| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 184/2024/05784/И |
| Дугаар | 210/МА2026/00891 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00891
2026 04 22 210/МА2026/00891
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/10242 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******тт холбогдох,
Фейсбүүк цахим орчинд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаахыг үүрэг болгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Өөрийнхөө хийсэн ёс бус зохисгүй бүхнийг бусдад болон надад нялзааж, үргэлж гүтгэн доромжилж, миний нэр төр, алдар хүндийг гутааж байгааг тогтоолгож, уучлалт гуйхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******т бид хоёр дотно найзууд байсан. 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр*******т багш н.*******гэдэг админтай 136 гишүүнтэй сургуулийн групп дээр ******* багш байнга дарамтлаад байна, үсийг нь индүүдэж угааж өгдөг, гутлыг нь үдэж өгдөг, улавчийг нь хүртэл өмсүүлдэг, машиныг нь гарч угааж өгдөг, өөрт нь морь нохой мэт зарагдахгүй бол өдөр шөнөгүй утсаар ярьж дарамтлаад байна. Ийм их дарамтыг амсаж нэг өрөөнд суух хэцүү байна гэж бичсэн. Эхлээд би тоглоом хийж байгаа юм болов уу гэж гайхсан. Гэтэл үүнийхээ дор янз бүрийн тайлбар хийгээд энэ бүхнийг өөрийг нь уурлуулахгүй гэсэндээ аргаа ядаж хийж байна гэдэг нэмэлт тайлбар бичсэн. Энэ нь хавтаст хэргийн 126-129 дүгээр талд байгаа.
1.2. 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 154 дунд багш нар гэсэн групп чатад өөрийнхөө *******гэсэн фэйсбүүк хаягнаас Боловсролын байгууллагад 25 жил ажиллахдаа ******* шиг багштай таарч байгаагүй юм байна. Бусдыг хүндлэхгүй байж өрөөл бусдыг урдаа бөхөлзүүлэх гэсэн санаа өвөрлөдөг шиг санагддаг. Доктор ...больё оо багш ...ч болъё 3 настай балчраас дор гэж бичиж олон нийтийн өмнө гутаасан. Энэ нь хавтаст хэргийн 41 дүгээр тал, мөн 2 дугаар хавтаст хэргийн 62 дугаар талд байгаа.
1.3. Миний мэргэжлийн нэр хүндийг яаж гутаасан гэхээр 154-р сургуулийн багш нарын нэгдсэн групп" нэртэй бага дунд ангийн багш нар, удирдах ажилтнууд байдаг 136 гишүүнтэй группт "Алдаатай бичдэг багш танд зориулж би зөв бичих дүрмийн хичээл заая", "Зөвхөн танд зориулж заая", "та шавь нараа яаж сургана даа?", "байна гэж ингэж бичихгүй ээ...гээд илүү дарагдсан үсэгтэй хэсгийг улаан өнгөөр дугуйлан онцолж зургийг авч тавьсан бөгөөд шилдэг гэх үгийг бичихдээ д үсгийг орхиж шивсэн санамсаргүй алдааг онцлон зургийг дарж улаан өнгөөр тодруулаад, "Энэ бол санамсаргүй дарагдсан алдаа биш, цэвэр зөв бичих дүрмийн алдаа шүү багшаа гэсэн тайлбар бичсэн...зэрэг хэд хэдэн үйлдэл нь 30 шахам жил ажиллаж улсдаа хүч хөдөлмөрөө үнэлүүлсэн, мянга мянган шавьтай багш намайг илтэд гутааж, үг бичиж чадахгүй гэж доромжилж буй үйлдэл мөн. Монгол хэлний хандсан үгийг бичих зарчмаар Сүрэнд хандвал Сүрээн!", байна гэхийг байна аа, байнаа" гэж уртаар дуудан бичиж болох бөгөөд энэ нь алдаатай бичвэр биш хандсан баймж өгүүлэмж илэрч буй нийтээр мөрдөгддөг дүрэмтэй бичвэр юм. Тиймээс ажил хэргийн нэр хүндэд зориуд халдсаныг нотлох баримт байгаа.
1.4. Мөн 154-р сургуулийн групп чатанд ******* намайг "******* цэвэршсэн эмэгтэй тул эмэгтэй хүний эмзэг нарийн асуудлаараа битгий далимдуулан дарамтлаад байгаарай гэж" бичсэн байв. Энэ асуудлыг 2024 оны 03 сарын 20-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн хурал дээр хүртэл ярьсан байдаг. н.******* гэдэг багш ******* багшаас болж ажлаасаа гарсан гээд хэн бичсэн нь тодорхойгүй нэг өргөдлийн зураг оруулчихсан байгаа. Тэр багш надаас болж ажлаасаа гарахгүй, тэр хүнийг ажлаас халсан тушаал гаргадаг хүн нь ч би биш. Тэр өргөдөл хэрвээ үнэн юм бол яаж тэр албан бичиг сургуулийн архиваас гарч өөрийн чинь гар дээр очсон юм бэ? Худлаа юм яагаад хүний нэр төрийн эсрэг зохиомол зүйл хийж байгаа юм бэ? Үүнийг маш их гайхаж байгаа. Би н.*******багштай явдаг гэх зүйлийг огт яриагүй, тэгэх ёс зүй надад байхгүй. Үүнийг би ярьсан бол очиж хэлсэн хүнтэй байх ёстой байх, ярьж байсан газар оронтой байх ёстой байх. Ийм хачин юм би ярьж яваагүй. Хаанаас юугаа зохиож над руу тохоох гэж эрмэлзэж байгааг ойлгохгүй байна.
1.5. Нийслэлийн боловсролын газрын ёс зүйгээс үүнийг зөрчилд тооцох боломжгүй байна гэсэн тул 154 дүгээр сургуулийн ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг хүчинтэй гэж үзэх боломжгүй. 3 дугаар сарын 20-ны өдөр Сургуулийн ёс зүйн зөвлөлийн хурал болж, бид нарыг эв найрамдалтай бай, энэ цаг мөчөөс эхлээд хэн ч сургуулийн групп рүү сөрөг мэдээлэл оруулахгүй байхыг даалгасан. Гэтэл*******т байгууллагын дүгнэлт, шийдвэрүүдийг сонсохгүйгээр, харгалзахгүйгээр миний эсрэг тууштай явсан.
Би 2024 оны 06 дугаар сард анх өргөдлөө өгч, өнөөдрийг хүртэл бүтэн 2 жилийн хооронд*******тыг уучлалт гуйчих болов уу гэж харж байсан. Сургуулийнхаа захирал, бусад багш нартайгаа уучлалт гуйгаад ойлголцсон.*******т ганцаараа шүүхийн танхимд хүртэл хэзээ ч уучлахгүй гэдэг үгийг шүд зуугаад хэлсэн учраас шийдвэрлүүлэх ёстой газраар нь шийдүүлье, ёс зүйн хувьд, багш хүний хувьд, эрдмийн зэрэг цолтой хүний хувьд, ийм хачин шороотой хутгалдах нь надад их харамсалтай байна.
1.6. Эд нарын эцсийн гол зорилго нь *******д ямар нэгэн байдлаар ёс зүйн шийтгэл ногдуулчих юм бол сургуулийн ёс зүйгээр ч юм уу гэм буруутайг нь тогтоолгож *******г захирлын албан тушаалд нэр дэвшихээс болиулах байсан. Тэрний төлөө зохион байгуулалтайгаар юу ч хийхэд бэлэн, янз бүрийн зохиомол зүйлсийг гаргаж ирж, над руу ингээд дайрч давшилж, бичиж ирсэн. Тэр байтугай өдөр тутмын энгийн харьцаагаар ярьж хэлэлцэж байсан зүйлийг хүртэл мушгиж гуйвуулж, гэмт хэргийн шинжтэй болгох гэж хичээж байсан. Би тухайн үедээ секц ахалж байсан тул багш нарынхаа алдаа дутагдлыг улаан балаар засаад өгөх тохиолдол гарна шүү дээ. Би секцийн ахмад багшийн хувьд сургуулийнхаа мастер төлөвлөгөөг боловсруулсан.
Дээрх үйлдлүүдийг*******т Фейсбүүк цахим орчинд олон нийтэд түгээж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаахыг даалгаж өгнө үү гэжээ
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1 Би ******* багштай 2022-2024 онд хамт ажиллаж байсан бөгөөд энэ багшийн зан харилцааны ноцтой дутагдал, бусадтай харилцах ёс бус хандлага, ажлын байран дахь дарамт шахалт, дээрэнгүй авирлалт нь хэрээс хэтэрч, өөрөө эхэлж бусдыг ёс бус үйлдэл, үг хэллэгээр гүтгэж доромжилчхоод хариу тайлбар хийхээр элдвээр хэлж, уурлаж хашигчин доромжлохыг нь үл тэсвэрлэж, хэлэх ярилцах боломжгүй бүх сувгаар блоклосон учир үнэн бодит байдлаа 2024 оны 3 сарын 18-нд сургуулийнхаа зөвхөн багш нар байдаг дотоод группэд илэрхийлэн бичсэн билээ. Мөн өдөр секцийн бусад багш нар ч мөн өөр өөрсдийнхөө хэцүү бэрхтэй байгаа байдлаа илэрхийлэн бичицгээж байсан. Гэтэл намайг бусад багш нарыг турхиран уриалж, зохион байгуулалттайгаар бичсэн хэмээн гүтгэсэн. Би үүнийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй. Би зохион байгуулаагүй. Энэхүү сургуулийн зөвхөн багш нар байдаг Чат бүлэгт холгүй гэж миний бичсэн бичвэрийг ******* багш дарамтлаад байна. Бид үсийг нь индүүдэж, угааж өгдөг, хувцасных нь тоосыг арилгаж өгдөг, машиныг нь угааж өгдөг, гутлыг нь үдэж өгч, улавчийг нь өмсүүлдэг, өөрт нь морь нохой мэт зарагдахгүй бол өдөр шөнөгүй утсаар ярьж дарамталдаг гэж зориудаар худал өөрчилж утгыг нь гуйвуулан, буруугаар ойлгогдохоор мушгиж үг нэмж хасан, үндсэн утгыг нь алдагдуулсан. хоорондын үл ойлголцол, зан харилцааны хувьд ноцтой дутагдалтай, бусадтай ёс зүйгүй ханддаг ба ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг байдал хэрээс хэтэрсэн учир утас болон фейсбүүк бүх холбоо барих хэрэгслээс блок хийсэн. ******* багш намайг байнга дарамтлаад байна бид Үсийг нь угааж индүүдэж өгдөг, Хувцасных нь шороо тоосын арилгаж өгдөг, Машиныг нь угааж өгдөг Гутлыг нь хүртэл үдэж, улавчийг нь хүртэл өмсүүлж, тайлж өгдөг Өөрт нь морь нохой мэт зарагдахгүй бол өдөр шөнөгүй утсаар ярьж дарамталдаг Ийм их дарамтыг амсаж хамт нэг өрөөнд суух хэцүү байна гэх үгнүүдийг утгыг нь өөрчлөн буруугаар ойлгогдохоор мушгиж үг нэмж хасаж үндсэн утгыг нь алдагдуулан бичсэн байдаг.
2.2. 2024 оны 05 дугаар сарын 19-ний үүрийн 05:26 минутад ******* багш мөн л бусдыг гүтгэж, доромжилж 154 дунд ахлах багш нар групп чатад бичсэн байсныг би эсэргүүцэн үнэн бодит байдлыг бичсэн.
2.3. Би 154 дунд ахлах багш нар групп чатад ******* багшийг Цэвэршсэн эмэгтэй тул.. гэж огт бичээгүй. Би бусад багш нарыг уриалан ******* багшийн өөдөөс турхирсан зүйл огтоосоо байхгүй. Харин залуу багш Б.******* ******* багшийн дарамт шахалтаас болж цаашид ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх өргөдлөө өөрөө чат группэд байрлуулсан. Энэ байдлыг багш нар мэдээд хэсэг бүлэг багш нар 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэг дор гарын үсгээ зурж, сургуулийнхаа Ёс зүйн хороо-д хандахаар шийдэж өргөдлөө хамтдаа бичиж өгцгөөсөн. Гэтэл ******* багш бидний сургуулийнхаа Ёс зүйн хороо-нд өгсөн өргөдлийг захирлаас авч сургуулийн 154 дунд ахлах багш нар чат группэд нийтэлж тавьсан байсан.
2.4. Би багш хүн тэр дундаа "Монгол хэл-ний багш хүн олон нийтийн сүлжээнд алдаатай бичих зохимжгүй гэж боддог багш нарын нэг юм. Тиймдээ ч ******* багшийн алдар хүндийг нь бодсондоо сайхан сэтгэл гаргаж мэргэжлийн хувьд гаргадаг зөв бичгийн дүрмийн алдааг нь зөвхөн хувь чат руу нь явуулж нөхөрсгөөр хэлж байсан. Гэтэл үүнд ******* багш хар буруу санасандаа ч тэр үү секцийн багш ******* болон миний бичсэн Удирдамж-уудыг хамт олны дунд нийтлэн тавьж элдвийн алдаа гэх зүйлс гаргаж ирэн харлуулан бичсэн байсан. Энэ мэт өөрөө үргэлж эхэлж бусдыг харлуулдаг. Үүнд нь хариу бичихээр эргээд гүтгэгдэн буруутгагддаг.
Иймд би ямар нэгэн нэр төрд халдсан зүйл хийгээгүй өөрийнх бичсэн зүйлд хариу болгон бичиж байснаас өөр зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1 Миний бие *******тай СХД-ийн ЕБ-ын 154 дүгээр сургуульд Монгол хэл, бичиг, уран зохиолын багшаар хамт ажилладаг байсан. Тэрээр ******* багшид удаа дараа гүтгүүлж, доромжлуулж энэ багшаас болж тайван ажиллаж амьдрах болон хууль ёсны эрхээ зөрчүүлж, сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд хохирч байна. Багш ******* нь өөрийнхөө хийсэн ёс бус зохисгүй бүхнийг бусдад болон миний биед нялзааж үргэлж гүтгэн доромжилж, миний нэр төр, алдар хүндийг гутааж байгаа тул энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийж буруугаа ухамсарлан уучлалт гуйхыг шаардаж байна.
3.2 Багш ******* нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 09 дүгээр сар хүртэлх, хугацаанд намайг элдвээр гүтгэн доромжилсон. Олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй миний болон секцийн дарга *******той хамт авхуулсан зургийг тавьж "Тэнэг мулгуу" гэх утгатай зүйл бичиж стори хийсэн үйлдлээ "Ярилцаж байж хийсэн" гэх зэргээр гүтгэн бичсэнээ шүүхийн өмнө баримтаар нотлон дэлгэн харуулахыг шаардаж байна.
3.3 Өөрөө эхэлж бусдыг доромжилдог, зүгээр зогсож байхад хог шиднэ, араас ус цацна, бусдыг үл хүндэтгэнэ. Ялангуяа секцийнхэнтэйгээ үргэлж дээрэнгүй харьцана. Тэднийг буруутан болгох гэж улайрна, элдвээр хэлнэ. Жижүүр багш хийж байхад ******* багш намайг "Үүдэнд буг болж суулаа" гэж доромжилсон. Мөн 2024 оны 02 дугаар сарын 14-нд шүүхийн танхимд шүүгчийн хажууд хүртэл намайг "Шулам" хэмээн доромжилсон. Ор үндэсгүй гүтгэлэг доромжлолоос нь болж миний нэр төр, алдар хүнд гутаагдаж байгаа бөгөөд зүгээр ажлаа хийж яваа багш миний хууль ёсны эрх ноцтой зөрчигдөж байна.
Иймд миний бие *******гийн гаргасан нэхэмжлэлийг эсэргүүцэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд энэ багшийг энэхүү увайгүй үйлдлээ ухамсарлаж уучлалт гуйхыг шаардаж байна гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1 Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад байгаа бүх зүйл үнэн зөвөөр хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дотроос хүлээн авах үндэслэлтэй зүйл байхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, фейсбүүк дэх 154 дүгээр сургуулийн багш нарын группэд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг 59 минутад*******тын цахим хаягаас ...******* багштай хамт ажиллахад туйлаас хүнд байна....үсийг нь индүүдэж, хувцасных нь тоосыг арилгаж, машиныг нь арчиж, улавчийг нь хүртэл тайлж өмсүүлэх нь халгүй явлаа шүү дээ.... гэх, фейсбүүк дэх 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын группэд 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 27 минутад*******тын цахим хаягаас ....Боловсролын байгууллагад 25 жил ажиллахдаа ******* багш шиг багштай таарч байгаагүй юм байна аа....Доктор.... больё оо багш...ч больё. 3 настай балчраас ч долоон дор, ингэж хэлбэл хүн гомдоно... гэж зурвас бичсэн фейсбүүк дэх 154 дүгээр сургуулийн багш нарын групп чат, фейсбүүк дэх 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын групп чатаар тус тус дамжуулан няцаалт хийхийг хариуцагч Л.Пүрэвдолгорт даалгаж, нэхэмжлэгч *******д холбогдуулан Өөрийнхөө хийсэн ёс бус зохисгүй бүхнийг бусдад болон миний биед нялзааж, үргэлж гүтгэн доромжилж, миний нэр төр, алдар хүндийг гутааж байгааг тогтоолгож, уучлалт гуйхыг даалгах тухай хариуцагч*******тын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч*******тоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******тоос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргахдаа ... Фейсбүүк цахим орчинд нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасныг тогтоолгож, уг мэдээг тараасан арга хэлбэр, арга хэрэгслээр няцаахыг үүрэг болгох тухай хэмээн нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа*******тт даалгаж хэмээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.
Би ******* багшийг гүтгэн доромжилсон зүйл байхгүй. Би үнэнийг үзэл бодлоо илэрхийлэх байдлаар хэлж бичиж байдаг.
Нэгдүгээр бичилтээр ...******* багштай ажиллахад туйлаас хүнд байна... үсийг нь индүүдэж, хувцасных нь тоосыг арилгаж, машиныг нь арчиж, улавчийг нь хүртэл тайлж өмсүүлэх нь халгүй явлаа шүү дээ... гэх өөрийн хувьд ******* багштай хамт ажиллахад хүнд гэдгээ илэрхийлсэн бөгөөд үсийг нь индүүдэж, тоосыг нь арилгаж, машиныг нь арчиж, улавчийг нь хүртэл тайлж өмсүүлэх нь халгүй явлаа шүү дээ... гэдэг нь үсийг нь индүүдээд, тоосыг нь арилгаад, машиныг нь арчиж, улавчийг нь хүртэл тайлж өмсүүлсэн гэдэг утгыг илэрхийлээгүй бөгөөд ХАЛГҮЙ ХОЛГҮЙ гэдэг үг нь дотно ойрхон байсан, дөхсөн ойр байсан гэдгээ илэрхийлсэн дүйцүүлсэн үг юм. Үүнийг ******* нь монгол хэлний багш хүн, сайн ойлгож мэдэж байгаа боловч энэ өгүүлбэрийг алдар хүнд ажил хэргийг гутаан доромжиллоо хэмээн нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй хэмээн үзэж байна.
6.2. Хоёрдугаар бичилтээр ...Боловсролын байгууллагад 25 жил ажиллахдаа ******* багш шиг багштай таарч байгаагүй юм байна аа... Доктороо.. больё оо багшаа ч больё. 3 настай балчраас ч долоон дор, ингэж хэлбэл хүн гомдоно... гэж бичсэн зүйл дээр би ******* багшийг доромжлоогүй зөвхөн түүний болоогүй зүйлийг болсон мэт ярьж бичиж өөрөө бусдыг гүтгэж доромжилдог гэдгийг нь хэлсэн болно.
Яагаад ингэж бичих болсноо дурдахад, Монгол хэлний багш ******* бид хоёрын бичсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн багш нарын дунд зохион байгуулах Үндэсний бичгээр элэглэл бичих уралдаан-ы, Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургуулийн 6-12 ангийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулах Тата тунга хөгжөөнт тэмцээн-ий удирдамжийг тус бүр 8, 8 алдаатай гэж фейсбүүк дэх 154 дүгээр сургуулийн багш нарын групп-д 2024 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд Удирдамж ч бичиж чадахгүй хэмээн тухайн групп дээр Удирдамжуудын зургийг тавьж, бичиж нийтэлж хамт олны дунд эвгүй байдалд оруулж, ажил мэргэжлийн нэр төрд халдсан.
6.3. Миний хувьд ******* багшийг огтоос гутаан доромжлоогүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч миний бие сургуулийнхаа групп дээр өөрийн үзэл бодлоо л бичсэн. Үүнийг яагаад доромжлох гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа юм. Харин бусдыг хэл амаар доромжилдог хүн гэвэл ******* багш өөрөө юм. Үүнийг нь гэрчлэх хүмүүс маш олон бий. Утсанд үзлэг хийгдсэн баримтаас л харахад*******тоос нэг, *******гаас 7 зурвас устгагдсан байгаа. Энэхүү устгагдсан 7 зурвас нь бүгд бусдыг доромжилсон зурвасууд байсан. Хэрвээ хүнийг доромжлоогүй байсан бол устгах ямар хэрэг байна.
Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагчтай 2 жил хамт ажилласан. Бид сургууль дотроо хамгийн ахмад багш нар, хоорондоо дотно найзууд байсан. Гэтэл*******т багшийн үсийг нь индүүдэж, хувцасных нь тоосыг арилгаж, машиныг нь арчиж улавчийг нь хүртэл тайлж өмсгөх нь халгүй явлаа шүү дээ гэж бичсэнийг өмгөөлөгч нь тэгэх нь холгүй гэж бичсэн гэж тайлбарласан. Тухайн өгүүлбэрт тэгэх нь холгүй гэх өгүүлбэр байдаг ч гэсэн өгүүлбэрийн араас орж ирснийг уншвал энэ бүхэн ******* багшийг уурлуулахгүй гэсэндээ л хийдэг байлаа шүү дээ гэж бичсэн байдаг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд товч тусгагдах байх. Гэхдээ хэрэгт бүтэн өгүүлбэрээрээ авагдсан байдаг. Хариуцагчийн гаргасан үйлдэл, гүтгэлэг нь миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, өнөөдрийг хүртэл байгуулсан докторын зэрэг хамгаалсан, мөн багш ч гэж хэлэх боломжгүй болгосон. Гурван настай балчраас дор гэж доромжилсон үйлдлүүдэд гомдолтой байна. Хариуцагчийн гаргасан үйлдэл анхан шатны шүүхийн шийдвэрээр бүрэн нотлогдсон. Гэтэл өнөөдөр давж заалдах гомдол гаргасныг нь хараад гайхаж байна. Хариуцагч өөрөө анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч энэ өгүүлбэрийг хэн бичсэн бэ гэж асуухад би бичсэн гэдэг, мөн энэ өгүүлбэрийг зассан байна уу гэхэд, зассан зүйл байхгүй, шүүгч гэм буруутайгаа хүлээж байна уу гэхэд, хариуцагч хүлээж байна аа гэж хариулдаг. Энэ асуудалд хамгийн их хохирсон хүн нь би. Энэ үйл явдлаас болж хамт олны дунд санаа зовоод хүмүүстэй уулзаж ч чадахгүй болсноор, дараагийн ажлаа олоогүй хэр нь намар 09 дүгээр сарын 01-ний өдөр уйлаад ажлаасаа гарсан. Энэ үйл баримт анхан шатны шүүхэд нотлогдсон учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******тт холбогдуулан цахим орчинд буюу Фейсбүүкийн чат группт нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаахыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан өөрийнхөө хийсэн зохисгүй бүхнийг бусдад болон надад нялзааж, үргэлж гүтгэн доромжилж, миний нэр төр, алдар хүндийг гутааж байгааг тогтоолгож, уучлалт гуйхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэх зарим мэдээг хариуцагч тараасан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдоогүйг болон хариуцагч*******т Фейсбүүк мессенжерийн 136 гишүүнтэй 154 дүгээр сургуулийн багш нарын нэгдсэн групп нэртэй чатад 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14:59 минутад ...******* багштай хамт ажиллахад туйлаас хүнд байна. ...Эе эвээ хичээж үргэлж л найрсаг харьцаж үсийг нь индүүдэж, хувцасных нь тоосыг арилгаж, машиныг нь арчиж, улавчийг нь хүртэл тайлж өмсүүлэх нь халгүй явлаа шүү дээ. Энэ бүхнийг би гэм хийсэндээ биш ээ зөвхөн ******* багшийг уурлуулахгүй хамт олноо эе эвтэй байлгах гэж хичээсэн хэрэг шүү дээ гэх пост, мөн 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын групп нэртэй чатад 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 27 минутад Боловсролын байгууллагад 25 жил ажиллахдаа ******* багш шиг багштай таарч байгаагүй юм байна аа. ...Доктор ...больё оо багш...ч больё. 3 настай балчираас ч долоон дор, ингэж хэлбэл хүн гомдоно... гэх постыг тус тус нийтэлсэн болохыг зөв тогтоосон. /2-р хх-105-107х/,
3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зохицуулсаны дагуу хариуцагч*******т нь өөрийн нийтэлсэн дээрхи мэдээг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг нотлох үүрэгтэй.
3.1. Хариуцагч*******тын 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн групп чатад нийтэлсэн мэдээлэл нь түүний *******гийн талаарх өөрийн хандлага, байр суурийг уран зохиолын зүйрлэл хэрэглэн илэрхийлсэн агуулгатай байх тул нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагчийн пост нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ******* багш байнга дарамтлаад байна, үсийг нь индүүдэж угааж өгдөг, гутлыг нь үдэж өгдөг, улавчийг нь хүртэл өмсүүлдэг, машиныг нь гарч угааж өгдөг, өөрт нь морь нохой мэт зарагдахгүй бол өдөр шөнөгүй утсаар ярьж дарамтлаад байна гэх агуулгыг илэрхийлээгүй, харин хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх шинжид хамаарч байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Иймд хариуцагчийн өөрийн хувьд ******* багштай хамт ажиллахад хүнд гэдгээ илэрхийлсэн бөгөөд үсийг нь индүүдээд, тоосыг нь арилгаад, машиныг нь арчиж, улавчийг нь хүртэл тайлж өмсүүлсэн гэдэг утгыг илэрхийлээгүй, ХАЛГҮЙ ХОЛГҮЙ гэдэг үг нь дотно ойрхон байсан, дөхсөн ойр байсан гэдгээ илэрхийлсэн дүйцүүлсэн үг юм. Үүнийг ******* монгол хэлний багш хүний хувьд сайн ойлгож мэдэж байгаа гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
3.2. Анхан шатны шүүх хариуцагч*******тыг Фэйсбүүк мессенжерийн 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын групп нэртэй чатад 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 27 минутад Боловсролын байгууллагад 25 жил ажиллахдаа ******* багш шиг багштай таарч байгаагүй юм байна аа. ...Доктор ...больё оо багш...ч больё. 3 настай балчираас ч долоон дор, ингэж хэлбэл хүн гомдоно... гэх зурвас бичиж нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, хариуцагч*******тт уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу Фейсбүүкийн Мессенжерийн 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын групп чатаар няцаалт хийхийх хариуцагчид даалгасан нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Харин нэхэмжлэлийн уучлалт гуйхыг даалгах шаардлага Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасан зөрчигдсөн эрхийг сэргээх хамгаалалтын аргад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.3. Хариуцагч*******тын дээрх нийтийн групп чатад нийтэлсэн мэдээ нэхэмжлэгч *******гийн нэр төрийг гутаасан агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн Удирдамжуудын алдаа зассан зургийг нийтэлсэнд дургүйцсэн гэх хариуцагчийн тайлбар нь дээрх нийтийн групп чатад бусдын нэр төрийг гутаасан мэдээ нийтэлсэн байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагчийн ...би ******* багшийг огтоос гутаан доромжлоогүй, сургуулийнхаа групп дээр өөрийн үзэл бодлоо л бичсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч*******тыг нэхэмжлэгч *******г олон нийтийн цахим сүлжээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтаа нотлоогүй гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* Фейсбүүк мессенжерийн 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын групп нэртэй чатад 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр жижүүр багш та үүдэнд буг болон суухаар 6-6 ядаж хараад зогсоорой гэх пост оруулсан боловч уг мэдээнд хариуцагчийн нэрийг дурдаагүй, хариуцагчийн нэр төрийг гутаасан гэх агуулгагүй байх тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/10242 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч*******тт Фэйсбүүк мессенжерийн 154 дүгээр сургуулийн дунд, ахлах багш нарын групп чатад 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 27 минутад нийтэлсэн мэдээ /пост/ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж,
нэхэмжлэлээс үлдэх хэсгийн нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүндийг гутааж байгааг тогтоолгох, уучлалт гуйхыг даалгах тухай хариуцагч*******тын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, өөрчлөлт оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА