| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/00597/И |
| Дугаар | 210/МА2026/00851 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00851
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01294 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.******* нь ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд *******тай 2023 оны 10 дугаар сараас эхлэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар БНХАУ-аас 4 ширхэг автомашин оруулан ирж захиалагчид нийлүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Гэтэл ******* нь хамтран ажиллахад эрсдэлтэй байгаа тул баталгаа болгон ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон эрхийг шилжүүлж өг гэж шаардах болсон тул 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 0270 дугаар компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 0271 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, ******* нь өөрийн өмчлөлийн ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон түүнд ногдох эрх, үүрэг, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг *******т шилжүүлж, ******* нь хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлсний дараа буцаан шилжүүлэхээр тохиролцсон. Хамтын үйл ажиллагааг баталгаажуулах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 01, 10-ны өдрүүдэд албан бичиг үйлдсэн.
1.2.Хамтын үйл ажиллагааны хүрээнд ******* нь БНХАУ-аас 2 ширхэг автомашин оруулж ирэхэд 68,379,900 төгрөг гаргасан. Гэвч хамтын үйл ажиллагааны явцад талуудын хооронд үл ойлголцол үүсэж, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Тодруулбал, анх ******* нь 117,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцсон боловч дараагийн ажлыг эхлүүлэх болоход ******* нь хөрөнгө оруулах мөнгө байхгүй тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Үлдсэн 2 ширхэг автомашиныг нийлүүлэх гэрээ нь түүний буруугаас болж хэрэгжээгүй тул хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******ын эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд хөрөнгө оруулсан 68,379,900 төгрөг, хамтын үйл ажиллагааны өгөөж болох 6,837,990 төгрөг, нийт 75,217,890 төгрөг шилжүүлж, анх тохиролцсоны дагуу хамтын үйл ажиллагааны үүргийг бүрэн биелүүлсэн. Гэтэл ******* нь компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.
1.3.Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, харин 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 0270 дугаар компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, 0271 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан ба эдгээр гэрээнүүд одоог хүртэл хүчин төгөлдөр байна.
2.2.Дээрх гэрээнүүдийн нэмэлт болгон хийгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэлцлээр надад нийт 5 ширхэг автомашинаас тодорхой ашиг өгөхөөр хугацаа заалгүйгээр тохиролцсон. Үйл ажиллагааны ашгаас 51 хувийн ашиг хүртэх нь бидний тохиролцоо болон компанийн дүрэм, холбогдох хуульд нийцсэн. Харин уг хэлцлээр манай компанийн Хас банк дахь дансыг Голомт банкны данс болгон өөрчилж өгөхөөр тохиролцсоныг ******* биелүүлээгүй. Улмаар компанийн тамга, гэрчилгээг надад байхад надад мэдэгдэлгүйгээр бусадтай гэрээ хэлцэл хийж, бичиг баримт хуурамчаар үйлдэж тендерт оролцож, ашиг орлогоо надаас нуусан.
2.3.Ийм зөрчил үүссэний улмаас бид 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзалт хийж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт хэлцэл хийсэн. Уг хэлцлээр ******* нь надад 20,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө шилжүүлсэн тохиолдолд миний бие ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон гүйцэтгэх захирлын албан тушаалыг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон боловч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн эзэмшлийн Хас банк дахь ******* тоот данснаас миний эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 8,950,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 11,050,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй учраас миний бие ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, гүйцэтгэх захирлын албан тушаал, татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг, банкны гүйлгээ хийх эрхийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлэхээс түдгэлзэж байгаа болно.
2.4.Түүнчлэн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө ******* надад манай компанийн нийлүүлэх 3 ширхэг автомашин худалдан авах зардалд зориулан надаас авсан 68,000,000 төгрөгийг надад ногдох ашиг гэж өөрөө дураараа тодорхойлсон, 10 хувиар тооцсон 6,800,000 төгрөгийн хамт шилжүүлэн өгснийг миний бие зөвшөөрөөгүй.
2.5.Иймд үлдэгдэл 11,050,000 төгрөгийг надад өгсөн тохиолдолд миний бие 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлээр хүлээсэн үүргүүдээ гүйцэтгэх болно гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгч *******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 86,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.1.1.Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй. Шүүх 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр талуудын гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, үзлэг хийх өдрийг жич товлохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойш шүүгчийн туслах 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр над руу залгаж хариуцагчийг үзлэг хийлгэх баримтуудаа ирүүлэх, баримт ирснээр үзлэг хийх өдрийг товлох талаар мэдэгдэж, миний бие энэ талаар хариуцагчид дамжуулсан. Үүнээс өөр ямар нэгэн ажиллагааны тов надад мэдэгдээгүй.
4.1.2.Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу надад мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө ч шүүгчийн туслах над руу залгаагүй. Шүүгчийн туслах *******гийн ******* дугаарын утаснаас 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр надад мессеж бичээгүй атлаа мессеж бичсэн гэж хавтаст хэргийн 77 дугаар талд тэмдэглэсэн.
4.1.3.Хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/Ш32026/06144 дугаар захирамжид ...Хариуцагчийн төлөөлөгч *******т 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг ******* дугаарын утсанд нь залгаж мэдэгдэхэд тэрээр за ойлголоо гэв гэх шүүгчийн туслахын тэмдэглэл байна... гэж дурдсан. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн туслах надтай утсаар ярилцахдаа шүүх хуралдааны товыг мэдэгдэх бус харин үзлэг хийлгэх баримтаа авчирч өгөх, улмаар үзлэг хийх өдрийг товлох тухай ярилцсан.
4.2.Шүүх хариуцагчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, үзлэг хийх өдрийг товлох талаар шүүгчийн туслах надтай утсаар ярьж байсан атлаа уг ажиллагааг хийлгүйгээр шууд шүүх хуралдааныг товлож хариуцагчийн эрхийг зөрчсөн.
4.3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талыг оролцуулан шүүх хуралдааныг дахин явуулах, мэтгэлцэх боломж олгоно уу гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч тал шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Шүүгчийн туслах 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагчийн хэрэгт авагдсан утас руу холбогдож, шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон талаар мэдэгдсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Уг шүүхийн мэдэгдэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасанд нийцсэн гэж үзэж байна.
5.2.Мөн анхан шатны шүүх хуульд заасан зохих ажиллагааг хийж, шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утас руу залгасан боловч тэрээр утсаа аваагүй учраас хариуцагч ******* руу холбогдоход тэрээр шүүх хуралдаан 10 цаг 30 минутад байсан юм уу, 14 цагт гэж бодсон юм, би одоо эмнэлэг дээр үзүүлээд явж байна, очих боломжгүй гэж мэдэгдсэн. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас нэхэмжлэгч тал хуульд зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
5.3.Шүүх 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагч талд мэдэгдэхдээ нэг талд нь шүүх хуралдаан болох талаар, нөгөө талд нь үзлэг хийх ажиллагаа болох талаар ярьсан байх боломжгүй. Шүүх хуралдаан болох өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхэд тэрээр би орохгүй, ******* оролцоно гэж мэдэгдсэн тухай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Мөн хариуцагч *******тай утсаар холбогдоход дээрх байдлаар хариулсан. Иймээс шүүх хуралдааны товыг хариуцагч талын аль аль нь мэдсэн байдаг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5.4.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон компанийн эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, харин 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр байгаа, улмаар бид 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хийсэн нэмэлт хэлцлээр ******* нь 20,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө шилжүүлсэн тохиолдолд миний бие ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон гүйцэтгэх захирлын албан тушаалыг буцаан шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч үүнээс 8,950,000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 11,050,000 төгрөгийг төлсөн тохиолдолд өөрийн өмчлөлийн ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа болон гүйцэтгэх захирлын албан тушаал, татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг, банкны гүйлгээ хийх эрхийг буцаан шилжүүлэх боломжтой... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1.******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан тус компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр *******ыг тодорхойлсон, хүнсний дэлгүүр, гадаад худалдаа, тоног төхөөрөмж, машин худалдаа, хүнсний ханган нийлүүлэлт, хүнсний ногоо тариалалт, ханган нийлүүлэлт гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй, нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1,000 ширхэг энгийн хувьцаа бүхий 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байхаар тусгасан ******* ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүрмийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэжээ. /хх-ийн 43-46-р тал/
3.2.Улмаар ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь *******тай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 0270 дугаар компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон 0271 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, эдгээр гэрээгээр *******ын өмчлөлийн ******* ХХК-ийн 51 хувийн, нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 510,000 төгрөгийн үнэ бүхий 510 ширхэг хувьцаа, түүнд ногдох эрх, үүрэг, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг *******т шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 9-10-р тал/
3.3.Дээрх гэрээний дагуу ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, түүнд ногдох эрх, үүргийг *******т шилжүүлсэн буюу ******* ХХК-ийн 51 хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ******* нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.4.2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичигт ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь ******* сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх хог тээврийн автомашин авах ажилд 39,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт аваад 3,900,000 төгрөгийн ашиг өгөх, ******* аймгийн Засаг даргын тамгын газарт өөрөө буулгагч машин тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд 78,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт аваад 7,800,000 төгрөгийн ашиг өгөх, ******* аймгийн Төгрөг суманд хогны автомашин нийлүүлэх ажилд 39,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт аваад 3,900,000 төгрөгийн ашиг өгөх, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын гэрээн дэх ******* ХХК-ийн Хас банк дахь дансыг Голомт банкны данс болгож өөрчилж өгөх, тухайн ажлуудыг хийж дуусгасны дараа компанийн 51 хувийн хувьцааг буцааж өгнө гэх нөхцөлөөр тус компанийн 51 хувийн хувьцааг *******т шилжүүлж байгаа талаар тусгасан байна. /хх-ийн 11-р тал/
3.5.2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч ******* болон тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч *******ын өмгөөлөгч нарын хооронд цаашдын үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн зөрчилтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, улмаар талуудын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хэлцлээр хувьцаа эзэмшигч ******* нь өнгөрсөн хугацааны ашиг алдагдал, 51 хувийн хувьцаанд ногдох төлбөрт 20,000,000 төгрөгийг хувьцаа эзэмшигч *******т өгөх, үүний дараа хувьцаа эзэмшигч ******* нь татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үг, банкны гүйлгээ хийх эрхийг өгөх, 20,000,000 төгрөг шилжүүлмэгц хувьцаа эзэмшигч ******* компанийн 51 хувийн хувьцаа болон гүйцэтгэх захирлын эрхийг үл маргах журмаар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөрт багтаан эрх шилжүүлэх болон бусад холбогдох гэрээ хэлцлийг хийж хувьцаа эзэмшигч *******т шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 13-14, 15-р тал/
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2023 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-аас автомашин оруулан ирж захиалагчид нийлүүлэх үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулж, ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 0270 дугаар компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон 0271 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч нь хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, ямар нэгэн үр дагавар үүсгэх зорилгогүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, талууд дээрх хамтын үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд баталгаа болгон ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, түүнд ногдох эрх, үүрэг, эд хөрөнгө болон эд хөрөнгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагчийн тайлбараас гадна хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн баримт, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, нэхэмжлэгчийн гар утсанд байх талуудын харилцсан зурваст үзлэг хийсэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон, эдгээр баримтыг хариуцагч үгүйсгээгүй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанд нийцжээ.
Уг шийдэлд хариуцагч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс шийдлийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
5.Ийнхүү нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0270 дугаар компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн 0271 дугаар компанийн эрх шилжүүлэх гэрээ нь тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул гэрээний талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүргийн хүрээнд хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг нэхэмжлэгч *******т буцаан шилжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч *******ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд, хариуцагч *******ын өмчлөлийн ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийн өмчлөгчийн өөрчлөлтийг энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад даалгасан агуулгаар өөрчлөлт оруулна.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
6.1.2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг шүүх хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан, улмаар шүүх 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гар утсанд байх талуудын харилцан бичсэн зурваст үзлэг хийх ажиллагааг явуулж, уг ажиллагаанд хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар оролцсон, хариуцагчийн гар утсанд үзлэг хийх боломжгүй байсан талаар тусгасан үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан, дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байна.
Иймд ...шүүх хариуцагчийн гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангасан атлаа уг ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн... гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх төдийгүй шүүх хуралдааны тов бус үзлэг хийх тов мэдэгдсэн гэх гомдол мөн үгүйсгэгдсэн гэж дүгнэнэ.
6.2.Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай баримтад шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон хариуцагч *******т өөрт нь мэдэгдсэн талаар тэмдэглэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т нийцжээ.
Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
7.Харин талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй бөгөөд гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх болохыг анхан шатны шүүх анхаараагүйгээс нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах асуудлыг нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж шийдвэрлэсэн нь буруу болсон, мөн нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсныг тус тус залруулан өөрчлөлт оруулна.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******ын өмчлөлийн ******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг нэхэмжлэгч *******ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ