Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 2-31 тоотод оршин суух Боржигон овогт Уханы Ганцаламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 134 дүгээр байрны 09 тоотод оршин суух Жаагаа овогт Эрдэнэжаргалын Отгон-Эрдэнэ /ЕМ74060271/-д холбогдох

Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулж, гэрээний урьдчилгаа 27 135900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4522650 төгрөг, нийт 31 658550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн  нэхэмжлэгч У.Ганцалам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгсбаяр, гэрч П.Төрбат нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ганцалам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.Отгон-Эрдэнэтэй байр захиалах гэрээ хийсэн. Гэрээний дагуу байрны урьдчилгаа төлбөр болох 27 135900 төгрөгийг өөрийн биеэр Э.Отгон-Эрдэнийн данс руу тушаасан. Тэгээд явсаар байгаад гэрээ биелэх ямар ч үндэсгүй болоод барих барилга нь жил гарны дараа яг хундаам тавьсан хэвээрээ байсан. Тэгээд би байраа захиалахгүй болсон гэдгээ хэлж урьдчилгаа төлбөр болон алданги мөнгөө авмаар байна гэж Э.Отгон-Эрдэнэд хэлсэн... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга зогсох болсон шалтгаан нь манай кампани “ТОБЭМ” ХХК-тай хамтарч гэрээтэй ажиллаад У.Ганцаламын байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг  “ТОБЭМ” ХХК-д манай зүгээс цаг тухайд нь өгч барилгын хундаамын ажлыг  эхлүүлсэн. ТОБЭМ ХХК-нь цаашид эдийн засгийн хямрал болон санхүүгийн асуудлаас болж барилга барих ажил нь зогссон. Манай зүгээс бол У.Ганцаламын нэхэмжилж байгаа 27 135900 төгрөгийг төлөх нь зайлшгүй гэж үзэж байна. Алданги болох 4 522657 төгрөгийг өгч чадахгүй. Яагаад гэвэл У.Ганцаламаас бид нар байрны бүтэн мөнгө болох 90 сая төгрөг аваагүй учраас урьдчилгаа төлбөр болох 27 135900 төгрөгнөөс алданги бодож 1 356795 төгрөгийг өгөхөд манай зүгээс татгалзах зүйлгүй, бидний зүгээс гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр 27 135900 төгрөгийг алданги 1 356795 төгрөгийн хамт төлнө гэж үзэж байна... гэв.

Гэрч П.Төрбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай “ТОБЭМ” ХХК-нь анх 24 айлын барилга барьж угсрахаар гэрээ хийсэн. 2015 онд гэрээ хийгээд гэрээний дагуу манай компани барилгын ажлаа эхэлсэн. 24 айлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувийг авч байж барилга барих шаардлага тавьсан. Эхнээс нь эхлээд барилгын холбоотой техникийн бичиг баримт, геологийн дүгнэлт зэрэг бүх асуудлыг хариуцаад зургийг нь хийлгэж газар шорооны ажил болон суурийг дуусах хүртэл барилга угсралтын ажлыг 20 гаруй хүний багтайгаа ирээд хийсэн. Энэ барилгыг барих явцад Э.Отгон-Эрдэнээс санхүүжилтыг шаардаж байсан. Тэгээд гэрээ хийсэн компаниас явцын дунд 51 000000 төгрөгийн санхүүжилт Голомт банкны дансаар манай компанид орж ирсэн. Бид одоогийн байдлаар 80 000000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Энэ бүх ажлыг хийгээд санхүүжилт, захиалагч байхгүй учраас барилгын ажил зогссон гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Ганцалам  хариуцагч Э.Отгон-Эрдэнээс орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулж, гэрээний урьдчилгаа           27 135900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4 522650 төгрөг, нийт          31 658550 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч У.Ганцалам нь хариуцагч Э.Отгон-Эрдэнэтэй 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээний урьдчилгаа 30 хувь болох 27 135900 /хорин долоон сая нэг зуун гучин таван мянга есөн зуу/ төгрөгийг Капитрон банкин дахь Э.Отгон-Эрдэний 5654013319 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд Э.Отгон-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гурван хөвсгөл 22 айлын орон сууцнаас 82,23 метр квадрат 3 давхарын 3 өрөө байрыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барилга угсралтын ажлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч У.Ганцалам нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Э.Отгон-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг У.Ганцаламд хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тус тус батлагдаж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан байх ба У.Ганцалам нь Э.Отгон-Эрдэнээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, урьдчилан сануулж байсан гэдгийг хариуцагчийн зүгээс маргаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгсбаяр нь “...орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулах, гэрээний урьдчилгаа 27 135900 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, гэрээний үүргээ биелүүлэхэд эдийн засгийн хямрал болсон, захиалагч нар урьдчилгаа 30 хувиа бүрэн төлөөгүйгээс хугацаа хожимдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан алдангийг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан ба  хариуцагч талаас үүргээ хугацаанд нь биелүүлэхэд зах зээлийн болон захиалагч нарын үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэн алдангийг тооцохдоо урьдчилгаа болгон өгсөн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Э.Отгон-Эрдэнэ, У.Ганцалам нарын хооронд байгуулсан  орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгож, Э.Отгон-Эрдэнээс гэрээний урьдчилгаа 27 135900 төгрөг, алданги 1 356795 төгрөг,        нийт 28 492695 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ганцаламд олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 3 165855 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380941 төгрөгний 316243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64698 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Отгон-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 300413  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ганцаламд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ