| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/02715/И |
| Дугаар | 210/МА2026/00890 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00890
2026 04 22 210/МА2026/00890
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/02180 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******эд холбогдох,
Гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч Б.Солонгоо нь *******ээс Клиник лаборатори, биохими, иммунологийн тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-ийг 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээ байгуулсан өдрөө *******ийн ******* ХК-ийн данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг нь үндэслэн Клиник лаборатори/Биохими, иммунологийн чиглэлээр шинжилгээ авч үйл ажиллагаа явуулах зорилгоор гэрээ байгуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй болох нь гэрчилгээнд бичигдсэн байсан.
1.2. Тухайн үед хариуцагч ******* нь Клиник лаборатори/Биохими, иммунологийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ асуудалгүй, мөн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй тул уг хугацаанаас хойш сунгаад явах боломжтой гэж хэлсэн тул итгэсэн. Ингээд гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ******* ХХК-ийг ******* өөр дээрээ шилжүүлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг авсан.
1.3. ******* нь 2024 оны 11 дүгээр сард "*******" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хаягт өөрчлөлт оруулахаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн мэргэжилтэнтэй уулзсан. Гэтэл иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн үндсэн дээр ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/26 тоот тушаалаар 3 сараар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүйн улмаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон, компанийн удирдах албан тушаалтанд удаа дараа мэдэгдэж сануулсан гэж хэлсэн.
1.4. Хариуцагч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, 3 сарын хугацаанд зөрчлөө арилган дахин сэргээлгэж болохыг мэдсэн хэр нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болохоос өмнө нэхэмжлэгч *******д худалдан борлуулсан байна. Энэ талаараа хариуцагч *******тэй удаа дараа ярьж 14,000,000 төгрөгийг эвийн журмаар шаардсан боловч өгөхгүй, би мэдээгүй гэж худал хэлсэн тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст залилах гэмт хэргээр өргөдөл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн журмаар шийдвэрлэх маргаан биш, иргэний журмаар шаардах боломжтой, гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч *******ээс 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн хувьцааг 14 000 000 төгрөгөөр *******д худалдаж, худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Компанийг шилжүүлэн авснаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн дагуу Клиник лаборатори/Биохими, иммунологийн шинжилгээ авах үйл ажиллагааг явуулж байсан.
2.2 Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эсэхийг өөрөө нягтлан шалгаж, хариуцагчаас авах хүсэлтээ илэрхийлж гэрээ байгуулсан. Компанийн эрхийг шилжүүлэх үед эрх бүхий байгууллагаас эрхийг түдгэлзүүлсэн асуудал байгаагүй, хариуцагчид энэ тухай мэдэгдээгүй.
2.3. нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл, цагдаагийн байгууллагад 2025 оны 2 дугаар сард өргөдөл гаргахаас өмнө худалдан авсан компанийн талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй. ******* ХХК нь клиник лаборатори/биохими, иммунологийн чиглэлээр эмнэлгүүдээс шинжилгээг авч, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс нийт 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүх үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад худалдах, худалдан авах гэрээг цуцлах, цуцалсан тохиолдолд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг гаргаж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
4.2. Худалдах, худалдан авах гэрээ цуцлах, худалдан авсан хувьцааны үнэ 14,000,000 төгрөгийг хохиролд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргасан бол хариуцагч тухайн маргаатай холбоотой хэргийн оролцогчийн эрхийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа худалдах, худалдан авах гэрээг цуцлах санал огт гаргаагүй.
4.3. Хэрэгт цугларсан нотлох баримт болох худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан баримт, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон хугацаа зэргийг шүүх бүрэн бодитойгоор харьцуулан дүгнээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болсонгүй. Гэрээ байгуулсан болон компанийг шилжүүлэн бүртгүүлсэн 2024.03.27-ны өдөр компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй байсан. мөн нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлийн ******* ХХК-ийн Лабо лабораторийн нэрээр эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нотлох баримтууд нь хэрэгт авагдсан.
4.4. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд гаргасан тохиолдолд гэрээнээс аль нэг тал татгалзсантай холбоотой үүссэн үр дагаврыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэх байсан. Харин худалдах, худалдан авсан компанийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, компанийн хувьцаа худалдан авсан төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал 14,000,000 төгрөг гаргуулах эсхүл гэрээнээс татгалзсан нь тодорхойгүй байна гэж гомдлоо дурдсан байна. Тухайн үед ******* компанийг 14,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба уг компанийн тусгай зөвшөөрөл сэргээгдэх, цаашид ашиглагдах боломжгүй учир худалдан авсан 14,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх байтал ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь эрхийн доголдолтой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан 14,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...Клиник лаборатори/Биохими иммунологи чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-ийг 14,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосныг хожим мэдсэн, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул худалдан авсан мөнгөө буцааж авна гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ хийхээс өмнө тусгай зөвшөөрөл түдгэлзсэнийг мэдээгүй, нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийг нягтлан шалгаж хариуцагчаас авах хүсэлтээ ирүүлж гэрээ байгуулсан, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон.
3.1. Талууд Клиник лаборатори/Биохими, иммунологийн тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК-ийг 14,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан бөгөөд ******* нь ******* ХХК-ийн 100% хувьцаа, компанийн эрхийг *******д шилжүүлсэн, ******* нь үнэ 14,000,000 төгрөгийг *******эд шилжүүлсэн. /1хх-5-11х/
3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл болох компанийн тусгай зөвшөөрөл доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Хариуцагч ******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-ийн Клиник лаборатори /Биохими, иммунологи/-д хяналт шалгалт хийж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын байранд үнэлгээ хийх шалгуур хуудас-аар илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцохоор сануулсан тэмдэглэл үйлдэж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар тушаалаар ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг 3 сараар түдгэлзүүлснийг мэдэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-153-158х/
4.1. Талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл нь компанийн хувьцаа, компанийн эрх бөгөөд тусгай зөвшөөрлийн доголдолтой байдал нь эд хөрөнгийн биет байдлын чанарын доголдолд хамаарах тул анхан шатны шүүх эд хөрөнгийн эрхийн доголдол гэж дүгнэснийг залруулна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын чанарын доголдолгүй гэж үзэхээр заасан бөгөөд хариуцагч ******* нь тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд зөрчлийг арилгаж, эрхийг сэргээлгүйгээр *******д худалдсан тул чанарын доголдолтой ******* ХХК-ийн хувьцаа, эрхийг худалдсан гэж үзнэ.
4.2. Хариуцагч *******ийн тусгай зөвшөөрлийн эрх түдгэлзсэнийг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд худалдан авах үедээ Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-ийн 1.2-т заасны дагуу ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болох нөхцөл бүрдсэнийг нэхэмжлэгч мэдээгүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасны дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх хууль зүйн үндэслэлгүй юм.
4.3. Нэхэмжлэгч ******* нь компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг 2024 оны 11 дүгээр сард мэдсэнээр худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 14,000,000 төгрөгийг хариуцагч *******ээс буцааж шаардсан нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3.-д Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь гэрээг цуцалж болно гэж заасанд нийцсэн буюу гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Тодруулбал, хиймэгц биелэгдэх нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрх нь гэрээнээс татгалзах агуулгыг илэрхийлэх тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 100% хувьцаа, компанийн эрхийг худалдаж авсан гол нөхцөл тусгай зөвшөөрөл доголдолтойн улмаас бүхэлд нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгуулах шаардлагыг гаргасан байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг цуцлах саналыг огт гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт гаргаж холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.4. Мөн хариуцагч ******* нь тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд зөрчлийг арилгаж, эрхийг сэргээлгээгүйгээс хуульд заасны дагуу ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болох нөхцөл бүрдсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээ байгуулах, компанийн шинэчилсэн дүрмийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үед тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй байсан, мөн нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ******* ХХК-ийн Лабо лабораторийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан баримтуудыг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийн худалдагчийн хохирол, зардлыг нөхөн төлөх заалтаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардсан шаардлагад нийцээгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг нэг мөр хянан шийдвэрлэх учиртайг анхан шатны шүүх анхаараагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч *******гоос ******* ХХК-ийн 100% хувьцаа, компанийн эрхийг гаргуулж хариуцагч *******эд буцаан олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулна.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/02180 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн
1 дэх заалтын Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг 243 дугаар зүйлийн 234.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэгч *******д ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, компанийн эрхийг хариуцагч *******эд буцаан шилжүүлэхийг даалгасугай гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Н.ОЮУНТУЯА