| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/01817/И |
| Дугаар | 210/МА2026/00774 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2026/00774
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09769 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 38,448,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие нь хариуцагч *******тэй хөрш бөгөөд найз нөхдийн холбоотой учир итгэлцлээр өөрийн нөхөр *******ын данснаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8,500,000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлдүүлсэн.
1.2.Иймд зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Миний бие нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр *******нартай хөршийн холбоотой, найз нөхдийн харилцаатай байсан, 2022 оноос эхлэн нэхэмжлэгчээс мөнгө түр зээлж, буцаан төлдөг байсан бөгөөд нэхэмжлэгчийг хэдэн төгрөг хийгээрэй гэх үед тооцоогоо тэр бүр тулгахгүйгээр нэхэмжлэгчийн шаардсаныг өгсөөр ирсэн.
2.2.Уг 17,500,000 төгрөгийг зээлэн авсан өдрөөс хойш буцаан төлсөн зарлагын баримтыг бүгдийг нь шүүж үзэхэд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 105 удаагийн гүйлгээгээр нийт 71,147,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна.
2.3.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
3.1.Миний бие нь 2022 оноос эхлэн мөнгө зээлж, буцаагаад төлдөг байсан бөгөөд ******* нь тухай бүрд зээлийн тооцооны талаар хэлдэг байсан ба миний бие өртэй юм чинь гэсэн ойлголтоор тооцоог тэр бүр тулгадаггүй байсан, сүүлдээ байнга дарамтлан чи авсан биз дээ гэх зэргээр харааж, нэхэж авдаг байсан.
3.2.Гэвч ******* нь надаас 17,500,000 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсний дараа дансны хуулгаа шүүж үзтэл надаас хэт их илүү мөнгө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, анх 2022 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд мөнгө зээлэн авч, буцааж хуваан төлдөг байсан ба энэ хугацаанд *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 49 удаагийн гүйлгээгээр болон түүний нөхөр *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 44 удаагийн гүйлгээгээр буюу нийт 93 удаагийн гүйлгээгээр нийт 260,928,500 төгрөгийг өөрийн дансанд зээлэн авсан. *******ээс хамгийн анх мөнгө зээлэхдээ тодорхой хугацаа тохирохгүйгээр 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож байсан ба нийт зээлсэн 260,928,500 төгрөгөөс 10 хувийн хүү тооцоход 26,092,850 төгрөг төлөх ёстой байсан. Тус зээлийг төлөхдөө өөрийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 378 удаагийн гүйлгээгээр нийт 378,031,700 төгрөг шилжүүлсэн байх тул үүнээс төлбөл зохих үндсэн зээл 260,928,500 төгрөг, хүү 26,092,850 төгрөгийг тус тус хасахад үлдэх 91,010,350 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.
3.3.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тооцож үзэхэд хариуцагч 263,339,000 төгрөг илүү авсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 38,448,200 төгрөг хангагдах үндэслэлтэй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасган 38,448,200 төгрөг болгож байна.
3.4.Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 38,448,200 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1.Миний бие нэг ч удаа дарамталж хараадаг байгаагүй, 91,000,000 төгрөг илүү төлсөн зүйл байхгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч ******* нь 91,010,350 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 52,522,50 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******эс 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, нэхэмжлэгчээс 38,448,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 245,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 613,002 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8,500,000 төгрөг тус тус шилжүүлснийг хариуцагч буцаан төлөөгүй гэх тайлбараа нотолсонгүй... гэжээ. Шүүхийн мэтгэлцээний явцад 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд хариуцагчид мөнгө зээлж байсан болох нь тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч мөн энэ мөнгөн дүнг тухайн цаг хугацаанд уг дүнгээр буцаан шилжүүлсэн гэдгээ нотлоогүй. Гэтэл шүүх тухайн шилжүүлсэн мөнгөн дүнгээс илүү дүнгээр мөнгө шилжүүлсэн нь тухайн мөнгөн дүнг буцаан төлсөн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын хүртэл хугацаанд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн үр дагавар, хуримтлагдсан өр төлбөрийн үргэлжлэл явагдаж байгааг шүүх анхаарч үзэлгүй, шилжүүлсэн 17,500,000 төгрөгөөс давсан гүйлгээ хийгдсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн буюу зээлсэн мөнгөө шүүхийн журмаар шаардсан байх ба өмнө, хойно шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, хүүг шаардаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс өмнө, хойно хүлээн авсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг буцаан төлж байсан дүнгээр илүү өгсөн байна гэж маргасныг шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
6.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 17,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1.Нэхэмжлэгч тал 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 9,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 8,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч *******ийн дансны хуулгаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт 105 удаагийн гүйлгээгээр нийт 71,147,000 төгрөг төлөгдсөн болох нь нотлогддог. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс шилжүүлсэн энэ мөнгө нь өмнөх хугацааны төлбөр, энэ зээлийн харилцаа удаан үргэлжилсэн гэж тайлбарласан тул 2022 оны 09 дүгээр сараас эхэлсэн зээлийн харилцаанд холбогдох хоёр талын дансны хуулгыг нэг жилийн хугацаагаар шүүж үзэхэд нэхэмжлэгч ******* болон түүний нөхрийн данснаас нийт 263,339,000 төгрөгийг *******д шилжүүлж, үүнээс 301,787,200 төгрөгийг хариуцагч төлсөн байдаг.
7.2.Дээр дурдсанчлан, тухайн хоёр мөнгө орж ирснээс хойших хугацаанд мөнгө төлсөн дансны хуулгыг гаргаж өгсөн ба уг дансны хуулгаар энэ нь нотлогдсон гэж үзэж байна.
7.3.Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 105 удаагийн гүйлгээгээр нийт 71,147,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд *******ээс нийт 260,928,500 төгрөг зээлсэн, уг зээлийн төлбөрт нийт 378,031,700 төгрөгийг түүнд шилжүүлсэн тул үүнээс төлбөл зохих үндсэн зээл 260,928,500 төгрөг, хүү 26,092,850 төгрөгийг тус тус хасахад үлдэх 91,010,350 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэгч *******ээс 91,010,350 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагч уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 38,448,200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3.******* нь *******тэй амаар хэлцэл хийж, *******ээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд *******д мөнгө зээлдүүлж, ******* нь зээлсэн мөнгийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлдөг байсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон.
4.******* нь өөрийн нөхөр *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8,500,000 төгрөгийг тус тус ******* zeelew гэх гүйлгээний утгатайгаар *******ийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, уг үйл баримтад талууд маргаагүй. /хх-ийн 5-6-р тал/
Харин ******* нь дээрх зээлийн төлбөрийг буцаан төлсөн эсэх асуудал нь талуудын маргааны зүйл болжээ.
5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
6.Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 9,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 8,500,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийг буцаан шаардсан.
Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсний дараа дахин мөн өдөр 1,422,500 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,692,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 6,114,500 төгрөгийг шилжүүлснээр уг хугацаанд нийтдээ 15,114,500 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчид нийт 16,725,500 төгрөг буцаан төлсөн.
Мөн нэхэмжлэгч ******* 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 8,500,000 төгрөгийн зээлийн үүргийг шаардаж байгаа боловч уг 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 15 удаагийн гүйлгээгээр нийт 34,098,000 төгрөгийг дахин шилжүүлснээр уг хугацаанд нийтдээ 42,598,000 төгрөг шилжүүлсэн байх ба хариуцагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгчид нийт 55,235,900 төгрөг буцаан төлжээ.
Тодруулбал, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******д нийт 273,377,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч *******ийн нэхэмжлэгчид буцаан төлсөн төлбөр 309,322,900 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг мөнгөн дүн нь нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнгээс илүү гарсан байгаа учраас уг зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь уг зээлийн төлбөрүүдийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Түүнчлэн хариуцагч ******* нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8,500,000 төгрөгийг тус тус буцаан төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч тал шаардаж байгаа боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь ...2022 оны 10 дугаар сараас эхлэн мөнгө зээлүүлж байсан, үргэлжилсэн зээлийн үлдэгдлийн дүнг тааруулах гээд энэ хоёр дүнг гаргасан... гэж тайлбарласнаас гадна нэхэмжлэгч тал уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
7.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд, хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл нь зөв бөгөөд үүнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
8.Мөн хариуцагч ******* нь анх гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 38,448,200 төгрөг болгон багасгасан байхад анхан шатны шүүх тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон байгаа боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учраас давж заалдах шатны шүүхээс залруулахгүйгээр хэвээр үлдээсэн болохыг дурдав.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.МӨНХЦЭЦЭГ