Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00760

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 08 210/МА2026/00760

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* холбогдох,

 

Дутуу олгогдсон тэтгэмж 4,966,906.33 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-671 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ******* миний бие ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тус тушаалаар ******* тасралтгүй 21 жил 4 сар ажилласан тул 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан боловч миний ээлжийн амралтын цалин, тэтгэмжийг дутуу тооцож олгосон.

1.2. Байгууллага тэтгэмжийг тооцохдоо Эдийн засаг ба санхүү хариуцсан замын орлогч даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 171Б тоот цахилгаан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, тус журмын нэмэлт өөрчлөлт, Замын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-15 дугаар тушаалын хавсралтаар баталсан Сарын цалин хөлс тооцох аргачлалыг буруу хэрэглэж тооцоолсон.

1.3. Тэтгэмжийг зөв тооцоолсон эсэхийг тодруулахаар аудитад хандаж, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр аудитын дүгнэлт гарснаар буруу тооцоолсныг мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2, 82.3, 82.5 дахь хэсгүүдэд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох ажилтанд ажил олгогч хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор заасны дагуу нэмэгдүүлсэн. Тэтгэмж тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваахгүйгээр, нийт ажилласан цагийг хоног руу шилжүүлээд, ажилласан хоногоосоо нэг өдрийн цалин хөлс гаргаж байгаа нь буруу, ажилтны эрх ашгийг дордуулсан.

Иймд хариуцагч ******* дутуу олгосон тэтгэмж 4,966,906.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь 2001 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс вагоны үйлчлэгчээр ажилд орж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/671 тоот тушаалаар тэтгэвэр тогтоолгосон. *******г тэтгэвэр тогтоолгоход Хамтын гэрээний 6.4.2-т заасны дагуу ******* тасралтгүй 21 жил 4 сар ажилласан тул 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон. Тэтгэмжийг тооцоолохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасныг тус тус үндэслэж 1 сарын дундаж цалинг тооцоолон 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 15,132,236 төгрөгийг *******д олгосон.

2.2. ******* 2022 оны 06 дугаар сард 160 цаг ажиллах байснаас 160 цаг, баяр ёслолоор 18 цаг, нийт 178 цаг, 2022 оны 07 дугаар сард 128 цаг ажиллах байснаас 128 цаг, баяр ёслолын 6 цаг, илүү 4 цаг, нийт 138 цагт ногдох цалинг олгосон. Гэтэл *******ХХК-иас тэтгэмжийг тооцоолохдоо *******гийн 2022 оны 06, 07 дугаар саруудын баяр ёслолын болон илүү цагийг оруулаагүй, мөн ээлжийн амралтын сүүлийн тооцоо болох 3,589,770 төгрөгийг нэмж оруулан тооцсоны улмаас 5,508,458 төгрөгийн илүү тооцоолол гаргажээ.

2.3. Хариуцагч дундаж цалин хөлсийг тооцохдоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын Журам батлах тухай 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаал, тус тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаас бусад олговор, тэтгэмж нөхөн олговор, хөнгөлөлт гэх мэтийг тооцоолох сарын цалин хөлсийг тооцохдоо Замын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/15 тоот Аргачлал батлах тухай тушаалыг мөрдлөг болгосон.

2.4. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тэтгэмжийг авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмжийг авсан үеэс эрх зөрчигдсөн эсэхийг мэдэх ёстой байсан. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч ******* 4,966,906.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Ажил олгогчоос тэтгэмж олгогдсон 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үеэс нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн эсэхийг мэдэх ёстой байсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Нэхэмжлэгч нь санхүүгийн тусгай мэргэжилтэн биш тул цалингийн тооцоолол зөв эсэхийг хянах боломжгүй. Мөн хариуцагч нь тэтгэмжийг хэрхэн бодсон задаргааг гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдөх үедээ буруу тооцож олгосныг мэдэх боломжгүй.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан" гэж заасан. Нэхэмжлэгч нь анх 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "******* ХХК-ийн дүгнэлт гарснаар тэтгэмжийг тооцохдоо ажил олгогч нь холбогдох журам, аргачлалыг буруу хэрэглэснийг олж мэдсэн. Шүүх аудитын дүгнэлтийг "шинэ эрх үүсгэх үндэслэл болохгүй" гэж буруу тайлбарласан, аудитын дүгнэлт нь эрх зөрчигдсөн илрүүлсэн баримт тул үүнийг үндэслэн нэхэмжлэгч маргаан таслах комисс болон шүүхэд хандсан. Иймд энэхүү аудитын дүгнэлт гарсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь шударга ёсны зарчимд нийцнэ.

4.3. Нэхэмжлэгч нь аудитын дүгнэлт гарсны дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр ******* маргаан таслах зөвлөлд гомдолд гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн бол тухайн үед гомдлыг хүлээн авахгүй байх боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь тухайн үед хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хөндөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн учраас гомдлыг хүлээн авсан гэдэг нь харагдаж байна. Гэтэл шүүх энэхүү үйл баримтыг үнэлээгүй, алдаатай дүгнэлт хийсэн байна.

4.4. Хариуцагч тал 8 сарын тэтгэмжийг бодохдоо "Сарын цалин хөлс тооцох аргачлал"-ыг буруу хэрэглэж, ажилласан нийт цагийг хоног руу шилжүүлэн нэг өдрийн дунджийг гаргах ажилтны эрх ашгийг дордуулсан. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх шалтгаанаар хариуцагч байгууллага тэтгэмжийг тооцохдоо хууль болон журам зөрчсөн эсэхэд дүгнэлт хийхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн шүүхээр эрхээ хамгаалуулах үндсэн эрхийг хязгаарласан.

4.5. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо нэхэмжлэгчийн хувийн байдал, мэдээлэл олж авах боломж, ажил олгогчийн зүгээс гаргасан тооцооллын алдааг хянах бодитой боломж байсан эсэхийг анхаарч үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч нь аудитын дүгнэлт гарсны дараа хуульд заасан журмын дагуу маргаан таслах комисс болон гурван талт хороонд хандаж, маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн байхад шүүх үүнийг үнэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Ажил олгогч нь нэхэмжлэгчид тэтгэмжийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацааг тоолно. Мөн зүйлийн 154.2.2-д зааснаар 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст нэхэмжлэгч гомдлоо гаргах ёстой боловч гаргаагүй. Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол шүүхэд хүсэлт гаргаж хугацаа сэргээлгэх байтал энэ талаар хүсэлт гаргаагүй.

5.2. *******ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт нь Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан баримт болохоос хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, гомдох гаргах эрхийг сэргээх баримт биш. Иймд хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

5.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.2-д нийгмийн даатгалтай холбоотой тэтгэвэр, тэтгэмжийн дунджийг тогтооход энэхүү журмыг ашиглахгүй гэж тухайн журмын хэрэглэх хүрээ хязгаарыг тогтоосон тул нэхэмжлэгчийн тэтгэмжийн асуудалд тухайн журмыг баримтлахгүй. *******д олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэг, хамтын гэрээний дагуу олгогдож буй тэтгэмж тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 2022 оны А/15 дугаар сарын цалин хөлсний дунджийг тогтоох журмыг баримталсан. *******ХХК нь хариуцагчаас *******гийн цалин, тэтгэмжийг бодсон анхан шатны баримтууд болох цалингийн карт, илүү цагаар болон нийтээр амрах өдрүүдэд ажилласан цагийн тооцоололтой холбоотой тушаалуудыг авч байж хараат бусаар дүгнэлт хийх ёстой байтал ямар нэгэн баримт авалгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн дүгнэлт гаргасан нь хараат бус аудитын дүгнэлт гэж үзэхгүй. Хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 4,966,906.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж үндэслэлээ ...тэтгэмж тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваахгүйгээр, нийт ажилласан цагийг хоног руу шилжүүлээд, ажилласан хоногоосоо нэг өдрийн цалин хөлсийг гаргаж тооцсон нь дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцээгүй, ажилтны эрх ашгийг дордуулсан гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, тэтгэмжийг холбогдох хууль болон журам, хамтын гэрээнд нийцүүлэн зөв тооцож олгосон, *******ХХК тэтгэмжийг тооцохдоо *******гийн 2022 оны 06, 07 дугаар саруудын баяр ёслолын болон илүү цагийг оруулаагүй, мөн биеэр эдлээгүй ээлжийн амралтын сүүлийн мөнгийг оруулж буруу тооцоолсон, нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.1. Нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* дутуу олгосон тэтгэмж 4,966,906.33 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах тул нэхэмжлэгч ******* нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргах шийдвэрлүүлэх эрхтэй.

 

3.2. ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б-671 дугаар тушаалаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгохоор заасан бөгөөд уг тэтгэмжийг *******д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон тул нэхэмжлэгч *******г тэтгэмж дутуу олгосонтой холбоотой эрхээ зөрчигдснийг уг өдрөөс мэдэх боломжтой байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь өөрийн авч байсан цалин хөлснөөс Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журамд заасны дагуу тэтгэмжийг тооцоолох, мөн анхаарал болгоомжтой хандснаар тэтгэмж дутууг мэдэх боломжтой тул тэтгэмжийг олгосон өдрөөс хойш түүний гомдол гаргах эрхийн хугацааг тоолох үндэслэлтэй.

 

3.3. *******гийн тэтгэмж дутуу олгосон маргаантай асуудлаар гомдол гаргах эрхийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *******ХХК-ийн дүгнэлт гарсан, үүний дараа *******г ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан, гомдлыг комисс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж, шийдвэрлэсэн зэрэг нь нэгэнт өнгөрсөн гомдол гаргах эрхийн хугацааг тасалдсан гэж үзэх, дахин шинээр тоолох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тэтгэмжийг буруу тооцож олгосныг мэдэх боломжгүй, нэхэмжлэгч анх 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *******ХХК-ийн дүгнэлт гарснаар мэдсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Нэхэмжлэгчийг гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул тэтгэмжийг дутуу олгосон эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шүүх хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад гомдол гаргах хугацаа тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т баримталсныг хасаж, нэхэмжлэлийн шаардах эрхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлах нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00666 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 154 дүгээр зүйлийн 154.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,421 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Н.ОЮУНТУЯА