Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 300

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Наран 1-16 тоотод оршин суух Хиад боржигон овогт Чулуунбаатарын Үржинханд /РД:ЕЭ82111563 yтас: 96670028/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг Замчдын гудамж 201-34 оршин суух Боржигон овогт Шархүүгийн Баярцэнгэл  /РД: МЮ8006163 yтас: 88834562/-д холбогдох,

“5,946,700 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Үржинханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 01-нээс такси үйлчилгээг хувиараа эрхэлж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ш.Батцэнгэл гэгч нь Замын-Үүд сум 1-р баг такси зогсоол дээр байхад ирээд хил хооронд хүн авч явах уу? Орлогоо хуваая би хил рүү орж чадна гэсэн санал тавиад бид 2 хил рүү орж 1 удаа яваад 2 дахь удаа нь суудлаас хоцорчлоо Шаргын овоо яваад өгчих гээд хүн ирэхээр нь аваад явсан. Шаргын овоо ороод буцаж ирэх замдаа чөлөөт бүс уулзварын ойролцоо осол гаргасан. Хил хооронд Ш.Баярцэнгэл би барихгүй бол чамайг оруулахгүй гээд миний машиныг барьж явж байсан. Шаргын овоон дээр очоод би машинаа өөрөө баръя чи эвгүй яваад байна гэж хэлэхэд Ш.Баярцэнгэл нь би барина гэж хэлэхэд би барина гээд явсан. Тэгээд яваад осол гарсан. Ослын дараа цагдаа ирээд материал гаргаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ш.Баярцэнгэлийн буруутай үйлдлээс миний эд хөрөнгө, олох орлогоороо хохирсон. Автомашинд учирсан эвдрэл үнэлгээгээр 5,246,700 төгрөг, миний такси үйлчилгээнээс олох байсан. 1 сарын орлого 700,000 төгрөг нийт 5,946,700 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Үржинханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Үржинханд миний бие нь Ш.Баярцэнгэлийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Баярцэнгэл миний бие нь Ч.Үржинхандын гаргасан 5,946,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд ажилдаа орж байгаад төлж дуусгана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ч.Үржинханд нь хариуцагч Ш.Баярцэнгэлд холбогдуулан 5,946,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа 5,946,700 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Ч.Үржинхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,097 төгрөгний  50 хувь болох 55,048.5 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 55,048.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Үржинхандын нэхэмжлэлийн шаардлага 5,946,700 төгрөгийг хариуцагч Ш.Баярцэнгэл нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 110,097 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 55,048.5 төгрөг, хариуцагч Ш.Баярцэнгэлээс 55,048.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ