| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 101/2023/01246/И |
| Дугаар | 210/МА2026/00830 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00830
2026 04 15 210/МА2026/00830
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01239 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гуравдагч этгээд: ******* ХХК-ийг оролцуулж,
******* ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, орон сууцны төлбөр 77,724,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч *******ын охин *******т Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2610/С дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 50,000 ам.доллар буюу 78,957,500 төгрөг, хариуцагч*******гээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхийн 60 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, төлбөр төлөгч ******* нь төлбөртөө Хан-Уул дүүргийн Ивээл хотхон, *******байр, ******* 68,72 м2 талбай бүхий орон сууцыг төлбөр авагч *******т өгөхөөр тохиролцсоноор төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 97 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гарсан.
1.2. Гэвч дээрх орон сууцыг *******т шилжүүлээгүй бөгөөд төлбөр төлөгч ******* нь төлбөртөө Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ******* ХХК-ийн газар дээр баригдсан 80 айлын орон сууцны Б блокын 7 дугаар давхар, 43.18 м2 талбай бүхий (айл №5) орон сууцыг *******т шилжүүлэхээр болж, ******* нь өөрийн аав *******аар ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээний 3.2 дахь хэсэгт талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээний төлбөр болох 77,724,000 төгрөгийг 100% барагдуулсан болно гэж гэрээний 4.7 дахь хэсэгт захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй гэж, мөн 4.8 дахь хэсэгт Барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж, төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээх үүргийг тодорхой заасан.
1.3. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй барилга баригдаагүй, мөн барилгын өмчлөх эрх иргэн Г.Сайхал /У399021335/-ын өмчлөлд бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан төлбөр 77,724,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани нь *******тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар захиалагч ******* нь орон сууцны үнэ 77,724,000 төгрөгийн Ц.Тулгын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Төлбөрийг хийчихнэ гэсэн болохоор нь итгээд гэрээнд төлбөрөө бүрэн барагдуулсан гэж тусгасан, төлбөр төлсөн ямар нэгэн баримт байхгүй.
2.2.*******, ******* нарын хувьд энэ хүмүүсийн хооронд хийсэн асуудал бөгөөд энэ хүмүүс манай компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, орон сууцны төлбөр 77,724,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй алдаатай дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөрийг 100 хувь барагдуулсан болохыг онцолж тусгасан. Гэтэл шүүхээс хариуцагчид төлбөрийг төлөөгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн нь төлбөрийг хэрхэн тохиролцсон үйл баримтыг шүүгч анхаарч үзээгүй.
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч******* нь төлбөр төлөгч *******ын төлөх ёстой 50,000 ам доллар буюу 78,957,500 төгрөгийг төлөх хүсэлт гаргаж төлбөр төлөх үүрэг шилжсэн. Уг төлбөрт******* ******* ХХК-ийн барьж байсан орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож, ******* нь аав *******ын нэрээр******* ХХК-тай гэрээ байгуулж, гэрээнд онцгойлон төлбөр төлөгдсөнийг тусгаж, хариуцагч гарын үсэг зурсан учраас төлбөрийг бодит байдал дээр шилжүүлээгүй гэх дүгнэлт үндэслэлгүй. Гэрээний төлбөрийг төлөх үүрэггүй болохыг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотолсон.
Мөн төлбөр төлсөн нотлох баримтыг гаргаж өгөх нотлох үүргийн хувиарлалт хариуцагч талд хуваарилагдсан болохыг шүүх анхаарч үзээгүй.
4.3 Маргаан бүхий харилцаа ******* болон******* ХХК нарын хооронд үүссэн байхад шүүх *******ийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үйл явц, хэрэгжилттэй холбогдуулан төлбөр төлөгчөөс мөнгөө шаардах боломжтой мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүйгээс гадна ямар шалтгааны улмаас гэрээ хэрэгжих боломжгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
4.4 Хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрч*******гийн мэдүүлгээр хариуцагчтай тодорхой үүргийн харилцаа үүссэн болохыг гэрчилсэн. Энэ үүргийн харилцаагаа нотлох үүрэг хариуцагчид байсан боловч нотлоогүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №******* дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нээс татгалзаж, орон сууцны төлбөр 77,724,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг орон сууцны үнэ 77,724,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, Д.Энхтүвшин, ******* нартай эрх зүйн харилцаанд ороогүй гэж маргажээ.
3. ******* нь ******* ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №******* дугаар Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ******* ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок орон сууцны 7 дугаар давхар 43,18 мкв талбайтай /айл-5/ 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн захиалагчид шилжүүлэх, ******* нь орон сууцны үнэ 77,724,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-7,8/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
4.1. Хариуцагчийн барьж буй, ашиглалтад ороогүй Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхоны 80 айлын орон сууцны Б блок орон сууцны барилгаас нэхэмжлэгч маргааны зүйл болсон орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4.2. Гэрээ байгуулах саналын хувьд зөвхөн нэхэмжлэгчид бус нийтэд санал болгож байгаа нөхцөл бөгөөд зөвхөн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үнэ буюу 77,724,000 төгрөгөөр барилгыг барих боломжгүй тул гэрээний зүйлийг нэг бүрийн шинжтэй гэж үзэхгүй юм.
4.3. Нийтийн зориулалттай орон сууцны зориулалттай барилгын тодорхой хэсгийг захиалж байгаа тохиолдолд өмч шинээр бий болж байгаа боловч ажлын үр дүн нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох шинжийг агуулаагүй, олон тоогоор буюу нэг нь нөгөөг орлох төрлийн шинжтэй байдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний журам үйлчилнэ.
4.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Талууд орон сууцны үнэ 77,724,000 төгрөгийг бодитоор төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
5.1. Нэхэмжлэгч нь орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу *******ийн *******аас авах 50,000 ам.доллар буюу 78,957,500 төгрөгийн төлбөрт тооцож авсан тул гэрээний 3.2-д гэрээний төлбөр болох 77,724,000 төгрөгийг 100% барагдуулсан гэж тайлбарласан.
5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, гэрээний дагуу орон сууцны үнийг төлөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.03.18-ны өдрийн 2610/С дугаар шийдвэрээр*******гээс 30,000 ам.доллар буюу 47,374,500 төгрөгийг, *******аас 50,000 ам.доллар буюу 78,957,500 төгрөгийг тус тус гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэн явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч ******* нь *******,******* нараас Хан-Уул дүүргийн Ивээл хотхоны 41В, ******* 68.72 мкв байрыг авахаар тохиролцож, *******т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгах хүсэлт гаргаснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол-оор төлбөр төлөгч *******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /1хх-13-29х/1хх-147/
Гэрч ******* шүүхийн шийдвэрт тусгагдсан төлбөрийг******* төлөх ёстой, ******* ХХК-ийн талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн бол гэрч******* *******ын *******т өгөх төлбөрийг нь би төлнө. ******* ХХК-иас орон сууц авч өгөхөөр тохирсон боловч барилга баригдах боломжгүй болсноор би 2022 онд *******т барилга ашиглалтад орохооргүй болчихлоо, төлбөрөө төлдөгөөрөө төлье гээд шүүхийн шийдвэр дээр шийдвэрийн дагуу боломжоороо төлөөд явж байгаа, ...80-90 сая төгрөг үлдсэн байгаа, ******* ХХК-д төлсөн төлбөр байхгүй гэж мэдүүлжээ. /хх-189-198х/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-д заасан төлбөр 77,724,000 төгрөгийг 100 хувь барагдуулсан гэж заасан боловч хэргийн баримт, талуудын мэтгэлцээний байр суурийг харьцуулан дүгнэхэд уг төлбөрийг бодитоор төлөгдөөгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болох гэрч *******,******* нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг харьцуулан дүгнэхэд гэрээний төлбөр 77,724,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээний төлбөр 77,724,000 төгрөгийг 100 хувь барагдуулсан гэж тусгайлан онцолж заасан байхад шүүхээс бодит байдал дээр хариуцагчид төлбөрийг төлөөгүй гэж үндэслэлгүй дүгнэж, төлбөрийг хэрхэн тохиролцсон тухай үйл баримтыг шүүгч анхаарч үзээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. 2020 оны Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ******* ХХК нь барилгыг барьж орон сууцыг шилжүүлэх, ******* нь орон сууцны үнийг төлөх үүргийг харилцан гүйцэтгэх үүрэгтэй боловч зохигчид харилцан гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч *******т Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах эрх үүсэхгүй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01239 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 243 дугаар зүйл 243.1, гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Н.ОЮУНТУЯА