Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 383

 

 

               СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 11 дүгээр
сарын 03-ны өдөр                                               Дугаар 383                                      Баруун-Урт

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

    Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Хайлааст” 2 дугаар багт оршин суух, /РД:ШЖ66051361, утасны дугаар 99808269/, Хатгин овогт Намжилын Түвшинжаргалын

    “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр  сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Түвшинжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Хүсэлт гаргагч Н.Түвшинжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 6 дугаар сард 10 дугаар анги төгсөж 1983 оны 7 дугаар сараас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байгаад 1985 оны 5 дугаар сард конкурс өгч сургуульд явсан. Энэ байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал аймгийн архивын тасгаас олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу учир ажиллаж байсан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд миний Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983-1985 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хатгин овогт Намжилын Түвшинжаргал нь 1983-1985 он хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
 
Н.Түвшинжаргал нь 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1983 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н.Түвшинжаргалд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,
-гэрч Хатгин овогт Чойжилын Ариунаа /РД:ЛЗ65112660/-ийн 1983 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж эхэлсэн энэ үеэс таньдаг болсон. Н.Түвшинжаргал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд үхэрчнээр 1983-1985 оныг дуустал ажиллаж байсан. Н.Түвшинжаргалын ээж нь саальчин, ээждээ тусалдаг байсан. Н.Түвшинжаргал нь өөрөө үхэрчнээр л ажиллаж байсан гэх мэдүүлэг,
     
-гэрч Халх овогт Навааншаравын Осгоны; Н.Түвшинжаргалыг 1983 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж эхэлсэн энэ үеэс таньдаг болсон. Н.Түвшинжаргал нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд үхэрчнээр 1983-1985 оныг дуустал ажиллаж байсан гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
 
Иймд Н.Түвшинжаргалын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Түвшинжаргал  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
 
ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хатгин овогт Намжилын Түвшинжаргал нь 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Түвшинжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
 
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ