ******* нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтдээ эд хөрөнгийн маргаангүй" гэх агуулга дурдаагүй. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* хууртаж явсан болохоо 2015 онд гэрлэлтээ цуцлуулснаар тодорхой болж тэр үеэс шаардах эрх үүссэн болох нь тогтоогдсон. ******* нь ******* өөрт нь сэтгэлтэй, ирээдүйд хамтран амьдарна гэж итгэж, ноцтой төөрөгдөж мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, ба ******* нь тус мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Гэтэл шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг ноцтой зөрчсөн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэснээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй.
5.3. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч, хариуцагчтай гэрлэлтээ батлуулахаас өмнө шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжилж байхад буюу уг хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш байхад шүүх гэр бүлийн дундын хөрөнгө байсан гэх агуулгыг илэрхийлсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна.
Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэр бүл болох зорилгогүй атлаа хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байх гэрлэлт бүртгүүлэн төөрөгдүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тодорхойлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө гаргуулахаар шаардсан байтал Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг үндэслэж хуулийг илтэд буруу хэрэглэсэн. Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр ******* нь гэр бүлтэй атлаа *******тай гэр бүл болон хамтран амьдрах итгэл үнэмшил төрүүлж байсан, *******гаас мөнгөн хөрөнгө шилжүүлж авсны дараа түүнээс гэр бүлээ цуцлуулсан үйл баримт эргэлзээгүй нотлогдож байхад, энэ нь маргаанд хамаарах чухал үйл баримт байхын зэрэгцээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон... гэх заалтыг хэрэглэх хангалттай үндэслэл байтал хуулийн энэ заалтыг зөв хэрэглээгүй. Тодруулбал, шүүх маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглээгүйд, хуулийг хэрэглэх үндэслэл нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байхад хүчин төгөлдөр бус гэрлэлт болох талаар бие даасан шаардлага гаргаагүй гэх үндэслэл заан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, эрх залгамжлагч *******ын хариуцагч *******оос 6056 ам.доллар, 384685 евро буюу 646,848,185 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч *******, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* бизнес хийнэ гэж 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 160,000 евро, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 63,000,000 төгрөгийг надаас авсан тул Иргэний хуулийн 59 зүйлд зааснаар ******* мэхлэгдэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2025/35 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй юм. Учир нь *******, ******* нар хайр сэтгэлийн холбоотой байснаа эхнээсээ тайлбарлаж, 1996 оноос танилцаж арилжаа наймаагаа цуг хийж, 1997 оноос хамтран амьдарч эхэлснээс хойш гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгүүд бий болсон байдаг. 1999 оны эхээр ******* баригдаж нутаг буцаад 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Унгар улсад *******ын паспортоор эргэн ирж Унгар улсад бүртгэлтэй******* нэртэй хуулийн этгээдүүдийг үүсгэн байгуулан бизнесээ хийж, албан ёсны бичиг баримттай болсон учраас баригдах уу гэх эмээх зүйлгүй болсон тул мөнгө хуримтлуулж эхэлсэн талаар нэхэмжлэгч болон хариуцагч, гэрчийн нарын мэдүүлгээр нотлогдож байхад 1997 оноос 2015 он хүртэлх 18 жилийн амьдралыг үгүйсгэж хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн дээрх кейс энэ хэрэгт хамааралгүй.
6.2. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 562,452,800 төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан ба уг мөнгө *******, ******* нарын мөнгө гэдгийг дансны хуулгаар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Шүүх хурал оролцсон *******маагийн мэдүүлэгт эгч бид хоёрын мөнгө гэж мэдүүлдэг боловч өөрөө 2001-2006 он хүртэл ажиллаж байгаад сургуульд сурсан, 2009 онд сургуульд сураад ажил хийгээгүй байтал миний мөнгө гэж худлаа мэдүүлж байна, мөн бид хоёр нийлж 1 удаа 160,000 евро явуулсан гэх мэдүүлэг нь *******гийн ******* ХК-ийн дансны хуулгаар худлаа мэдүүлсэн нь нотлогддог. Мөн гэрчээр шүүхэд н.******* мэдүүлэхдээ Намайг менежерээр авсан. Сард цалин өгдөг байсан, ашиг орлого, алдагдлын талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байдал компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, сарын цалин авдаг, өөрийн бизнесгүй байдлыг харагдуулж байгаа бөгөөд 160,000 евро нь *******, ******* нарын бизнесийн үйл ажиллагааны хуримтлал гэдгийг дээрх мэдүүлгээс нотлогдож байна.
6.3. Мөн хэрэгт барилга барих гэж байгаа нь худлаа байсан гэж бичсэн байгаа боловч энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хуурч мэхэлсэн гэж бичихийн тулд зориудаар худлаа бичсэн зүйл байна. Мөн гэр бүл болох зорилгогүйгээр байсан гэж яаж ичихгүй худлаа бичиж чадаж байна. Гэр бүлийн нандин харьцааг хөндлөнгийн эдгээр хүмүүс яаж мэдэх юм, мөн цуг амьдарч үзээгүй, Монголд байсан хүмүүс шүүхэд хүнийг гүтгэж ингэж бичиж байгаад өрөвдөж, харамсаж, хажууд нь байсан мэтээр бичиж байгаа байдал нь илтэд мөнгөний сонирхолтой, харин өөрсдөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих сонирхолтой байгааг хэрэгт байгаа нотлох баримтуудаар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
6.4. Иргэний хэргийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх хууль бусаар үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Маргаж буй мөнгөн хөрөнгө нь *******ийн авах ёстой *******, ******* нарын хамтын, гэр бүлийн бизнесийн орлого, ашгаар бий болсон мөнгө байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562,452,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч ******* нь хариуцагч ******* холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,056 ам.доллар, 384,685 еврог гаргуулж *******д олгуулах нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ ...найман шаргын хажууд барилга барих бизнес хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэж, миний охин *******тай гэр бүл болох зорилгогүйгээр хүчин төгөлдөр бус байх гэрлэлт бүртгүүлэн хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлснээр их хэмжээний мөнгө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсныг, хариуцагч эс зөвшөөрч, ******* бид хоёр хамт ажиллаж, бизнес хийж олсон мөнгөө Монгол улс руу татаж, хоёр ээжийнхээ нэр дээрх данс руу шилжүүлсэн, миний өөрийн бизнесийн орлогын мөнгө, ******* бид хоёр 1997 оноос хамт амьдарч байгаад гэрлэж, гэрлэлтээ цуцлуулсан, би *******д төлөх өр төлбөр байхгүй, гэрлэлт цуцлуулахдаа бид эд хөрөнгийн маргаангүй гэдгээ харилцан зөвшөөрсөн гэж маргажээ.
3. Харгалзан дэмжигч ******* нь *******г хуульд зааснаар төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй ч төлөөлүүлэгч *******гаас 2021.06.04-ний өдрийн Итгэмжлэлээр уг нэхэмжлэлийг гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг *******т олгосноор Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөллийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч ******* нас барж ******* өв залгамжлалаар нэхэмжлэлийн шаардах эрхийг шилжүүлэн авсан /3-р хх-234-235х/-аар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.23-ны өдрийн 182/ШЗ2023/15208 дугаар захирамжаар *******ыг эрх залгамжлагчаар сольж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн *******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.1. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч *******гийн охин *******, хариуцагч ******* нар нь Унгар улсад 1997 оноос хамтран амьдарч, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон, ******* 2013 оны 3 болон 5 сард Монгол улсад ирж, амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. /хх-102,
4.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 160,000 евро, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 63,000,000 төгрөг тус тус дансаар шилжүүлсэн./1-р хх-5-6, 71, 75х/
4.3. Хариуцагч ******* нь 2008 оны 05 сарын 29-ны өдөр *******анд 1103019884 тоот еврогийн данс нээж, орлого, зарлагын гүйлгээ хийсэн байх бөгөөд уг дансанд *******гаас 2008 оны 12 сарын 03-ны өдөр 43,609.99 евро, 2008 оны 12 сарын 16-ны өдөр 128,418.58 евро, 2010 оны 03 сарын 23-ны өдөр 172,735,862 төгрөг буюу 90,905 евро, 2010 оны 10 сарын 26-ны өдөр 168,302,052 төгрөг буюу 92,905 евро, 2010 оны 11 сарын 09-ны өдөр 175,473,173 төгрөг буюу 97,905 евро тус тус шилжүүлсэн,
Уг дансанд нэхэмжлэгч *******гээс 2009 оны 01 сарын 29-ний өдөр 160,000 евро шилжүүлсэн бөгөөд эдгээр еврогийн орлого ороод удаалгүй зарлага гаргасан болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /1-р хх-138-141х/
4.4. Хариуцагч *******ийн ээж ******* *******гийн *******ны ам,долларын дансанд 2008.08.13-ны өдөр 6,056 ам.долларын орлогыг *******маагаас шилжүүлсэн байна. /3-р хх-10-11х/
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зохицуулсан байх ба нэхэмжлэгч нар нь энэ үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
5.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гээс шилжүүлсэн мөнгийг өөрийн мөнгө, ******* Унгар улсаас ээж рүүгээ шилжүүлснийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан гэж мөнгөний эх үүсвэрийн талаар маргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийг мөнгийг хүлээн авсанд маргаагүй, зарцуулалтын талаар тодорхой тайлбар гаргаагүй гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад буруу хэрэглэсэн байна.
5.2. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******гийн охин *******, хариуцагч ******* нар Унгар улсад 1997 оноос 2011 оныг хүртэл хамтран амьдарч, гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, хариуцагч ******* 1999.07.04-ний өдөр *******ын паспортоор Унгарт очиж, 2008.09.24-ны өдрийг хүртэл уг нэрээр оршин суусан /5-р хх-10-13х/, хариуцагч *******, ******* нар 1999 оноос ALTANORGIL BT, 2000 оноос ******* хуулийн этгээдүүдийг удирдах, төлөөлөх эрхтэйгээр худалдааны үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдсон. /3-р хх-99,144-174,192-205, 4-р хх-113-195х/,
5.3. Нэхэмжлэгч ******* нь 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр *******анд 1102954270 тоот еврогийн данс нээсэн бөгөөд 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хуулгаас үзэхэд *******гаас 2007.07.03-ны өдөр 95,417.88 евро, 2007.11.13-ны өдөр 72,686.28 евро тус тус шилжүүлсэн байх бөгөөд харин *******гээс 2009.01.29-ны өдөр 160,071 еврог ******* шилжүүлсэн байна. /3-р хх-8-9х/,
5.4. Нэхэмжлэгч ******* нь 160,000 еврогийн эх үүсвэрийг охин *******, *******маа нар бэлэглэсэн гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй. Гэрч *******маа эгч бид хоёр нийлж 1 удаа 160,000 евро явуулж байсан, та өөрөө хэрэглээрэй, өөрөө мэдээд зарцуулаарай гэж явуулсан гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь дээрх нэхэмжлэгчийн дансны хуулгаар үгүйсгэгдэж байна.
5.5. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2019.06.18-ны өдрийн 751 дүгээр тогтоолд ... *******, ******* нар гэр бүлийн харилцаатай амьдарч байхдаа ******* нь өөрийн төрсөн эх *******д Унгар улсаас мөнгө шилжүүлж байжээ. *******гаас зөвшөөрөл авч ******* нь ******* 160,000 евро, 83,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд *******ийн үйлдэл залилан мэхлэх шинжгүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. /1-р хх-77-79х/
5.6. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх маргааны зүйл болох нэхэмжлэгч ******* хариуцагчаас шаардаж буй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээ баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
5.7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******ийг найман шаргын хажууд барилга барих бизнес хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэж хуурч мэхэлж нэхэмжлэгч *******гээс мөнгө авсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
5.8. Нэхэмжлэгч ******* нь *******гаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн мөнгийг *******гийн зөвшөөрлөөр хариуцагч ******* шилжүүлсэн байдал нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэж, нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан 160,000 евро, 83,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангана.
6. Анхан шатны шүүх *******гийн эрх залгамжлагч *******ын хариуцагч ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6.1. *******, ******* нар нь Унгар улсад хамтран амьдрах хугацаандаа олсон орлогоо зааглахгүйгээр хамтран эзэмшиж, захиран зарцуулж байсан болох нь гэрч *******ын би *******, ******* хоёрын мөнгө нэг байна гэж бодоогүй ба анхандаа нэг байгаагүй гэх мэдүүлэг, гэрч *******маагийн тийм. Сар болгон бид хоёр мөнгө шилжүүлдэг байсан, Дамдиндорж мөнгө явуул гэдэг байсан гэх мэдүүлэг, *******гаас *******ийн дансанд мөнгө шилжүүлсэн байдал зэргээр тогтоогдсон.
Мөн *******ийн ээж ******* *******гийн *******ны ам,долларын дансанд *******маагаас 2008.08.13-ны өдөр 6,056 ам.долларыг шилжүүлсэн /3-р хх-10-11х/ байх бөгөөд гэрч *******маа ...2008 оны намар байсан байх. Дамдиндоржийн данс руу 6,000 доллар явуулчих гэж эгч хэлсэн. Би шалтгааныг асуухад бид хоёр эхнэр нөхөр болно, Монголд хамтран амьдарна гэсэн. Би эгчийнхээ үгэнд орсон гэж мэдүүлжээ. /5-р хх-21х/
6.2. *******, ******* нар нь 1997 оноос хамтран амьдарч, 2011 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон ба 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан.
Гэрлэгчид захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтдээ ...хамтран амьдарч байгаагүй, гэр бүлийн холбоо байгаагүй гэж бичсэн нь гэрлэлтээ цуцлуулах хүсэл зоригийн илэрхийлэл тул үүнийг гэрлэх санаа зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх үндэслэлээр тайлбарлах боломжгүй юм.
Мөн хариуцагч *******ийн 2004-2005 онд Монгол Улсад ирж байгаагүй, дагавар охиноо өөрөөрөө овоглосон гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийн эрх залгамжлагч, өмгөөлөгч нарын ...тэд гэрлэх санаа зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь эргэлзээгүй нотлогдсон байтал шүүх эдгээр нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлсэнгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. *******, ******* нарын хамтран амьдрах хугацаандаа олсон орлого, зарлагыг зааглах боломжгүйгээс гадна *******гаас ******* шилжүүлсэн мөнгийг зөвхөн *******гийн өөрийнх нь орлого байсан, Хосбаярмаагийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх залгамжлагч, өмгөөлөгч нарын ...******* гэр бүлтэй атлаа *******тай гэр бүл болон хамтран амьдрах итгэл үнэмшил төрүүлж байсан, *******гаас мөнгөн хөрөнгө шилжүүлж авсны дараа түүнээс гэр бүлээ цуцлуулсан үйл баримт эргэлзээгүй нотлогдож Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэх хангалттай үндэслэл байтал хуулийг зөв хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрхи үндэслэлээр хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11710 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан 562,452,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******ын хариуцагч ******* холбогдуулан гаргасан 6,056 ам.доллар, 384,685 евро гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн эрх залгамжлагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,292,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,970,214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Н.ОЮУНТУЯА