Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00444

 

Г.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02005 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2017/02443 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Д

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: 13.906.976 төгрөг гаргуулах тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Илүү төлсөн 3.124.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Л.Г хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Д, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012-06- 27-ны өдөр “Э” ХХК-тай 2-6/12 дугаар “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд барьж байгаа 9 давхар орон сууцны 6 дугаар давхарт 12 тоот, 64.48 м.кв талбайтай 2 өрөөг 1 м.кв-ийн үнийг 1.200.000 төгрөгөөр тооцож, нийт 77.376.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Уг гэрээнд заасны дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 2012-06-27-ны өдөр 20 сая төгрөгийг бэлнээр, 2012-08- 16-ны өдөр 3.376.000 төгрөгийг компанийн менежерт бэлнээр, 2012-05-р сард 4сая төгрөгийг захиралд нь бэлнээр нийт 27.376.000 төгрөг шилжүүлсэн. “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 1.3-т заасны дагуу “Э" ХХК нь орон сууцны барилгыг 2013 оны 3 дугаар улиралд барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Талууд 2014-04-23 -ны өдөр “Гэрээ цуцлах тухай” гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагч талд нийт 31.376.000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2014-05-23-ны өдөр төлж дуусгах, хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн сар бүр 4% хүү төлөхөөр тохирсон. Үүнээс хойш нийт 30.5 сая төгрөг төлсөн. Дээрх хугацаанд “Э” ХХК-иас 2014-08-26, 2014-10-27,  2015-05- 27-ны өдөр албан бичгүүд ирж байсан. Иймд хариуцагчтай 2012-06-27-ны өдөр байгуулсан 2-6/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ”-ний 6.1, 8.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 219.1, 222.5, 222.7-р үлдэгдэл 9.906.976 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. “Э” ХХК-с 2014-09-23-ны өдөр надад 10сая төгрөг буцаан төлөлт хийсэн гэх боловч 6сая төгрөгийг буцааж төлсөн. Тухайн үед тус компанийн менежер надад хэлэхдээ “Чи энэ 6сая төгрөгийг 10сая төгрөг хүлээж авсан байдлаар зөвшөөрөөд явчих, тэгвэл чиний үлдэгдэл мөнгийг хүүгийн хамтад нь “Э" ХХК-иас даруйхан төлүүлээд дуусгачихна. Би хөөцөлдөөд төлүүлээд өгнө” гэж итгэл төрүүлэхээр тайлбарласан, Нөгөөтээгүүр миний бие мөнгөө буцааж авч чадахгүй 2 жил орчим хөөцөлдөөд чирэгдэлтэй байсан тул дээрх саналыг зөвшөөрсөн. Үүний дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг мөнгийг хүлээж авсан байдлаар тусгаж оруулсан юм. Хариуцагч   нийт 30,5 сая төгрөг биш бодитоор 26,5сая төгрөг буцааж төлсөн. Иймд  9.906.976 төгрөг дээр дутуу төлөгдсөн 4сая төгрөгийг нэмж нийт 13.906.976 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: 2012-06-27-ны өдрийн 2-6/12 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах” гэх гэрээгээр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд  байрлах барилгыг гүйцэж барьж, ашиглалтанд хүлээлгэж өгөх, захиалагч тал нь 6 давхарт, 12 тоот орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал уг ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр  гэрээг 2014-04- 23-ны өдөр харилцан тохиролцож цуцалсан. Иргэний хуульд зээлийн гэрээнд хүү тооцохоор зохицуулсан тул хүү тооцож буй нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг цуцалсан тул уг өдрөөр гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, захиалагчийн урьдчилгаа төлбөр 27.376.000 төгрөгийг буцаан олгох асуудал бий болно. Гэрээг цуцалснаар шаардах эрх дуусгавар болгосон байхад шинээр үүрэг үүсгэн “захиалагч талын урьдчилгаа төлбөрт төлөх 27 376 000 төгрөг дээр нэмж 4сая төгрөг, хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 4% хувийн хүү тооцож авна” гэсэн нь хуульд нийцэхгүй. Хариуцагч нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд захиалагч талын орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 27.376.000 төгрөгийг 30,5сая төгрөг болгон буцаан төлсөн, энэ талаар маргаагүй. “Э” ХХК буцаан олголт хийхдээ 3.124.000 төгрөг илүү төлсөн. Иргэний хуулийн 355.1, 225, 226-р нэг тал гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Дээрх хуулийн агуулгаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г цуцалснаар учирсан хохирлыг шаардах эрхтэй байна. Гэтэл  Г.Д учирсан хохирол нэхэмжлээгүй, харин хариуцагч  байгууллагын албан бичгийг үндэслэж 9.906.976 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан учир  гэрээгээр хүлээсэн  хариуцагчийн үүрэг үгүй болсон. Гэрээний дагуу авсан зүйлээ харилцан буцааж өгөх, гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлыг шаардах үр дагавар үүсэх бөгөөд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Тухайн үед гарын үсэг зурж бичиг хийж өгсөн нь үнэн. Гэхдээ хуулийн агуулгаар энэ бичиг хэлцэл болон гэрээ биш юм.  2014-10-27, 2015-05-27-ны өдрийн баримт /хх14,15/  Иргэний хуулийн 43.2.1, 42.7-т заасан үндэслэлийг зөрчиж хийсэн тул  хэлцэл хийсэн гэж буюу   гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймд  гэрээ байгуулагдаагүй  гэжээ.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Г.Д хариуцагч байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж “Орон сууц барих, бариулах гэрээ”-г 2014-04-23-ны өдөр харилцан тохиролцож цуцалсан. Хариуцагч “Э” ХХК нь захиалагч Г.Дд байрны урьдчилгаанд төлсөн төлбөр 27 376 000 төгрөгийг төлж барагдуулахдаа 3 124 000 төгрөгийн илүү төлөлт хийсэн, нэхэмжлэгч Г.Д үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нөхцөл нь өөрөө Г.Дгийн 30 сая төгрөг буцааж төлсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан тоог үндэслэсэн сөрөг нэхэмжлэлийн агуулга харагдаж байна. Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн үүрэгтэй шууд холбогдоод явж байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар гэрээ цуцалсан учир үүрэг дуусгавар болсон гэж байна. Гэтэл гэрээ цуцалсны дараа гэрээний үр дагаврыг арилгаж, холбогдох хохирол үүссэн байвал хохирлыг төлөх үүрэг үүснэ. Үүрэг хуульд зааснаар дуусгавар болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар гэрээ цуцлахад гарын үсэг зураад дуусгавар болно гэж ойлгож байгаа нь буруу. Үүрэг гэрээнд заасан заалтаас гадна олон үндэслэлээр үүрэг үүсдэг. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 187.2 дахь хэсэг, гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд ч үүснэ. Ганцхан орон сууц захиалгаар барих, бариулах гэрээн дээр 9,9 хувийн хүү тооцож төлөх заалт байхгүй учраас үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.7, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар  “Э” ХХК-иас 9 906 976 төгрөг гаргуулан Г.Дд олгож, нэхэмжлэлээс 4 000 000 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 485 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 173 462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2017/02443 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “222.7” гэснийг “222.5” гэж, болон гэсний дараа “илүү төлсөн 3 124 000 төгрөг гаргуулах тухай” гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Л.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд “мөнгөө 100 хувь буцаан авна” гэж заасан байхад хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэрээний талаарх Иргэний хуулийн заалтыг буруу хэрэглэж байгаа явдал юм. Иргэний хуулийн 222.5.-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” хэмээн заасан ба хүүгийн талаар талууд харилцан тохирох ёстой. Талууд хүүгийн талаар огт тохироогүй. Төлбөр барагдуулах албан бичгийг үндэслэн хүүгийн талаар тохирсон хэмээн дүгнэх нь буруу. Ямар хуулийн аль заалтыг иш татан, уг баримтыг түүнд нийцсэн хэмээн дүгнэж байгаа талаараа шүүх заахгүй байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хүлээн авсан мөнгөнөөсөө илүү мөнгийг эргүүлэн төлсөн байхад шүүх энэ талаар тайлбарласангүй.  Хариуцагч этгээд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээсэн байхад түүнийг нь шүүхээс дүгнэсэнгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр магадлалд оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Д 2017-04-20-ны өдөр Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...2012-06-27-ны өдөр 2 өрөө орон сууц кв.м-г нь 1.200.000 төгрөгөөр нийт 77.376.000 төгрөгөөр бариулахаар тохирч нийт 27.376.000 төгрөг төлсөн... хариуцагч үүргээ биелүүлээгүй тул 2014-04-23-ны өдөр гэрээг цуцлаж ...нийт 31.376.000 төгрөгийг 2014-05-23-ны өдөр буцааж төлөх ...төлөөгүй тохиолдолд сар бүр 4% хүү төлөхөөр тохирсон...2015-02-17-ны байдлаар нийт 30.500.000 төгрөг буцааж төлсөн...” гэсэн үндэслэлээр 9.906.976 төгрөг...” шаардсан байна. /хх 1-6/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ тодруулж “... тооцоо хийхэд хариуцагч нь буцааж 26.500.000 төгрөг төлсөн байх тул  4.000.000 төгрөг нэмж шаардан нэхэмжлэлийн хэмжээг 13.906.976 төгрөг болгож байна ...” гэжээ  /хх 61-62,71-72/

     Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээг цуцлахдаа хүү тохирсон нь хуульд нийцэхгүй байна...” гэж маргасан бөгөөд  “...27.376.000 төгрөг хүлээн авч буцааж 30.500.000 төгрөг төлсөн...” гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгчээс 3.124.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хх 50-52,70., 53-54/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 9.906.976 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохдоо  “... талууд  2014-04-23-ны өдөр  2012-06-27-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих, бариулах” тухай  2-6/12 тоот гэрээг  цуцалсан байна...гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаахдаа хүү төлөхөөр тохирсон байна... 2015-05- 27-ны өдөр 40 406 976 төгрөг төлөхөөс 30 500 000 төгрөг төлсөн тул үлдэх 9 906 976 төгрөгийг гаргуулна...” гэсэн дүгнэлт хийжээ.  

       Давж заалдах шатны шүүх “... үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэг үүснэ...” гэж дүгнэн,  шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Талууд 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2-6/12 дугаар “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” байгуулсны дагуу нэхэмжлэгч нийт 27 376 000 төгрөг төлсөн боловч уг гэрээ цуцлагдсан, 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээгээр хариуцагч нь 27.376.000 төгрөг дээр 4.000.000 төгрөг нэмж нийт 31.376.000 төгрөг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч 30.500.000 төгрөг буцааж авсан үйл баримт тогтооджээ.

       “Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ” 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр цуцлагдсанаар “Э ХХК нь гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг хүүгийн хамт буцааж төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 205 дугаар зүйлийн 205.1-г зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2017/02443 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 223.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ