| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2019/0015/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 16
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч С.Н,
Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И гэрүүд овогт Сын Нод холбогдох эрүүгийн 182400000009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, З******* оршин суух, Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, И******* овогт Сын Н нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдэх явцдаа тус байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Пыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байрны 2 дугаартай камерын өрөөнд эрүүлжүүлэгдэх явцдаа зүй бус авирлаж, тус камерын өрөөний хананаас ховхорч унсан шаварны хэлтэрхий хэсгийг авч, төмөр сараалжин хаалганы завсараар шидэж, уг байранд үүрэг гүйцэтгэж байсан, цагдаагийн ахлах ахлагч Ц.Пын баруун талын нүдний дээд хөмсөг хэсэгт цохиж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, баруун хөмсөгөнд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учируулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.Пын: “...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрүүлжүүлэхэд цагдаагаар томилогдон гарч үүрэг гүйцэтгэсэн юм. Урд өдөр нь дуудлага өгсөн С гэх эмэгтэйг түрүүлж эрүүлжүүлэх байранд өгөөд дараа нь Ныг хүлээлгэж өгсөн. Тухайн үед Ж эмч үзээд эрүүлжүүлсэн, Н нь та нар эрүүл хүн эрүүлжүүлдэг хэн бэ, ажлаа зөв хийцгээ пизда нар минь гээд л орилж хашгираад байхлаар нь дуугүй бай, архиа жаахан гаргачих гэсэн чинь 2 дугаартай камерын өрөөний наарыг авч шидээд бөөн шороо бучигнаад л явсан. Та нар эрүүл хүн хийчихдэг юм уу гээд байхаар нь Ж эмч чиний согтолтыг багажаар үлээлгээд тогтоогоод өгсөн байна гэсэн. Тэгсэн Н дахин наараа авч шидээд байсан. Тэгээд шээмээр байна, баамаар байна гээд орилоод байхлаар нь чи архи дарсаа гаргачих, түр байж бай гэсэн. Тэгээд онгойлгох гэхлээр авир гаргаад байхлаар нь онгойлгоогүй, намайг онгойлгох гэхлээр цаашаа явчихаад байсан, тэгсэнээ шээе гээд орилоод шавар авч шидээд байхлаар нь очсон чинь камерын өрөөн дотроосоо шавар аваад яадагийн гээд над руу шидчихсэн чинь миний баруун талын нүдний дээд хөмсөг тушаа цохиод цус гарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Д.С-ийн: “...Би хамтран амьдрагч Нтой муудалцаад гэрээсээ гарч Эрдэнэцогтынд очоод хоночихсон юм. Тэгсэн өчигдөр өдөр Н цагдаа нартай Эрдэнэ-Очирынд ирсэн. Тэгээд цагдаа дээр авчирч эрүүлжүүлэх байранд бид хоёрыг хийчихсэн юм. Тэгсэн л нөгөө камерт Н байсан ба гарч үүрэг гүйцэтгэж байсан цагдаа руу шээе гэж хэлээд байсан...Тэгээд л цагдаа онгойлгох гээд очиход л урдаас нь шавар шидчихсэн юм байлгүй, нөгөө цагдаа нь ёолоод унасан. Тэгэхэд цагдаа шавар шидчихлээ гэж гэсэн...Н янз бүрээр орилоод байхлаар нь дуугай бай, ажлаа хийж байна шүү гээд байсан...хаалгыг нь нүдээд хөөе гээд орилоод байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/,
Гэрч Д.Ч-ийн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 09 цагаас хэлтсийн галчаар ажлаа хүлээж авчихаад л хойд талын эрүүлжүүлэх байрны паарыг тойрч үзэхээр гараад өрөөнийх нь паарыг барьж үзчихээд гарч иртэл урдаас П хөмсөг хэсгээс цус гарчихсан гарч ирээд, хошуучийг дуудаад өгөөч гэхлээр нь жижүүр рүү орж хошуучид хэл өгсөн юм. Эрүүлжүүлэхэд хийсэн хүн шавраар цохьчихлоо гэж хэлж байсан, яг хэн гэдэг нэрийг нь хэлээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/,
Гэрч Т.Ё-гийн: “...Ныг эрүүлжүүлэхээр оруулж ирсэн бололтой П цагдаатай хамт зогсож байсан. Тэгээд л П цагдаа түүний гутлыг тайлуулаад л 2 дугаартай камерын өрөөнд оруулж цоожилсон. Н нь камерт орчихоод эрүүл хүн эрүүлжүүллээ гээд л орсон өрөөнийхөө камерын орыг дээш нь өргөж шидээд байсан. Тэгэхэд тоос бужигнаад л унасан. Тухайн үед П цагдаа “... би мэдэхгүй, офицерууд мэдэж байгаа ш дээ би бол таныг харах л үүрэгтэй...” гэж хэлж байсан. Түүнийг огт тоохгүй, шээлээ гэж орилоод байсан. Тэгсэнээ өрөөн дотроосоо шавар аваад эрүүлжүүлэхийн өрөөний шилийг хагаллаа шүү гээд шидсэн. Дараа нь П бид хоёр өрөөнийх нь үүд рүү дөхөөд очсон чинь шавар шидсэн. Тэр нь миний цээжин хэсэгт оноод шалан дээр уначихсан. Тэгсэн П ах тэгвэл өөрийн гар утсаараа наадахыг чинь бичлэг хийгээд авчихъя гээд өрөөнийх нь наад үүдэнд ташуу байрлалтай очсон чинь түүн рүү бас шавар шидээд П цагдаагийн баруун талын хөмсөг хэсгээс цус гарсан. Тухайн үед галч Чээмээ ах орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/,
Гэрч Ц.Б-ын: “...******* орсон ирсэн. Тэгээд өчигдрийн дуудлагаар асуугдах хүн байгаа юм. Драгер үлээлгэсэн чинь согтуу байна, эрүүлжүүлэхэд хүлээлгээд өгчихлөө, өдөр ирээд эрүүл болохоор нь асуухаас гэж хэлж байсан...тэгсэн үдийн алдад баривчлагдаж байсан Ёндонренчин орж ирээд саатуулахын цагдаа П таныг дуудаж байна гэсэн. Тэгээд Эрүүлжүүлэх байр руу ороход П нь эрүүлжүүлэх өрөөнүүдийн гол хэсэгт баруун гар талдаа утсаа барьчихсан, баруун талын хөмсөгний хэсгээс цус гарчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон талаар тодруулахад эрүүлжүүлэхэд байсан Н нь өрөөнөөс над руу шавар шидчихлээ гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/,
Гэрч Д.Жгийн: “...П над руу утсаар яриад Н шавар шидээд хөмсөг язалчихлаа гэсэн. Тэгээд буцаад ирсэн чинь баруун талын хөмсөг нь нь язарчихсан цус гарсан байсан...тухайн эрүүлжүүлэх байр өрөө болгон камертай боловч тухайн бичлэг нь хадгалагддаггүй эргэж үзэх боломжгүй болсон байгаа юм. Үүнийг хэлтсийн даргад танилцуулсан боловч ажиллагаагүй байгаа хэвээрээ байна...тухайн жижүүр цагдаа нар ээлжээ хүлээлцэх үед эд хогшил болон цэвэрлэгээг хэр хийсэн талаар үзэж хүлээлцдэг байгаа. Н эрүүлжүүлэх байрны модон орыг өргөж шидэн та нар ингэж ажлаа хийдэг юм уу пизда нараа би эрүүл байна, эрүүл хүнийг эрүүлжүүлдэг юм уу гээд орилж чарлаад байхлаар нь П бид хоёр очтол өрөөний наарыг өргөж шидээд хана руу өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Д.Б-ын: “...Ныг цагдаагийн хэлтэст хүлээлгийн танхимд байлгаж байтал жижүүрийн офицеруудын өрөөний хаалган дээр ирчихсэн хошууч Ц.Б-ай үйл ойлголцон маргалдаад байхаар нь согтуурал тандах багж үлээлгэхэд 1.47 хувийн согтолттой гарахаар нь эрүүлжүүлэх байранд хүргэсэн...Тухайн үед гэгч бусдад зодуулж биедээ гэмтэл авсан байсан. Хохирогч ийн шууд заасны дагуу Ныг эрүүлжүүлж мэдүүлэг авах шаардлагатай байсан...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 33-35-р хуудас/
Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 192042 дугаартай: “Ц.Пын биед баруун хөмсөгөнд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Пын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч С.Нын дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Ц.Пын биед баруун хөмсөгөнд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх гэрч Ч.Б-ын “ ...С.Н нь 2 дугаар сургуулийг төгссөн. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаад салсан. Овоо хүүхдүүд нь ээжтэйгээ амьдардаг. Н нь эгчийндээ амьдардаг юм. Хааяа архи уучихдаг, агсам согтуу тавьдаггүй. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Зан байдлын тухайд яриа хөөрөөтэй, хүнд тусархаг хүн байгаа юм...”,
Гэрч С.А-ын “...Манайх эцэг эхээс зургуулаа. Н хамгийн бага нь юм. Аав биднийг бага байхад нас барсан. Түүнээс хойш манай ээж нас барсан. Одоо Н манайд бидэнтэй хамт амьдардаг юм. Урьд нь хүнтэй сууж байгаад салсан. Хоёр охинтой бөгөөд тэд нар нь ээжтэйгээ хамт амьдардаг. Н нь зан байдлын хувьд гайгүй. Хөл нь хөрөөнд зүсэгдээд хийсэн ажилгүй байдаг болохоор архи уучихдаг юм...” гэсэн мэдүүлгүүд,
Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Мөн яллагдагч С.Нын: “...Тухайн үед П-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж шавар шидсэн нь үнэн. Түүнээс л болж гэмтэл үүссэн байгааг ойлгоод тухайн үедээ уучлалт гуйсан байгаа. Тэр өдөр жижүүрийн офицероор гэх хошууч эрүүлжүүл гэж хэлээд Б цагдаа миний согтолтыг тогтоож драгер үлээлгээд эрүүлжүүлэхийн эмчид үзүүлж эрүүлжүүлсэн юм. Тухайн үед Д-ын нөхөр Б хошуучтай уулзах гээд өрөөнд нь хүлээж байхад нь түүнээс очсон эсэхийг асуугаад коридорт зогсож байхад надаас архи үнэртсэн юм байлгүй, эрүүлжүүл гэж хэлсэн юм. Тухайн үед драгер үлээхэд 1.46 хувьтай гарсан...бие засъя гээд л хаалгыг нүдээд наарыг шалнаас хөндийрүүлээд байсан чинь боль чимээгүй бай гээд байсан юм, чимээгүй бай, байзнаж байгаад бие засуулъя гэхлээр нь одоо бие засмаар байна гээд шидчихсэн юм...” / ХХ-ийн 61-62-р хуудас/ гэсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байранд албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагчийн баруун талын нүдний дээд хөмсөг хэсэгт камерын өрөөний хананаас ховхорч унсан шаварны хэлтэрхий хэсгээр цохисон үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийн, баруун хөмсөгөнд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учируулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж, 6.8 дугаар зүйлд “... Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Нод холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн , шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын “хөнгөрүүлэх” болон “хүндрүүлэх” нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хананы шаварны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Нын хувьд ногдох хөрөнгөнөөс 6 ханатай гэрийн модыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 5/06 дугаар тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И овогт Сын Ныг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжээр буюу 2,700,000 төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нод оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нод шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Нын хувьд ногдох хөрөнгөнөөс 6 ханатай гэрийн модыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 5/06 дугаар тогтоол, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь гэрч хохирогчийг хамгаалах байрны төлбөрийг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хананы шаварыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ