| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0293/И |
| Дугаар | 299 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 299
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47 байрлах Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Хасын 2-11 тоотод оршин суух Боржигон овогт Гантулгын Баттулга /РД: ШГ87080991, утас:99979137/-т холбогдох
“1,418,331 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20176521 тоот гэрээ байгуулан 99003698 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт IPhone багцийн үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдан авах нэмэлт гэрээ байгуулан IPhone 5S 16 GB утсыг зээлээр авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2–т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон. Төлбөрийн үлдэгдэлийг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 1,418,331 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Баттулга нь тус байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,418,331 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Г.Баттулгад холбогдуулан 1,418,331 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар болон харилцагчийн гүйлгээний баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,643 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 37,643 төгрөгний 50 хувь болох 18,821.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,821.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1,418,331 төгрөгний шаардлагыг хариуцагч Г.Баттулга биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 37,643 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 18,821.5 төгрөг, хариуцагч Г.Баттулгаас 18,821.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ