Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00759

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 08 210/МА2026/00759

 

 

 

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/01090 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 13,860,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батмягмармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан 13,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нь гэрээний дагуу 9,240,000 төгрөгийн сэлбэг авсан боловч үнийг төлөөгүй тул алданги 4,620,000 төгрөгийн хамт гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч *******ХХК эс зөвшөөрч, сэлбэг зээлээр худалдан авах гэрээ байгуулсан боловч огт сэлбэг, материал аваагүй, зарлагын баримтад гарын үсэг зураагүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар *******ХХК болон *******ХХК нарын хооронд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 24/515 дугаар Сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тогтоосон.

Зохигч уг гэрээг байгуулсан талаар маргаагүй.

4. Талууд зээлээр сэлбэг бараа материал авсан эсэх талаар маргасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг тул нотолгооны үүргийн хувьд нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д сэлбэг, бараа материалыг шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй.

5. *******ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Зарлагын баримт-д хүлээн авагч гарын үсэг зураагүй, хариуцагч *******ХХК нь уг баримтаар бараа материал аваагүй гэж маргасан, хэрэгт энэ талаар нотолсон өөр баримтгүй зэргийг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ХХК-ийг хариуцагчид бараа материал шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн байна.

6. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан нь нэхэмжлэгч бараа, материалыг шилжүүлсэн гэх, хариуцагч бараа материалыг хүлээн авсан гэх үйл баримтыг нотлохгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа нотлох баримтаар үнэлээгүй, хариуцагч гарын үсэг зурахгүй бараагаа авч явдаг муу аргатай, ажилчид сэлбэг авсныг нотолдог боловч компанийнхаа эсрэг мэдүүлэг өгдөггүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх шийдвэрийг тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлаагүй байх тул уг заалтыг нэмсэн өөрчлөлтийг оруулна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 197/ШШ2026/01090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 243.1-д гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.ОЮУНТУЯА