Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                 Хэргийн индекс:114/ 2017/0038/3     

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх  хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны Чингисийн өргөн чөлөө, Ландмарк төвийн 7 дугаар давхарт байрлах “П  И” ХХК-ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгуулж, 026205 дугаарт бүртгэгдсэн Баян-Уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:    З

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                               Ч

  Хариуцагчийн өмгөөлөгч                                                          С

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Заантогтох нараас шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: ”Поларис Инвестмент” ХХК нь Хонгор сумын нутагт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт гаргасныг Ашигт малтмалын кадастрын хэлтсээс бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар 6-7064 дугаартай албан бичиг явуулсан байдаг.

 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн  Засаг дарга нь саналдаа газар тариалан, хадлан бэлчээр, малчдын хаваржаа, өвөлжөөний газрууд хамаарч байгаа тул “дэмжихгүй” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж зааснаар Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч санал өгөх ёстой байсан. Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухайн шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж  заасан байхад  Аймгийн засаг дарга нь  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй, хуулийн шаардлагыг огт хангаагүй байна.

Хэрэв хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө хаваржаа хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламжид хохирол учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна гэж 41.1-д зааснаас үзэхэд өвөлжөө, газар тариалангийн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор харагдаж байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга  нь  дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай санал өгч байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

 Газрын хэвлийн тухай хуулийн 4.1, 10.1, 10.3, Газрын тухай хуулийн 3.1.1-т зааснаар газрын хэвлийг ашиглах зориулалтыг зааснаас үзэхэд газар ашиглаж байгаа этгээд болон хайгуулын тусгай зөвшөөрлийг давхцуулж олгож болохоор  байгаа ба харин давхацсан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар ашиглаж байгаа этгээдтэй харилцсан тохиролцсон байдлаар хайгуул хийх боломжтой байгаа тул Засаг даргын хууль бус саналыг хүчингүй болгож, Засаг даргаар дэмжсэн гэсэн санал гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн санал нь захиргааны акт биш, шууд эцсийн үр дагавар үүсгэхгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар захиргааны актын үндсэн 5 шинж байдаг ба Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас гадагш чиглэсэн, шууд үр дагавар үүсгэж байгаа албан бичгийг захиргааны акт гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдол гаргах боломжтой болдог.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зааж өгсөн, хуулийн 11.1.16-д зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч байгаа өргөдөлд хариу өгөх, зөвшөөрөл олгох эрхийг  олгосон байдаг. Мөн хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын газар нь тухайн аймгийн Засаг даргаас санал авахаар бичиг явуулдаг, Засаг дарга нь татгалзсан зөвшөөрсөн саналыг өгөхөөр байгаа. 19.6-т Аймгийн Засаг дарга саналыг дэмжсэн хариу өгсөн бол тусгай зөвшөөрлийг шууд олгохоор, харин зөвшөөрөөгүй санал өгсөн бол тусгай зөвшөөрөл олгох эсэхийг тодорхой зааж өгөөгүй байгаа нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын албаны дарга хайгуулын тусгай зөвшөөрөл өгч болохоор харагдаж байна. Засаг дарга татгалзсан байлаа ч гэсэн Төрийн захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг өгч болохоор байна. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах 4 үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуульд зааж өгсөн байгаа бөгөөд үүнд тусгай хэрэгцээнд авсан газар, нөөцөд авсан газар зэрэг үндэслэлүүд байгаа болохоос Засаг дарга татгалзсан гэдэг шалтгаанаар тусгай зөвшөөрөл олгохгүй байх тухай зааж өгөөгүй байна.

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаартай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр нь захиргааны акт юм. Энэ шийдвэрийн 2 дугаар заалтаар тус актад гомдол гаргах талаар заагаад өгсөн байна. Эцсийн шийдвэрийг Кадастрын албаны дарга гаргадаг. Иймд Кадастрын хэлтсийн даргын гаргасан шийдвэрийг захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг баримталсан байгаа юм.Нийслэлийн захиргааны шүүхэд Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хянуулж байгаа бол энд Аймгийн Засаг даргын саналыг хянуулахаар өгсөн байгаа нь нэг асуудлыг хоёр газар шийдвэрлүүлж байгаа зөрчил гарч байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад засаг даргад тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал гаргахыг даалгах гэсэн ба энэ шаардлагын хувьд хууль бус эс үйлдэхүй байгаа бол даалгах нэхэмжлэл гаргах боломжтой. Засаг дарга нь хуульд заасан эрх үүргээ биелүүлээгүй бол энэ үйлдлийг хийлгэхийг даалгаж болдог. Засаг даргын эрх хэмжээний асуудлыг шүүхийн шийдвэрээр даалгах асуудал гаргаад байгаа нь алдаатай байна. Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд саналаа өгсөн байгаа нь эс үйлдэхүй биш, хийх ёстой үйлдлээ хийсэн байна. Иймд даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар Засаг дарга 30 хоногийн дотор хариу санал өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцохоор зааж өгсөн байгаа нь Засаг дарга санал өгөөгүй байсан ч Ашигт малтмал газрын тосны газраас тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна.Засаг даргын санал нь энэ захиргааны акт биш, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Поларис  Инвестмент” ХХК-аас хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн саналыг хүчингүй болгуулж, 026205 дугаарт бүртгэгдсэн Баян-Уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах”   нэхэмжлэлийг шүүхэд  гаргасан байна.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот саналыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  “Поларис  Инвестмент” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Баян-Уул нэртэй газарт 11288.17 га талбайд  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026205 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар талбай байрших Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7064 дугаар албан бичиг хүргүүлсний хариуд хариуцагчаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 09 тоот саналыг хүргүүлсэн байх бөгөөд уг санал нь хуулинд нийцээгүй байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “ Аймаг, нийслэл ,сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12 ”ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын  саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”  гэж заасан байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  6/7064 дугаартай албан бичгийг Хонгор сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлж, тэдний саналыг аваагүй,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д ”харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д ”Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж  2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот саналдаа  “уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй”  гэсэн саналыг өгөхдөө Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй, өөрөө бие даан санал өгсөн, татгалзсан үндэслэлдээ хуулийн зүйл, заалтыг тодорхой дурдаагүй дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн  болох нь хэрэгт авагдсан  Хонгор сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/961 тоот албан бичиг, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 74 тоот албан бичиг, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210 дугаар албан бичиг хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон  өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот санал нь захиргааны акт биш, үр дагавар үүсгэхгүй  гэж маргаж байх бөгөөд  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг...-ийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2,19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзэхэд Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот санал нь захирах шинжийг агуулсан, гадагшаа чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, захиргааны байгууллагын албан тушаалтан бичгээр гаргасан, эрх зүйн үр дагавар бий болгосон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн байна.

Аймгийн Засаг дарга “санал” гаргахдаа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг заавал авах үүрэгтэй, эдгээр саналаас өөр санал бие даан ирүүлэх эрхгүй, Засаг даргын саналыг авахгүйгээр Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, Засаг даргын “зөвшөөрсөн санал” ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргах үүрэгтэй байхад Засаг даргын “санал нь үр дагавар үүсгэхгүй” гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  болон хариуцагчийн өмгөөлөгчийн “ санал” нь захиргааны акт биш, үр дагавар үүсгэхгүй гэх маргаан тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Аймгийн Засаг даргын “Поларис  Инвестмент” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Баян-Уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 09 тоот санал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн е-д ”нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх”,  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэсэн хуулийн заалттай нийцээгүй байх ба Аймгийн Засаг даргын санал нь албан тушаалтны хувийн санаа, бодол биш, хуульд тусгайлан заасан журмаар гаргах, хуульд заасан хугацаанд заавал гаргах, төрийн байгууллагын шийдвэрийн үндэслэл болох албан тушаалтны “шийдвэр” байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09  тоот “санал”-ыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэлийн “Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн бүртгэлийн №026205 дугаарт бүртгэсэн, Баян-Уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ”Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд Ашигт малтмалын газрын  2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/7064 тоот албан бичгийн хариуд  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоотоор “Поларис  Инвестмент” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Баян-Уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал хүргүүлсэн байх ба энэ тохиолдолд  шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй учир “Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн бүртгэлийн №026205 дугаарт бүртгэсэн, Баян-Уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “е”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Поларис Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 09 тоот саналыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн №026205 дугаарт бүртгэгдсэн Баян-Уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Поларис  Инвестмент” ХХК -д  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.НАРАНТУЯА