Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 167

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох 1926003330187 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овгийн Н.Б 

Үйлдсэн хэргийн талаар: 

Яллагдагч Н.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүнс бараан захын хойд талд иргэн Т.Т-н нүүр хэсэгт 4-5 удаа цохиж тархи доргилт, хамар яс, баруун, зүүн ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Баримттай бол хохирол төлнө” гэв.

Хохирогч Т.Т  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хүнсний талоноо авах гээд явж байсан. Тэгсэн Н.Б таараад надаас мөнгө байна уу? гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгсэн чинь намайг цохьсон. Тэгээд л би хүүхдээ дуудаад эмнэлэг дээр очиж оёо тавиулсан. Гомдол саналгүй. Эмчилгээний зардал 500000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Хохирогч Т.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Н.Б нь миний төрсөн эгч Т.Н-н төрсөн хүү байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын захиргаанаас хүнсний талон аваад хүнс бараан захаар явж байтал Н.Б-тай таарсан. Н.Б надаас архины мөнгө нэхээд байхаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн миний зүүн нүд рүү гараараа цохьсон. Тэгээд би эмнэлэг явсан. Би Н.Б-д цохиулчихаад хүү Т.З-г утсаар дуудсан. Удалгүй манай 2 хүү ирж намайг аваад эмнэлэг явсан. Н.Б надтай таарахдаа нилээн согтуу байсан. Би нэг лааз пиво уусан байсан. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Харин нүдний зовхины доод талд оёдол тавиулж, хамрын мурийлт тэгшлүүлсэн. Эмчилгээнд гарсан зардал болох 500000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/, 

Гэрч Т.З-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын              22-ны өдрийн 15 цагийн үед манай аав Т.Т хүнд зодуулчихсан орж ирсэн. Ингэхдээ баруун талын нүд болон хацар хэсэг нь хавдаад цус гоожсон байдалтай байсан. Юу болсон талаар асуухад манай хамаатны ах болох Н.Б архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэсэн чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Аав зодуулчихаад ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан. Эмнэлэгт үзүүлэхэд тархи хөдөлсөн баруун талын нүдний нулимсны шөрмөс нь тасарсан байна гэж хэлсэн. Баруун талын нүдний зовхи хэсэгт 2 оёдол тавиулсан. Манай аав бага зэрэг архи уусан болов уу гэмээр байсан. Н.Б архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэсэн чинь зодсон гэж хэлсэн. Өнгөрсөн жил намайг байхгүй байхад тархийг нь хагалчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, 

Шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Зүйл ангийг зөвшөөрч байна. Урьд нь бүх мэдүүлгээ өгсөн тул өөр ярих зүйлгүй. Би хохирлоо төлж барагдуулна. Одоогоор хохирол төлөөгүй байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн:

1. Үзүүлэгч Т.Т-н  биед тархи доргилт, хамар яс, баруун, зүүн ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 хуудас/, 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19260003330187 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 36 хуудас/, 

Шүүгдэгч Н.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-11/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-55 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвд хохирогч Т.Т-н хэвтэж эмчлүүлсэн №16 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 70 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 14-15 цагийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хүнс барааны захын хойд талд хохирогч Т.Т-н нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар яс, баруун, зүүн ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхи, хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  хохирогч Т.Тын “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын захиргаанаас хүнсний талон аваад хүнс бараан захаар явж байтал Н.Б-тай таарсан. Н.Б надаас архины мөнгө нэхээд байхаар нь би байхгүй гэтэл миний зүүн нүд рүү гараараа цохьсон. Нүдний зовхины доод талд оёдол тавиулж, хамрын мурийлт тэгшлүүлсэн” /хх-6-7/, гэрч Т.З-н “...2019 оны 07 дугаар сарын  22-ны өдрийн 15 цагийн үед манай аав Т.Т хүнд зодуулчихсан орж ирсэн. Ингэхдээ баруун талын нүд болон хацар хэсэг нь хавдаад цус гоожсон байдалтай байсан. Юу болсон талаар асуухад манай хамаатны ах болох Н.Б архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэсэн чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. ...Эмнэлэгт үзүүлэхэд тархи хөдөлсөн баруун талын нүдний нулимсны шөрмөс нь тасарсан байна гэж хэлсэн. Баруун талын нүдний зовхи хэсэгт 2 оёдол тавиулсан.” /хх-14/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Н.Б-н  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №366 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/,  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Т-н өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Н.Б-н дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тус тус хуульчилжээ.  

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, уг гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэж,  шүүгдэгч Н.Б-д авсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэнд  хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Н.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, 

Шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн  эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Т.Т нь эмчилгээний зардал болох 500000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй. 

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Н.Б-г хүний эрүүл мэндэд   хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн Н.Б-г хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Н.Б-д нэг жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д авсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон  хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Тын нэхэмжилсэн 500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч  Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Т нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.