Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 17

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 1924000300013 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, *төрсөн, 34 настай, эмэгтэй, *боловсролтой, багш мэргэжилтэй, * ажилтай, * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Човогт Н Э /регистрийн дугаар: */.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Н.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт амьдардаг Б.Н н гэрт Ш.О-тэй архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, түүний цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох  тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч Ш.О, гэрч П.Д, Б.Н, Ж.Ж, П.Л, Ш.О, Ц.У, М.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-н 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 811952054 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судлагдсан хохирогч Ш.О, гэрч П.Д, Б.Н, Ж.Ж, П.Л, Ш.О, Ц.У, М.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-ийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 811952054 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт амьдардаг Б.Н-н гэрт өөрийн найз залуу болох Ш.О-тэй “архи уулаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Иймд Н.Эгийн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Н.Э-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Ш.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Эмчилгээний зардал, эм тарианы мөнгө гээд 500,000 төгрөгийн хохиролыг барагдуулж өгсөн...” гэсэн, шүүгдэгч Н.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч Ш.О 500,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэгүүдээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Н.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай, төлбөрийн чадвартай болох нь Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай “Н овогтой Э нь Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуульд бага боловсролын багшаар ажилладаг. ТҮБД-3-2 шатлалаар цалин авдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ажил хөдөлмөр эрхэлдэг талаараа мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Н Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Н.Э нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН