Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 23

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбатаар тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 1924000400018 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, * төрсөн, 35 настай, эрэгтэй, *, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Э Ц /регистрийн дугаар:*/.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Э.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Дугант гэх газар байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Атай “архи уусан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А, гэрч Ш.А, Г.Л, Б.Б, Б.Ж, Н.Ө, Г.И, Б.Г, С.Б, С.Б, шинжээч Б.С, яллагдагч Э.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-н 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 811952072 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон  хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судлагдсан, хохирогч Г.А, гэрч Ш.А, Г.Л, Б.Б, Б.Ж, Н.Ө, Г.И, Б.Г, С.Б, С.Б, шинжээч Б.С, яллагдагч Э.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-н 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 811952072 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Дугант гэх газар байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Атай “архи уусан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Иймд Э.Цын үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Э.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Э.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Э.Ц-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Г.Аын прокурорт гаргасан: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгч Э.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч Г.А-ын эмчилгээний төлбөрт 300,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, прокурор Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч Э.Ц нь хохирогч Г.А-н эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлсөн. Одоо түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн тайлбаруудаар нотлогдож байх тул прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Харин шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул  орлого олох боломжийг нь харгалзан, түүнд оногдуулах торгох ялыг шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын санал болгосны дагуу 2019 онд багтаан, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэх нь нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Э-н Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.Ц нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цад өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН