| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 102/2025/00118/И |
| Дугаар | 210/МА2026/00831 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00831
2026 04 15 210/МА2026/00831
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01948 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК
Хариуцагч: ******* ХХК
Хариуцагч: ******* нарт холбогдох
Хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан харилцах данс нээсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мастер гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагаврыг арилгуулахаар ******* ХХК-ийн ******* дахь ******* тоот дансыг хаалгах тухай нэхэмжлэлийг,
Хариуцагч *******д холбогдуулан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх дуусгавар болсныг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулахыг даалгах, гэрээ байгуулахаас өмнө компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би ******* ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг эзэмшдэг, 50 хувийн хувьцааг *******эзэмшдэг. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хувьцаа эзэмшигч Г.Ганхуягийн саналыг хүлээж авч, түүний охин *******ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон.
1.2. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар болон ******* ХХК-ийн дүрмийн 8.7 дахь хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанааас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах үүрэгтэй боловч уг үүргээ гүйцэтгэх захирал ******* 2 жил дараалан биелүүлээгүй. Иймээс Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т заасан гүйцэтгэх удирдлагын компанийг итгэмжлэлгүй төлөөлөх, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бүрэн эрх дуусгавар болсон.
1.3. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэг, ******* ХХК-ийн дүрмийн 8.12 дахь хэсэгт гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу 2023 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш гүйцэтгэх захирал *******ы байгуулсан гэрээ хэлцэл, гаргасан шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүссэн. Энэ талаар *******д удаа дараа сануулсан боловч хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй.
1.4. *******" ХХК нь ******* ХК-д ******* дансыг эзэмшдэг ба 2000 оноос хойш 23 жилийн турш уг дансаар хийгдэх бүх зарлагын гүйлгээг зөвхөн 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр хийж, санхүүгийн сахилга батыг тогтвортой хадгалж ирсэн. Гэтэл ******* нь ******* ХК-д хүсэлт хүргүүлж, банкны гүйлгээ хийдэг гарын үсгийг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч миний зөвшөөрөөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр хасаж, өөрийн гарын үсгээр гүйлгээ хийдэг болсон байсан. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ХХБ-нд өргөдөл гарган 2 хувьцаа эзэмшигчийн гарын үсгээр гүйлгээ хийх эрхээ сэргээлгэж байсан.
Мөн ******* нь ******* ХХК-д ******* ХХК-ийн нэр дээр ******* дугаартай дансыг хувьцаа эзэмшигч надад мэдэгдэлгүй нууцаар нээж, компанийн мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн хяналтаас гадуур захиран зарцуулж байсан нь илэрсэн. Тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ******* миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа тул нууцаар нээсэн дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэх тухай хүсэлтийг ******* ХХК-нд гаргасан боловч татгалзсан хариуг ирүүлсэн. Хууль болон компанийн дүрэмд зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш уг дансыг нээсэн.
1.5. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсныг тогтоож өгнө үү. Энэ өдрөөс хойш ******* ХХК-нд ******* дугаартай дансыг нээлгэсэн хэлцэл нь Компанийн тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийн үр дагаварыг арилгаж, ******* ХХК-нд нээлгэсэн дансыг хаалгахыг шаардлагатай байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-нд ******* ХХК-ийн нэр дээр нээлгэсэн ******* дугаартай дансыг хаахыг ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон ******* ХХК нарт даалгаж өгнө үү. Мөн гүйцэтгэх захирал *******ыг хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын компанийг төлөөлөн эрх, үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ тодорхой болтол гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай байна. Учир нь компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой их хэмжээний хэлцэл, мөн хуулийн 89 дүгээр зүйлд заасан сонирхолын зөрчилтэй хэлцлийг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл, хяналтгүйгээр хийх боломжтой байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулах гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэрээг хувьцаа эзэмшигч нартай байгуулахыг *******д даалгаж өгнө үү. Мөн *******ыг цаашид ямар үйл ажиллагаа явуулахыг мэдэх боломжгүй байх тул хувьцаа эзэмшигчдийн хуралтай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тодорхойлсон гэрээ байгуулахаас өмнө хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулахгүй байхыг *******д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *******" ХХК нь тус банканд харилцах данс нээлгэхээр хүсэлт гаргаж холбогдох материалыг бүрдүүлж өгсөн. Банканд ирүүлсэн ******* ХХК-ийн дүрмийн 6.3 дахь хэсэгт Компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр сонгож, өөрчилнө гэж заасан, мөн ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Уламбаяр овогтой Намууныг гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2.2. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилсон тул 2022 оны санхүүгийн жил дууссанаас хойших ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, гүйцэтгэх захирлыг томилсон гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үйл баримтаас үзвэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар *******ы компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн хэрэгжиж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд данс нээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл ******* ХХК-д байгаагүй.
2.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8.1-д харилцагч данс хаалгах хүсэлт гаргасан бол дансыг хааж болохоор заасан боловч нэхэмжлэгч *******т компанийг төлөөлөн гуравдагч этгээдэд хүсэлт шаардлага гаргах, компанийг төлөөлөн хэлцэл хийх талаар ямар нэг эрх олгогдоогүй тул нэхэмжлэгч *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу данс хаах боломжгүй талаар хариу хүргүүлсэн. ******* ХХК нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч "*******" ХХК, ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Манай компанийн 50, 50 хувийн хувьцааг эзэмшигч *******, *******нар нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ******* ХХК-ийн өмч хөрөнгийг тэнцүү хуваан авч, ******* ХХК-ийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигч *******дангаар цааш үргэлжлүүлэн авч явах, ******* нь өөрийн эзэмшдэг 50 хувийн хувьцаагаа *******т худалдах зэрэг асуудлуудыг тохиролцож, дансанд байх мөнгө, бараа бүтээгдэхүүнүүдээ тэр үедээ хуваан авч, харин үл хөдлөх хөрөнгүүдээ зарж борлуулан мөнгөө хуваан авах эсхүл тэнцүү хувааж авахаа илэрхийлэн, баримт бичиг үйлдсэн байдаг. Харамсалтай нь нэхэмжлэгч ******* нь хувьцаа эзэмшигч *******тай тохиролцсон дээрх хэлцлээсээ удаа дараа ухарч, үгүйсгэн, компанийн үл хөдлөх хөрөнгө болон хувьцаа худалдах, худалдан авах үнэ зэрэг дээрээсээ маргаан үүсгэж өдий хүрсэн.
3.2. Хувьцааг эзэмшигч *******тай гүйцэтгэх захирал ******* би зөвшилцөн, зөвшөөрөл авсны үндэс дээр ******* ХХК-д "*******" ХХК-ийн нэр дээр 900069794 дугаартай дансыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд нээлгэсэн.
******* миний бие нэхэмжлэлд дурдсан шиг нууцаар данс нээж, компанийн мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн хяналтаас гадуур захиран зарцуулсан үйлдэл хийгээгүй ба нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д "*******" ХХК-ийн нэр дээр данс нээсэн нь өөрийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгааг, энэхүү үйлдэлд яагаад "*******" ХХК хариуцлага хүлээх ёстойг, хувьцаа эзэмшигч *******яагаад данс нээх зөвшөөрлийг гүйцэтгэх захирал ******* надад өгөх эрхгүй болохыг, ******* ХХК яагаад өөр банканд данс нээлгэж болохгүй байгаа зэргийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа тодорхой зааж, эдгээрийг баримтаар нотлох ёстой.
Иймд, ******* ХХК, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ******* ХХК-д тус тус холбогдуулан *******анд "*******" ХХК-ийн нэр дээр нээлгэсэн 900069794 дугаартай дансыг хаахыг даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү
3.3. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-д зааснаар компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох зэрэг асуудлыг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ гэж тодорхой хуульчилж өгсөн байдаг ба хэрэв гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох санал, шаардлага нэхэмжлэгч *******т байгаа бол энэ асуудлыг шүүхэд бус, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж ирж шийдвэрлүүлэх боломжтой юм. Энэ талаарх санал, шаардлагаа компанид бичгээр гааргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Мастер гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, мөн хүчин төгөлдөр бус гэж тооцож ******* ХХК дахь ******* ХХК-ийн 900069794 дугаартай дансыг хаалгахыг хүссэн хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдох нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай ******* /гүйцэтгэх захирал/-д холбогдуулан гаргасан *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулахыг даалгах тухай ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдах хүртэл гэрээ, хэлцэл хийх хэлбэрээр ******* ХХК-ийг аливаа хэлбэрээр төлөөлөхгүй байхыг даалгах тухай ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн ******* ХХК-д банкны данс нээсэн Мастер гэрээ-ний талаарх дүгнэлт үндэслэлгүй бөгөөд УДШ-ийн 2010 оны 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэдгийг тайлбарласнаас зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэдийгээр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг бүртгэсэн бүртгэл хүчинтэй боловч түүнийг банктай харилцах данс нээх мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрхтэй этгээд гэж шууд үзэх боломжгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 62.2.2, 83.6, 83.7-д зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурал тогтоох бөгөөд гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн хуралтай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах, гэрээнд удирдлагын эрх, үүрэг хариуцлагын хэмжээг тусгахаар заасан.
******* ХХК нь ******* ХХК-ийн нэр дээр данс нээхтэй холбоотойгоор хөрөнгө захиран зарцуулах эрхтэй этгээдийг шалгахдаа хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг, дүрэмд данс нээх гэрээ байгуулах, данс дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгосон эсэхийг шалгасны үндсэн дээр данс нээх гэрээ байгуулах ёстой байсан. Компанийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй тохиолдолд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр өдөр тутмын үйл ажиллагаа явуулах шаардлага үүснэ.
******* ХХК нь данс нээх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зөвхөн гүйцэтгэх захирлын гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэж, тухайн этгээдийн эрх, үүргийг тодорхойлсон хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон холбогдох бусад баримт бичгийг нягтлан шалгаагүй байна. Үүний улмаас данс нээх, компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгогдоогүй этгээдтэй 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай Мастер гэрээ-г байгуулж, уг этгээдэд компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах боломж олгосон байна.
Дээрх үйл баримтаар банк гэрээ байгуулахдаа хэлцэл хийхэд шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл болох гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн талаар төөрөлдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул данс нээсэн хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3- т заасан хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн нөхцөлд хамаарах, ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжтой юм.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тул банктай гэрээ байгуулах эрхгүй байсан.
Мөн уг гэрээ нь Компанийн тухай хуулийн 83.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, хэлцлийн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж зааснаар нэхэмжлэгч нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Мастер гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцлийн үр дагаврыг арилгаж, дансыг хаалгах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
4.2. Гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох шаардлагын тухайд
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон.
Гэтэл анхан шатны шүүх гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулсан мэтээр дүгнэж, гэрээний үндсэн дээр эрх зүйн харилцаа үүссэн тул хамтын шийдвэрээр шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн нь илт үндэслэлгүй ба компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч бүрийн байр суурь, санал нэгдээгүй нөхцөлд хамтын нэг шийдвэрээр шаардлага гаргах боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон.
Хувьцаа эзэмшигч *******ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага, хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах тухай албан бичиг, ******* ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол зэрэг нотлох баримтаар дээрх асуудлаар хуралдсан боловч 2 хувьцаа эзэмшигчийн санал хуваагдсаны улмаас тодорхой үр дүнд хүрээгүй, цаашид ч ямар ч дүн гарахгүй болох нь тодорхой болсон. /хх-150-151, 177-180х/
Энэ тохиолдолд компанийн нэг хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсэх ба хувьцаа эзэмшигчид нэг шийдвэрт хүрээгүй буюу санал зөрчилдсөн тохиолдолд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандахад зөвхөн нэг хувьцаа эзэмшигч шаардлага гаргахгүй гэх үндэслэлээр эрхийг хязгаарлах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг үгүйсгэсэн шийдвэр болсон.
4.3. Гүйцэтгэх захирал *******ыг хувьцаа эзэмшигч нартай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Хариуцагч ******* нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулахын тулд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах, уг гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэгтэй.
Гэтэл хариуцагч ******* нь хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь эрх хэмжээгүйгээр буюу дур мэдэн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлж, үүнээс үүдэн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч, компанид хохирол учруулах үр дагаварт хүргэхээр байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаас үзэхэд гүйцэтгэх захирал *******ыг хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулахыг үүрэг болгосон хэм хэмжээ хуульд тодорхой зохицуулагдсан гэж үзэж байна.
Уг зохицуулалтын гол зорилго нь талуудын хооронд маргаан гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна компанийн үйл ажиллагааг хэмжээ хязгааргүй хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигч, компанийн өмч хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулах, хууль бус гэрээ, хэлцэл, шийдвэрийн улмаас компанид хохирол учруулах зэрэг сөрөг үр дагаврыг гаргахгүй байх зохицуулалт бөгөөд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын аль алинд нь хамаарах, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа явуулах үндсэн баримт бичиг болох юм.
4.4 Хувьцаа эзэмшигчдийн хуралтай гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тодорхойлсон гэрээ байгуулахаас өмнө хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахгүй байхыг гүйцэтгэх захиралд даалгах шаардлагын тухайд,
Анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан хуулийн хэрэгжилтийг нэг хувьцаа эзэмшигч дангаар шаардах эрхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.6 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчидтэй гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 59.5 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул гүйцэтгэх захирлыг бүрэн эрх дуусгавар болсон. Үүнтэй холбоотойгоор хариуцагч *******ы аливаа үйл ажиллагаа, гэрээ хэлцлээс шалтгаалан компанид хохирол учрах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх үүднээс хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулах хүртэл хугацаанд аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах шаардлага гаргасан.
Хувьцаа эзэмшигчийн шаардлага гаргах эрхийг хуулиар хязгаарлаагүй, Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт даасан нөхцөл байдлыг зайлшгүй хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой гэсэн шаардлага хуульд тусгагдаагүй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01948 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Компанийн нэг хувьцаа эзэмшигч нас барснаар өв залгамжлалаар *******хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа 2 хувьцаа эзэмшигч компанийн эд хөрөнгийг хуваан авч, тус тусдаан бизнесийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Хувьцаа эзэмшигчдийн хэн аль нь тусгай зөвшөөрөл бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа, эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани байгуулсан. ******* ХХК-ийн удирдлагыг хувьцаа эзэмшигч *******ийн охин ******* авсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн өмч хөрөнгийн тооллого тооцоог хийж, эргэлтийн хөрөнгүүд болон үлдэгдэл бараа, эм тариа хэрэгслүүд, компанийн харилцах дансанд байсан мөнгийг 2 хувьцаа эзэмшигч хувааж авсан байдаг. Харин компанийн нэр дээрх 4 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг хараахан шийдвэрлэж чадахгүй байсан. Тухайн эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээр худалдан борлуулж орлогыг хуваана гэх урьдчилсан тохиролцоотойгоор бизнесийн үйл ажиллагаагаа тусгаарласан боловч өнөөдрийг хүртэл тухайн 4 үл хөдлөх эд хөрөнгийг хэн аль нь ашиглаж байгаа. Нэхэмжлэгч тал шинэ компани байгуулж тусдаа үйл ажиллагаа явуулж байсан мөртлөө Баянгол дүүргийн шүүхэд өмчийн маргаан үүсгэж, тэр хэрэг нь энэ хэргээс болж түдгэлзсэн. Тухайн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд ******* ХХК-ийн дансыг битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоосон учир ******* ХХК одоо тендерт оролцох боломжгүй, өр төлбөртэй болсон.
5.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй зөвхөн хууль зүйн дүгнэлт хийх шаардлагууд гаргасныг бид анхан шатны шүүх хуралдааны үед тайлбарласан. Өнөөдрийн шийдвэрлэж байгаа асуудлууд Баянгол дүүргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэх асуудлууд байдаг. Гэхдээ анхан шатны шүүх үүнийг бие даасан шаардлага байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа учраас шийдвэрлэх нь зүйтэй гэж хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:
******* ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар төөрөгдсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбарлаж буй хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн зүйл байхгүй гэдгийг баримтаар нотолсон. Компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлдог баримт бичиг бол улсын бүртгэл бөгөөд бидний үндэслэсэн улсын бүртгэл одоог хүртэл хэвээр байгаа. Бид компанийг төлөөлөх эрхтэй этгээдтэй буюу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай гэрээ хэлцэл хийсэн. Манай байгууллагыг ямар нэгэн байдлаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэн үндэслэлээр хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан харилцах данс нээсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мастер гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулахаар ******* ХХК-ийн ******* дахь ******* тоот харилцах дансыг хаалгах тухай нэхэмжлэлийг,
Хариуцагч *******д холбогдуулан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх дуусгавар болсныг тогтоолгох, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулахыг даалгах, гэрээ байгуулахаас өмнө компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
3. ******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******, 50 хувийн хувьцааг *******нар эзэмшиж байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2023 оын 01 дүгээр сарын 30-ны өдрийн №2023001 дугаар шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаар *******ыг томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1хх-134-148х/
******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мастер гэрээ-г байгуулж, төгрөгийн харилцах ******* тоот данс нээж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэхээр тохиролцжээ. /хх-205-208х/
4. Зохигчид *******ы гүйцэтгэх удирдлагын эрх дуусгавар болсон эсэх, гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд данс нээлгэх эрхтэй эсэх, улмаар данс нээсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байна.
4.1. Анхан шатны шүүх компанийн хувьцаа эзэмшигчийг гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцохыг хязгаарлах хүрээнд нэг хувьцаа эзэмшигчийн шаардлагаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 60.1 дэх хэсэгт нийцээгүйг залруулна.
4.2. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж, ******* ХХК-ийн дүрмийн 8.7 дахь хэсэгт Компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж тус тус заажээ.
Санхүүгийн жил гэж санхүүгийн тайлан, тооцоогоо гаргадаг хугацааг илэрхийлдэг бөгөөд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр томилсон тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал *******ы хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар *******ы гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ хэрэгжүүлсэн санхүүгийн жил дуусаагүй байна.
4.3. Мөн Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7 дахь хэсэгт заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргах, хуулийн 61.7 дахь хэсэгт энэ хуулийн 61.4 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл / байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2 дахь заасны дагуу санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэжээ.
Энд зааснаас үзэхэд компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагаас гадна ээлжит болон ээлжит бус аль ч тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг шаардах, санал, шаардлага гаргах эрх нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан хувьцаа эзэмшигчид байна.
Хувьцаа эзэмшигч *******ийн 2023 оны 08 сарын 14-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлага, хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах тухай шаардлагын дагуу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралджээ. /хх-150-151, 177-180х/
Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ыг хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулаагүй гэж үзэхгүйгээс гадна түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр *******ыг гүйцэтгэх захирлаар томилсон тул ******* нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, гэрээ, хэлцэл хийх эрхтэй.
Компанийн хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулсан эсэх нь компанийн дотоод харилцаа тул Иргэний эрх зүй дэх итгэл үнэмшлийг хамгаалах зарчмын хүрээнд компанийн гадагш чиглэсэн харилцаанд үйлчлэхгүй.
******* нь гүйцэтгэх захирлын хувьд ******* ХХК-ийг төлөөлөн ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мастер гэрээ-г байгуулж, төгрөгийн ******* тоот харилцах данс нээсэн нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д нийцсэн.
Энэ агуулгаар талуудын тохиролцоог хууль зөрчсөн, төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, ******* ХХК-ыг гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн талаар төөрөлдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******ыг бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж үзэж хэлцэлд төлөөлөх эрхтэй, гэрээ хуулийн хориг зөрчөөгүй, гэрээний талууд ноцтой төөрөгдсөн талаар шаардлага гаргаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мастер гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагаврыг арилгуулахаар ******* ХХК-ийн ******* дахь ******* тоот харилцах дансыг хаалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дахь хэсэгт зааснаар компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулсан тул компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг ямар эрх зүйн баримт бичиг /гэрээ, дүрэм/-ээр тодорхойлох нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэрлэх асуудал юм.
6.2. Харин компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь Компанийн тухай хуулийн 62.2.3, 76.1.8-д зааснаар гүйцэтгэх удирдлагыг томилсон, сонгосон хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарснаар хэрэгжинэ.
Өөрөөр хэлбэл, компанийн гүйцэтгэх удирдлагын эрхийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа ажил олгогч ажилтаны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсдэгтэй адил компанийн хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулснаар гүйцэтгэх захирлын эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм.
6.3. Компанийн хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулах эсэх нь компанийн дотоод харилцааны асуудал бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирлын эрх хэмжээг гэрээгээр тогтоож байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор компанийн хувьцаа эзэмшигч С.Батхишигийг гүйцэтгэх захирал *******ы эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаарыг гэрээгээр тогтоох эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт иргэний эрх зүйн хамгаалалтын заалтууд баримталсныг залруулж нэхэмжлэгчийн шаардах эрхийн заалтаар өөрчлөхөөс гадна 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэж найруулгын өөрчлөлтийг оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/01948 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 83.8 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК нарт холбогдуулан гаргасан харилцах данс нээсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мастер гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бусад тооцуулах, банкны ******* тоот харилцах дансыг хаалгах тухай, хариуцагч *******д холбогдуулан гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад гүйцэтгэх удирдлагын эрх дуусгавар болсныг тогтоолгох, хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулахыг даалгах, гэрээ байгуулахаас өмнө компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч С.Батхишигийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг 2 гэж, 6 дахь заалтыг 3 болгож бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА