| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03541/И |
| Дугаар | 210/МА2026/00834 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00834
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10318 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн 81.38%-ийн буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, ******* ХХК-ийн 31.38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.*******, ******* нар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр компанийн дүрмийг шинэчлэн баталж, хувьцаа эзэмшигч нар тус бүр нэг бүр нь 26,475.57 төгрөгийн үнэтэй 50,000 ширхэг хувьцаа бүхий 1,323,778,550 төгрөгийн хөрөнгийг эзэмшиж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2,647,557,100 төгрөг болсон.
1.2.Хувьцаа эзэмшигч ******* компанийн бүхий л хөрөнгө оруулалтыг оруулан үйл ажиллагааг явуулж, компанид шаардлагатай хөрөнгийг тухай бүр хувиасаа зээлж байсан. Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд компанийн өөрийн хөрөнгө хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж шийдвэр гаргуулахаар заасан болон их хэмжээний өглөгтэй тайлантай байх нь компанийн үнэлэмж, нэр хүнд, зээлжих зэрэглэлийг буруулж байсан тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан.
1.3.2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн үнийн дүнгээс давсан их хэмжээний зээлийг хэрхэн шийдвэрлэх, хувьцаа эзэмшигч ******* нь компанийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаар амласан боловч огт хөрөнгө оруулаагүй байгааг хэрхэн шийдвэрлэх болон хариуцагч ******* нь компаниас болон *******аас хувьдаа зээлсэн, шилжүүлэн авсан төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх талаар хэлэлцсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нэхэмжлэгчээс компанид зээлсэн зээлийг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар бүртгэн хувь нийлүүлсэн хэмжээг хэвээр хадгалах, хэрэв хувьцаа эзэмшигч ******* хувь нийлүүлсэн хөрөнгөө тодорхой хугацааны дотор оруулж чадахгүй тохиолдолд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болох 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч *******т шилжүүлэх замаар хоорондын өглөг, авлага, өр зээлийн асуудлыг нэг мөр дуусгавар болгохоор шийдвэрлэж, баталгаажуулсан. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигч тус бүр нэг бүр нь 102,857.91 төгрөгийн үнэтэй 50,000 ширхэг хувьцаа бүхий 5,142,895,377.39 төгрөгийн хөрөнгийг эзэмшиж байгаа мэтээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 10,285,790,754.77 төгрөг болсныг тусгасан компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1.4.Гэтэл хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэн баталгаажуулж, байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа өөрийн эзэмшлийн 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхөөс татгалзаж байна.
1.5.Хувьцаа эзэмшигч ******* нь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаа нь дээр 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг нэмээд нийт 81.38 хувь буюу 81,377 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй буюу хууль ёсны эзэмшигч атал хариуцагчийн үүрэг зөрчсөн үйлдлийн улмаас эзэмших эрхтэй хувьцаагаа бүрэн эзэмшиж чадахгүй байна.
1.6.Иймд нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн 81.38 хувийн буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигчээр тогтоож, ******* ХХК-ийн 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг нэхэмжлэгч *******т шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Миний бие 2008 онд ******* Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг худалдан авсан. Тус үйлдвэрийн газар нь *******, Улаанхуаран, ******* гудамж, ******* тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, нийт 15,997 м.кв талбайтай газар, автомашины дулаан гарааш, бетонон авто зогсоол, засварын цех, шатахуун түгээх станц зэрэг үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг байсан.
2.2.2009 онд ******* ХХК-ийн захирал ******* надтай анх танилцаж, 2009-2011 онуудад манай компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсээр ашиглаж байсан. 2013 оны 10 дугаар сард ******* ХХК-ийг *******тай хамт үүсгэн байгуулж, компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмших болсон бөгөөд ингэхдээ миний зүгээс дээрх бүх үл хөдлөх хөрөнгөөрөө компанид хөрөнгө оруулсан.
2.3.******* өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг ******* ХХК-аар 2022 онд зарлагдсан Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцон автобус нийлүүлсэн боловч тус автобус нь чанарын шаардлага хангахгүй байсан гэх нөхцөл байдлын улмаас тус тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой ногоон автобусны гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тус тендерийн сонгон шалгаруулалтад ******* ХХК оролцож, тендерийн дагуу олгогдсон бүхий л төлбөрийг өөрийн компанийн дансаар авч захиран зарцуулсан байдаг. Харин ******* ХХК нь уг тендерт оролцоогүй, тендертэй холбоотой нэг ч төгрөг аваагүй тул тус тендер шалгаруулалттай холбоотойгоор хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэл огт байхгүй. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хэргийн шүүгдэгч ******* нь тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Нийслэлийн тээврийн газартай хэлцэл хийх замаар ******* ХХК-ийн эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр өгч, авахаар тохиролцсон байсан.
******* болон Нийслэлийн тээврийн газрын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэлд ******* ХХК-ийн бүх хөрөнгийг 25,960,941,528 төгрөгийн төлбөрт тооцож өгөхөөр заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байдаг. Төлбөр барагдуулах хэлцлийн хавсралтад ******* ХХК-ийн хөрөнгүүдийг жагсаасан байх бөгөөд энэхүү жагсаалтын 41-42, 44-46, 48-49, 52, 54-56, 69-71 дугаарт бичигдсэн хөрөнгүүд нь миний оруулсан хөрөнгүүд юм. Эдгээр хөрөнгүүдийн үнэлгээг тооцоход нийтдээ 14,828,785,544 төгрөг болно.
Үүнийг компанийн нийт хөрөнгө болох 25,960,941,528 төгрөгийн хөрөнгөд хувьчлан тооцоход 57 орчим хувь болж байна. Өөрөөр хэлбэл, миний бие ******* ХХК-ийн нийт хөрөнгийн 57 хувьд ногдох хөрөнгийг бодитоор оруулчхаад байхад компанид нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй хэмээн илтэд гүтгэсэн байна.
2.4.******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч миний бие *******аас зээл аваагүй тул *******аас ******* ХХК-д зээлдүүлсэн гэх төлбөрийг миний бие өөрийн эзэмшлийн хувьцаагаар хариуцах үндэслэл байхгүй.
2.5.******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2019/Т01 дугаар тэмдэглэлд ...*******аас ******* ХХК-д зээлдүүлсэн гэх мөнгөний хэмжээгээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, хувьцааг 50, 50 хувиар эзэмших...-ээр заасан нь тодорхой тусгагдсан.
2.6.Мөн *******аас зээл аваагүй тул 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2019/02 дугаар зээлийн гэрээ гэх баримт нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус учраас тэрээр хуульд заасан хугацаанд ямар нэгэн шаардлага гаргаагүй.
2.7.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас ******* ХХК-ийн 31.38%-ийн буюу 31,377 ширхэг хувьцааг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,366,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,366,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч ямар хууль зүйн үндэслэлээр хариуцагч надаас ******* ХХК-ийн 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй буюу хууль зүйн үндэслэлээ нэхэмжлэлдээ дурдаагүйгээс гадна шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ тодорхойлоогүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл, 123 дугаар зүйлд заасан шаардах эрхээ шилжүүлэх, 236 дугаар зүйлд заасан өмнөх үүргийг солихоор тохиролцсон харилцаа, Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан компанийн өрийг хувьцаагаар солих харилцаа гэх зэргээр нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг өөрөө тодорхойлон илтэд буруу шийдвэр гаргасан.
4.2.******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2019/Т01 дугаар тэмдэглэлд Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 5,326,313,654.77 төгрөгөөр нэмэгдүүлж үүссэн өр төлбөрийг тэглэх, хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгөөр компанийн үйл ажиллагаанд зориулж барьсан оффисын зориулалттай 493,743,000 төгрөгийн, спорт заалны цогцолбор 1,818,177,000 төгрөгийн тус тус үнэлгээ бүхий барилгыг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар бүртгэнэ. Ийнхүү компанийн дүрмийн 3.25-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нийт 10,285,790,754.77 төгрөгийн үнэ бүхий нэг бүр нь 102,857.91 төгрөгийн үнэтэй 100,000 ширхэг энгийн хувьцаанд хуваагдах бөгөөд А тал 50 хувь, Б тал 50 хувиар эзэмшихээр өөрчлөгдөнө. гэж тодорхой тусгагдсан.
Улмаар тус хурлаас гарсан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд ...3.2 Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,285,790,754.77 төгрөг ба нэг бүр нь 102,857.91 төгрөгийн үнэтэй 100,000 ширхэг энгийн хувьцаанд хуваагдана. Хувь нийлүүлэгч нь дараах байдлаар хувьцаа эзэмшинэ. гэж заасан. Эдгээр нотлох баримтаар миний бие нэхэмжлэгч *******т ******* ХХК-ийн 31.38 хувийн 31,377 ширхэг хувьцааг өгнө гэх ямар нэгэн тохиролцоо хийгээгүй болох нь хангалттай нотлогдож байна.
4.3.Миний бие ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2019/Т01 дугаар тэмдэглэл, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэсэн баримтаас өөр ямар нэгэн баримтад гарын үсэг зураагүй. Тухайлбал, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн огноотой, 2019/02 дугаар зээлийн гэрээ гэх баримтад миний бие гарын үсэг зураагүй, ийм гэрээ хийгээгүй. Энэ гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдгээ нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр тодорхой илэрхийлсэн.
4.4.Мөн нэхэмжлэгч уг зээлийн гэрээний эх хувь гэх баримтыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бөгөөд миний бие уг гэрээг байгуулаагүй, ийм гэрээнд гарын үсэг зураагүй тул уг баримтыг хуурамчаар үйлдсэнийг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Гэтэл шүүх зээлийн гэрээ гэх баримт үйлдэгдсэн гэж үзэх боломжтой гэж дүгнэн, уг гэрээг үндэслэн ******* ХХК-ийн 31.38 хувийн хувьцаа буюу 31,377 ширхэг хувьцааг надаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.5.******* ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2024 оны байдлаар 25,960,941,528 төгрөгийн үнэлгээтэй байгаа, үүнээс 14,828,785,544 төгрөг нь миний оруулсан үл хөдлөх хөрөнгүүд бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-д мөнгө зээлдүүлж, түүгээр нь компани спорт заал, оффис зэрэг барилга барьж, хөдлөх эд хөрөнгө худалдан авсан бөгөөд эдгээр хөрөнгө компанийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн.
Ингэснээр *******ийн компанид оруулсан хөрөнгийн хэмжээ 2024 оны байдлаар 11,132,155,984 төгрөг ба ******* ХХК-д миний оруулсан хөрөнгийн хэмжээ 57 хувь, *******ийн оруулсан хөрөнгийн хэмжээ 43 хувийг эзэлж байгаа тул тэрээр надаас 31.38 хувийн хувьцаа шаардах үндэслэлгүй.
4.6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч тал талуудын хооронд хийгдсэн тохиролцоог хийгээгүй мэтээр тайлбарладаг. Тодруулбал, хариуцагч тал анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл болон тогтоолд гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа атлаа ийм тохиролцоо хийгдээгүй мэтээр тайлбарлаж, давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
5.2.2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд талууд 5 асуудал шийдвэрлэсэн бөгөөд тухайн 5 асуудлыг шийдвэрлэхдээ маргаан бүхий тохиролцоог хэрхэн яаж хийсэн гэдгээ нэг бүрчлэн маш тодорхой бичсэн байдаг. Хэлэлцсэн асуудал 1-д ******* надад төлөх ёстой төлбөрийг барагдуулах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай байна гээд 1-6 гэж бүгдийг маш тодорхой бичсэн байдаг. Асуудал 3-т Гишүүд зээл болон барьцааны гэрээний төсөлтэй танилцаж, гэрээ байгуулахаар санал нэгдэв гэж дурдсан байдаг. Мөн шийдвэрлэсэн хэсэгтээ хувьцаа эзэмшигчдийн хороонд барьцаат зээлийн гэрээг байгуулав гэж тусгасан байгаа.
Зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээнд барьцааны агуулгын талаар тусгагдсан боловч барьцааны гэрээг мөн тусад нь байгуулсан. Гэвч тухайн гэрээг анхнаасаа байгаагүй мэтээр тайлбарлаж болохгүй. Зээлийн гэрээтэй холбоотой анхан шатны шүүхийн хийж буй дүгнэлтийг зөв гэж үзэж байна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ дүрэмд өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоол нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг үндэслэж гарсан улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотойгоор улсын бүртгэлд очиж байгаа тогтоол юм. Гэтэл огт ийм үйл баримт болоогүй мэтээр тайлбарлаж болохгүй.
5.3.Мөн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 25,0 тэрбум төгрөг байсны 14,0 тэрбум нь минийх байсан гэх мэтээр хариуцагч тайлбарладаг. Маргаан бүхий эд хөрөнгө хамгийн анх хариуцагч *******ы эд хөрөнгө байсан талаар маргаагүй. Тухайн эд хөрөнгийн 50 хувийг нэхэмжлэгч мөнгийг нь төлж авсан буюу анх компани 50:50 хувийн хувьцаа эзэмшигчтэй байсан. Түүнээс хойших хугацаанд компанид оруулсан бүх хөрөнгийг нэхэмжлэгч оруулсан буюу хариуцагч огт хөрөнгө оруулаагүй учир тохиролцоо хийгдсэн асуудал байдаг.
Энэ хөрөнгө ийм хэмжээний үнэ цэнтэй хөрөнгө болох бүх хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч хийсэн. Гэтэл хариуцагч энэ хөрөнгө анхнаасаа ийм үнэ цэнтэй байсан мэтээр тайлбарлаж, давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.
5.4.Тэнүүн овоо гуравдугаар бааз ХХК-ийн өмчлөлд 9 эд хөрөнгө байдаг. Гэтэл төлбөр барагдуулах хэлцлээр жагсаалтын 41-72 хооронд дугаарлагдсан 31 эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Дээрх эд хөрөнгүүдийг бүгдийг Тэнүүн овоо гуравдугаар бааз ХХК-ийн эд хөрөнгө мэтээр тайлбарлаж болохгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
5.5.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* ХХК-ийн 81.38 хувийн буюу 81,377 ширхэг хувьцааны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож, ******* ХХК-ийн 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.1.Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигч *******аас компанид зээлсэн зээлийн дүнгээр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж бүртгэх, хувьцаа эзэмшигч ******* хувь нийлүүлсэн хөрөнгөө тодорхой хугацааны дотор оруулбал хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хэвээр хадгалах, хэрэв хөрөнгөө оруулж чадахгүй тохиолдолд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болох 31.38 хувийн буюу 31,377 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч *******т шилжүүлэх замаар хоорондын өглөг, авлага, өр зээлийн асуудлыг нэг мөр дуусгавар болгохоор шийдвэрлэж, баталгаажуулсан боловч хувьцаа эзэмшигч ******* нь ямар ч хөрөнгө оруулаагүй, тохиролцсоны дагуу хувьцааг шилжүүлэхгүй байна... гэж тайлбарлаж, хариуцагч ******* нь ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь хэмжээ 50, 50 хувь байна гэж тохиролцож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн өдрийн зээлийн гэрээнд миний бие гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулаагүй... гэж маргасан.
Дээрх нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол, зээлийн гэрээг нотлох баримтаар гарган өгч, тухайн баримтад талууд тайлбар гаргаж мэтгэлцсэн буюу энэ хүрээнд талуудын хооронд маргаан өрнөжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулахад зээлийн гэрээний дагуу шаардаагүй, харин 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийг үндэслэн шаардаж байгаа гэж тайлбарласан байх ба тус хурлын тэмдэглэлд ...******* та энэ төлбөрийг яаралтай хийх барагдуулах, эсвэл өөрийн тань төлөх ёстой хэсгийг буюу 2,663,156,827.38 төгрөгийг таны өмнөөс мөн л компаниас шаардах зээлийн төлбөрөөс татгалзан танд зээлүүлэн би төлөх ба мөн та бид хоёрын хоорондын хувь тооцоогоор үүссэн байгаа 564,215,501 төгрөгийг нэмж тооцон нийт 3,227,372,328 төгрөгт ногдох төлбөрийн барьцаанд дүрмийн санг нэмэгдүүлсний дараах таны хувьцаанаас 31.38 хувийг буюу 31,377 ширхэг хувьцааг барьцаалъя... гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь компанийн эрх зүйн хүрээнд шаардлагаа тодорхойлж буй эсэх, эсвэл зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардаж буй эсэх нь тодорхойгүйгээс талуудын хооронд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ямар мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, ямар учраас нэхэмжлэгчид хариуцагчийн эзэмшлийн 31.38 хувийн хувьцааг эзэмших эрхийг хууль болон гэрээний дагуу үүссэн гэж үзэж буй аль нь тодорхойгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзнэ.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байснаар энэ хүрээнд талууд бүрэн мэтгэлцэж, маргааны үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй ч тодорхой бус нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан бол нэхэмжлэлийг тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь мөн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн чиг үүрэгт хамаарна. Шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
3.2.Мөн маргааны хүрээнд хариуцагч тал ...зээлийн гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа уг гэрээг үнэлж, уг гэрээгээр барьцааны эрх үүссэн эсэх асуудлаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6-д тус тус заасанд нийцээгүй байна.
4.Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10318 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,366,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ