| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0236/И |
| Дугаар | 303 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Баянбүрд хотхон 40 айлын 32 тоотод оршин суух Баба овогт Улаанхүүгийн Байгалмаа /РД: ЕЦ79032669, утас: 96054695/-д холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 21,285,453.52 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Золзаяа, хариуцагч У.Байгалмаа, нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
,Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч У.Байгалмаа нь 2014.06.24-нд Замын-Үүд Хас Банктай зээлийн 1390006251 дугаар гэрээ байгуулж 26,000,000 ( Хорин зургаан сая ) төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар :
1. 2014.06.24-ний өдрийн Барьцаат зээлийн 1390005767–01 тоот ипотекийн гэрээгээр Замын-Үүд сум 2-р баг Баянбүрд хотхон 40 айл 32 тоот, гэрчилгээний Г–000215778, улсын бүртгэлийн Ү-0714002384 дугаартай 37 мкв бүхий орон сууц барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн 1390006251 дугаар гэрээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсний дагуу зээлийг хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэн төлж байсан тул 2015 оны 05 сарын 14-ны өдөр 1390006251 тоот зээлийн дансанд нэмэлт өөрчлэлт оруулан хугацааг 12 сараар сунгаж 1390009019 тоот зээлийн данс болгон өөрчилсөн. Зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлж байгаад хугацаа хэтэрч эхэлсэн. Харилцагчийн хүсэлтийн дагуу 1390009019 тоот зээлийн дансанд дахин нэмэлт өөрчлөлт оруулж 1390010168 тоот болгон өөрчилж хугацааг 7 сарын хугацаатай, сарын 2,5%-н хүүтэйгээр сунгасан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа хугацаа хэтэрч 2016 оны 8-р сарын 8-ны өдөр 1390010168 тоот зээлийн дансанд 10,000 төгрөгийн гүйлгээг хийснээс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч У.Байгалмаад гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 98 хоног болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээ цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч У.Байгалмаа нь зээлийн 1390010168 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч У.Байгалмаагийн зээлийн үлдэгдэл 2016.09.22-ны өдрийн байдлаар: Зээлийн 1390010168 дугаар гэрээний үндсэн төлбөр 18,941,687.52 төгрөг, хүү 1,806,488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,019 нийт 20,752,194.52 төгрөг болоод байна” гэжээ. Мөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн үлдэгдэл 18,941,687.52 төгрөг, хүү 1,806,488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,019 төгрөг нийт 20,752,194.52 төгрөгөөр нэхэмжилсэн болно. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 18,941,687.52 төгрөг зээлийн хүү 2,335,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,948 төгрөг болсон тул 533,259 төгрөгөөр нэхэмжилсэн дүнг нэмэгдүүлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: “... У.Байгалмаа нь зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээл авсан. Зээл авснаас хойш удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан. Гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Манайд эдийн засагчаар ажиллаж байсан Э.Байгалмаад өгсөн гэх боловч У.Байгалмаа нь гэрээ хийж, удаа дараа буюу У.Байгалмаагийн хүсэлтээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Иймд У.Байгалмаагаас зээлийн үндсэн төлбөр 18,941,687.52 төгрөг зээлийн хүү 2,335,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,948 төгрөг нийт 21,285,453.52 төгрөгийг гаргуулж өгнө үү. У.Байгалмаа нь төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч У.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У.Байгалмаа миний бие Э.Байгалмаатай 2011-2012 оны хугацаанд Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууллага”-д хамт ажиллаж байх хугацаанд танилцсан. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж байхад 2014 онд Э.Байгалмаа нь Хас банкны Замын-Үүд дэх салбарт эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд мөнгөний хэрэгцээ гарсан тул миний нэр дээр зээл авахаар гуйж, орон сууц худалдан авах гэж байгаа тул түүний 30 хувийг төлчихөөд буцаагаад хаагаад өгнө 1 сарын хугацаанд 26,000,000 төгрөгийн зээлийг гаргаад авах шаардлагатай байна гэж удаа дараа гуйж байгаад миний эзэмшлийн Замын-Үүд сумын 2-р баг Баянбүрд хотхон 40 айл 32 тоот Г-000215778, Ү-0714002384 байрны гэрчилгээг авсан. Орон сууцны зээлэндээ урьдчилгаагаа шингээгээд гаргачихна, дансаар мөнгө оруулаад л гаргахад болно гэж гуйсан. 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараагаар зээлийг хааж гэрчилгээг авч өгөхийг шаардахад удахгүй зээл бүтнэ түр хүлээж бай гэсээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр Э.Байгалмаа, н.Баттогтох нар төлсөөр ирсэн. Миний бие нь тухайн зээлийг төлөхгүй, өөрийн байраар төлбөрийг хариуцахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.
Хариуцагч У.Байгалмаа шүүх хуралдаанд: ”... Хас банкны эдийн засагч байсан Э.Байгалмаа нь байр авах гэсэн юм 30 хувь хэрэгтэй байна надад туслаад зээл аваад өгөөч гэж гуйсны дагуу уг зээлийг би Э.Байгалмаад авч өгсөн. Би нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Э.Байгалмаа нь тухайн үед ажиллаж байсан захирал Хангайтайгаа хувилдаж уг зээлийг гаргасан. Би зээлийг аваагүй учраас төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Э.Байгалмаа төлөх ёстой гэж үзэж байна” гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв хариуцагч У.Байгалмаад холбогдуулан зээлийн төлбөр 18,941,687.52 төгрөг, хүү 2,335,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,948 төгрөг нийт 21,285,453.52 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Хариуцагч У.Байгалмаа зээлийг авч хэрэглээгүй учраас төлөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч У.Байгалмаа нар нь 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж, 26,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч баталгаат ипотекийн гэрээ байгуулан Замын-Үүд сум 2-р баг Баянбүрд хотхон 40 айл 32 тоот, гэрчилгээний Г–000215778, улсын бүртгэлийн Ү-0714002384 дугаартай 37 мкв бүхий орон сууц барьцаалсан байна.
Зээлдэгч У.Байгалмаа нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, банкны мэдэгдэх болон шаардах хуудас зэргээр нотлогдож байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 5.1 дүгээр зүйлд нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлийг заасан байх бөгөөд 5.1.1-д “зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэж, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу банк гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч У.Байгалмаа нь “зээлийг аваагүй, эдийн засагчаар ажиллаж байсан Э.Байгалмаа авсан” гэж байгаа боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт болон банкинд удаа дараа гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт зэргээс үзэхэд Э.Байгалмаа нь Хас банктай гэрээ хийж зээлийг авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч У.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд зээлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч У.Байгалмаагаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 21,285,453.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч У.Байгалмаагаас зээлийн төлбөр 18,941,687.52 төгрөг, хүү 2,335,818 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,948 төгрөг нийт 21,285,453.52 төгрөгийг гаргуулан Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч У.Байгалмаа нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг Баянбүрд хотхон 40 айл 32 тоот, гэрчилгээний Г–000215778, улсын бүртгэлийн Ү-0714002384 дугаартай 37 мкв бүхий орон сууцныг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,359 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.Байгалмаагаас 278,359 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ