Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 156

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Б.П-д холбогдох 1926003130175 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.П

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Б.П нь “согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 07-нд шилжих шөнө иргэн Б.Д-н зүүн гар хэсэгт нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.П нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Би дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг пиво худалдаж аваад найзтайгаа хувааж уугаад сууж байтал манай эхнэр гараад явсан. Бид пивоо хувааж уучихаад хойноос нь гараад автобусны буудал дээр иртэл хоёр залуу сууж байсан. Би тэдэнтэй мэндэлчихээд “Энүүгээр хүүхэд тэвэрсэн хүүхэн өнгөрсөн үү? харсан уу?” гэхэд тэр хоёр залуу “харагдаагүй” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь нэг мотоцикльтой залуу гарч ирээд “Одоо энд архи ууж болохгүй, явцгаа” гэж хэлсэн. Тэгтэл манай найз “Хаанаас, хэнийг хөөгөөд байна аа” гээд өшиглөөд авсан. Хохирол 300000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 

Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр барилга дээр хамт ажилладаг М, Б нартай найз охиныгоо хүлээх зуураа дэлгүүрээс 0.75 литрийн “Харзтай” нэртэй архи аваад гурвуулаа хувааж уугаад дуусч байтал танихгүй 2 залуу ирчихээд М, Б хоёртой юм яриад байх шиг байсан. Би тэр хооронд найз охиноо гудамжнаасаа гарч ирж байна уу гэдгийг харах гээд явчихсан байсан. Удалгүй танихгүй 2 залууд хандаж яасан хө гэхэд юм дуугарахгүй байхаар нь янз бүрийн асуудалгүй бол явцгаа гэж хэлсэн чинь хромон гутал өмсөж явсан Э яасан гэнээ манай хороонд танихгүй хүн ирчихээд бид хоёрыг хөөлөө” гэхээр нь “яасан гэнээ гэтэл тэр хоёр залуу хоёулаа орилоод над руу дайраад хромон гутал өмсөж явсан залуу миний хэвлий хэсэгт хөлөөрөө нэг удаа жийж өшиглөхөөр нь би зөрүүлээд хромон гуталтай залууг хэвлий хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө жийж өшиглөсөн.Тэгсэн нөгөө залуутай хамт явсан залуу Б.П нь миний баруун шанаа хэсэгт гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд хромон гуталгүй, пүүз өмсөж явсан залууг зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд надтай хамт явсан М, Б нар бид нарыг салгасан. Надад цохиулсан пүүзтэй залуу гүйгээд явсан. Араас нь М тэр залууг хөөгөөд гүйцээгүй. Би хромон гутал өмсөж явсан залуутай дахиад маргалдсан чинь тэр залуу миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд тэр залууг зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. М буцаж ирээд явцгаая гээд миний мотоциклийг Б унаад М бид гурав хөдлөх гэж байтал зугатаасан залуу бид гурав дээр гүйж ирээд гялалзсан төмөр бариад над руу далайхаар нь бид гурав баруун гар тал руугаа унасан. Тэгээд бид гурав мотоциклиос босоод зугтаасан. Б мотоцикль унаад би дунд нь суугаад, миний ард М суугаад бид гурав аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламж дээр очоод би зүүн гарын шуугаа үзүүлсэн. Тэр өдрийн гэмтлийн эмч нь эмэгтэй хүн байсан. Зүүн гарын шуу хэсэгтээ 18 оёдол тавиулсан.Тэнд эмчилгээ хийлгэж байгаад өглөө үүрээр гэртээ харьсан. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг өнгөрч байхад хэрэг маргаан болсон. Учир нь дэлгүур хаагаад удаагүй байсан. Дэлгүүр 23 цагт хаадаг тул сайн мэдэж байна. Би буруу мэнд мэдснээс болж маргалдсан. Урьд нь харж байгаагүй, таньдаггүй хүмүүс байсан. Тэнд байсан бүх хүмүүс болсон зүйлийн талаар мэдэхээр байсан согтолт нь гайгүй байсан. Миний бугалга хэсгийг том цагаан заазуураар гэмтээсэн. Мотоцикль дээр суугаад эргэж байхад заазуур харагдсан. Эмчилгээний зардалд 60000 төгрөг зарцуулсан. Хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,  

Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манайд Б.П эхнэр, хүүхэдтэйгээ 21 цаг өнгөрч байхад ирсэн. Манай гэрт 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 2 ширхгийг манай гэрт уусан. Манай эхнэр Э, П-н эхнэр ******* нар пивоноос уугаагүй. П манай гэрт эхнэр хүүхэдтэйгээ хонохоор болоод бид хоёрыг пиво ууж байхад П-н эхнэр ******* орой болчихсон байна, унтаж амар гэхээр нь бид хоёр пивоо ууж дуусгаад унтана гэж хэлсэн. Тэгсэн ******* “та хоёр амрахгүй бол би явлаа” гээд хүүхдээ тэврээд шөнийн 00 цаг өнгөрч байхад гараад явсан. П бид хоёр ууж байсан пивоо талдаа оруулчихаад П-н эхнэр, хүүхдийн араас нь гараад явж байтал Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн автобусны эцэс дээр 2 залуу автобусны буудлын сандал дээр архи уугаад сууж байсан. Нэг залуу нь мотоциклиороо тойрч эргээд байсан. Тэгэхээр нь автобусны буудлын сандал дээр архи уугаад сууж байсан 2 залуу дээр очоод “хүүхэд тэвэрсэн хүүхэн харсан уу” гэхэд тэр хоёр залуу “хараагүй” гэсэн. Мотоцикльтой залуу ирээд “танай хороонд архи ууж болохоо больчихоо юу” гэхэд хүүхэдтэй хүүхэн сурч байна гэсэн чинь “хараагүй эндээс зайл” гээд мотоцикль унаж байсан залуу мотоциклоосоо буугаад ирэхээр нь тэр залууг “яасан гэнээ пиздаа минь гэж хэлээд” над дээр хүрээд ир гээд тэр залуугийн зүүн гуя хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр залуу зөрүүлээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Би зөрүүлээд тэр залууг 2-3 удаа гараараа цохьсон. Би тэр залууг өшиглөх гэсэн чинь хий өшиглөөд газар унасан. Тэгсэн П зугатаагаад явчихлаа гэж архи ууж байсан 2 залуугийн нэг нь хэлсэн. Би мотоцикль унаж байсан залуутай хэрэлдээд зогсож байтал ******* гүйгээд ирж яваа харагдсан. П гартаа юу барьж байсныг анзаарч хараагүй.Тэнд байсан залуучууд П-г хутга барьчихсан байна гээд орилоод газраас чулуу аваад бид хоёр руу шидсэн. Б.П гартаа заазуур барьчихсан явж байхаар нь юун заазуур вэ гэхэд Б.П тэр гурвын нэгийг нь айлгах гэж байгаад заазуураар зүсчихлээ гэсэн. Яг хаана нь зүссэн гэдгээ надад хэлээгүй. Тэгээд Б.П,   эхнэр,   хүүхдээ   олоод   гэр рүүгээ явсан. Заазуур нь ногоон иштэй заазуур байсан. Маргааш өглөө нь Ч.Б байцаагч Б.П-с аваад явсан. Миний биед гэмтэл учраагүй. Д гэх залууг зодсоноос болж биед нь гэмтэл учруулсан. Би Б.Д-н хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. 2-3 удаа гараараа цохьсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, 

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарьн 06-ны өдөр Б.Д, Б бид гурав Б.Д-н найз охиныг Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын эцэст буудал дээр хүлээх зуураа шил 0.75 литрийн “Харзтай” нэртэй архи гурвуулаа ууж дуусах гэж байтал Б.Д найз охиныгоо харах гээд гудамжны үзүүрт зогсож байтал танихгүй 2 залуу Б, бид хоёр дээр ирээд “хүүхэд тэвэрсэн эмэгтэйг харсан уу” гэж асуухад хараагүй гэж хэлсэн. Удаагүй Б.Д ганцаараа буцаад хүрээд ирсэн. Б.Д-тэй тэр танихгүй 2 залуу хоёулаа мэнд мэдсэн. Б.Д зөрүүлээд мэнд мэдсэн. Хромон урт гуталтай залуу нь Б.Д-д хандаж “чи хаанахын хүн бэ” гэсэн. Б.Д “та хоёрт хаанахынх нь хамаагүй” гэж хэлсэн. Хромон гуталтай залуу Б.Д-н цээж хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б.Д тэр хромон гуталтай залуутай барилцаж аваад зөрүүлээд цээжин хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн чинь хромон гутал өмсөж явсан залуугийн нөгөө залуу нь Б.Д-г цохих гэхээр нь Б бид хоёр салгах гээд очтол тэр залуу зугатаахаар нь би араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд би буцаад Б.Д Б, хромон гуталтай залуу гурав дээр очтол Б.Д, хромон гуталтай залууг нүүрэн хэсэг, цээжин хэсэгт 7-8 удаа гараараа цохьсон. Хромон гуталтай залуу Б.Д-г зөрүүлээд толгой цээжин хэсэг рүү нь гараараа 7-8 удаа цохьсон. Тэр хоёрыг Б бид хоёр салгаад байж байтал  нөгөө зугтаасан  залуу  гартаа  заазуур  барьчихсан  гарч  ирээд  эхлээд Б руу заазуур барьчихсан дайрсан. Тэгсэн Б-н хажууд байсан Б.Д рүү зугатаасан залуу заазуур барьчихсан цохих гээд нэлээн хэдэн удаа дайрах үед нь Б.Д бултаж байгаад нэг цохилт нь зүүн гарын мөр хэсэгт заазуур цохиж зүссэн. Тэр танихгүй залуу Б.Д-г заазуураар зүсчихээд хромон гуталтай залууг аваад хоёулаа зугтаагаад явсан. Тэд нарыг зугтаагаад явсаны дараа Б нь Б.Д-н мотоциклийг унаад, Б.Д дунд нь, би ард нь суугаад аймгийн БОЭТ-ийн хүлээн авах дээр очоод Б.Д-н зүүн гарыг эмчид үзүүлээд зүүн гарт нь 18 оёдол тавиулсан. Б бид хоёр тэр хоёр залуутай маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Б.Д тэр хоёртой маргалдаж, зодолдсон. Б.Д хромтой залуутай зодолдоод байж байтал Б.П зугтаагаад явж Б.Д дээр очоод барилцаж аваад Б.Д тэр залуугийн толгой орчимд 3 удаа гараараа цээжин хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Би Б-той хамт тэр хэдийг салгах гээд очих гэтэл зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б.Д, Мөнхбаяр бид гурав Б.Д-н найз охиныг Өвөрхангай ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын эцэст буудал дээр хүлээх зуураа 1 шил 0.75 литрийн “Харзтай” нэртэй архи 3-лаа хувааж уугаад дуусах гэж байтал Б.Д найз охиныгоо харах гээд гудамжны үзүүр орчихоод ирнэ гээд мотоциклио унаад хөдөлсөн. Тэгсэн танихгүй 2 залуу ирээд “хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн харсан уу” гэж асуусан Мөнхбаяр бид хоёр тэр хоёр залууд “хүн хараагүй” гэж хэлсэн. Тэр хоёр танихгүй залуутай буудал дээр хамт байж байтал Б.Д мотоцикльтойгоо буцаад хүрээд ирсэн. Б.Д тэр хоёр танихгүй залуучууд руу хандаж “за яасан залуус” гэхэд нөгөө хоёр залуу нь “хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн харсан уу” гэхэд Б.Д “хараагүй” гэж  хэлсэн. Б.Д тэр хоёр залуугаас “өөр асуудал байна уу” гэхэд байхгүй гэсэн. Б.Д тэр хоёр залууг явцгаа гэж хэлсэн.Танихгүй 2 залуугийн хромон гуталтай залуу нь “чи бид хоёрыг манай хорооноос хөөх болоогүй” гэсэн чинь Б.Д тэр залууг “яасан гэнээ” гэсэн чинь хромон гуталтай залуу Б.Д цээжин хэсэг рүү  нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Б.Д өмсөж явсан цагаан куртикээ тайлж надад өгчихөөд хоромон гуталтай залуутай барилцаж аваад хоорондоо хэрэлдээд байсан.Тэгсэн хромон гутал өмсөж явсан залуугийн найз гэх залуу нь Б.Д рүү дайраад тэр залуу Б.Дг цохиод авахаар нь Мөнхбаяр тэр хоёрын дундуур ороод салгасан. Тэгсэн тэр залуу зугтаагаад хашааны булан тойроод гүйгээд явчихсан. Мөнхбаяр нөгөө залуугийн араас хөөгөөд явсан. Би Б.Д, хромон гуталтай залуу хоёрыг хоорондоо маргалдаад байхаар нь салгах гээд очтол Б.Д мотоциклио асаагаад хурдал гэж 2 удаа хэлсэн. Би Б.Дгийн мотоциклийг асаах гээд оролдсон чинь мотоцикль асахгүй байсан. Хашааны үзүүр тойроод зугтаагаад явчихсан залуу баруун гартаа заазуур, хутга барьчихсан та нарыг алнаа гээд орилоод над руу чиглээд гүйж ирээд гартаа барьчихсан заазуураараа намайг цохих гээд 2 удаа над руу дайрахаар нь би бултчихсан. Заазуур барьсан залуу Б.Д рүү дайраад хэд, хэдэн удаа цохих гээд дайрахаар нь эхэндээ Б.Д бултаад цохиулаагүй. Хамгийн сүүлийн цохилтоор Б.Дг заазуур барьчихсан залуу шуу хэсэгт нь заазуураар нэг удаа зүссэн. Мөнхбаяр бид хоёр тэр хоёр дээр очих гээд байж байтал заазуур барьсан залуу хромон гуталтай залуугаа чирээд зугтаад явчихсан.Тэр хоёрыг явсны дараа Б.Д-н зүүн гарыг Мөнхбаяр бид хоёр үзэхэд зүүн гарын мөрний гадна хэсэг нь заазуурт зүсэгдээд цус гарчихсан байхаар нь би мотоциклийг нь унаад, Б.Д-г дундаа хийгээд М араар нь суугаад аймгийн БОЭТ-ийн хүлээн авах дээр очсон. Б.Д зуүн гартаа 18 ширхэг оёдол тавиулсан гэсэн. Би эмнэлгийн гадаа байсан тул хараагүй. Б бид хоёр тэр хоёр залуутай маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Б.Д тэр хоёртой маргалдаж, зодолдсон. Б.Д, Б.П-г цохиж зодсон талаар хараагүй. Мөнхбаяр бид хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/, 

Шинжээч Л.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Б.Д-д өөрийн биеэр үзлэг хийсэн. Ил харагдах шарх харагдаагүй. Зөвхөн зүүн гарын бугалганы урд дээд хэсэгт 15 см урттай зүсэгдсэн, мэс заслын 17 ширхэг оёдолтой, хурц иртэй зүйлээр зүсэгдсэн шарх байсан. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,

Шүүгдэгч Б.П-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөв ярьсан. Хохиролд нийт 300000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №348 дугаартай:

1. Б.Дгийн биед зүүн гарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.. 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1926003130175 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 55 хуудас/, 

Шүүгдэгч Б.П-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай тодорхойлолт /хх-62/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-61/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85 хуудас/,

Хохирогч Б.Д-н “Б.П-тэй сайн дураар эвлэрсэн бөгөөд надад гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн  хүсэлт зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч яллагдагч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Автобусны буудал” дээр хохирогч Б.Дгийн зүүн гарын бугалга хэсэгт нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д /хх-16-17/, гэрч Д.Энхчулуун /хх-19-20/, Д.М /хх-21-22/, Б.Б /хх-24-25/, шинжээч Л.Амгалан /хх-48-49/ нарын мэдүүлгүүд, Д.П-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №348 дугаартай дүгнэлт /хх-27/, шүүгдэгч Б.Дгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д, гэрч Д.Э, Д.М, Б.Б нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №348 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Б.Пд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.П нь хохирогчид 300000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.Дгийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, Хаан банкны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр  тогтоох шаардлагагүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.П-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуурын эх биеийн урт нь 12.5 см, бариулын урт нь 11 см, нийт урт нь 23.5 см ногоон иштэй төмөр заазуур 1 ширхгийг устгахыг,

Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Дд 300000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Б.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.П-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүлмжлэгсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  заазуурын эх биеийн урт нь 12.5 см, бариулын урт нь 11 см, нийт урт нь 23.5 см ногоон иштэй төмөр заазуур 1 ширхгийг устгахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.