Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 161

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар,

Хохирогч Б.С, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн

Шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Т.С-д холбогдох 1926000100065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Т.С 

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч “Т.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТ” ШТС-ын урд талын засмал зам дээр бусдын өмчлөлийн “Приус-20” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10 дахь заалт “Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Саня” маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, мотоциклийн жолооч Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохиролд 2547550 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.

Хохирогч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлын мөнгийг Т.С төлсөн. Одоо дахин тархи нөхүүлэх хагалгаанд орох бөгөөд хагалгааны зардал 2000000 төгрөг болно гэсэн. Энэ хагалгааны мөнгийг Т.С-с гаргуулах хүсэлттэй байна. Миний толгой их өвддөг. Мөн зүүн талын хөл өвддөг юм. Гэхдээ энэ хөл нь энэ осолтой ямар ч хамаагүй. Хагалгаанд орох 2000000 төгрөгөө нэхэмжилж байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв. 

Хохирогч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Энэ хэрэг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын төвд болсон асуудал байгаа юм. Би хүнс бараан захын зүүн талд өөрийнхөө цэнхэр өнгийн “Саня” маркийн мотоцикльтой явж байтал нэг танихгүй залуу гар өргөхөөр нь зогссон. Тэгсэн 10 дугаар хороо хүргээд өгөөч гэхээр нь би хүргэж өгөхөөр явж байгаад нэг танихгүй залуу дээр очоод энэ миний найз байгаа юм, хамт ганц юм ууя гэхээр нь би гудамжинд мотоциклио тавиад бид 0.5 литрийн “Хараа” нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд харанхуй болсон байхад би мотоциклио жолоодоод явсан. Тэгсэн төв зам руу ортол нэг юм дэлсэх шиг болсон. Түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Би толгойн дагз хэсэгт гэмтэл авсан. Зүүн талын шанаа хэсэгт хөхөрсөн, зүүн чихний ар хэсэгт мөн гэмтэл авсан байсан. Одоо миний толгой хааяа өвддөг болсон. Өөр зовиур байхгүй. Би танихгүй залуутай таараад тэдний гэрт  очоод архи уусан байсан. Би өөрийнхөө мотоцикльтой явж байгаад аваарт орсон. Би өөрийнхөө мотоциклийг зах зээлийн ханшаар 1850000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед би ганцаараа явсан. Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багаас 7 дугаар баг руу явж байсан. Төв зам дээр болсон хэрэг байгаа юм. 40 километр цагийн хурдтай явж байсан. Би өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. Миний эмчилгээний зардал 712550 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 450000 төгрөг, мотоциклийн үнэ 1850000 төгрөг, нийт 3042550 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Миний хохирлыг төлж барагдуулах юм бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 хуудас/,

Гэрч Р.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...Би тухайн өдөр олон нийтийн цагдаа *******гийн хамт “Элентра” маркийн автомашинтай нисэх онгоцны буудлын арын “Петровис” ШТС-ын хойд талын засмал зам дээр үүрэг гүйцэтгэн явж байтал хажуугаар мотоцикль хурдтай өнгөрсөн. Тэгээд “Петровис” ШТС өнгөрөөд “МТ” ШТС-ын засмал замын уулзвар дээр ирэхэд нөгөө мотоцикльтой хүн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтанд авч 102 дугаарт дуудлага өгч бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Г.Ч бид хоёр машинтай явж байсан учраас мотоцикльтой иргэнийг зогсоож шалгаагүй. Бид хоёр осол гарснаас хойш 2-3 минутын дараа очсон байх. Мотоцикльтой хүн шидэгдээд засмал замын хажуугийн явган хүний зам дээр хэвтэж байсан. Машин, мотоцикль хоёр мөргөлдөөд мотоцикль нь хажуугаараа засмал зам дээр, машины эд анги эвдэрсэн харагдсан. Мотоциклийн жолооч ухаантай мөртлөө юм ярьж чадахгүй байсан. Мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би цагдаагийн ахлах ахлагч *******ын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд “Элентра” маркийн тээврийн хэрэгсэлтэй “Петровис” ШТС-ын хойд талын засмал зам дээр явж байхад хажуугаар мотоцикльтой иргэн хурдтай өнгөрсөн. Тэгээд “”МТ” ШТС-ын уулзвар дээр иртэл нөгөө мотоцикльтой хүн машинтай мөргөлдөөд зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд хамгаалалтанд авсан. Тухайн мотоцикльтой хүнийг зогсоож шалгаагүй. Нэг их удалгүй очсон. “Приус-20” маркийн автомашинтай  мотоцикльтой хүн мөргөлдөөд жолоочийн биед гэмтэл учирсан байсан. Түргэн тусламж дуудаад эмнэлгийн машин ирээд авч явсан. Мотоциклийн жолооч ухаантай мөртлөө юм ярьж чадахгүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би шалгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад Т.С-н аав, ээжийнхээс цэнхэр өнгийн “Приус-20” маркийн автомашиныг манай нөхөр Т.С унаад би хамт урд суудалд суугаад 3 дугаар багт байрлах айлын гадна очиж хүнээс мөнгө авчихаад “Талст” эмийн сан орж эм аваад Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багт байрлах манай гэр рүү хүүхдийн паркийн хажуугийн засмал замаар уруудаад 10 дугаар баг руу салдаг зам руу орох үед юу юугүй гэнэт мотоцикльтой хүн орж ирээд машины урд хэсгийг мөргөсөн.Тэгээд бид хоёр машинаасаа буугаад нөгөө хүн дээр очиход мотоциклийн жолооч цаана явган хүний зам дээр доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр ахаа гээд дуудахад нөгөө хүн байгаа газраа хөрвөөгөөд, толгойгоо өндийлгөөд байсан. Юм хэлээгүй тэгээд ойролцоо үүрэг гүйцэтгэж байсан 2 цагдаа ирсэн. Тухайн үед 103 дуудсан байсан. Тэгээд түргэний машин ирээд мотоциклийн жолоочийг аваад явсан. Уг мотоциклийг ирж байгааг бид хоёр хэн хэн нь хараагүй. Гэнэт л машины хамар дээр хүрээд ирэхэд нь харсан. Энэ машин *******гийн ахынх нь эзэмшлийнх, ББСБ-ын нэр дээр байдаг юм. Манай нөхөрт жолоодох эрхийн В ангиллын жолоочийн үнэмлэх байгаа. Г.С согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машинд нөхөр бид 2 явсан. Мотоциклийн жолооч ганцаараа явж байсан. Биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй, босч чадахгүй хөрвөөгөөд байсан, архи хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй. Байр байдал нь архи уусан согтуу хүн шиг  харагдаад байсан. Надад болон манай нөхөрт ямар нэг гэмтэл шарх үүсээгүй. Бид хоёр одоогоор албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй болохоор 2 талд л амьдарч байна. Бид 2 настай охинтой. Тухайн үед охин бид хоёр Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багт гэртээ, манай нөхөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багт байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Улаанбаатар хотод оршин суудаг эхнэрийн хамаатны хүн болох гэх хүнээс 2018 оны 03 дугаар сард 9500000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Б анх “Банк бус санхүүгийн байгууллагаар” дамжуулан худалдан авч байсан гэсэн. Манай хүү Т.С 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүүхэд ханиад хүрээд эмийн сан орчихоод ирнэ гээд миний машиныг унаж яваад Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн “МТ” ШТС-ын уулзвар дээр мотоцикльтой хүнтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Миний мэдэхийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Мотоцикльтой мөргөлдсөн талаараа бага зэрэг зүйлүүд эвдэрсэн байсан. Би хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүү төлөв даруу зантай, ажилч хичээнгүй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Одоогоор тусдаа гараагүй гэртээ амьдардаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Шүүгдэгч Т.С-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар баг “МТ” ШТС-ын уулзвар зам дээр хадам аавынх руу явж байгаад эмнэлгийн хажуугийн уулзвар “МТ” ШТС-ын урдуур ертөнцийн зүгээр баруун гар тийш эргээд явж байгаад 11 дүгээр хороо руу эргэх засмал замаар эргэхээр рулиэ дартал баруун гар талаас хурдтай ирсэн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Би тухайн мотоциклийг өнгөрсний дараа эргэх байсан юм. Мотоцикль ирж байгааг хараагүй. Энэ миний буруу. Би жолоо барьж явсан. Манай эхнэр Г хажуугийн суудал дээр сууж байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Миний анхаарал болгоомжгүйгээс болж осол гарсан. Уулзвар зам байсан. Гадаа харанхуй болсон байсан. Машины гэрлээ асаасан байсан. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа байгаагүй. Би 2017 онд “В” ангиллын жолоочийн үнэмлэх авсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Уулзвараар эргэх байсан учраас 20 клометр цагийн хурдтай явж байсан. Миний унаж явсан “Приус-20” маркийн автомашин манай аав Ж.С-н эзэмшлийнх байгаа юм. Энэ машиныг манай аав 2018 онд ээжийн хамаатнаас худалдаж авч байсан. Ямар нэг мөнгө төгрөгийн өглөг байхгүй. Б.С-н эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал 700000 төгрөг төлсөн, Мөн мотоциклийн эвдрэлийг засуулж өгсөн. Одоо ямар нэг тооцоо байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-93-96 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №86 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч Б.С-н биед тархины зүүн дух, чамархай хэсэгт цусархаг няцрал, зүүн дух, баруун чамархай, дагз хэсгүүдэд хатуу хальсан доорхи цусан хураа,баруун чамархай хэсэгт эпидурал хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун дагзны хэсэгт аалзан хальсан дахь цус харвалт, гавал ясны дагзны хэсэгт бяцарсан хугарал, дагз яс foramen magnum-руу мөн баруун талд мастойд сэртэнг дайрч суурь яс руу хугарсан. Дагз ясны зүүн хэсэгт мастойд сэртэнгийн хөндий рүү дамжсан хугаралтай. Баруун чамархай яс ташуу сэлтэрч хугарсан. Баруун чамархай, зүүн чамархай, дагз хэсгүүдэд зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай шанаа хэсгийг хамарсан зулгаралт, баруун гарын шуу, баруун гарын алганы ар хэсэг, зүүн хөлийн өвдөг, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд гарсан шинэ гэмтлүүд байх боломжтой. 

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлтүүд /хх-ийн 50-51 хуудас/, 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Уг хэрэг зам тээврийн осол мөн.

2. Жолооч Б.С, Т.С нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3.Жолооч Б.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1 дахь заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. А. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр 

Зөвшөөрөл, Б.Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, В.Жолоочийн даатгалын баталгаа,

Мөн дүрмийн 3.4 в дахь заалт “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.А дахь заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. 

Жолооч Т.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р бүлгийн 15.10 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн байна.

4. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. 

5. Жолооч Т.С-н үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан болсон гэх үндэслэлтэй. 

6.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 490 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Туваандоржийн С ӨВ. Нас 26 эр гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 39 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 510 дугаартай 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.С Өв. Нас 34 эр” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2.0 промилли спиртийн агууламж илэрч байна.

2.Цусан дахь 2.0 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна”  гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01/58 дугаартай “...Сүхбаатарын эзэмшлийн “Sanya” маркийн улсын дугааргүй мотоцикльд учирсан хохирлын хэмжээг 1000000 төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 71-76 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01/17 дугаартай “...Toyota Prius  маркийн суудлын автомашинд учирсан хохирлын хэмжээг 1405000 төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 63-66 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1926000100065 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88-89 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 хуудас/, 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын акт /хх-ийн 11-12 хуудас/,

Хохирогч Б.С-н 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Т.С-с хохиролд 2012550 төгрөг авсан. Гомдол саналгүй.” гэсэн хүсэлт /хх-ийн 177 хуудас/, 

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Т.С миний бие мотоциклийн засварын зардалд нэмж 400000 төгрөгийг бэлнээр хохирогчийн өмгөөлөгчид хүлээлгэн өгөв” гэсэн хохирол хүлээлцсэн тэмдэглэл /хх-ийн 178 хуудас/,

Шүүгдэгч Т.С-н шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Миний бие хохирогч Б.С-д 2017 оны 07 дугаар сарын 03-нд нийгмийн халамжид ороход мөнгө хэрэг болоод байна гэхэд нь 80000 төгрөг, замын зардал гэж 2019 оны 09 дүгээр сарын 02-нд 35000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20000 төгрөг тус тус бэлнээр хүлээлгэж өгсөн болно” гэсэн хохирол хүлээлцсэн тэмдэглэл, 

Мөн “Шүүгдэгч Т.С миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Б.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд 2400000 төгрөг төлсөн. Хохирогч Б.С-д миний буруутай үйлдэл буюу миний холбогдсон хэргийн улмаас цаашид ямар нэг зардал гарвал зарлагын баримтыг нь үндэслэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэсэн хүсэлт, 

 Шүүгдэгч Т.С-н хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-155/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-97/, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №8 дугаартай тодорхойлолт /хх-96/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Т.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТ” ШТС-ын урд талын засмал зам дээр бусдын өмчлөлийн цэнхэр өнгийн “Приус-20” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10 дахь заалт “Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Sanya” маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Т.С-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-н эрүүл мэндэд “тархины зүүн дух, чамархай хэсэгт цусархаг няцрал, зүүн дух, баруун чамархай, дагз хэсгүүдэд хатуу хальсан доорхи цусан хураа, баруун чамархай хэсэгт эпидурал хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун дагзны хэсэгт аалзан хальсан дахь цус харвалт, гавал ясны дагзны хэсэгт бяцарсан хугарал, дагз яс foramen magnum-руу мөн баруун талд мастойд сэртэнг дайрч суурь яс руу хугарсан. Дагз ясны зүүн хэсэгт мастойд сэртэнгийн хөндий рүү дамжсан хугаралтай. Баруун чамархай яс ташуу сэлтэрч хугарсан. Баруун чамархай, зүүн чамархай, дагз хэсгүүдэд зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун чамархай, шанаа хэсгийг хамарсан зулгаралт, баруун гарын шуу, баруун гарын алганы ар хэсэг, зүүн хөлийн өвдөг, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №86 дугаартай дүгнэлт, хохирогч Б.С-н мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №8761 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-129-152/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан хохирогч Б.С /хх-17-18,20/, гэрч Р.Ц  /хх-23-24/, Г.Ч /хх-25-26/, Ц.Г /хх-93-95/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №86 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50-51/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-10/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн газрын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн ослын акт /хх-11-12/,  шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.С-н өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Т.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.С-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй, хохирогч Б.С-д 2547550 /хоёр сая таван зуун дөчин долоон мянга таван зуун тавь/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-155/,  хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд,  шүүгдэгч Т.С, хохирогч Б.С нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүхээс шүүгдэгч Т.С-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.С-н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд 2547550 төгрөг авсан. Энэ хэргийн улмаас тархиндаа гэмтэл авсан. Цаашид хагалгаанд орж тархины ясаа нөхүүлэх шаардлагатай гэсэн. Хагалгааны төлбөр 2 сая төгрөг болно гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.С нь хохирогч Б.С-н цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж баталгаа  гаргасан тул хохирогч Б.С-н хүсэлтийг хангаж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан цэнхэр өнгийн “Приус-20” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Ж.С-н өмчлөлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б, гэрч Ж.С, гэрч Ц.Г, шүүгдэгч Т.С нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 

Иргэний нэхэмжлэгч Ж.С нь тус гэмт хэргийн улмаас цэнхэр өнгийн “Приус-20” маркийн автомашинд учирсан хохирол болох 1405000 төгрөгийг шүүгдэгч Т.С-с нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.С-д хохиролд 2547550 төгрөгийг төлсөн, хохирогч Б.С, иргэний нэхэмжлэгч Ж.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  дурдаж,  

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна..

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2,  36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Т.С-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овгийн Т.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.С-д оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Т.С-д хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.С-д хохиролд 2547550 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С, иргэний нэхэмжлэгч Ж.Содном нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй   болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.